РИВЕР ПЛЕЙТ-Аргентиний хөлбөмбөгийн их уурхай

Эхэндээ тэд өрсөлдөгчид байсан боловч удалгүй нэгдсэн байна. 1901 оны тавдугаар сарын 25-нд хоёр багийн төлөөлөгчид нэгдэж нягтрах талаар анхны уулзалтыг хийж нэрээ солих шийдвэрт хүрсэн аж. Маш олон хүнээс санал ирсэн бөгөөд Ливио Ратто гэдэг хүний Клуб Атлетико Форвард, Педро Мартинес гэгчийн Клуб Атлетико Ривер Плейт гэсэн хувилбарууд тунаж үлдсэнээс хоёр дахь нь ялалт байгуулсан байна. Багийн анхны гарааны бүрэлдэхүүнд Мольтедо, Ратто, Севаллос, Перельта, Каррега, Бард ( багийн ахлагч бөгөөд ерөнхийлөгч), Китцлер, Мартинес, Флорес, Занни, Мессина нар тоглож байв. 1905 он хүртэл Буэнос-Айресын энэхүү багийн үйл ажиллагаа хөрш зэргэлдээх хот, тосгоны багуудтай нөхөрсөг тоглолт хийх төдийхнөөр хязгаарлагдаж байв. Мөн оны дөрө дүгээр сарын 30-нд тивдээ анхны, дэлхийд айргийн тавд тооцогдох улсынхаа хөлбөмбөгийн холбоонд (AFA) элссэнээр гуравдугаар дивизионд тоглох эрхийг олж авчээ. Гурван жилийн дараа дараа нэгдүгээр лиг хүртэл дэвшиж чадсан агаад анхны тоглолтоо Расинг-тай хийж 21 харьцаагаар хожжээ. Гэвч AFA энэ тоглолтыг хүчин төгөлдөр гэж үзсэнгүй. Учир нь Ривер-ийн цөс ихт хөгжөөн дэмжигчид эсрэг багийнхаа тоглогчдыг элдвээр дарамталж, бүтэн 90 минут тоглуулаагүй аж. Харин тэр үеийн лидер Алумни-тай хийсэн анхны тоглолтдоо 13- аар хожигдсон боловч хариу тоглолтод 10- ээр хожиж чаджээ. 1935 оны тавдугаар сарын 25-нд Эстадио Монументаль цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суурийг тавьж байсан Ривер Плейт яг гурван жилийн дараа шинэ гэртэй болжээ. Хожим 1986 оны арваннэгдүгээр сард цэнгэлдэхийг Антонио Веспуччи Либертигийн нэрэмжит болгосон юм. Аргентиний аварга шалгаруулах анхны албан ёсны тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан Саятнуудын баг 1932 оны улиралд шинэ тоглогчдыг худалдан авахад 105000 песо зарцуулсныхаа хүчинд түрүүлж байв. Тэр жил багийн голеадор Бернабе Ферейра 43 гоол хийсэн амжилтаар лигийн мэргэн бууч болж байлаа.1935 онд Гимназия Эсгрима-гаас хагас хамгаалагч Хосе Минеллаг 37500 песогоор авч байсан нь тухайн үедээ маш их мөнгө байж. 1939 онд домогт Бернабе Ферейра зодог тайлсан боловч түүний орыг залгаж хожмоо алдар цуугаа мандуулах ерөөлтэй Хосе Морено, Адольфо Педернера, Анхель Амадео Лабруна нарын тоглогчид Ривер-ийн школоор ид бойжиж байлаа. 1940-1957 онуудыг тус багийн алтан эрин байсан гэж үздэг бөлгөө. Эдгээр он жилүүдэд улаан-цагаанууд УАШТ-д есөнтөө аваргалсан удаатай. Гэвч үүнээс хойш 18 жилийн туршид УАШТ-ээс ганц ч алтан медаль хүртэж чадсангүй. 1975 онд Диди дасгалжуулагчаар ирснээр энэ хар үе өндөрлөжээ. Их өрсөлдөөн Ривер-ийн хамгийн заналт дайсан бол Бока Хуниорс. Нэгэн хотын хонь, чоно мэт дайснууд хоорондоо тоглох бүртээ эцсийн хүчээ шавхан тулалддаг нь бичигдээгүй хууль. Улс, хот, муж, бүр жирийн нэгэн уулзалт тоглолтод хоорондоо таарч тоглох бүртээ маш их ач холбогдол өгдөг ажгуу. Зуун дамжсан өрсөлдөөний эхлэл 1931 оны есдүгээр сарын 20-нд тавигджээ. Бока-гийн хуучин цэнгэлдэхэд болсон энэ тоглолт 75 минут үргэлжилж, хөгжөөн дэмжигчдийн үймээн, будлианаас болж зогсчээ. Хэдийгээр тооны харьцаа тэнцүү байсан ч шүүгчид талбайн эздэд ялалт өгсөн гэдэг. Хариу тоглолт Ривер-ийн талбайд 1932 оны нэгдүгээр сарын 6-нд болсон бөгөөд Бока энэ удаа Альберино, Муттиса, Варалло нарын оруулсан гоолын ачаар 30-ээр хожжээ. Харин Ривер заналт дайснаа 1933 онд л буулгаж авсан аж. Гэсэн ч 31- ээр хожсон энэ ялалт нь Бока Хуниорс-ыг улсын аварга болоход саад болж чадсангүй. Түүнээс гурван жилийн хойно нутагт нь анх удаа хожсон байх юм. Ингэж хэзээ ч эвлэршгүй, гүнзгий ан цав үүссэн бөгөөд Ривер-ийн тоглогчтой Бока гэрээ байгуулдаггүй, Бока-гийн сургууль дүүргэгсдийг Ривер сонирхдоггүй байх уламжлал тогтжээ. Харин алдарт Марадона, Батистута, Канижиа нарын цөөхөн хөлбөмбөгчид л Буэнос-Айресын супер хоёр багт хоёуланд нь тоглож байсан түүхтэй.
Улаан-цагаанууд
Ривер-ийн анхны хувцас цагаан өнгөтэй байлаа. Гэтэл тэр үеийн ихэнх багууд мөн ийм өнгийн хувцастай байснаар багийн удирдлагууд формныхоо өнгийг солих талаар санаа тавих боллоо. Тэд дээрх санаагаа нэлээд хожуу хэрэгжүүлж, цагаан цамцаа хөндлөн улаан зураасаар чимжээ. Испанид айлчлан Реал, Валенси багуудтай цуврал нөхөрсөг тоглолт хийхдээ шинэ хувцсаа туршиж, ээлтэй өнгө болохыг мэдэж авч. Тэдний жишгээр Аргентиний олон багууд судалтай цамцыг сонгосон гэдэг. 1951 онд онгоцны ослоор сүйрсэн Италийн Торино багийнхны дурсгалд зориулж нэгэн үе хар өнгийн форм хэрэглэж байв.
Бүх үеийн шилдгүүд
Мэргэн буучид
1. Анхель Лабруна (1939-59) 292 гоол
2. Оскар Мас (1964-73, 75-76) 199
3. Бернабе Ферейра (1932-39) 187
4. Хосе Мануэль Морено (1935-44, 46-48) 179
5. Бето Алонсо (1971-76, 77-81, 84-86) 149
6. Адольфо Педернера (1935-46) 130
7. Энцо Франческоли (1983-86, 94-97) 115
8. Карлос Пеуселе (1931-41) 113
9. Карлос Морете (1970-75) 103
10. Феликс лоустау (1942-57) 101
Хамгийн олон тоглолт хийсэн
1. Амадео Каризо 520 тоглолт
2. Анхель Лабруна 514
3. Рейнальдо Мерло 500
4. Х.Лопес 424
5. Норберто Яаконо 393
Амжилт
Аргентиний АШТ-ий 14 удаагийн аварга1932, 1936, 1937, 1941, 1942, 1945, 1947, 1952, 1953, 1955, 1956, 1957, 1986, 990
Аргентиний АШ хаврын тэмцээний (Апертура) 5удаагийн аварга 1991, 1993, 1994, 1997, 1999
Аргентиний АШ намрын тэмцээний (Класаура) 4 удаагийн аварга 1997, 2000, 2002, 2003
Yндэсний лигийн АШТ-ий 3 удаагийн аварга 1975, 1979, 1981
Нийслэлийн цомын тэмцээний 4 удаагийн аварга 1975, 1977, 1979, 1980
Супер цомын эзэн 1997
Либертадоресийн цомын хошой аварга 1986, 1996
Интерамерика цомын аварга 1987
Тив хоорондын цомын эзэн 1986
Багийн бүрэлдэхүүн
Хаалгачид Франко Костанцо (1980), Герман Люкс (1982),
Алехандро Сакконе (1974)
Хамгаалагчид Рафаэль Айяла (1970.Парагвай), Рикардо Рохос,
Андрес Амели (1974), Кристиан Тула, Эдуардо Туццио (1974), Нельсон
Вивас (1969), Фернандо Кроса (1979)
Хагас хамгаалагчид Гильермо Перейра (1980), Виктор Сапата
(1979), Луис Гонсалес (1981), Диего Баррадо (1981), Даниэль Лудуэнья
(1982), Хавьер Масчерано (1984), Оскар Аумада (1982), Херман Коудет
(1974), Даниэль Монтенегро (1978), Килиан Вирвьескас (1980), Клаудио
Усаин (1974), Марсело Гальярдо (1976), Хавьер Гандолфи (1980), Дарио
Конка (1983), Диего Баррадо (1981), Марсело Гомес (1970)
Довтлогчид Фернандо Кавенаги (1983), Максимилиан Лопес
(1984), Алехандро Домингес (1981), Осмар Феррейра (1983), Дарио
Усаин (1976), Марсело Салас (1974) гайхалтай уран техниктэй.
2004,02,18