РЕАЛ-д зодог тайлмаар байна

Харин Эзэн хааны клуб-ийн баруун жигүүрийн хамгаалагчийн байрлал Мичел Сальгадогийнх. Тэрбээр энэ байрлалд ямар ч өрсөлдөгчгүйгээр гурван жил хагас гаруй тоглож байгаа. Байнга тогтвортой сайн тоглодог түүнээс залхахдаа баруун жигүүрийн №2 хамгаалагч Камеруны Жереми Мидлсборо-г зорьсон гэдэг. Галл гаралтай Мигель Анхель (Мичел) Сальгадо Сельта багаас мэргэжлийн хөлбөмбөгчин болох гараагаа эхэлсэн бөгөөд Реал-д ирэхээсээ өмнө Саламанка-д тоглож байжээ. 1997 онд Саламанка түүнийг 1.7 сая доллараар зарахаар завдаж байсан агаад гурван жилийн дараа Реал түүнийг гурав дахин өндөр үнээр худалдаж авчээ. Харин одоо Сальгадо хөлбөмбөгийн зах дээр 17 сая ногооны үнэ хүрч байна. Өнгөрсөн жил Интер түүнд ийм санал тавьсан боловч Эзэн хааны баг гол хамгаалагчдынхаа нэгийг авч үлдэж чадсан юм
Сальгадо бараг алдаа гаргадаггүйн дээр маш цөөхөн удаа шар хуудас авчээ. Испанийн шигшээд нийтдээ 20 тоглосноос 2000 оны гуравдугаар сард Италитай хийсэн нөхөрсөг тоглолтод гоол оруулсан аж. Түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.
-Реал-д таны эргэн тойронд дандаа одод байна. Ямар сэтгэгдэлтэй байна?
-Маш сайхан. Бэлтгэл дээр ч энэ нь мэдрэгддэг. Рауль, Роналдо, Роберто Карлос, Фигу, Зидан, Бекхэм нартай хамт тоглох болсноороо бахархдаг. Урьд нь хамгаалагч хийнэ гэдэг хариуцлагатай, хүнд хүчир ажил байсан бол одоо ажилдаа дуртай болсон. Хөлбөмбөг тоглоод л баймаар байна. Гэхдээ бидний гол зорилго бол супер оддоос бүрдсэн баг маань бүх багийнхаа од нь байх ёстой.
-Сүүлийн 2-3 Реал-ын удирдлага их хэмжээний солилцоо хийлээ. . .
-Хөгжөөн дэмжигчид зөвхөн амжилт, ялалтыг шаарддаггүй, үзүүштэй сайхан тоглолт үзэхийг хүсдэг. Тэдний энэ хүслийг супер одууд л биелүүлж чадна. Энэ бүхний цаана томоохон бизнес, ашиг орлого байгаа болохоор багийн удирдлага гар татахгүй байгаа нь ойлгомжтой.
-Флорентино Перес урьд нь урьж байснаараа нэг л өдөр Хавьер Занетти, Кафу нарыг худалдаад авчихвал яах вэ. Та дэлхийн хэмжээний хамгаалагчидтай өрсөлдөх болно шүү дээ.
-Занетти ч бай, ер нь хэнээс ч айхгүй. Тогтмол сайн тоглох л юм бол байр сууриа алдана гэж бодохгүй байна. Тэгээд ч нэг байрлалд 2-3 тоглогч зохицоод амжилттай тоглож болдог биз дээ. Роналдо, Рауль, Гути, Морьентес нар хоёр жил орчим ингэж тоглолоо шүү дээ.
-Та анхнаасаа л баруун жигүүрийн хамгаалагч байсан уу?
-Эсрэгээр, зүүн жигүүрт тоглож эхэлсэн. Сельта-д бүр довтлох чиглэлийн хагас хамгаалагч байсан гээч. Гэвч хамгаалалтдаа үргэлж санаа тавьж хойшоо буцчихаад байдгаас одоогийн мэргэжлээ сонгосон хэрэг.
-Реал-д таны урд Фигу тоглодог. Тэр танаас туслалцаа авдаг уу?
-Фигу гайхалтай сайн техниктэй тоглогч учраас өөрөө болгоод байдаг. Мэдээж надаас туслалцаа хүсвэл яалаа гэж татгалзах вэ.
-Өнөөгийн Реал-д сул байрлал гэж бий юу?
-Бараг үгүй боловч хааяа довтолгоондоо анхаарлаа хандуулаад хамгаалалтаа мартчихдаг тал бий.
-Анхны баг Сельта-гийнхаа талаар ямар бодолтой явдаг вэ?
-Энэ багт 12 жилийн өмнө буюу 18 настай байхдаа орсон болохоор олон сайхан дурсамжтай үлдсэн. Сельта-г Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарахад их баярласан шүү.
-Барселонд Фигуд тохиолдсон шиг явдал Вигод танд тохиолдоно гэж бодож байсан уу?
-Yгүй ээ, Вигод, бас Сельта-д миний олон сайн найзууд бий. Бид талбай дээр өрсөлдөгчид болохоос хувийн харилцаагаа таслаагүй. Би үргэлж Сельта-г УАШТ-д дээгүүр байранд ороосой гэж хүсдэг. Гэхдээ Реал-ын өмнө ороосой гэж бодохгүй байна (инээв).
-Таныг маш сайн формтой байхад Камачо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд авч яваагүй. .
-Тэр ДАШТ-д Пуйоль, Курро Торрес, Мануэль Пабло нарыг авч явсан. Түүнээс өмнөх хоёр жил гаруй хугацаанд би шигшээд тогтмол тоглож, Европын АШТ-д хүртэл оролцож байсан. Харин ДАШТ-ий сорилгод намайг ерөөсөө тоглуулаагүй. Түүнээс өмнө Португалтай хийсэн уулзалт тоглолтод намайг ганц удаа дуудсан юм. Тэгэхэд нэг бус алдаа гаргасан нь Камачог тэгж бодоход хүргэсэн байх.
-ДАШТ-д Өмнөд Солонгост хожигдсоныг нь юу гэж тайлбарлах вэ?
-Раулийг талбайд гаргаагүй нь хожигдох гол шалтгаан болсон. Гэвч үүнд Камачог буруутгах арга алга. Ирландтай хийсэн тоглолтод Рауль гэмтсэн байсан. Тэгээд ч манайхан уг нь хоёр гоол хийсэн шүү дээ.
-Камачогийн оронд ирсэн Иньяки Саес яаж хандаж байна?
-Түүнийг залуучуудын шигшээг дасгалжуулж байхад бид Европын аварга болж байсан. Өөрөөр хэлбэл бид бие биенээ сайн мэднэ. Түүний удирдсан эхний таван тоглолтод би бүгдэд нь тоглосон.
-Реал-ын бүрэлдэхүүнд та бараг бүх тэмцээнд түрүүллээ. Одоо болоо юм биш үү. Таныг гэрээгээ сунгахад чухам юу нөлөөлж байгаа юм бэ?
-Бид авч болох бүхий л алдрыг хүртсэн. Харин цолоо хамгаалах хамгийн хэцүү байдаг. Миний зорилго бол Реал-д олон жил тогтвортой тоглохын зэрэгцээгээр шигшээ багийнхаа хамтаар Европ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх явдал.
-Танд медалийн цуглуулгаа Англи, Италийн аварга цолоор баяжуулах боломж байна шүү дээ.
-Мэдээж Англи, Италийн АШТ бол дэлхийн хамгийн хүчтэй лигүүдийн нэг. Надад Интер, Милан, Лацио зэрэг олон багаас санал тавьж байсан. Гэвч орчноо солино гэдэг маш эрсдэлтэй алхам. Дээр нь испаничууд гадаадад төдийлөн амжилт гаргадаггүй уламжлалыг бодолцсон.
-Реал, Сельта хоёрын алинд нь зодог тайлахыг хүсдэг вэ?
-Энэ бол маш хэцүү сонголт байна. Гэвч би Эзэн хааны баг-т зодог тайлталаа тоглохыг хүсч байна. 2004,03,31

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button