Бууж өгсөн бөхийн аз харьдаг уу

Г.Цоодол арслан Бууж өгсөн бөхийн аз харьдаг гэдэг үнэн үү гэсэн асуултад ингэж хариулж байсан. Ц.Банди багш (Арвайхээрийн хэмээн алдаршсан арслан) маань С.Самданжигмид (дэрэн бор) бид хоёрт Та хоёр гайгүй шиг ноцолддог болоод ирэхээрээ онгирч нутаг ус, найз нөхөд гэж танил тохой татаж, хэн нэгэнд бууж өгөв дөө. Бууж өгсөн бөхийн аз харьдаг төдийгүй, нутаг усанд нь бөх төрдөггүй юм гэнэ билээ хэмээн аминчлан захидаг байж билээ. Бууж өгсөн бөхийн аз харьдаг гэдгийг Ш.Батсуурь аваргын барилдаан бэлхнээ харуулж өгсөн шиг санагддаг. Бөхчүүд бид ч ярьдаг, аварга өөрөө ч хожим ийн хуучилсан байдаг. Батсуурь анх тун эрэмгий гарч ирж 1948, 1948 оны баяр наадмуудаар хоёр жил дараалан намайг орхиж түрүүлээд улсын арслан, аварга цол хүртсэн. Хоёр дахь жилээ түрүүлэхдээ Түвдэн аваргыг тахим өгөх гэдгийг бараг мартсан ид үед нь хазайлгаж явсан хүн. Гэтэл 1949 оны баяр наадмын үзүүр, түрүү булаацалдах хариуцлагатай барилдаанд Нисэхийн П.Аюушид бууж өгснөөс болж аз хийморь нь гундсан даа. Гурван жил дараалан түрүүлж, үзүүрлэж, эртэй аатай барилдаж явсан 28 настай идэр залуу аварга маань 1950 оны баяр наадмаар тавын даваанд Увсын Ж.Гэлэг (улсын начин Г.Даваасамбуу, Г.Намсрайжав хоёрын аав) гэдэг залуу бөхөд өвдөг шороодож, тэр ч байтугай хожим бүр дөрвийн даваанд манай Өвөрхангайн С.Дашзэвэг гэдэг бяр муутай залуу бөхөд бүдэрч, бухимдаж явсныг би мэднэ. Ж.Цэвээнравдан бид хоёрыг гаргадаггүй байсан хүн чинь бид хоёрт тахимаа өгч явлаа. Хожим хоёр ч удаа үзүүр, түрүү булаацалдаад түрүүлж чадаагүй Бууж өгсөн бөхийн аз харьдаг уу дээ. Ид барилдаж явсан үедээ бууж өгсөн бөхийн аз нь харьж, хийморь нь гунддаг гэдэг үнэн шүү гэж хуучилж билээ. Ш.Батсуурь аварга өөрийн бууж өгсөн наадмынхаа тухай ийнхүү хуучилсан байдаг. Улсад хоёр жил дараалан түрүүлчихээд гурав дахь жилийнхээ наадамд улсын идэр залуу аварга хэмээн
цоллуулан барилдлаа. Ёстой цээжнээс бяр амтагдаж явсан цаг. Нисэхийн П.Аюуш бид хоёр нэг айлын хүргэн. Наадам өндөрлөхийн урьд орой хадмынд цай ууж суулаа. Аюуш Батсууриа маргаашийн наадам чи бид хоёрынх болно. Чи надад бууж өг. Би улсад нэг түрүүлж үзье гэдэг юм байна. Аюуш маань Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмаар зургаа давж, түүхт ойн жил гэж дутуу даваагаар заан болсон, заан цолоо ч баталж амжаагүй явсан үе. Би Чи Хөвсгөлийн хужаа арслан (Ө.Чүлтэмсүрэн)-г даваад гараад ир гэлээ. Наадам ч яг миний бодсоноор болох шинжтэй. Аюуш маань С.Самданжигмид арсланг даваад Ө.Чүлтэмсүрэн, Ж.Цэвээн- равдан бид гуравтай их шөвөгт гараад ирлээ. Би Цэвээнравдан арслан (аварга болоогүй байсан)-г амлаж, Аюуш Чүлтэмсүрэн арслантай туналаа. Гэтэл Аюуш Чүлтэмсүрэн арсланг орхиж, яах аргагүй л бид хоёр үзүүр түрүүнд үлдлээ дээ. Би барилдахаар өрөхдөө За энэ золигийг чинь яадаг юм билээ гэж эргэлзэн Бууж өгье дөө гэж бодож зогстол Аюуш яах ийхийн зуургүй дайрч ороод хаячихсан. Наадамчид тарж байв. Түрүүлж, үзүүрлэсэн бөхөд бай шагнал ч өгсөнгүй. Баяр наадмын хүндэтгэлийн хүлээн авалтад оруулсангүй. Маргааш нь Ах дүүсээрээ хуйвалдаж, төрийн наадмаар тоглох эрхийг чамд хэн олгосон юм бэ гэж маршалд зад загнуулж, Наадмаар гурван жил дараалан түрүүлсэн бөх урьд нь байгаагүй, армиас төрөх нь гэж маршалаас авахуулаад хэн хүнгүй бэлгэшээж байхад чи Аюушид бууж өгдөг, ёстой бөх хүний аз хийморьт муу юм боллоо гэж нөхдөдөө ихэд зэмлүүллээ. Би ингэж бөх хүний аз хийморио гундаасан хүн дээ. Бөх хүнд хийморь лундаа гэж айхтар юм байдаг. Хийморио гундаахгүй, лундаагаа алдахгүй явахыг аливаа хүн эрхэмлэх учиртай гэж Ш.Батсуурь аварга 1970-аад оны эхээр Монгол экспорт нэгдлийн дарга Нямаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын иргэн Г.Цэрэндорж нартай холын замд дөрөө нийлүүлж явахдаа хуучилсан байдаг. Ш.Батсуурь аварга шиг ид барилдаж явахдаа бууж өгснөөс аз харьж, үзүүлбэл зохих амжилтдаа хүрээгүй бөхчүүд цөөнгүй байдаг. Д.Дамдин аварга 1964 оны наадмаар нэг нутаг усны Ч.Бээжингээ түрүүлүүлэх бодолтой наймын даваанд түүнд бууж өгснөөс хойш дөрвөн ч удаа үзүүр, түрүү булаацалдаж явсан хэрнээ нэгэнд нь ч түрүүлж чадсангүй. Пунцагийн Сүхбат заан гурван жил (1990, 1991, 1992) дараалан долоо, найм давж, их аваргыг хүртэл тахимыг нь өгүүлж аархаж явсан ид үедээ 1993 оны наадмаар долоогийн даваанд Ц.Баярсайхандаа бууж өгснөөс хойш барилдааных нь амжилт эрс буурсан. 1994 оны наадмаар залуу бөх Б.Гантогтохыг унагах шахаад өөрөө бүдэрсэн. Эртэй, аатай заан маань түүнээс хойш дөрөв, тавын даваанд л барилдаанаа дуусгадаг болж, дээшээ гарч барилдаж чадсангүй. О.Балжинням аварга 1999 оны наадмаар долоогийн даваанд нутгийн дүү Б.Ганбатдаа тахимаа өгснөөс хойш нэг л суларчихлаа. Дараа жил (2000 он)-ийнх нь наадмаар төдий л нэрд гараагүй аймгийн заан, (Д.Дашцэрэн)-д дөрвийн даваанд шороодчихож билээ. О.Балжинням аваргын энэ насан дээр Д.Дамдин аварга найм давж үзүүрлэж, Хоёр Мөнх их шөвөгт шалгарч, Б.Түвдэндорж, Ш.Батсуурь аварга хоёр зургаа давж явжээ. 40 нас гэдэг аваргын цолтой бөхийн доогуур
даваанд бүдрэх нас бас бишсэн. Д.Сэрээтэр начин Д.Дамдин аварга 1965 оны баяр наадмаар долоогийн даваанд намайг амлаж барилдаад хаяагүй юм шүү дээ. Yзэж, үзэж сүүлдээ Дамдин аваргад хаях шаардлага гараад л. . . Нутгийн чинь аваргыг (Ж.Мөнхбат) тунаанаас гаргах гэж байна, Чи тэгээд өөрөө мэд. Нутаг оронд чинь олон жил дараалан түрүүлсэн аварга байвал сайхангүй юу гэсэн. Би тэгээд л Дамдин аваргад унасан гэж Бөх сонины 2001 оны 25 дугаарт өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Сэрээтэр начин хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав давж хамгийн олон жил начин цолоо баталсан хоёрхон начны нэг. Наадамчин олон нь заан болох бөх гэж ид үед нь жилийн жилд итгэл хүлээлгэж явсан. Заан болж чадаагүйн учиг ингэж тайлагдаж байх шиг. Дамдин аваргад ийнхүү бууж өгснөөс болж шууд заан болох боломжоо алдаж, хожим ч бас алдаж явж дээ. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Д.Дамдин аварга зургаагийн даваанд Сэрээтэр начинг амлаж, наадамчин олонд зарлачихсан хэзээ хойно амаа сольж Д.Цэнд-Аюушийг авч, улсын заан болгож байсан. Ам ингэж сольж байсан тохиолдол баяр наадмын түүхэнд урьд өмнө нь ч, хожим ч тохиолдож байгаагүй болов уу. Б.Гантогтох заанд 2000 оны наадмаар Б.Бат-Эрдэнэ аварга, 2002 оны наадмаар А.Сүхбат аварга тахимаа өгч аваргын хишиг хүртээсэнсэн. Бат-Эрдэнэ аварга шинэ хүн түрүүлээсэй, арслан цолтон төрөөсэй гэсэн ард олныхоо хүсэл бодлыг дээдэлж, Сүхбат аварга хадам дүү-гээ түрүүлэг, арслан цолонд хүрэг гэж бодсон хэрэг байх. Эдгээр буултууд хоёр аваргын маань аз хийморьт сэв суулгачихсан юм биш байгаа. Их аварга маань 80 жилээр үзүүр, түрүүнд үлдээд А.Сүхбатыг хаячих үе бас гарсан. Гэвч бараагүй, нөгөөх азын шоо нь ч аваргыг ивээсэнгүй. Залуу аварга өнгөрсөн жилийн наадмаар Г.Өсөхбаяртай үзэж, үзэж л тахимаа өглөө. Энэ бүхэн нэг юм хэлээд байх шиг. Их аваргыг тахимаа өгөхөд бид аваргын далай ухаан гээд магтцагаасан. Харин энэ буултыг сэтгэл дундуур хүлээж авсан улс цөөн ч гэсэн бас байсан. Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн гуай Бат-Эрдэнэ аваргыг барилдалгүй тахимаа өгсөнд их гомдсон. УГЖ Д.Сосорбарам Бат-Эрдэнэ аварга их буруу юм хийсэн. Барилдалгүй тахимаа өгсөнд их харамсаж явдаг. Барилдаад унасан бол тэрхэн үедээ харамсаад л өнгөрөх байсан гэж өөрсдийн бодлоо илэрхийлцгээж байв. Эдүгээ эргэж эрэгцүүлэн бодоход энэ хүмүүсийн зөв ч байж үү дээ. Аваргын насан (36) дээр Б.Түвдэндорж аварга тав дахиа Х.Баянмөнх аварга долоо дахиа түрүүлж, дахиад бас 2-3 жил төрийн наадмаа манлайлсан. Ингээд бодохоор их аварга маань арай эрт тахимаа өгчихөв үү дээ гэж хожуу ч гэсэн харамсдаг боллоо. Наадамчин олны сайн барилдана гэж итгэл хүлээлгэж явдаг залуу заан, шилдэг начингууд минь энэ жилийн наадмаар дуу дуугаа авалцсан шиг дөрөв, тавын даваанд тахимаа өгцгөөлөө. Ер нь хүний ид аатай, иртэй барилддаг оргил үе үүлэн чөлөөний нар шиг л өнгөрдөг. Энэ үеэ алдалгүй амжилтад хүрэхгүй бол өнгөрсөн хойно мянга зүтгээд бүтэхгүй гэж манай ахмад бөхчүүд ярьдгийг залуу заан, начингууд минь санаж явахад илүүдэхгүй болов уу. С.Самданжигмид арслан та хоёр жараад оны эхээр Х.Баянмөнх аварга, П.Дагвасүрэн арслан хоёрыг таггүй
улс гэж таньж, начин цолонд дөрөөлүүлж өгчээ дээ гэж асуухад Г.Цоодол гуай Ахмад бөхчүүд өсөх ирээдүйтэй залуусыг таньж дэмжин тунаанаас гаргаж өгдөг ёс жудаг эрт дээр үеэс байсан. Yүнийг бууж өгөх гэдэггүй юм. 50 хүрч байгаа бид хоёрт дөрөв давна гэдэг том амжилт. Бид хоёрын тав давах гэж юу байхав. Хожим хойно нүүр улайлгахааргүй шиг залуусыг амлаж барилдах юм шүү гэж ярилцаад би Баянмөнхийг, Дэрэн бор Дагвасүрэнг амласан. Би бас С.Цэрэнг 1960 онд амлаж барилдаад бараагүй. Цэрэн маань зургаагийн даваанд Л.Сосорбарам арсланг түрүүлж, үзүүрлэх бөх гэж яригдаж явах үед нь орхиж, чимэгтэй начин болж, дараа жил нь түрүүлсэн хүн дээ. Хожим нэр баастахааргүй улсыг амлаж барилдаж явсандаа бахархаж суудаг гэж өгүүлж билээ. Олон залуу бөхчүүд тухайн үеийн арслан, заан, ахмад бөхчүүдээрээ улсын цолд хүрсэн. Харин ахмадууд нь өсөх ирээдүйтэйг нь хэр таньж, цол хүртсэн залуус нь тэднийхээ нүүрийг улайлгахааргүй шиг барилдаж байгаа нь хэд билээ дээ. Сайн барилдаж аварга, арслан, заан болж алдар цолоо ахиулсан, цолоо баталсан бөхчүүдээрээ бид бахархаж явдаг. Мөн том жижиг барилдаануудад начны эрэмбэтэй барилдаж чадахгүй яваа бөхчүүдээ голонгуй явдгаа ч нуух юун. Харин өнгөрсөн жилийн баяр наадмаар бөх сонирхогч олон нь улсын цолд хүрэх хүүхдүүд гэж харж байсан, цаашид сайхан барилдаан үзүүлж явах залуус гэж итгэл хүлээлгэж байгаа 8 залуу бөх улсын цол шинээр хүртлээ. Гэтэл бас начны найраа гэсэн дэл сул хардсан яриа ч сонсогдох. Начин болох бөхчүүд гэж ярьж байсан хэрнээ зүтгэж, зүтгэж начин болоотохлоор нь элдэв юм ярихаар жаахан тиймэрхүү л санагдах юм гэж шинэ начингуудын нэг нь өгүүлж байсан. Г.Цоодол арслан Өнөөдрийн зарим залуу начингууд шиг начин болов уу үгүй юу үзэгч олондоо бараагаа харуулдаггүй, харуулсан нэг нь начны эрэмбэтэй барилдаж сэтгэлийн баясал өгдөггүй улсыг амлаж явсангүй гэж ярьж байсан. Г.Цоодол арслангийн энэ үг манай ахмад, залууч бөхчүүдэд нэгийг бодогдуулах ёстойсон.
2004.01.07

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button