Эрчүүдээ эмч хариулж байна

Намилзгана нь умдагны үс бөөстөх өвчнийг үүсгэх бөгөөд энэ нь нэг хүнээс нөгөө хүнд бэлгийн замаар халдварлана. Мөн ор дэр, хувцас, алчуур зэргийг хоорондоо сольж хэрэглэхэд халдвар авч болно.
Намилзганы халдвар авсан хүний умдагны үстэй хэсэгт, заримдаа биеийн үстэй хэсэгт загатнана. Ойрхноос харвал умдагны үсэнд наалдсан намилзганыг ажиглаж болно. Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай үзүүлж эмчлүүлэх шаардлагатай. Тамидинтэй шингэн түрхлэгийг гэмтсэн хэсэгт болон биеийн бусад хэсэгт түрхэж эмчилнэ. Түрхлэг хийхийн өмнө нь үсийг хусах шаардлагатай. Гялалзсан цагаан өнгөтэй хуурсыг угаалга хийснээр арилгаж болно. Бөөсний эсрэг эм, антибиотик зэргийг хэрэглэх нь үр дүнтэй. Алчуур, хувцас, орны даавууг халуун усанд угаавал дахин бөөстөхөөс сэргийлнэ.

-Миний цавь, суга харлаж харагддаг. Эмчид үзүүлэхээр сайн угаа гэдэг. Угаагаад ч арилдаггүй. Энэ ямар учиртай вэ?
Эрүүл хүний цавь, суганы арьс угаасаа биеийн арьсыг бодвол харьцангуй хар бор өнгөтэй байдаг. Энэ нь өвчин эмгэгийн шинж ч биш, хир буртаг ч биш, байх л ёстой нөсөөжилт юм. Арьсны нөсөөжилтийг хичнээн угаагаад арилахгүй. Түүнд та санаа зовохын хэрэг угаасаа байхгүй. Цайруулах тос гэх мэт янз бүрийн аргаар оролдохын ч хэрэггүй.
-Төмсөгний үрэвсэл гэж байх уу, зүүн төмсөг хатгаж чимчигнэж өвдөх боллоо. Гэмтэл аваагүй. Хаана оношоо зөв тогтоолгох вэ?
Төмсөгний үрэвсэл гэж байна. Түүнийг эмнэлгийн хэлээр орхит гэдэг. Төмсөгний үрэвслийн шалтгаан нь нян, вирусын халдвараас гадна гэмтэл байх нь олонтой. Төмсөгний үрэвслийн үед хатгаж чимчигнэж өвдөх, унжиж өвдөх, хавагнах, улайх зэрэг шинжүүд илэрнэ. Yрэвслийн хүнд хөнгөнөөс хамаарч дээрх шинж бүгд илрэхгүй байж болно. Өөр нэгэн таамаглах зүйл бол үрэвсэл биш, мэдрэлийн судас дагасан өвдөлт байж болно. Тийм болохоор та эмчид үзүүлж оношоо тогтоолгох нь зөв. Та эхлээд өрх, дүүргийнхээ эмнэлэгт хандаж болно. Эсвэл нөхөн үржихүйн эмнэлгүүд болон эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж болно.
-Өтгөн нарийхан тасарч гардаг, энэ нь ямар нэг согогоос болох уу? Цагаан мах гарах үед өтгөн нарийхан гарах уу?
Өтгөн нарийн гарах нь ямар нэгэн согогоос болохгүй. Гол төлөв хоол бага идэх, эслэг багатай хоол хүнс хэрэглэхээс болж өтгөн нарийн гардаг. Цагаан мах эргэх ба өтгөн нарийн гарах хоёр шууд холбоогүй боловч магадгүй S хэлбэрийн гэдсэнд өтгөн удаан хуримтлагдахгүйгээс өтгөн нарийн гарч болох юм. Цагаан мах эргэдэг хүмүүсийн өтгөн нь S хэлбэрийн гэдсэнд удаан хуримтлагдахгүй байх тал бий.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button