УДЭТ-ийн жүжигчин Ж.Оюундарь Удахгүй хүнтэй сууж өөрийн гэсэн гэрээ босгоно доо

Түүнтэй ярилцлага хийж суухад даруухан хэрнээ хүнд сэтгэлэсээ ханддаг нь мэдрэгдэж байсан юм. Түүнийг энэ оны Гэгээн муза -гийн шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр шалгараад удаагүй байхад нь уулзаж ярилцсан юм.
– Юуны өмнө Гэгээн муза -гийн эмэгтэй гол дүрийн жүжигчнээр шалгарсанд баяр хүргэе. Хамгийн түрүүнд хэнтэй баяраа хуваалцсан бэ?
– Баярлалаа. Гэгээн муза хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ жил говийн ноён хутагт Данзанравжаагийн саран хөхөө жүжгийн шинэчилсэн хувилбараар манай Шартолгой найруулагч зохиол бичиж, соёлын гавьяат зүтгэлтэн Мөнхдорж гуай тавьсан. Энэ дүрийг надад итгэж өгсөнд баярлалаа гэмээр байна.
Хамгийн анх үзэгчид маань баяр хүргэсэн. Үзэгчид Оюундарь гэж хашгирч байсан нь миний хувьд хамгийн том баяр байсан. Тайзан дээрээс буугаад ирэхэд гарыг минь барьж хацар дээр минь үнссэн хүн бол Лхадолгор гуай, СТА Тунгалаг гуай нар байсан. Одоо ч баяр хүргэсэн хүмүүс дуусаагүй байна.
– Таныг харж байхад нэлээн намбатай юм шиг ээ. Томоотой хүүхэд байв уу? Эсвэл шооч нэгэн байв уу?
– Ер нь их томоотой хүүхэд байсан. Эрээн галстуктай, бүлгэмийн зөвлөлийн дарга гээд явдаг байлаа. Би зарчимч тал руугаа, ямар нэгэн юмыг хийнэ гэсэн бол ард нь гарч байж санаа амардаг хүүхэд байсан.
– Хэр даргасаг байв даа. Нэг ангид нэлээн олон дарга байдаг байсан даа?
– Ариун цэврийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга, ангийн дарга, салааны дарга, хамгийн сүүлд нь нүдлэн хамгаалахын дарга гээд л эрэгтэй хүний хийх ажлыг хүртэл хийгээд явж байсан. Алх барьчихаад хэмхэрсэн сандал ширээ хадаад л…
– Тэгвэл одоо ямар нэгэн даргын ажил хийж байгаа юу?
– Одоо харин нуруутай шүү. Энд үйлдвэрчний хороон дарга ажилтай. Манай дарга
Отгонбат гээд жүжигчин байдаг. Би бас орлогч нарийн бичгийн ажил хийнэ ээ. Даргын ажил салахгүй байх шиг байна /хөгжилтэй инээв .сурв/
– Нэг хамтлагт дуулж байсан хүмүүстэйгээ одоо хэр харьцаатай байдаг вэ?
– Утсаар яриад бие биенийхээ амар мэндийг асуучихдаг. Бүр нэг их дотно биш. Гэхдээ нэг сургуулиас төгссөн болохоор амь нэгтэй байдаг. Сайнаар яривал баярлаад л, муугаар яривал өмнөөс нь дачдаад сууж байх жишээтэй. Харин Ариунаа маань хаа ч муугаасаа илүү сайнаар гардаг болохоор их баярладаг.
– Таныг хүмүүс хэр жүжигчин хүн билээ гэдгийг сайн мэднэ. Харин энэ хүн айлын эзэгтэй бол гэрийн ажилд хэр хүн бол доо гэж сонирхож байгаа байх. Хоол хийнэ гэдэг бол нэг ёсны авьяас шүү дээ. Та гэртээ хэр хоол хийдэг вэ?
– Миний ар талын бүхр ажлыг манай ээж, дүү нар хийчихдэг. Миний хувьд цаг зав гарах л юм бол гэртээ байж сайхан хоол хийх дуртай. Амттай хийчихнэ шүү. Манайхан намайг эрт ирсэн тохиолдолд хүүеэ бушуухан цуйвангаа, бууз аа, салат аа хийгээч ээ гарын хоолыг чинь идмээр байна гэдэг юм шүү дээ/инээв/
-Та тэгвэл нөхөрт гарахаараа хоол хийхийн хувьд ч асуултгүй юм байна. Гэтэл
яагаад нөхөрт гарахгүй байна вэ? Хэзээ гэр бүлтэй болох гэж байна даа?
-Харин тийм ээ. Тэр талаар ерөөсөө боддоггүй байсан чинь сүүлийн үед тааралдсан болгон л хүнтэй суусан уу, суух болж байна уу гээд л асуудаг. Тэгэхээр энэ тал дээрээ бодолцох хэрэгтэй болоод байгаа.Гэхдээ ойрын ганц жилдээ бол ямар ч байсан суухгүй байх. Хоёр жилийн дараагаас болно байх гэж бодож байгаа. Гэхдээ бодохгүй бол болохоо байж байна. Тиймээс удахгүй хүнтэй сууж гэр орноо босгоно доо.
– Хань бүлтэй хүн харчихаад өөрийгөө харьцуулж боддог уу? Хааяа шоудах үед бол харин ч ар гэр гэж санаа зовох зүйлгүй амар болов уу?
– Манай үеийнхэн их эрт суучихсан л даа. Хүүхэд гаргаад тэд нар нь том болцгоочихсон. Европынхныг харахад 40 хүрч байж хүнтэй сууж байдаг. Тэд нартай харьцуулахаар болоогүй байна хаа байсан юм, яараад байх юм байхгүй гэж боддог. Зарим гэр бүлийг харж байхад бурхан минь эрт хүнтэй суугаагүй минь онож дээ гэж боддог. Заримыг нь харахаар их аз жаргалтай харагдаж хүнтэй эрт суусан бол боломжийн юм гэж бодох үе байдаг.
– Шинэ он гарах гээд хүн бүр л дор бүрнээ хөл хөөр болж байна. Таны хувьд ямар баярт илүү дуртай вэ?
– Урлагийн хүн болсон хойно хүн баярлуулаад л энд тэндхийн урилгаар оролцоод л явдаг. Он гарсны дараа ч урилга дуусаагүй байдаг. Зарим албан газар шигнэ жилээ оны дараа тэмдэглэдэг юм байна шүү дээ. Шинэ жил, март, цагаан сар гээд баяр болгон сайхан шүү дээ. Бид нар бригадаар явж байхад цагаан сараар морь уралдаад өвөл болохоор бид цасанд нь дарагдаад л өөрийн эрхгүй нулимс дусалдаг юм билээ.
– Нэлээн уян талдаа юу? Ер нь хэр уярамтгай хүн бэ?
– Би их уян хүн шүү дээ. Гэхдээ их өвөрмөц л дөө. Уйлах юман дээр уйлахгүй мөртлөө
уйлахааргүй зүйл дээр амархан уйлчихдаг. Хүмүүс өрөвдөлтэй, янз бүрийн юм ярих ч юмуу, өөрийнхөө тоглох өрөвдөлтэй дүр ч байсан. Уйлаад суучихна шүү дээ. Заримдаа гарцаагүй уйлах юман дээр уйлдаггүй шүү дээ. Би их тайван хүн л дээ.
– Ааж ээжийнхээ хэнийх нь занг илүү дуурайсан юм бэ?
– Манайхан намайг их зөөлөн хүн гэдэг л дээ. Ямар нэгэн юман дээр за яахав дээ яахав гээд сууж байдаг. Манай аав, ээж хоёулаа их тайдан хүмүүс дээ. Аав харин ямар нэгэн юм оногдуулаад өгөх юм бол ард нь гарч байж санаа нь амардаг хүн. Би өөрийгөө шартай биш гэж боддог. Жүжигчин Дамдни гуай намайг миний муу охин чинь их шартай гэж байсан. Тэгэхээр би хүний нүдээр их шартай храгддаг юм шиг байна лээ.
– Нутаг усандаа хэр очдог вэ? Нутгийнхаа тухай хуучлахгүй юу?
– Миний аав ээж хоёр Ховд нутгийнхан. Саяхан би нутгаараа очоод ирлээ. Манай театр жил бүр хоёр аймаг руу явдаг л даа. Энэ жил Ховд, Увсаар явж ирсэн. Нутагтаа очиход үнэхээр сайхан байдаг юм билээ. Аавын төрсөн нутаг болох Мянгад сумаар орж нутгийнхантайгаа уулзлаа. Баруун аймгийнхан маань урлагаар их авьяастай улс байдаг юм байна. Танай сониноор дамжуулаад Ховд, Увс нутгийн дарга нарт баярлалаа гэж хэлмээр байна. Бидэнд их тус болж байсан. Би өөрөө хотод төрсөн ч аав ээжийн минь төрж өссөн нутаг болохоор миний л нутаг шүү дээ. Тэнд очоод шүтэж биширдэг овоон дээр гарч үзсэн. Үнэхээр жаргалтай сайхан байдаг юм байна.
– Хүмүүс өөр өөрийн гэх ццуглуулгатай байдаг. Урлаг, улс төрийнхөн гэж ялгалгүй
бүсгүйчүүл чихмэл тоглоом, кукла, цуглуулах дуртай байдаг. Таны хувьд?
– Багадаа бол марк, дугтуй их цуглуулдаг байлаа. Нас нэмэх тусам тэндээсээ жаахан хөндийрч чихмэл тоглоом, кукла цуглуулдаг болсон. Гэрээр дүүрэн тоглоомтой болсон. Гэтэл нэг удаа тоглоом гэдэг чинь ер нь их дэмий юм. Гэр бүлийн нэг хүний орон зай болж байдаг. Сүнс хоргоддог гэсэн утгатай юм ярихаар нь яагаад ч юм айгаад цуглуулахаа больсон. Гэхдээ цуглуулж байгаа хүнийг алийг тэр гэх вэ.
Гайгүй л юм шиг байгаа юм.
– Тэгвэл айлын бэлгэдэл болсон зүйл байдаг. Нохой зараа, яст мэлхий гээд л… Таны хувьд ямра амьтанг бэлэгшээдэг вэ?
– Манайх яст мэлхий бэлэгшээж тэжээдэг. Энэ амьтан чинь урт удаан амьдрал, амгалан тайван байдлыг бэлэгддэг гэдэг шүү дээ. Бодит явдал байдаг шүү дээ. Нэг өвчтэй хүн бие нь их муудаад байж л дээ. Ламаас асуусан чинь энэ хүнээ яст мэлхийтэй байрыг нь солиод үз гэж л дээ. Тэгээд байрыг нь сольсон чинь үнэхээр нөгөө хүний бие нь сайжраад ирсэн гэсэн. Яст мэлхий гэдэг гэрт хуримтлагдсан муу энергийг өөртөө шингээж тэр гэр бүлийг хамгаалж байдаг амьтан.
– Танайхан их олуулаа гэсэн. Танай ах дүү нар ямар мэргэжилтэй юм бэ? Та ганцаараа урлаг хөөсөн юм уу?
– Манай ах дүү нар дотор урлагийн хүн байхгүй шүү. Харин СТА хоёр, худалдааны тэргүүний ажилтан гээд л дөрвөн тэргүүний ажилтантай шүү. Харин бурхан бүтээчихдэг авьяастай дүү бий.
– Бурхан гэснээс та хэр шүтлэгтэй вэ? гандангаар явах зав зай гардаг уу?
– Хүн гэдэг чинь шүтэхгүй ч гэсэн шүтдэг юм билээ. Ер нь нэг их айхтар шүтээд
байдаггүй ч зохих хэмжээндээ шүтээд явдаг. Ямар нэгэн юм болж бүтэхгүй өвчин
тусахад өөрийн эрхгүй л зүглэннэ шүү. Муу үйл хийхгүй юмсан гэж боддог
– Сүүлийн үед манай монголд гоо сайхны бүтээгдэхүүн төрөл төрлөөрөө л ирдэг болж.
Та өөрийнхөө гоо сайхандаа хэр анхаарал тавьдаг вэ?
– Мундаг анхаардаг хүмүүсийн хажууд дутагдалтай муу анхаардаг хүний дэргэд арай гайгүй. Өглөөдөө цаг гаруй, оройдоо гучин минутыг зарцуулчихдаг. Нэг гоо сайхны барааг байнга хэрэглээд байдаггүй. Жил бүр өөрчилж байдаг. Сүүлийн үед
Монголынхоо гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болоод байгаа. Сая бид нар
бригадаар явж нар салхи их үзэж байгаа болохоор их мэдрэгдэж байна л даа. Гадны бүтээгдэхүүнээс илүү монголын бүтээгдэхүүн тохирсон нүүрэнд их чийглэг өгдөг. Миний арьс хуурай болохоор их амархан үрчийдэг.
– Таныхаар аз жаргал гэж юу вэ? Та амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
– Миний бодлоор аз жаргал гэдэг эрүүлл энх байх явдал. Эрүүл байж чадах л юм бол хүн юуг ч хийж бүтээж чадна. Хамгийн их аз жаргал эрүүл энхээс л эхэлнэ. Би амьдралдаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун амьдардаг. Би жаргалтай хүн шүү.
2004.12.30, 12 цаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button