Ерөнхийлөгч Найрамдал төвийн сүлд модны наадамд оролцлоо

Ерөнхийлөгч хүүхэд багачуудад шинэ оны цогтой халуун мэнд дэвшүүлэн хэлэхдээ Бурхан тэнгэр хүн бүрт өөр өөр хуруу заяадгийн адил хүн бүрт өөр өөр амьдралын замыг зааж өгчээ гэж Эзэн чингис хааны хүү монголын төрийн их хаан Өгөдэй хэлсэн байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд хэсэгт байдаг скандинавын хойгийн хүмүүс эрт дээр цагт зээтүү дүрсэлсэн сүлдтэй байжээ. Тэр зээтүү дээр бид амьдралын замыг хайж байна. Зам олдохгүй бол түүнийг бид байгуулна гэж сийлээстэй байсан гэдэг. Хүн төрөлхтөн монголд амьдарна уу, скандинавт аль эсвэл африкт амьдарна уу бүгд амьдралынхаа замыг хайж явдаг юм. Хэн илүү эрдэм сурч боловсрол эзэмшиж, хичээл зүтгэл гаргаж ажиллаж хөдөлмөрлөж чаднам тэр хүн сайн сайхан зам мөрийг олж сайн амьдралыг бүтээдэг байна. Иймээс хүүхдүүд та бүхэн онцсайн суралцаарай. Мэдэхгүй, чадахгүй, боломжгүй гэдэг үгийг эгнэгт мартах хэрэгтэй. Мэдэхгүй байгаа юмаа мэдьеэ гэж зүтгэвэл мэдэж л таарна. Чадахгүй байгаа зүйлээ чаднаа гэвэл хүүхэд бүхэн чадаж л таарна. Боломжгүй гэдэг үг мунхаг хүний толь бичигт холхиостой байдаг. Боломжгүй зүйл хаач хэзээч байхгүй, болгоё бүтээе гэвэл юм бүхэн бүтнэ, болно үүний төлөө хүүхэд бүхэн хичээн суралцаарай. Хүүхэд та бүхэнд үгүй гэж хэлэх ганц хоёрхон юм бий. Энэ бол хичээлээ таслах, залхуурах, сахилгагүйтэх, бас том болоод тамхи архи зэрэгт хорт зуршлаас үгүй гэж татгалзаж яваарай. Аз жаргал хүүхэд та бүхний гар хүрэх газарт байгаа шүү, хичээцгээрэй. 2005 он аз жаргалыг та нарт авчрах болтугай хэмээн ерөөлөө.
Мөн Ерөнхийлөгч Н.Багабанди, тэргүүн хатагтай А.Оюунбилэг нар урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн сурагчдад бэлэг гардуулан өглөө.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ