Өнөөдөр Монголд бензин шатахууны хангалттай нөөц бий

Зорьж очсон гол шалтгаан нь мэдээж манай улсын шатахууны хэрэгцээг бараг бүхэлд нь хангаж буй энэ байгууллагын үйл ажиллагаа цаашид хэрхэх вэ гэсэн асуултад хариу авах явдал байлаа. Одоо энэхүү ярилцлагыг Та бүхэнд хүргэе.
– Ноён Виктор Владимирович, Та бүхний эрхэлсэн ажил өнөөдөр ямар байдалтай явж байна вэ?
-ЮМ Трейд компани нь хэдийгээр ОХУ-ын ЮКОС компанийн 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий охин компани боловч Монголын аж ахуйн нэгж гэж тооцогдож явдаг Монгол улслын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Манай компаний үндсэн үйл ажиллагаа бол Монгол орны нефть бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангахад чиглэдэг. Монголд хэдий хэмжээний нефть бүтээгдэхүүн шаардлагатай байна, төдий хэмжээний хангалтыг бид хийж байгаа. Нөгөө талаар
нэгэнт танай зах заалд орж ирсэн нл бол бүтээгдэхүүнээ байнга нийлүүлж байх үүрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллалж байна. Өнөөгийн байдлаар гэхэд л Монголын нефть борлуулагч бүх байгууллагууд хангалттай нөөцтэй байгаа нь энэ бүхний үр
дүн юм. Шатахуун түгээх станцууд, бусад борлуулагчид гэхэд л бүгдээрээ хамгийн багадаа л гэхэд хоёр сарын нөөцтэй болж чадсан.
-Танай компанийн нийлүүлж байгаа нефтийн бүтээгдэхүүн манай улсын хэрэглээний хэдэн хувь болж байдаг вэ?
-Бид өөрсдийгөө хий хоосон магтахыг хүсдэггүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай компани нь нефть бүтэээгдэхүүнийг Монголд хамгийн найдвартай нийлүүлэгч, хамгийн тогтвортой үйл ажиллгаа бүхий байгууллага мөн гэдгийг хэлмээр байна.
Одоогоор Монголын нефть бүтээгдэхүүний хэрэглээний 90 хувийг бид дангаараа хангаж байгаа. Казахстан болон Хятад улсаас нефть орж ирж байгаа ч улирлын чанартай, тогтмол биш нийлүүлэлттэй байдаг.
-Танай компани саяхан ЮКОС-оос салсан Юганскнефтьгазаас нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг авдаг байсан бэ?
-Юганскнефтьгаз нь зөвхөн нефть олборлодог л компани байсан юм шүү дээ. Тэнд олборлосон нефтийг боловсруулагч үйлдвэрүүдэд боловсруулан эцсийн бүтээгдэхүүнийг нь бид авдаг юм. Бид Монголд нийлүүлж байгаа бүтээгдэхүүнээ
Эрхүү мужийн Ангарск болон Ачинск дахь манай /ЮКОС-ын/ нефть боловсруулах үйлдвэрүүдээс авч байна. Эдгээр нефть боловсруулах үйлдвэрүүдэд зөвхөн Юганскнефтьгаз ч биш, Дорнод болон Өрнөд Сибир дэх олон нефть олборлогч
компаниудын түүхий нефтийг боловсруулдаг.Тийм болохоор нефть хаа нэгтээ байгаа цагт бидний үйл ажиллагаа хэзээ ч тасалдахгүй. Одоогоор тийм нөөц хангалттай байгаа. Тухайлбал Эрхүүгийн өөрийн нефтийн эх үүсвэр ч гэсэн хангалттай нөөцтэй
байгаа юм. Дахин хэлье, бидний бүтээгдэхүүн тасалдана гэсэн ойлголт байхгүй. Ер нь Юганскнефтьгазын эзэмшигч өөрчлөгдсөн тухай асуудал нь манай ЮМ Трейд компанийн үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг батлан хэлье. ЮМ Трейд компани үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн, цаашид ч энэ хэвээрээ ажиллах болно.
-Манайд нийлүүлэх нефть бүтээгдэхүүний үнэд ч бас нөлөөлөхгүй юу?
-Үгүй гэж бодож байна. Хэдийгээр нефть олборлогч үйлдвэрийн эзэмшигч нь өөрчлөгдөж байгаа ч үнийг тэд тогтоохгүй. Үнийг зөвхөн зах зээл л тогтоодог. Харин олборлогч компанийн шинэ эзэмшигч маань ОХУ-ын төр болж байгаа гэдэг утгаараа миний бодлоор бол Монголын талд зарим нэг боломж гарч болохыг
үгүйсгэхгүй. Тухайлбал танай Засгийн газраас ОХУ-ын Засгийн газартай харилцан тохирч гаалийн татвар болон төмөр замын тээврийн тариф зэргийн хэмжээг бууруулж чадвал мэдээж энэ нь нефть бүтээгдэхүүний үнэд эерэгээр нөлөөлөх юм. Өөрөөр
хэлбэл хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нефть бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж бодитой гарч ирж байна гэсэн үг.
-Нэг хэсэг танай компанийг л үнэ дэвэргэж байна гэж үзэж байсан шүү дээ?
-Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЮМ Трейд үнийн хөөрөгдөл бий болгож монголчуудыг шулж мөлжиж байна гэсэн маягтай мэдээлэл бичих болжээ. Үнэ өссөн нь бидний хийж байгаа зүйл биш, зах зээлийн хуулиар л болсон асуудал. Тэгээд ч бид үнийг өсгөдөг эрх мэдэлтнүүд огт биш шүү дээ. Үнэ өссөн шалтгаан нь юу байсан бэ гэвэл юуны өмнө ОХУ-ын Засгийн Газраас Монголд гаргаж байгаа нефть бүтээгдэхүүний экспортын татварыг огцом нэмсэн явдал юм. Мөн Орост татварын
хэмжээ болон тээврийн үнэ тарифын хэмжээг ч өсгөсөн нь бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх гол шалтгаан болсон. Гэхдээ зөвхөн Монголд нефть бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаагүй, Орост ч мөн адил үнэ өсөж байсан. Тэгэхдээ шинжээчдийн гаргасан таамгаар ирэх жилээс нефтийн үнэ буурах хандлагатай байгаа.
/2004.12.30 Инфо/