В.Путин Япончууд дөрвөн арал хүсэж байгаа нь сонин байна

В.Путиний гурав хоногийн өмнө Кремльд хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас товчлон хүргэе.
В.Путин -Өдрийн мэнд. Бид уламжлал ёсоороо Кремльд уулзаж байна. Эхлээд энэ жил ямар байсныг дүгнэж яръя. Зарим тоо баримт давтагдаж байгаа бол уучлаарай. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.8 хувьтай гарч байна. Энэ нь сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлт юм. 2004 онд нэг хүнд ногдох орлого 4000 ам.долларт хүрсэн нь 2000 оныхоос хоёр дахин өссөн гэсэн үг. Хөрөнгө оруулалт 10, импорт 25 хувиар өслөө. Улсын валютын нөөц 70 хувиар нэмэгдэж, 120 тэрбум ам.долларт хүрэв. Энэ бол ОХУ-ын төдийгүй, ЗХУ-ын түүхэн дэх дээд үзүүлэлт. Тэтгэвэр тав, цалин 10 хувиар өсчээ. Ажилгүйдэл багасч 7.4 хувь боллоо. Энэ нь 5.5 сая хөдөлмөрийн чадвартай хүн ажилгүй байна гэсэн үг л дээ. Засгийн газраас үүнийг анхаарах болно. Гадаад өрийг 60 хувиар бууруулж, нөөц хөрөнгө 20 тэрбум долларт хүрлээ. Цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 600-гаас 720 болголоо. 2006 оны тавдугаар сар гэхэд цалингийн доод хэмжээг 1100 болгохыг зорьж байна. Энэ оны ерөнхий дүн нэг иймэрхүү байна.
-Владимир Владимирович! Эдийн засаг ийм байдаг юм байж. Тэгвэл улс төрийн хувьд ямар байв?
-Улс төрийн хувьд зөвхөн манай улсад ч биш, дэлхий нийтэд амаргүй байлаа. Ойрхи Дорнод, Ирак гээд л бид мэдэж байгаа. Гэхдээ бүхэлдээ + тэмдэгтэй гарч байгааг тэмдэглэх хэрэгтэй. Бид бүгдийн сэтгэлээс Бесланы эмгэнэлт явдал гарахгүй байгааг би ойлгож байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд бид алан хядлагатай эрс тэмцэж, хууль сахиулах байгууллага, улс төрийн системийг бэхжүүлэх болно.
-Ноён Ерөнхийлөгч, та XXI зуунд улс орны аюулгүй байдлыг хамгаалах, тэр дотроо Хойд Кавказ дахь терроризмыг устгах тухай нэг бус удаа ярьж байсан. Энэ ажилд зүтгэж байгаа цэрэг, офицерын хөдөлмөрийг өндөр үнэлэх ёстой юм шиг санагддаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Мөнгөн хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй л дээ. Гэхдээ хамгийн түрүүнд орон сууцны асуудал яригдах байх. Ийм хоёр гол асуудал байна. Бид энэ чиглэлээр мэргэжлийн арми байгуулах бодолтой байна. Гэхдээ юуны түрүүнд хугацаат албаны цэргүүд халуун цэгт алба хаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Халуун цэг гэж Хойд Кавказ, Чеченийн бүгд найрамдах улсыг хэлж байна л даа. 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс Чеченьд хугацаат цэргийн албан хаагч байхгүй болно. Чеченьд байрладаг 42 дугаар дивиз ийм хэлбэрт шилжих бөгөөд 2007 онд халуун цэг дээрх анги нэгтгэлүүд байнгын бэлэн байдалтай армийн хэлбэрт шилжих болно. Өнөөдөр Хойд Кавказ дахь гэрээт цэргийн албан хаагч 12-15 мянган рубль авч байна. Харин бусад газар алба хааж байгаа цэрэг 2-4 дахин бага мөнгө авч байна. Ийм байх ёсгүй. Цэргийн албан хаагч нь төрийн албан хаагчийн хэмжээнд үнэлэгдэж байх ёстой. Орон сууц байна. Батлан хамгаалах яам удаан хугацааны барьцаатай орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болсон.
-Японтой энхийн гэрээ байгуулах тухай асуудал байна. Гадаад хэргийн сайд Лавров 56 оны тунхаглалыг үндэслэж хоёр арлыг Японд буцаан өгч газар нутгийн маргааныг шийдвэрлэх санал тавьсан. Гэтэл Япон дөрвөн арлыг хүсч байгаа. Ямар нэг буулт хийх боломжтой юу. Таны байр суурь ямар байна вэ. Японд хзэээ айлчлах гэж байна. Ялалтын баярын өмнө үү, хойно уу. Хэрвээ энэ асуудлаар буулт хийхгүй бол Токиод хийх айлчлалаа хойшлуулах уу?
-Юуны түрүүнд Японтой харилцаа муугүй хөгжиж байгааг хэлье. Бараа эргэлт өсч байна. Улс төрийн төвшинд байнгын харилцаа холбоотой байна. Гэвч энхийн гэрээ байгуулах асуудал шийдэгдээгүй байгаа нь харамсалтай. Манай Гадаад хэргийн сайдын мэдэгдлийн тухайд гэвэл би харсан л даа, тэр ямар ч арал санал болгоогүй. Тэр 1956 оны тунхаглалыг л эргэж сануулсан. Бид ноён Моритой энэ тунхаглалыг сайн судалсан. Тэнд юу бичигдсэнийг сайн санаж байна. 1956 оны тунхаглалыг ЗХУ-д ч, Японд ч баталсан. Японууд Бид хоёр биш, дөрвөн арлыг хүсч байна гэж ярьж байгаа нь надад хачин санагдаж байна. Тэгвэл яах гэж 1956 онд тэр тунхаглалыг баталсан юм бэ. ОХУ бол ЗХУ-ын хууль ёсны өв залгамжлагч. ЗХУ-ын өөртөө авсан үүргийг бид биелүүлэхийг хичээх болно. ЗХУ дөрвөн арал авсан, бид дөрвөн арлыг буцааж авсан ч гэж ярьдаг л даа. Яагаад гэвэл дэлхийн хоёрдугаар дайны дараа тэдгээрийг өөрсдийн газар нутаг гэж байнга үзсээр ирсэн юм. ЗХУ энэ тунхаглалыг 56 онд бичиж баталсан. Түүний есдүгээр бүлэгт хоёр арлыг буцааж өгөхдөө энхийн гэрээ байгуулахыг урьдчилсан нөхцөл болгож заасан байдаг. Хэрвээ Япон тэр тунхаглалыг баталсан юм бол одоо яагаад дөрвөн арлын асуудлыг яриад байгаа юм бэ. ЗХУ хоёр арлыг буцааж өгөхөд бэлэн гэж томъёолсон байдаг. Гэхдээ хэзээ, ямар нөхцөлөөр гэдгийг нь заагаагүй. Энэ бүгдийг бид түншүүдтэйгээ, Япон нөхдийн хамтаар анхааралтай судалж байна.
-Саяхан Польшийн Ерөнхийлөгч Квасневский ярилцлага өгөхдөө АНУ-ын хувьд Украинтай Оросоос Украингүй Орос нь дээр гэж хэлсэн байсан. Энэ талаархи таны бодол?
-Квасневскийн энэ ярилцлагыг уншаад их гайхсан. Бид их сайн харилцаатай. Энэ нь тийм үнэн зөв мэдэгдэл гэж үзэхгүй байна. Аливаа улсын төрийн тэргүүн өөр улсын бодлогын талаар дуугарах нь тийм ч зохистой зүйл биш. Украинтай Оросоос Украингүй Орос нь дээр гэж юу гэсэн үг вэ. Орос улс Югослав маягаар замнаагүй. Хуучин зөвлөлтийн улс орнууд бие даасан төр улс болж хөл дээрээ зогсоосой гэж Орос улс бүхнийг хийсэн. Квасневский үнэхээр тэгж хэлсэн юм бол үүндээ тайлбар хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, бид хэнийг ч нэгтгэх гээгүй. Хоёрдугаарт, энэ нь Оросын хөршүүдтэйгээ харилцах харилцааг хязгаарлах хүсэл агуулж байгаа бол цаанаа ОХУ-ыг ганцаардуулах зорилго агуулж байна гэсэн үг. Квасневскийн мэдэгдлийн цаана АНУ-ын бодлого нуугдаж байгаа гэж бодохгүй байна. Би шинэ онд удахгүй Ерөнхийлөгч Буштай уулзана. Тэгэхдээ үнэхээр тийм санаа агуулж байна уу гэдгийг асууна. Хэрвээ тийм бол Чеченийн талаар ямар байр суурь баримталж буй нь тодорхой болно. Тэгвэл Чеченьд ОХУ-ыг ганхуулдаг элементүүдийг бий болгоход чиглэсэн бодлого явагдаж байгаа гэсэн үг.
-Владимирович, танд Ерөнхийлөгчөөр ажиллахаар гурав илүүхэн жил үлдээд байна. Танд ямар төлөвлөгөө байна вэ. 2012 онд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх үү?
-2016 онд яагаад болохгүй гэж. Тэр үед ёстой ид жагсдаг нас биз дээ.
-Тэгээд яах гэж байна?
-Үгүй ээ. Нэгдүгээрт, хувийн амьдралаа яаж тохинуулах. 2012, 2016 онд ОХУ-ын Ерөнхийлөгч гэсэн том албан тушаалд өрсөлдөх үү гэж байна. Одоо энэ тухай бодож байгаа юм алга. Харин 2008 оныг яаж давах вэ гэж бодож байна. Энэ бол маш чухал он. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж ардчилсан хэлбэрээр зохион байгуулах вэ гэдгийг анхаарах ёстой.
-Оросын нэгэн агуу зохиолч 150 жилийн өмнө Оросын хоёр зовлонгийн тухай бичиж байсан. Тэнэгүүд, зам хоёрын тухай. Гэвч эдүгээ Орост авилгал гэсэн нэг гамшиг нүүрлэж байгаа талаар асуух гэсэн юм. Таныхаар энэ зовлонг арилгах арга чарга байна уу?
-Хамгийн гол нь төрийг бизнесээс салгах хэрэгтэй. Албан тушаалтнууд албан тушаалд байгаагаараа түрээ барьж зүгээр мөнгө авч суудаг, энэ нь бага, дунд бизнест саад болдог нь байж болшгүй зүйл. Мэдээж хэрэг энэ бол хэцүү зорилт. Аливаа асуудлыг албан тушаалтанд авилгал өгснөөр шийддэг систем манайд тогтчихсон. Боловсон хүчнийг сонгох, түшмэлүүдийн цалин пүнлүүг нэмэх замаар авилгалтай тэмцэгч болно гэж бодож байна.
-Орос дахь хэвлэлийн эрх чөлөөний тухай байнга яригддаг. Орост ер нь хэвлэлийн үгээ хэлэх эрх чөлөө байна уу, үгүй юу?
-Италийн нэгэн алдартай кино Жинхэнэ эрэгтэй хүн байнга оролдож, хичээж байдаг. Жинхэнэ эмэгтэй хүн байнга эсэргүүцэж байдаг гэсэн үг байдаг. Үүнтэй адилхан зүйл хэвлэлийн эрх чөлөө, эрх баригчдын хооронд болж байна. Эрх баригчид үргэлж өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахыг оролдож, өөр дээр ирэх шүүмжлэлээ багасгахыг хүсдэг. Харин хэвлэлийнхэн эрх баригчдын алдааг отож, олон нийтийн анхааралд хандуулахыг хичээдэг. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн гол үндсийн нэг. Энэ тал дээр бид бусад орноос сайн ч биш, муу ч биш байна. Минийхээр бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусгаар байх эдийн засгийн бааз суурийг нь бэхжүүлэх тал дээр ажиллах шаардлагатай.
-Ноён Ерөнхийлөгч, Иракийн Ерөнхий сайд саяхан ОХУ-д айлчилсан. Орос-Иракийн харилцаа хэрхэн хөгжиж байна вэ. Иракийн сонгууль нөхцөл байдлыг хэвийн болгож чадах болов уу?
-Харилцаа муугүй хөгжиж байна. Бид Ирактай уламжлалт муугүй харилцаатай. Манай олон компани Иракт дайн дэгдэх хүртэл эрчим хүч, машин механизмын салбарт ажилласаар ирсэн. Манай компаниуд нөхцөл байдал бүрдсэн цагт Иракт буцаж очиход бэлэн. Бид Иракийн өрийн 80 хувийг хүчингүй болгох зөвшөөрлөө Парисын клубт өгсөн. Сонгуулийн хувьд гэвэл, надад эргэлзээ төрж байна. Тус улс гадаадын цэрэгт эзлэгдсэн байгаа үед ардчилсан сонгууль явуулна гэдэгт эргэлзэж байгаа юм. Хэрвээ дайн байлдааны ажиллагаа намжвал улс төрийн ямар ч үйл явцыг өрнүүлж болох талтай.
-Өнөөдөр Украины сэдэв Орост ч, хаа сайгүй моодонд ороод байна. В.Ющенко сонгуульд ялбал анхны айлчлалаа Москвад хийнэ гэсэн. Та энэ санаачилгыг дэмжиж байна уу?
-Ющенко бид хоёр танил. Түүнийг Украины Засгийн газарт ажиллаж байхад бид байнга уулзаж ажил хэргийн яриа өрнүүлдэг байсан. Би түүний энэ мэдэгдлийг сонсоогүй л дээ. Гэхдээ Украины удирдагчийг Москвад хүлээж авахдаа их баяртай байх болно. Худалдаа, эдийн засгийн харилцаа ч муугүй. Энэ онд хоёр улсын хоорондохь худалдааны эргэлт 16 тэрбум долларт хүрсэн нь дээд амжилт. Дахин хэлэхэд Украины ард түмний ямар ч шийдвэрийг бид хүлээж авах болно. Ямар ч удирдагчтай нь хамтран ажиллах болно. Та бүгдэд шинэ оны мэнд хүргэе. Танд, таны ойр дотныхонд хамгийн сайн сайхныг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.
/Зууны мэдээ 2004-12-29/