Мэдлэгийн эдийн засаг хөгжлийн ирээдүйд хөтөлнө

-Анхны Үндсэн хуулиар баталгаажсан бидний зам хэр сайн сонголт байсан бэ. Таны үнэлэлт, дүгнэлтийг сонсоё?
-Монголчууд маань олон мянган жилийн түүхтэй, түүхийн явцдаа сэргэх, доройтох, хөгжих, удирдахын аль алиныг туулсан байдаг. Таны асуулттай холбогдуулаад хэлэхэд ХХ зуун бол монголчуудын хувьд хөгжлийн хэд хэдэн түүхэн сорилыг давж гарсан зуун.
1911 оны үндэсний хувьсгал, улмаар 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал нь монголчууд харийн түрэмгийлэлд 300 шахам жил байж үндэснийхээ туурга тусгаар байдлаа алдсан хөгжлийн хүнд бэрх үеийг эцэслэсэн. Энэ хоёр хувьсгалын үр дүнд монголчууд цаашдын хөгжлийн замаа сонгох түүхэн

сорилттой тулж, тухайн үеийн хөгжлийн хоёр загвараас сонгох, дэлхий нийтийн хязгаарлагдмал туршлагыг харгалзан үзэхээс өөр арга байгаагүй. Өнөөдрийн өндөрлөгөөс тэр үеийг цэгнэх нь тун төвөгтэй л дээ. ХХ зууны 20-иод онд дэлхийн бүх улс орнууд хувийн өмч, эдийн засгийн зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоо, үзэл бодлын чөлөөт байдлыг гол болгосон ихэнх орнууд, нийтийн өмч, төвлөрсөн зохицуулалт бүхий эдийн засаг, нэг намын тогтолцоотой цөөнх орнууд гэсэн хоёр загварт л тулгуурлаж байсан. Монголчууд сонголтоо энэ л хүрээнд хийсэн байдаг.
-Энэ сонголтод нийгэм, улс төрийн нөлөө хэр байсан бол?
-Сонголт хийх түүхэн боломж нэг хэрэг. Уг түүхэн боломжийг бодитой хэрэгжүүлэх түүхэн нөхцөл буюу бодит хүчин зүйл ямар байв гэдгийг цухас хэлэх хэрэгтэй. Дотоод нөхцөл байдлын хувьд төр ёсны уламжлал, дорнын иргэншлийн өвөрмөц байдал, нүүдлийн соёлын онцлог гээд олон зүйл нөлөөтэй байлаа. Судлаачид, эрдэмтдийн тэмдэглэсэн Азийн үйлдвэрлэлийн арга нүүдэлчин монголчуудын хувьд сэтгэлгээний онцлогийг нь бүрдүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Хамтач амьдралын үзэл санаа дорнын соёлтой орны хувьд хамгийн ойр дотно байсан нь лавтай. Төрийн минь сүлд өршөө хэмээн төрөө, хаанаа дээдэлдэг түүхэн уламжлал аль Хүннүгийн үеэс төлөвшиж уламжилсныг ч бас бодолцох ёстой. Ингээд бодохоор ардын эрхт хэмжээт цаазат хаант засгийг анхлан тогтоосон нь үндэсний тусгаар тогтнолоо олж, улмаар ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэсэн зөв шийдэл байсан нь тодорхой. Гадаад нөхцөл байдлын тухайд газар зүйн байршлын онцлог бүхий геополитикийн хүчтэй нөлөөн дор монголчууд хөгжлийн чиг сонголтоо хийсэн билээ. Түүх бичлэгт тэмдэглэснээс үзэхэд тухайн үеийн капиталист орнууд Япон, Их Британи монголчуудын тусгаар тогтнолыг бодитой дэмжиж чадахгүй, хүлээн зөвшөөрөхийг алгуурлаж байсны дээр АНУ-ын зүгээс шууд харилцаа холбоо тогтоох гэсэн оролдлогод Зөвлөлт Орос улсын эсэргүүцэл бодитой саад болсон байдаг.
Дотоод, гадаад нөхцөл сүлэлдэн нөлөөлсөн түүхэн хүнд үед Бүгд Найрамдах засаглалыг сонгож анхдугаар үндсэн хуулиа батлан манай иргэдийн төрийн хэрэгт оролцох сонгуулийн ардчиллыг тунхаглан хэрэгжүүлэх, төр шашныг тусгаарлан, угсаа гарал, шашин шүтлэг, хүйсний ялгаваргүйгээр иргэд сонгох, сонгогдох эрхтэй болж, мэдлэг боловсролд үнэ төлбөргүй суралцах боломж бүрдсэн нь үндэсний ардчилсан хөгжлийн эрх зүй, оюун санааны гол тулгуур болж чадсан гэж би боддог. Бүгдээрээ найрамдана гэдэг маань Чингис хааны үеэс эхтэй, эв нэгдлийн гол суурь болсон байхаа.
-Бид нийгмийн зарим үе шатыг дамжаагүй л дээ. Капитализмыг алгассан гэж ярьдаг бидний хувьд өнөөгийн нийгмийг тодорхойлбол?
-Аливаа измгүйгээр ойлгоход хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах үйл явц үргэлжилж байна. Иргэн баян бол улс баян байх, хүн бүр өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангагдах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг зарчим үзэл санаа эрх зүйн баталгаатай болсон нь чухал юм. Ардчиллын үнэт зүйлсийг Монгол Улс хүлээн авсан нь ХХI зуунд хүн төрөлхтний хөгжлийн чиг гольдролд багтан хөгжих боломж олгож байна. Энэ бүхнийг гүйцэлдүүлж төлөвшүүлэхэд эдийн засгийн баталгаа хамгийн чухал. Хувийн өмч, зах зээлийн харилцаа тогтсон нь энэхүү баталгааны тулгуур гэж хэлж болох байх. Гэхдээ эдийн засгийн хөгжлийн тухайд шийдвэрлэх асуудал асар их байна. Хүмүүсийн хувийн санаачилга, эрч хүч, төр засгийн зөв оновчтой бодлого аль аль нь бидний амьдарч буй нийгэмд ус агаар шиг хэрэгтэй юм даа.
-Монгол Улс газарзүйн байршлын хувьд өвөрмөц гэдгийг та хэллээ. Дээр нь нийгэм, эдийн засгийн хөгжил сул байгаа энэ үед нийгмийн хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ ?
-Өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг дүгнэж байж хөгжлийн стратегиа тодорхойлох нь зөв биз. Манай орон нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр бага орлоготой орны ангилалд багтаж байгаа. Энэ үзүүлэлт 472 орчим доллар байна. 1990-ээд оноос 2000 он хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүн бууралттай байсан нь бүтцийн өөрчлөлт хямралаас шалтгаалсан гэж боддог. 2001 оноос бага ч болов өсөлт эхэлсэн. Эдийн засгийн хямралаас хамааран хүн амын амьжиргааны төвшин эрс доошилсон. Манай эдийн засаг өөрийн хэрэглээгээ дотоод эх үүсвэрээрээ бүрэн даах чадваргүй байгаа нь 2000 оны салбар хоорондын тэнцлээс тодорхой байдаг. Энэ нь экспортын баримжаатай эдийн засгийг чиг болгон дэвшилттэй бүтэц бүрдүүлж өндөр бүтээмж, өрсөлдөх чадвартай болохыг шаардаж байна гэсэн үг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад ажилгүйдлийн төвшин харьцангуй өндөр, ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын тэр хэсэг буурахгүй байгаа юм. Миний дээр дурдсанаас гадна манай нийгмийн хөгжлийн ойрын ирээдүйд нөлөө үзүүлэхүйц сул талууд, тухайлбал, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл байгалиас ихээхэн хамааралтай, боловсруулах аж үйлдвэр сул хөгжсөн, гадаад худалдаа алдагдалтай, эдийн засаг, импортоос ихээхэн хамааралтай, хот хөдөөгийн ялгаа ихтэй, дэд бүтэц сул хөгжсөн, далайд шууд гарах гарцгүй, хөрөнгө санхүү, валютын нөөц хязгаарлагдмал, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн нэн хязгаарлагдмал, технологийн төвшин доогуур, зардал ихтэй хүнд суртал бүхий төрийн бүтэцтэй гээд хөгжилд сөргөөр нөлөөлөгч олон хүчин зүйлүүдийг нэрлэх байна. Бүх зүйлийг хараар зурах бус гэгээлгээр харж, дэмжиж тэтгэх өвөрмөц давуу талууд ч бас бий. Тухайлбал, мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх харьцангуй сайн боломжтой. Монголчуудын аливаа шинэ зүйлийг хурдан хүлээж авах чадвар, хүн амын боловсролын төвшин харьцангуй өндөр, байгалийн өвөрмөц цогцолбор, ховор амьтан, ургамлын төрөл зүйл бүхий газар нутаг, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж болох эдэлбэр газрын багагүй нөөц, эрдсийн түүхий эдийн олон төрлийн бага бус нөөц баялаг зэргийг дурдаж болно.
Ихээхэн хурдацтай өсч буй эдийн засаг, асар их багтаамж бүхий зах зээлтэй ОХУ, БНХАУ-тай хил залгаа байршил маань хөгжлийн эерэг хүчин зүйл болох нь ойлгомжтой. Тэгэхлээр монголын нийгмийн хөгжлийн ирээдүйг сул талаа саармагжуулан засч, давуу талаа тэтгэн ашиглах замаар эдийн засгийн хувьд экспортод түлхүү чиглэсэн хувийн хэвшилд тулгуурласан, өндөр өсөлттэй өөрийгөө тэтгэх чадвартай, нийгмийн бодлогын хувьд хүнээ дээдэлсэн, хөгжилд түүний оюун мэдлэгийн хүчийг капитал болгон ашигласан, үндэсний дэвшилтэт соёл уламжлалаа хадгалан, хөгжүүлсэн улс байхаар төсөөлж байна.
-Та саяхан мэдлэгт суурилсан эдийн засгийг төлөвшүүлэх асуудлыг хөндсөн өгүүллээрээ Эдийн засаг сэтгүүлийн 2004 оны шагнал хүртсэн гэж сонссон. Энэ талаар жаахан тодруулбал ямар вэ ?
-Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдгийг мэдлэг мэдээллийн сан бий болгож, түүнийг бүх салбарт үр ашигтайгаар ашиглан баялаг бүтээж, хүн амынхаа амьдралын чанарыг эрс сайжруулах чадвартай эдийн засаг гэж тоймлон ойлгож болно. Дэлхий нийт ийм эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарах болжжээ. НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО ХХI зууны тэргүүн зорилтын нэгийг мэдлэгийн нийгэм байгуулах явдал гэж тодорхойлсон. Энд ярьж буй мэдлэг бол баялгийг бүтээхэд шаардлагатай хүний бүхий л ур чадвар, соёлыг бий болгодог өргөн агууламж бүхий мэдлэг, мэдээллийг хамаарч байгаа юм. Өндөр хөгжилтэй орнууд оюуны багтаамжтай бүтээгдэхүүн үйлчилгээний болон мэдлэгт суурилсан үйлдвэрлэлд түлхүү анхаарснаар хөгжлөө түргэтгэж байна. Аж үйлдвэрлэлийн хувьд хоцрогдсон, хөгжиж буй улс орнууд хөгжлийн хоцрогдлоо богино хугацаанд арилгах, эдийн засгийнхаа бүтцийг төгөлдөржүүлж, өсөлтийг нь хурдасгахад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох нь гол хүчин зүйл болно гэж эрдэмтэд судлаачид нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Энэ асуудал Монгол Улсын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн боловсруулсан 2021 он хүртэлх Монгол Улсын үндэсний хөгжлийн хөтөлбөрт тусгалаа олсон юм.
-Энэ хөтөлбөрт тусгасан гол асуудал юу вэ. Ач холбогдлын талаар товч хэлнэ үү?
-Уг хөтөлбөрт үндэсний эрдэм, оюуны чадавхид түшиглэхийн зэрэгцээ мэдээлэл коммуникацийн горимыг өргөн ашиглаж дэлхийн тэргүүний технологи, шинжлэх ухааны шинэхэн өсөлт, үр дүнг соргогоор олж мэдэх, бүтээлчээр импортлон ашиглах асуудал тусгагдсан. Төр засаг маань энэ хөтөлбөрийг батлан гаргавал манай эдийн засаг ойрын ирээдүйд мэдлэгт суурилсан хэв шинжтэй болоход томоохон алхам хийгдэнэ гэж бодож байна. Дэлхийн банкнаас сүүлийн үед тооцсон мэдлэгт суурилсан эдийн засгийн индексээр илэрхийлэхэд Монгол Улс 4, 23 байгаа ба бүс нутгийн зарим орнуудтай зэрэгцүүлбэл, Вьетнам, Киргиз, Узбекстанаас дээгүүр, Япон, БНСУ, ОХУ-аас доогуур байна. Дундажилсан харьцуулалтаас харвал манай улс дэлхийн дунджаас нэлээн доогуур, Латин Америкийн орнуудаас арай дээгүүр байх жишээтэй. Мэдлэгт суурилсан эдийн засгийг төлөвшүүлэхэд эдийн засгийн урамшуулал дэмжлэг, хүний хөгжил, инновацын тогтолцоо, мэдээллийн дэд бүтэц гээд гол факторуудад хандсан төрийн бодлого шаардлагатай байна. Монгол Улсын хувьд мэдээлэл холбооны технологи, биотехнологи, боловсролын экспорт, импортыг хөгжүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл гэж бодож байна.

/Зууны мэдээ 2004-12-29/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button