Читамон эмийн тухайд

-Читамон гэж ямар үр нөлөөтэй эм байна вэ?
-Цэр ховхлох, үрэвсэл намдаах бэлдмэл. Читамоны найрлага дахь чихэр өвсөнд агуулагдах глицирризиний хүчил нь үрэвсэл намдаах, цэр ховхлох, карбеносолон нь шархны эдгэрэлтийг түргэсгэх, тарваган шийрийн өвсөнд агуулагдах цитизин зэрэг нийлбэр алкалоид нь ходоодны салстыг цочроож, рефлексээр цэр ховхлох, бронхийн гөлгөр булчинг сулруулах, натрийн гидрокарбонат нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, натрийн бромид нь тайвшруулах үйлдэл тус тус үзүүлдэг.
-Хүмүүс сая, саяараа хэрэглэдэг гээд бодохоор үр нөлөө нь нэгэнт батлагдчихсан юм байна. Yйлдвэрлэгч нь Монос фарм гэсэн үү?
-Тиймээ. Манай компани нь 1990 онд байгуулагдсан бөгөөд эмийн ургамал түүж, хатаагаад савлах, мөн зэхмэл бэлтгэж савлах, гоо сайхны тос үйлдвэрлэж гараагаа эхэлсэн. Эдгээр анхны бүтээгдэхүүний дотор Цэр ховхлох зэхмэл багтаж байсан бөгөөд хэрэглэгчдийн үнэлэмж өндөр байсан л даа. Зэхмэл эмийн хэлбэр нь эмийн ургамлуудаа нунтаглаад хольж, цаасан уутанд савладаг нэлээд хоцрогдсон эмийн хэлбэр тул шахмал эмийн хэлбэрээр үйлдвэрлэх санаа анх төрсөн. Ингээд л Читамоныг зохион, гаргаж авсан.
-Зохион гаргасан гэнэ ээ. Хэн зохиосон юм бэ?
-Олон эрдэмтний хамтын бүтээл л дээ. Читамон шахмал эмийн зохиогчид нь Моносгрупп-ын ерөнхийлөгч, доктор Л.Хүрэлбаатар, ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн багш, доктор Г.Эрдэнэцэцэг, доктор С.Цэцэгмаа, эм зүйч Ж.Удвал нар. Харин тус компанийн 1999 оноос үйлдвэрлэж эхэлсэн Читамон сиропийг Л.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа болон би зохиосон.
-Читамон нь шахмал, сироп гэсэн хоёр хэлбэрээр үйлдвэрлэгддэг юм уу? Хоорондоо ямар ялгаатай юм бэ?
-Читамоны сиропийг хүүхдэд хэрэглэхэд тохиромжтойгоороо онцлогтой. Харин Читамоны шахмалыг хүүхдийн эмчилгээний практикт хэрэглэхэд хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл шахмал Читамон нь биологийн идэвхээ үзүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Шахмал эмийг уусны дараа ходоодны шүүсний үйлчлэлээр 15 минутын дотор задарч жижиг хэсгүүд болно. Эдгээр жижиг хэсгүүд нь ходоодны ханаар цусанд шимэгдэнэ. Yүнийг схемээр үзүүлбэл Шахмал-Задралт-Уусалт-Шимэгдэлт-Эмчилгээний үр дүн гэсэн дэс дараалалтай байна. Тиймээс хэрэглэхэд тохиромжтой, үйлчилгээ түргэн эмийн хэлбэр гарган авах шаардлагын үүднээс Читамон сиропийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Сиропийн эмчилгээний үйл явцыг өмнөх схемээр харуулбал Сироп-Шимэгдэлт, тэгээд эмчилгээний үр дүн байх юм. Сироп нь шингэн эмийн хэлбэр тул ходоодноос шууд шимэгдэж, эмчилгээний үр дүн илрэх хугацаа түргэснэ. Түүнчлэн Читамон сироп нь өндөр концентрацитай сироп тул осмосын хуулийн дагуу микро организмуудын усыг татах замаар үржлийг нь зогсоодог тогтвортой эмийн хэлбэр.
-Найрлага нь өөр, өөр байх уу?
-Эмийн хэлбэрүүд хоёул чихэр өвсний үндэс, тарваган шийр өвснөөс гарган авсан бэлдмэлүүд. Найрлагын ялгаатай тал нь гэвэл шахмалд цэр ховхлох, үрэвсэл намдаах үйлдэл бүхий натрийн гидрокарбонат, сиропт тайвшруулах үйлдэл бүхий натрийн бромид агуулагддаг.
–Найрлагад нь орсон зарим орцын талаар тодруулж ярихгүй юу? –
-Тарваган шийрийн өвсний биологийн идэвхийг түүнд агуулагдах алкалиодууд нөхцөлдүүлдэг ба тэдгээр нь бронхийн гөлгөр булчингийн агших чадварыг дээшлүүлэн, цэр ховхлох үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн практикт тарваган шийрийн газрын дээд хэсэг буюу өвсийг хэрэглэдэг бөгөөд цэцэглэлтээс үрлэх хүртэл түүж хэрэглэнэ. Чихэр өвсний үндсийг намар түүх ба түүнд агуулагдах глицирризиний хүчлийн давснууд, флавоны гликозидууд зэрэг нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
–Ингэхэд Читамон гэдэг үг ямар утгатай юм бэ?
–Читамон гэсэн нэрний хувьд гэвэл ЧИ- чихэр өвс, ТА-тарваган шийр өвс, МОН-монос гэсэн утгатай.
–Сүүлийн үед эмийн талаар янз бүрийн сөрөг мэдээллүүд гарах болсон. Читамоны хувьд хүний биед сөрөг нөлөөлөл үзүүлэх үү? –
-Ургамлын гаралтай бэлдмэлүүд нь гаж нөлөө багатай байдаг хэдий ч эм л болсон хойно зааврын дагуу тунг тохируулан хэрэглэх шаардлагатай. Читамон бэлдмэлийг тухайн бэлдмэлд болон түүний найрлага дахь бодисуудад хэт мэдрэг үед хэрэглэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл ямар нэг харшлын урвал илэрч буй тохиолдолд гэсэн үг. Мөн зүрхний хавангийн хүнд хэлбэрийн үед эмчийн заавраар болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн болон хоёр хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Читамон бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд хавагнах, тун ихэдвэл бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах зэрэг гаж нөлөө илэрч болно.
–Тэгэхээр ямар үед яаж хэрэглэх нь зүйтэй вэ? –
-Ханиад томуу, мөгөөрсөн хоолойн цочмог үрэвсэл, архаг бронхитын үед үрэвсэл намдаах, цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ. Насанд хүрэгсэд шахмалыг өдөрт гурван удаа, сиропыг хоолны халбагаар өдөрт мөн гурван удаа ууж хэрэглэнэ. 5-9 настай хүүхдэд хоёр цайны халбагаар (10мл) өдөрт гурван удаа, 2-4 настай хүүхдэд цайны халбагаар (5мл) өдөрт гурван удаа уулгана.
–Хадгалалтын горим алдагдсанаас эмийн чанар, үр нөлөө мууддаг. Читамоныг ямар нөхцөлд хичнээн хугацаагаар хадгалж болох вэ? –
-Хэрэглэгчдэдээ эм худалдан авахдаа эмийн хүчинтэй байх хугацааг анхаарч байгаарай гэж зөвлөмөөр байна. Хадгалалтын хугацаа хэтэрсэн эмийг хэрэглэж болохгүй. Читамон бэлдмэлийг хуурай, сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална. Шахмалын хүчинтэй байх хугацаа гурван жил, сиропых хоёр жил байдаг.
Эцэст нь зөвлөхөд ургамлын гаралтай эмээр эмчлэх нь хор нөлөө багатайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн өнөө үед нөөц элбэг эх орны эмийн ургамлаас гаргаж авсан эмчилгээний үр нөлөө сайтай эмийг зөв зохистой хэрэглэх нь чухал болж байна.
/Өдрийн сонин 2004-12-29/

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
нараа
2 months ago

хэн гэдэг хүнээс ярилцлага авсан юм болоо

Back to top button