Эрхэмсэг хатагтай ямар даашинзаар гоёх бол

Эдгээр шилдэг хүүхнүүд Монголын нийгмийн салбар бүрийн шилдгүүд гэдэгтэй маргахын ч хэрэггүй юм. Ингээд тэдэнтэй нүүр хагаръя.
УИХ-ын гишүүн Д.ТуяаҮнэт эдлэлээ хослуулах ёстой
-Хатагтай Туяа таны шинэ жилийн гоёлын даашинзны тухай сонирхох гэсэн юм?
-Баярлалаа. Юуны өмнө танай уншигчдад шинэ оны мэнд дэвшүүлье! Хуучин оноо үдэж шинэ оноо угтана гэдэг чухал үйл явдал учраас шинэ жилийн баярыг хүн болгон хөл ихтэй тэмдэглэх дуртай байх. Тэр ч утгаараа бүсгүй хүний гоёл чимэг энэхүү баярт ихээхэн өнгө чимэг нэмэх шиг санагддаг юм. Миний хувьд даашинз эрж хайгаад байх зав, шаардлага байдаггүй. Ерөнхийдөө бэлэн байгаа.
-Даашинзны өнгө, үнэт эдлэл хоёроо хослуулдаг байх даа?
-Өнгө гэдэг тухайн хүний мөн чанарыг илэрхийлдэг гэдэгтэй санаа нийлдэг. Миний хувьд номин хөх өнгөнд дуртай. Эдлэл ээмэг зүүсгэлээ өнгө дагуулах ёстой. Жил жилийн шинэ жилээр багагүй урилга ирдэг ч тэр бүр очиж чаддаггүй юм. Шинэ жил ч үнэхээр сэтгэл хөдлөм баяр даа.
Чингис хаан зочид буудлын захирал Х.ОтгонтуяаДаашинзаа Японоос авсан
-Удахгүй болох шинэ оны мэнд хүргэе! Шил шилээ дарсан олон урилгууд ирж байна уу?
-Жил жилийн шинэ жилээр урилга ихтэй байдаг. Харамсалтай нь бүгдэд нь очиж чаддаггүй.
-Манай дээдсийн хүүхнүүд дотор таныг жинхэнэ фирмийн хувцас хэрэглэдэг гэх юм билээ. Энэ жилийн гоёлын хэв загвар ямар байх бол?
-Яг үнэндээ шинэ жилийн гоёлоо хагас дутуу л бэлтгэсэн. Энэ маань ямар нэг хувийн шалтгаантай. Ямар ч атугай шинэ мянганы гоёлд Барби хүүхэлдэйнх шиг эрэвгэр дэрэвгэр даашинз энэ жил битгий зонхилоосой гэж бодож байна. Миний хувьд нэлээд хэдэн сарын өмнө Японд явж байхдаа сонголтоо хийчихсэн. Ерөнхийдөө энгийн классик талын хар өнгийн даашинз өмсөнө. Хар өнгө хүнийг элигантный харагдуулдаг шүү.
-Цүнх, туфльтэйгээ хослуулах уу?
-Тодорхой хэмжээгээр хослуулна. Гэхдээ баярын үеэр хүмүүс бужигналдаж цүнх нэг их бариад байдаггүй юм.
Алтжин группын захирал Г.АлтанЭнэ жил алтан шаргал өнгө моданд орж байгаа
-Тухайн жилд моданд орж байгаа загварыг дагадаг хүмүүсийн нэг нь та мөн үү?
-Эмэгтэй хүн гэдэг зарим нэг зүйлд гярхай хандах гээд байдаг нь эрчүүдээс ялгарах давуу тал. Тэр ч үүднээс энэ жил ямар өнгө, загвар зонхилох нь вэ гэдгийг мэдэрдэг. Энэ жил гэхэд алтан шаргал өнгө моданд орж байгаа юм байна.
-Ёстой сонин юм байна. Компаний тань билэгдэл болсон өнгө болохоор та ийм өнгийн даашинз сонгосон гэсэн үг үү?
-Тийм ээ. Би энэ жил алтан шаргал өнгийн даашинз худалдаж авсан. Гэхдээ тухайн уригдаж байгаа шинэ жилийнхээ өнгө аясаас шалтгаалж сонголтоо хийх нь ойлгомжтой. Тухайлбал өчигдөр гэхэд Юм трейд компанийн шинэ жилд цөөхөн хүнтэй байсан болохоор учиргүй урт онгорхой цоорхойтой даашинз өмсвөл зохимжгүй учраас хар өнгийг сонгох жишээтэй.
-Нууц биш бол хаанаас сонголтоо хийсэн бэ? Үнийн хувьд?
-Сингапур улсад Кристиан Диор, Channel гээд том фирмүүдийн брэндүүд шууд орж ирдэг учраас тэндээс даашинз авсан. Төд өдөн төгрөг гэж нарийн тоо хэлмээргүй байна.
Монголын мисс Ч.МичидмааӨөрт байгаагаа өмсөнө
-Таны хувьд мисс загвар өмсөгч гээд нэлээд мэдрэмжтэй эмэгтэй шиг санагддаг. Гоёлоо бэлдсэн үү?
-Яг үнэндээ мода энэ тэр нэг их хөөдөггүй юм. Fashion show үзэж байхад онцгой содон загвар нүдэнд тусаагүй. Тэгээд ч шинэ жилд өмсөх даашинзаа олох гэж ийш тийш сандарч гүйх шаардлага байхгүй. Бэлэн байгаагаасаа сонгох боломжтой.
-Арай Япон даашинз биш биз?
-Үгүй ээ. Ер нь шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд нижгэр тэмдэглэхийг хичээдэг. Тэгснээс олон хүн цугларсан газар нэг их яваад байхыг хүсдэггүй. Ерөнхийдөө алив гоёл гэдэг арга ядсан мэт биш, донж маягийг нь олсон биенд эвтэйхэн байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
-Танд баярлалаа.
Топ модель Э.ОдгэрэлНэг даашинз 1 сая төгрөг
-Сүүлийн хэдэн жилийн шинэ жилийн баярыг чимж яваа хатагтай Одгэрэл ямар даашинз өмсөх нь хэн бүхэнд сонин болов уу?
-За даа. Өнгөрсөн жил ажил амьдрал маань хэвийн тогтвортой байлаа. Ирэх жил бүх зүйл санаснаар бүтэх байх гэж бодож байна. Даашинзны хувьд цагаан өнгийг онцгойлдог. Чимэг зүүлтээр чимсэн гоёлоо нэлээд эртнээс бэлдсэн байсан. Гэхдээ ер нь үнэтэй цайтайдаа гол биш аль болох хээнцэр чамин харагдах даашинз зүгээр.
-Даашинзны чинь дундаж үнийг сонирхвол?
-Материал загвараасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй. Тэр бүр тоочоод байх хэрэггүй болов уу. Зарим нь 400, бүр сая төгрөгөөр ч бүтэх тохиолдол бий. Эцэст нь танай сонины нийт уншигчдад сайн сайхныг хүсье!
Зууны манлай дуучин Б.Сараа10-аад төрлийн даашинзтай
-Миний хувьд шинэ жилээр юу өмсөх вэ гэж толгой гашилгах шаардлага байхгүй. Өөрөө уран бүтээлч хүн учраас тоглолтын даашинзаас гадна 10-аад төрлийн гоёл бий. Энэ жилийн хувьд ажиглаад байвал алтан шар, боронзон, хөх цэнхэр өнгүүд моданд орж байгаа юм билээ. Тэр тусмаа бэлэгний боодол болох баантиктай адил жижиг хэрэглэлүүд даашинзанд шингэх байх. Үнэнийг хэлэхэд өнгө өнгийн даашинз гэхээс илүү маскарадны төрөл шинэ жилд түлхүү байх ёстой.
-Танд баярлалаа. Ингээд бидний асуултанд хариулсан Монголын ҐЭрхэмсэг хатагтай нарт сайн сайхныг хүсье! Сайхан баярлаарай!
/Монголын нэг өдөр/