Улсын аварга цолтой бөхчүүдээр улсын цол хүртсэн бөхчүүд

Улсын цолтой бөхчүүд баяр наадмын талбарт өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдийг дэмжиж, цол хайрлах явдал байж л байдаг. 60- аад онд цолд хүргэсэн нэгэн жишээг өгүүлэхэд хангалттай. 1963 оны улсын баяр наадамд залуу бөх Хорлоогийн Баянмөнх Гялдангийн Цоодол арслангаар тав давж, улсын начин цол хүртэж, алдарт бөх болох замналаа эхэлж байсан билээ. Тэр цагаас хойш үндэсний бөхөөр Х.Баянмөнх улсынхаа их баяр наадамд арвантаа түрүүлж, нэгэн зууны Монголын манлай бөх боллоо. Х.Баянмөнхийг начин цол хүртсэн жил залуу бөх Пүрэвийн Дагвасүрэн мөн л тавын даваанд Дэрэн бор хэмээн түмэн олондоо өргөмжлөгдсөн улсын арслан Сүнрэвийн Самданжигмэдээр тав давж, улсын начин цолтон болж байсан. Улсын арслан С.Самдан-Жигмэд, Г.Цоодол нарын ахмад бөхчүүд наадмын хоёр дахь өглөө Х.Баянмөнх, П.Дагвасүрэн нар ирээдүйд шилдэг бөх болчих залуус байна шүү. Хоёр хөгшин хоёулаа олны даваанд тэднийг амалж унаад, урам өгчихье гэж тохиролцож байсан юм гэнэ лээ. Харин сүүлийн үед зарим бөхчүүд өнгө мөнгөөр найрааны цол хүртчихдэг нь нууц биш болсныг тэмдэглэхийн ялдамд сонирхуулах үүднээс аваргуудын хишгээр начин болсон бөхчүүдийг сонирхуулж байна.

Нэг. Дархан аварга Бадамдоржийн Түвдэндоржоор долоон бөх улсын их баяр наадамд тав давж, улсын начин цол хүртэж байснаас Д.Сэрээтэр начин хоёр удаа (1965, 1966) зургаа давж, Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цолтон болж, цолоо ахиулаад байна. Б.Түвдэндорж аваргаар Завханы Ц.Гомбо (1960), Баянхонгорын Ч.Баасанхүү (1961), Өвөрхангайн С.Сугар (1962), Завханы С.Лхагва (1964), Төв аймгийн Д.Сэрээтэр (1965), Булганы Д.Галдандагва (1969), Увсын Д.Баатаржав (1972) нар улсын их баяр наадамд тав давж, улсын начин цолтон болж байжээ.

Хоёр. Даян аварга Цэдэндоржийн Чимид-Очир аваргаар долоон бөх улсын их баяр наадамд тав давж, улсын начин цол хүртжээ. Эд бол Хөвсгөлийн Ч.Жүгдэрнамжил (1942), Говь-Алтайн З.Чинбат (1954), Булганы Ч.Пүрэвсүрэн (1958), Дундговийн Ш.Доржтовуу (1959), Булганы Д.Жадамба (1963), Увсын Д.Солоон (1964), Архангайн Б.Батхуяг (1971)

Гурав. Улсын аварга Жамсрангийн Цэвээнравдан аваргыг улсын их баяр наадамд нэг л бөх буюу Хөвсгөлийн Ванчинхорлоо (1966) тав давж, улсын начин цол хүртжээ.

Дөрөв. Дархан аварга Шаравын Батсуурь аваргаар долоон бөх улсын их баяр наадамд тав давж, улсын начин цолтон болж байжээ. YүндЖ.Гилэг (1950), Төв аймгийн С.Оргодол (1955), Дорнодын А.Тажив (1965), Сүхбаатарын Д.Одсүрэн (1968), Булганы Л.Хишигсүрэн (1969), Говь- Алтайн Ч.Амартүвшин (1970), Увсын Артаг (1972). Ч.Амартүвшин 1981 онд улс хувьсгалын 60 жилээр зургаа давж улсын заан цол хүртэж, цолоо ахиулжээ. Баяр наадмын босгон дээр 1972 оны улсын их баяр наадамд зургаа давсан амжилтаараа Сүхбаатар аймгийн уугуул Д.Одсүрэн Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цол гардлаа.

Тав. Даян аварга Сэрээтэрийн Цэрэн аваргаар улсын их баяр наадамд гурван бөх тав давж, улсын начин цол хүртэж байсан нь Ж.Даваажав (1982),Булганы Загдаа (1975), Дундговийн Д.Жавзмаа (1977) нар юм. Хоёр нь 1986, 1990 онд цолоо баталж байж.

Зургаа. Улсын аварга Чойжилын Бээжин аваргаар Баянхонгорын Д.Нямжанцан (1959), Сүхбаатарын Ч.Өвгөнхүү (1966), Өвөрхангайн Д.Цэрэнтогтох (1972), Хөвсгөлийн Д.Цэнд-Аюуш (1975), Архангайн Ц.Ванчигцэрэн (1976), Завханы Д.Батбаяр (1977), Ховдын Н.Бүрэнзэвсэг (1978), Хөвсгөлийн Д.Баяраа (1979) нарын найман бөх улсын цолд дөрөөлж байжээ. Дархан аварга Д.Цэрэнтогтох 1978, 1980, 1983, 1984 оны улсын их баяр наадамд түрүүлсэн. Д.Цэнд-Аюуш 1981 оны улсын их баяр наадамд зургаа давж, улсын заан цол хүртсэн. Ч.Өвгөнхүү хоёр удаа зургаа давсан амжилтаараа улсын харцага цолтон боллоо. Харин 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн даншиг наадамд найм давсан амжилтаараа улсын заан Дамдингийн Баяраа наадмын босгон дээр улсын гарьд цолыг хүртлээ.

Долоо. Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатараар нэг бөх тав давсан нь улсын начин Ж.Намжилдорж (1993). Ж.Намжилдорж 1993 оны улсын их баяр наадамд Ж.Ганболд заанаар зургаа давсан амжилтаараа улсын харцага цолтны эгнээнд багтлаа.

Найм. Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохоор таван бөх улсын их баяр наадамд тав даваад байна. Улсын начин цол хүртэгсэд нь Д.Сумъяабазар (1994), Д.Пүрэвсүрэн (1998), До.Ганхуяг (2000), Говь-Алтайн Г.Гансүх (2001), Дундговийн Г.Олзгэрэл (2003) нар бөлгөө. Д.Сумъяабазар 1996 онд улсын заан Ц.Цэрэнпунцагаар долоо давж улсын заан, 2003 онд Б.Бат-Эрдэнэ аваргаар найм давж, улсын гарьд цол хүртэж, цолоо ахиулаад байна. Д.Сумъяабазар улсынхаа их баяр наадамд гурвантаа үзүүрлээд байгаа юм.

Ес. Дархан аварга Хорлоогийн Баянмөнх аваргаар есөн бөх улсын их баяр наадамд цолны эрхэм алдрыг хүртээд байгаа юм. Эд бол Увсын Д.Бумбаяр (1993), Сүхбаатарын Ц.Анхбаяр (1994), Увсын Б.Эрдэнэбилэг (1995), Увсын С.Нямжав (1996), Увсын Чулуунбаатар (1997), Увсын Б.Ганбат (1998), Өмнөговийн Д.Төмөрбаатар (1999), Хөвсгөлийн Б.Баттогтох (2000), Увсын Ц.Цэрэнхүү (2001) нар. Б.Ганбат 1999 онд долоогийн даваанд улсын аварга О.Балжин- нямыг орхиж улсын заан цолтон болж, цолоо ахиулсан. Харин Д.Бумбаяр 2001 онд заан цол хүртсэн. Ч.Чулуунбаатар 1997 оны улсын их баяр наадмын зургаагийн даваанд улсын заан Ч.Бямбадоржийг орхисон амжилтаар улсын харцага цолтон болоод байна.

Арав. Дархан аварга Жигжидийн Мөнхбат одоогоор начны буюу баяр наадмын тавын даваанд хамгийн олон удаа барилдаж, арван хоёр начин төрүүлээд байгаа юм. Эдгээр азтанууд бол Архангайн Б.Жавхлантөгс (1987), Өвөрхангайн Д.Адъяатөмөр (1989), Төв аймгийн Р.Гансүх (1990), Төв аймгийн Г.Ганхүү (1990), Төв аймгийн Х.Амараа (1991), Архангайн Г.Өсөхбаяр (1995), Сэлэнгийн Г.Эрдэнэбат (1996), Архангайн П.Моломжамц (1998), Сэлэнгийн Ч.Мөнхтогтох (1999), Баянхонгорын Д.Нямхүү (2001), Говь-Алтайн Л.Отгонбаяр (2002), Сэлэнгийн Г.Эрхэмбаяр (2003) нар. Дээрх бөхчүүдээс 2002, 2003 оны улсын их баяр наадамд Г.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан, улсын аварга цол хүртэж, цолоо ахиулсан. Р.Гансүх 1994 онд Ж.Мөнхбат аваргаар долоо давж, улсын заан цол хүртсэн. Б.Жавхлантөгс 1987 оны улсын их баяр наадамд Д.Мягмар заанаар зургаа давсан амжилтаараа Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цолтны эгнээнд орлоо.

Арваннэг. Дархан аварга Дарийн Дамдин аварга мөн л улсын их баяр наадамд 12 залуу бөхөд тавын даваанд тахимаа өгч, улсын начин төрүүлсэн нь Д.Түвшин (1977), Төв аймгийн М.Загдсүрэн (1982), Увсын М.Мижиддорж (1984), Говь- Алтайн Д.Шоовдойхүү (1986), Хөвсгөлийн С.Ганзориг (1985), Төв аймгийн Л.Бадарч (1987), Ховдын Ло.Энхбаяр (1989), Өмнөговийн А.Ганбаатар (1990), Ховдын Д.Ганболд (1990 оны Нууц товчоо), Өвөрхангайн Ш.Батхуяг (1991), Архангайн С.Эрдэнэбат (1992), Төв аймгийн Б.Баянбаатар (1993) нар юм. Д.Түвшин 1966 онд Цэрэн аваргаар заан болж, 1987 онд зургаа давсан амжилтаараа Л.Бадарч улсын харцага цолтон боллоо.

Арванхоёр. Улсын аварга Одвогийн Балжинням аварга улсын их баяр наадамд тавын даваанд гурван удаа тахимаа өгчээ. Түүнийг давсан бөхчүүд бол Хэнтийн Д.Бат-Эрдэнэ (1985), Увсын Ю.Батаа (2002), Дорнодын Ж.Гансүх (2003) нар. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1986 онд улсын заан, 1988 онд ес даван түрүүлж, улсын арслан, 1989 онд хоёр дахиа түрүүлж, улсын аварга цолтон болсон. Их аварга Б.Бат-Эрдэнэ нийтдээ улсын их баяр наадамд 11 удаа түрүүлж, дархан аварга цол хүртсэн агуу хүчит бөх. Ардын хувьсгалын их баяр наадмын тавын даваанд дээрх 12 хүчит аваргуудыг өвдөг шороодуулсан 81 бөхийн арванхоёр нь цолоо ахиулж улсын аварга, арслан, гарьд, заан, харцага болоод байгаа юм.
2004.07.07

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button