Улсын заан О.ОДГЭРЭЛ Самбоор авч болох бүх л цолыг хүртсэн

-Таныг алдарт аварга Х.Баянмөнхийн мэндэлсэн байшинд төрсөн гэдэг. Энэ үнэн үү?
-Баянаа аварга бид хоёр нэг сумынх. Хэрэв аварга сумын эмнэлэгт төрсөн бол бид хоёр нэг байшинд төрсөн болж таарах нь.
-Багадаа хурдны морь унаж байсан уу?
-Yгүй. Сумын төвд өссөн л дөө. Намайг таван настай байхад манайх хотод нүүж ирсэн юм.
-Нутаг руугаа явдаг уу?
-Болж өгвөл жил болгон очих санаатай. Даан ч зав болохгүй юм. Өнгөрсөн жил Хяргасын 80 жилээр очиж барилдсан. Би түрүүлж, Ганаа үзүүрлэсэн.
-Хяргасаас улсын цолтой хичнээн бөх гарсан бэ?
-Х.Баянмөнх аварга, Б.Гантогтох заан, Ц.Баянмөнх, Ц.Цэрэнхүү начин бид тав л байх шив дээ.
-Наадмын бэлтгэлээ Хүч- ийн галд базааж байна уу, эсвэл Увсынхантай хамт гарч байна уу?
-Ээлжлээд л. Увс аймгийн Хяргас сумын уугуул, Хүч спорт хорооны тамирчин гэж дуудуулдаг.
-Сүүлийн үед заалны барилдаанд ховорхон гарч харагдах юм…
-Завгүй гэчихвэл улсууд янз бүрээр л ярих байх даа. Нэг хэсэг магистр хамгаалах гээд завгүй гүйсэн. Тэгээд ч ямар ч бэлтгэлгүй байгаа болохоор барилдахгүй байгаа. Бэлтгэл хийлгүй барилдсанаас барилдаагүй нь дээр гэж боддог. Миний хувьд хуучных шигээ өндөр ачаалал авч чадахаа больсон. Тиймээс тэр бүр зодоглохгүй байгаа.
-Ямар мэргэжлээр магистр хамгаалж байгаа юм бэ?
-Хуульзүйн чиглэлээр. Би чинь Цагдаагийн академийг 2001 онд хуульч мэргэжлээр төгссөн юм шүү дээ. Одоо чөлөө авчихаад байгаа. Тохироо нь бүрдвэл үргэлжлүүлж суралцана аа.
-Таныг Тайвань руу үндэсний бөхийн үзүүлэх тоглолтоор явна гэж сонслоо?
-Тийм ээ. Улсын начин М.Жамъянпүрэв, П.Моломжамц, Г.Ганхуяг, бид дөрөв хамт явах юм. Ирэнгүүтээ Япон явна. Тэгэхээр цагаан сараар барилдаж чадахгүй болох нь.
-Самбо, жүдогоор хамгийн сүүлд хэзээ барилдсан бэ?
-Өнгөрсөн жил жүдогийн улсын аваргад барилдаж түрүүлсэн.
-УАШТ-ээс нийтдээ хичнээн алтан медаль аваад байна вэ?
-Мэдэхгүй ээ, тоогоо алдсан.
-Бусаны Азийн наадамд оролцсоноос хойш олон улс, тивийн том хэмжээний тэмцээнд оролцсон уу?
-Yгүй ээ. Нас ч явчихлаа.
-Харин самбоос авч болох бүхий л цолыг авсан байх аа?
-ДАШТ, дэлхийн залуучуудын АШТ, дэлхийн цомын тэмцээн гээд ихэнх том тэмцээнүүдэд аваргалсан.
-Сүүлийн үед машины бизнес эрхлээд байна уу даа. Хаанахын машин оруулж ирдэг вэ?
-Сонирхлоороо ийм бизнес эрхлээд 1-2 жил болж байна. Голдуу Японоос, хааяа Солонгосоос оруулж ирдэг. Дандаа барилдаад явна гэж байхгүй шүү дээ. Энэ нийгэмд чинь гэр бүл, үр хүүхдээ тэжээж, амьдрахын тулд юм юм руу сарвайхгүй бол болохгүй нь.
-Түүнээс гадна таныг заан цол хүртэж, гавъяат тамирчин болсноосоо хойш ханачихсан гэж ярьдаг юм билээ?
-Тийм юм байхгүй ээ. Гавъяат болох болзлоо уг нь аль 1996, 97 онд хангачихсан юм шүү дээ.
-Та үндэсний бөхөөр тойргийн барилдаанд сайн барилддаг юм шиг санагддаг?
-Тойргийн барилдаанд гайгүй үзчихдэг байсан шүү. Хамгийн гол нь бүх өрсөлдөгчидтэйгөө барилддаг болохоор жинхэнэ хүч шавхсан сайхан барилдаан болдог юм.
-Та циркчин байсан. Циркийн дасгал, хөдөлгөөн барилдахад хэрхэн нөлөөлдөг вэ?
-Циркийн дунд сургуулийгтөгсөөд Улсын циркт хоёр жил гаруй ажилласан. Циркт шидэх банз, шидэлтийн акработ, тэмээний акработ зэрэг ноймор хийдэг байсан. Циркт явахаар баланс, тэнцвэрийн булчин их хөгждөг. Мэдээж барилдаанд нөлөөлнө л дөө.
-Анхны цол тань?
-Догшин ноён хутагт Данзанравжаагийн 190 жилийн ойд зориулсан даншиг наадамд очиж барилдаад аймгийн заан болсон. Тэр үед эхнэртэйгээ танилцаж байлаа. Манай гэр бүлийн хүн УАДБЧ-ын бүжигчин л дээ. Тэнд тоглолтоор очсон байсан юм. Харин 1996 онд Ч.Батзоригоор зургаа давж чимэгтэй начин, 2001 онд Ж.Ганболд заанаар долоо давж заан болсон.
-Барилдахад эвгүй бөх гэж байна уу?
-Бэлтгэл сайтай бол хэнтэй ч сайхан үзнэ. Сайхан барилдаад унах, хялайгаад ойчих хоёр их ялгаатай.
-Одоо ам бүл хэдүүлээ вэ?
-Дөрвүүлээ. Билгүүн, Цэнгүүн гэдэг хоёр охинтой. Таван сарын өмнө шинэ хүнтэй болсон. Харин том нь таван настай.
-Бөхчүүд сүүлийн үед зар сурталчилгаанд их тоглох болсон. Танд ийм санал ирдэг үү?
-Одоохондоо үгүй. Цаад хүмүүсийнх нь шалгуурт тэнцэх юм бол кинонд тоглохоос ч татгалзахгүй.
-Ан авд хорхойтой юу?
-Голдуу тарвага, зурамхан намнадаг. Нэг удаа чоно унагасан. Чоно таарахаасаа таарахгүй нь их дээ.
-Таны дүү О.Одхүү цэргийн начин. 2003 оны наадмаар гурвын даваанд Алтансүх начинд өвдөг шороодсон. Дүүгээ дэмжиж чадсангүй юу?
-Тухайн үед аргагүй байдалд орчихсон. Тэгээд чадлаараа л үзэг гэж бодсон. Ер нь хүнийг дэмжих үед нь л дэмжих хэрэгтэй гэж боддог. Байнгын тус үнэ хүндээ алддаг.
-Хүчний бэлтгэл хийдэг үү?
-Хийх дуртай. Бие хааг жигд хөгжүүлдэг. Сүүлийн үед бүх спортынхон хүчний бэлтгэл их хийдэг болсон.
-Харамсаж явдаг барилдаан бий юү?
-Өнгөрсөн юмны хойноос харамсаад байхгүйг хичээдэг. Хожим ийм байдалд орохгүйн тулд харамсах юм аль болох хийхгүйг хичээх ёстой.
-Анхны багш тань хэн бэ?
-Батбилэг багшаар бөхийн А-г заалгасан.
-Давуулж гуядах таны дархан мэх мөн үү?
-Хүн унагачихаад байдаг байсан. Самбоор гайгүй байхдаа сууж үүрэхэд ямар ч байсан оноо авдаг байсан даа.
-Гарын шавь бэлтгэх үү?
-Энэ тал дээр их том юм мөрөөдөж явдаг. Алсдаа бөхийн сургууль байгуулах бодолтой. Тэгвэл сайн тамирчныг жинхэнэ утгаар нь бэлдэж чадна гэж боддог. Учир нь би дасгалжуулалтын онолыг бага зэрэг гадарлана. Тэр замыг нь дайраад ирсэн. Хүний сайн чанарыг хөгжүүлж, өөрийнхөө мэдэх юмыг түүнд суулгаж чадна.
-Ямар машин унадаг вэ?
-Япон тэрэг гээд биччих. Нэг их айхтар үнэтэй машин унадаггүй.
-Сонин хэвлэлээр янз бүрээр хэлж, бичиж байна уу?
-Сонинд жаахан сүжиг муутай. Манай сонинууд дээр дандаа хов жив бичиж, амбиц хөөх юм. Намайг шувууны хоол идүүлж, Да Хүрээ захын эзэн болгож, хүүтэйгээ явж байгаагаар бичиж л байсан. Тэдэнд дамжуулж хэлэхэд жаахан ч гэсэн үнэн юм бичиж байгаасай гэж хэлэх байна.
-Зурагтаар ямар нэвтрүүлэг үзэх дуртай вэ?
-Зурагтаар бөх гарж байсан ч бараг үздэггүй. Сүүлийн үед сүмо үзэж, Дагваа гэдэг гайхамшигтай хүүхдийг биширч явна. Мөн спортын гимнастик үзэх дуртай. Урьд нь үндэсний бөх барилдаж байсан хүүхдүүд л сүмод амжилт гаргана даа.
-Өвөрмонгол бөх барилдаж байсан байх аа?
-Эрээний 40 жилээр барилдсан. Дөрвийн даваа эхлэх гэж байтал вагон хөдлөх болоод дуусгалгүй явсан. -Танд баярлалаа.
2004.01.28

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button