С.Жавхлан бид хоёр сайн найзууд ч өрсөлдөгч

Bella ресторанд хэвлэлийн хурал хийлгэж шинэ CD-нийхээ тухай танилцуулахдаа мөн л CD-гээ бэлэглэсэн. Сүүлийн үед хүмүүнлэгийн үйлд мөнгөө хайр гамгүй цацах болсон дуучин маань сурах чин хүсэлтэй, ар гэрийн гачигдалтай оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх болсон. Оны хамгийн шилдэг имидж стилтэй дуучин хэмээгдсэн Ч.Бат-Эрдэнэ оны шилдэг маркетингтай дуучнаар шалгарах нь гарцаагүй. Ингээд олныг нуршилгүй дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэе.
-Ээнээ нэртэй барби хүүхэлдэйнүүд CD-ний азтанаас гадна худалдаанд гарах уу? Үнэ өртөг нь ямар байх вэ?
-Миний сая гаргасан Хайрын хишиг CD-ийг худалдан авсан зарим азтан намайг гардан авна. Үүнээс гадна намайг сору-дсан алган дээр багтах жижигхэн хэмжээний Ээнээ-нүүд худалдаанд гарах байх аа. Худалдаанд гаргая гэж бодож байгаа. Үүнээс гадна Ээнээ гэсэн эмблемтэй малгай, цамц, плакат, Их Монгол шуудан компаний аймаг, хот, сумдад байгаа салбаруудаар худалдаалагдана. Хүүхэлдэй болон бусад зүйлүүдийг Гонконгд хийлгэж байгаа. Одоогоор худалдаалагдах үнэ мөнгөний асуудал дээр тогтоогүй байгаа.
-Дуучин Бат-Эрдэнэ эхнэрээсээ салаад өөр бүсгүйтэй ханилах гэж байна гэсэн яриа гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Би анх Бат-Оргил гэдэг бүсгүйтэй ханилсан. Одоо ч хань минь миний дэргэд өмөг түшиг болж яваа шүү дээ. Бат-Эрдэнэ гэдэг хүний гэр бүл сайн сайхан амьдарч байна. Амьдрал үргэлжилж байна. Цаашдаа ч үргэлжилсээр байх болно. Магадгүй гэргийг маань мэдэхгүй болохоор хүмүүс тэгж яриад байдаг байх. Би гэргийгээ олны нүдэнд ил гаргахыг хүсдэггүй. Гэргий маань ч өөрөө хүсдэггүй. Хүмүүс энэ Бат-Эрдэнийн гэргий гэж ямар хүн байна. Ямархуу дүр төрхтэй хүн байдаг бол гэх мэтчилэн сонирхдог. Миний гэргий Дарханых. Дарханы бүсгүйчүүлийг ихэвчлэн сайхан гэдэг. Үнэхээр сайхан бүсгүй байдаг.
-Онцгой төрсөн бүсгүй дуугаа арай гэргийдээ зориулсан юм биш биз?
-Би энэ дуугаа дэлхийн бүх онцгой сайхан төрсөн бүсгүйчүүлд зориулсан. Тэр онцгой сайхан бүсгүйчүүл дунд миний гэргий, миний ээж, эгч гээд л бүх л эмэгтэйчүүд бүсгүйчүүл маань багтаж байгаа. Яг дууны клипэн дээр 2004 оны дэлхийн Мисс интернейшнл тэмцээнд оролцсон орон орны сайхан бүсгүйчүүл гардаг.
-Сүүлийн үед бор дарстай багагүй нөхөрлөж байгаа сурагтай байсан?
-Би үүнийг ойлгодоггүй юм. Огт уудаггүй байж ингэж хэлүүлээд байх нь миний хувьд хааяа сонин санагдаад байдаг. Миний сүнс л архи уугаад агсам тавиад явж байдаггүй юм бол би уран бүтээл CD-ний ажил гээд баар саваар шагайх ч завгүй явдаг. Баар, ресторанд найз нөхөдтэйгээ орлоо гэхэд би хоол идээд л гардаг. Яахав дээ би ингэж хэлүүллээ гээд учиргүй муудаад, архичин болчих юм биш. Хэл ам нь загтнасан нэг нь хэлж л байна биз дээ. Намайг миний ойр дотны найзууд таньдаг хүмүүс ямар хүн бэ гэдгийг мэддэг учраас нэг их санаа зовдоггүй.
-Дуучин Жавхланд Зүүдэнд ирдэг Урангоо дуугаа өгч дуулуулж явсан дотны андууд түнжин хагарч өрсөлдөгч болсон гэсэн?
-Жавхаа бид хоёрын хувьд уран бүтээлийн дотны найзууд хэвээрээ л байгаа шүү дээ. Зах зээлийн өнөө үед өрсөлдөгчид гэдэг нь тодорхой. Өрсөлдөхгүй гээд яах юм. Хэн хэн маань сайн уран бүтээл хийж бүтээхийн төлөө бусадтай бас цаг хугацаатай өрсөлдөж л явдаг. Өнөөдөр Монголд өрсөлдөөнгүй бизнес, өрсөлдөөнгүй хүмүүс гэж байхгүй байна шүү дээ. Нарантуул дээр хүмүүс бараагаа зарах гэж яаж өрсөлдөж байна. Оюутнууд сурагчид нэгнээсээ илүү дүн авах гэж хичээж байна. Сайн уран бүтээл сайхан дуу хийхийн тулд өрсөлдөж л таараа. Гэхдээ бид өрсөлдөж байна гээд гэдсэндээ хөлөө хийлцээд шил шилээ харалцаад байдаггүй. Дотны найзууд хэвээрээ шүү гэж хэлье.
-Тэргэнцэртэй бүсгүйтэй хамтарч дуулна гэсэн. Цаашид уран бүтээлээ хамтарч хийх үү?
-Тэр охин СУИС-д шалгалт өгөх гэж яваад ачааны машинд мөргүүлээд суугаа болчихсон юм билээ. Их сайхан дуулдаг чадалтай хоолойтой. Тэгээд надтай хамтарч нэг дуу дуулмаар байна гэж хүсэлт тавьсан. Би тэр охины хамтдаа нэг дуу дуулмаар байна гэсэн хүслийг нь биелүүлнэ. Байнга хамтарч уран бүтээл хийхгүй.
-СУИС-ийн Дэлгэр багшаа байртай болгох гэж тоглолтыг нь санаачилж хийсэн. Багш тань байртай болсон уу?
-Дэлгэр багш маань оюутны байрны нэг өрөөнд амьдардаг. Тэгээд багшаа байртай болгоё гээд тоглолт хийх санаачлага гаргаад тоглолтоо амжилттай хийсэн. Одоохондоо мөнгө төгрөгөө цуглуулаад явж байна. Багшийн маань нутгийн зөвлөл бас нэмэр болох байх. Удахгүй багш маань байртай болноо.
-Сурах хүсэл эрмэлзэлтэй чадвартай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхдөө зөвхөн СУИС-д сурах оюутнуудын төлбөрийг даах уу?
-Үгүй. Энэ ямар ч чиглэлээр сурдаг, сурах гэж байгаа хүн байж болно. Үнэхээр авъяастай сурах чин хүсэл эрмэлзэлтэй бол заавал урлагийн чиглэлээр сурдаг оюутан байна гэж шаардахгүй.
/Монголын нэг өдөр/