Хүний бие далайн хөөс мэт эмзэг

Нэгэн аяга цуснаас дуслын нэг нарийн хувь бүтдэг. Тэгэхээр дусал гэдэг хүний шим байдаг. Yүнийг алдалгүй өөртөө ариглаж байх юм бол хүний өөрийнх нь эрч хүч, биеийн чалх нь өнө удаан хадгалагддаг.
Өөрөө өөрийнхөө хэмжээ хязгаартай ирсэн амь нас болоод биеийн тэнхээ чалхыг тэтгэж өгөх нандин зүйл байдаг. Иймээс сахил авч, хорьж, номын явдалд ордог нь угаас дусал гэдэг зүйл ямар их хэрэгтэй болохоос холбогдож гарсан асуудал. Тэгээд ч эр эм хоёрын энгэр зөрүүлэх өдөр судар, номын ёстой холбогдсон маш нарийн уламжлалт ном бий. Бид мэдэхгүйгээсээ болоод өөрөө өөрийгөө дандаа хорлож байдаг. Дуртай, хүссэн үедээ эр эм хоёр буруу хурьцвал өчнөөн олон сайн муу зүйлүүд отчихсон байдаг. Хүн амьд явахын баталгаа байхгүй. Угаас үхлийн мянган отоосонд байж байдаг. Далайн хөөс мэт эмзэг биетэй. Хүний нас тэнгэрийн гялбаа мэт хурдан.
Эр эмийн ажлыг хийхэд дээр дурьдсан өр төлөөс, эрлэг, өс хонзонгийн сүнснүүд хариугаа авах гээд отчихсон байна. Энэ олон отоосон дундаас авралтай буянтай үр өөртөө сонгож авахын тухайтад бид уламжлалт энэ талын ёсыг мэдэх хэрэгтэй. Эр эмийн хурьцлыг эгэлийн ёсоор хийвэл дуслаа алдаж өөрийн хүчээ барна. Харин түүний хариуд эрч хүчийг эргэж олж авах увьдист урвуулж дуслыг хэрэглэх маш том номын ёс бий. Энэ бүхэнд суралцахын тулд Монголын уламжлалт номлол бүтээлээс үзэж харах хэрэгтэй.
-Харш муу өдрөө хурьцсанаас үүдээд ямар гай тохиолдох вэ. Түүнээс болоод үр хүүхэд нь яаж явах бол
-Бар, туулай жилтэй хүмүүс бич, тахиа жилтэй хүнтэй энгэр зөрүүлбээс төмөр саа тусаж, хамар мурийх нигууртай хэмээдэг. Зарим нь таарахгүй хүнтэйгээ энгэр зөрүүлбэл усан саа тусч бөөр нь татаж, бөгтөр болно. Гал саа тусаж, хэл нь татна. Мөн бас шороон саа тусаж, гар нь тахийна. Модон саа тусаж нүд нь гэмтэнэ гэх мэтчилэнгээр судар номонд өгүүлсэн байдаг. Энгэр зөрүүлэх харш гараг гэж бий. Бар, туулай жилтэй хүмүүс сугар гарагт энгэр зөрүүлбээс өвдөг бэлхүүсээр өвддөг өвчтэй болно. Зүрх, эгэм, далаар өвдөх, ходоод, ам гэмтдэг, толгой хоолой өвддөг өвчтэй болно.
Хүн өнгөрснөөс хойш 49 хоногийн дотор энгэр зөрүүлдэггүй. Бас хүний сүлд шинийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг. Шинийн 15, 30-нд бүх биенд явдаг учраас энэ өдөр цээрлэдэг. Учир нь 15-ны сар тэргэл болдог. Сар дэлхийд ойртож байгаагийн шинж. Сарны түлхэх хүчин дэлхийд нөлөөлж, дэлхий бүслүүрээрээ цүлхийхэд далайн түрэлт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав руу түлхэлт ороход хоёр галтай утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хүний хэл ам нь татвалзах, гар хөл мурийж, тахийдаг. Мөн 30-нд буюу битүүн болоход сар дэлхийгээс холддог. Сарны татах хүчин дэлхийн хүчнээс зугтаж далайд таталт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав агшиж сарны хир нь шавхагддаг учир хэрвээ энгэр зөрүүлбэл усан саа тусна гэх мэтчилэн бүгдийг нь нарийн заасан байдаг юм. Тэгэхээр энэ бүхнийг мэдэж байх нь зохистой.
-Биеэ үнэлэх нь арван хар нүгэлд орох уу?
-Угаас үүнийг хорьсон байдаг. Биеэр үйлдэх гурван нүгэл байдаг.
-Амьтны амь таслах,
-Өгөөгүй зүйлийг авахгүй байх,
-Энгэр зөрүүлэх ёсыг буруу үйлдэхгүй байх…
Энэ бүхэн хүн бүхний сахиж байх ёстой таван сахилын тоонд ордог. Тэгэхээр биеэ үнэлэх энэ явдал нь муу үйлд орно. Энэ бүгдийг засаж залруулж, үнэн ёсоор сэтгэлээр өөрт нь ойлгуулъя гэвэл ясли, цэцэрлэгээс нь эхлээд бага, дунд сургуульд уламжлалт ёс заншил, хүн болгож хүмүүжүүлдэг нарийн ёсноос суралцуулах хэрэгтэй юм.
-Хэвлийдээ үрээ тээсэн хэрнээ хүүхдийнхээ эцгээс өөр хүнтэй хурьцахад үр нь бузартаад өвчлөмтгий, ороомтгой хүүхэд төрдөг гэж үнэн болов уу?
-Хэвлийдээ үр тээж байгаа эмэгтэй хүн угаас эр эмийн ажлыг хорьдог юм. Хэвлий дэх хүүхэд ээж ямар байна, түүнээс зуу дахин мэдрэмтгий байдаг. Учир хэвлий дэх үр гэдэг нь их эмзэг амьтан юм. Эх хүн хэт халуун юм уухад хүүхэд нь буцламгай халуун ширэмд буй мэт зовдог. Хэт хүйтэн юм уухад мөс рүү орсон мэт даарч зовно. Yсэрч харайхад хавцал ганга руу унаж буй мэт айж байдаг. Хөл хүндтэй ийм үед эр эмийн ажлыг хийхэд хадны завсар хавчуулсан юм шиг шахаж зовоодог. Ээжээс гарч хорвоод мэндлэхдээ хүртэл мөн л зовж байдаг.
-Хүний нялх үр хүүхдийн тэр эмзэглэлийг үгээр яаж илэрхийлдэг вэ?
-Хүүхэд төрөхдөө арьсаа амьдаараа хуулуулж буй мэт зовохоос гадна хуулсан махан дээр нь батгана, шумуул хазаж байгаа мэт часхийн өвдөх, зөөлөн гараар барихад хүртэл харцага болжмор шүүрч байгаа мэт, зөөлөн даавуунд боож авахад өргөстэй харгана хийсэн мэт зовно. Тийм учраас эх хүн хэвлийдээ хүүхэд тээж байхдаа баримталдаг нарийн ёс байна. Хүүхдийг анх олдсон цагаас нь эхэлж хүмүүжүүлдэг. Төрөл олохдоо буянаар хүүхэд олох хэрэгтэй. Жирэмсэн эх хүний идэх хоол, явах явдал түүнтэй харьцах харьцаа гээд уламжлалт зан үйлийн номонд тусгасан байгаа. Хүүхдийг гарсных нь дараа гурван насны хооронд маш нарийн хүмүүжүүлдэг уламжлал байна. Энэ үед хүүхэд бурхан байдаг. Бурхан байдаг чанарыг бурхнаар хэвшүүлэхийн тухайтад хичээдэг ёс бий. Яг энэ үед хүн болох бүх суурь сэтгэл санаа биед нь сууж өгдөг үе юм. Ёс ийм байхад юун жирэмсэн хэрнээ нөхрөөсөө өөр хүнтэй явалдах.
-Зарим гэр бүлийн хоёр маш их хэрэлддэг. Хэрүүлийн бузар гэж байдаг гэж үнэн үү. Тийм айл их л гундуу харагддаг?
-Эр эм хоёр бие биедээ хайрласан дурласан сэтгэлээр нийлдэг. Сэтгэл хөрвөл угаас хоёр их язгуур, өөр аймаг учраас үргэлжийн хэрүүл тэмцлээр орших магадлалтай гэж хэлсэн байдаг. Хэрэлдэж зодолдоод нөхөртөө хөөгдсөн хэрнээ дахин дахин эргэж очиж зодуулаад л явдаг бүсгүйчүүд байдаг. Энэ нь муу үйлээр сэтгэлтэй болчихоод тэр үйл нь барагдаагүй учраас бие биедээ зовж байсан ч татагдаад эргэж очиж зодуулаад явж байгаа юм. Yүнийгээ хайраар л цагаатгадаг. Тэр хайр нь муу үйлээр учирсан хайр шүү. Харин бие биенээ буянаар хайрласан сэтгэл нь хэвээр байвал үс нь дун мэт цайсан өвгөн ч чавганцынхаа өвөрт ороход өгүүлшгүй тэнгэрийн амгаланг амсдаг гэдэг. Тийм учраас өөрсдийгөө эвлэн зохилдох бие биенийхээ хооронд нэгдэн нийлж чадах тэр сайхан боломжийг гундааж огт болохгүй. Аль болох бүлээн сайхан байлгах талаас нь анхаарах хэрэгтэй. Бид энэ бүгдийг уламжлалт зурхайн номлолоос үзээд өөрсдийнхөө сэв орох зүйлийг хаагаад эрдэмтэй нийлэмжтэй талаас нь анхаарч байх хэрэгтэй юм. Yүнд мэдлэг, мэдрэмж хэрэгтэй.
-Гэр бүлтэй холбоотой өөр ямар ямар бузрууд байдаг вэ?
-Гэр бүлтэй холбоотой олон бузруудыг мэдье гэвэл эр эм хоёр хослон амьдрах Монголынхоо уламжлалт ёсыг мэдэх хэрэгтэй. Yүнийг эс мэдвээс хичнээн сайхан буянаар нийлсэн эр эм хоёр байлаа ч амьдрал нь там болно шүү. Манайхан энэ ёсыг мэдэхгүйгээсээ болж асар их хямралд орж байна.
-Зарим хүмүүс бие биенээ хардаж их хэрэлддэг. Хардах нь өвчин үү, хорлол уу?
-Манайхан хайртай бол хартай гэж хэлээд өөрсдийгөө өмөөрдөг. Хардана гэдэг сэтгэлийн том гэм юм. Өөрийн гэсэн эмэгтэйг миниймхийлэн атгаглан бариад түүндээ ямар нэгэн гадны салхи ч хүргэхгүй дэндүү хар сэтгэлээр тачаасан хэрэг шүү дээ. Энэ бол асар муу сэтгэл. Тэгэхээр тухайн хүнээ хайрлаж байгаа бол харамлаж хардах биш, тухайн тэр хайрласан хүн нь жаргалтай байх ямар нэгэн боломж байх л юм бол түүнийх нь төлөө баясаж амьдрах хэрэгтэй. Ийм өгөөмөр, өглөгч хайраар өөрийгөө хувиргах хэрэгтэй. Тэгэхийн бол харамлаж хардсанаас нь илүү маш их хайр эргэж өгөгддөг хорвоогийн жам байна.
Энэ миний бие гээд худгийн мэлхий шиг өөрийгөө барих нь энэ бол би юм гэж андуурсантай адил юм. Хүн хараад хараа хаана хүрнэ вэ тэр хэмжээнд бие оршин тогтнодогийг ойлгох хэрэгтэй. Би аль хүртэл сэтгэх нь вэ хэдэн зуун мянган оддын ертөнцөд би очиж чадна.
Сэтгэл хүрч байгаа газар л би оршин тогтнож чадаж байна. Тэгэхээр хүн гэдэг сэтгэлийн амьтан юм. Өөрийгөө агуу их задалсны хэрээр агуу их зүйл өөрийнх нь эзэмшилд ирж, өөрийг нь нээж өгдөг. Тийм хайрыг үүсгэж чадахгүй, хардаж мах цусан цогцосны төлөө өөрийнхөө сэтгэлийг золиосолж өөрийгөө дэнчинд тавина гэдэг харамсал, эмгэнэл юм. Эцсийн эцэст хайрлаад, харамлаад байсан бие цогцос нь яг нарийндаа бол өчнөөн олон хорхой дотор нь шимэгчлэн амьдарч байгаа, арьсыг нь хуулаад хаячихвал ямар аймаар юм байгаа бол. Өнгөц нэг дүрсэн дээр тогтсон бие шүү дээ. Нүд нь хөөрхөн гээд байх юм. Ясан их ухархайд суусан усан цэврүү шүү дээ. Уруул нь сайхан гээд байх юм. Бохирын урсгал цувуулсан муухай нүх шүү дээ гээд янз бүрээр бүдүүн бие цогцсонд тачаах сэтгэлийг нь хувиргахын тул задлаад ярьдаг.
-Эр хүнийг гомдоох муу. Эр хүнийг гомдоосон хүн өөдөлдөггүй гэж хүмүүс ярьдаг. Эр нөхрөө гомдоосон гэнэ лээ тэгээд өөдлөхгүй байгаа юм гэж ч ярьдаг. Ийм уялдаа холбоо байж болох уу?
-Эр ч бай, эм ч бай хэн хэнийхээ сэтгэлд сэв хийнэ гэдэг сайн зүйл огт биш. Бие биедээ эр, эм хоёр дутууг нь нөхөж, дундуурыг нь дүүргэж зовоход нь жаргааж, алдахад нь түших гэж нэгэн биений хоёр тал, нэгэн гэрийн хоёр тулгуур багана болох гэж нийлсэн байдаг.
Хажуудахынхаа сэтгэлийг ямар хүнд байдалд оруулна тэрний хэрээр өөрөө илүү зовно. Өөрөө гаднаа хямарсан ч гэсэн гэртээ орж ирэхдээ түүнийгээ нуугаад, харин гэр бүлийнхээ уур амьсгалаар өөрийгөө тайтгаруулж, сайхан аз жаргалын диваажингийн оронг өөрийн гэртээ үүсгэх хэрэгтэй.
Гадна талд зовохдоо бушуухан гэртээ очиж яс амрахсан гэж баярлаж, тэмүүлдэг тийм жаргалын өлгий болох хэрэгтэй. Чоно үүрэндээ өлзийтэй гэж манайхан ярьдаг. Чонын үүрэнд анчин ороод бэлтрэгийг нь хөнөөж байхад урж, дайрдаггүй шүү дээ.
Араатан хүртэл үүрэндээ тийм их сэтгэлийн гай зовлон дайрсан ч өөрийгөө барьж чадаж байхад хүн гэдэг амьтан өөрийнхөө хослон амьдарч байгаа гэр бүлээ хямраана гэдэг чононоос дор байгааг харуулж байна. Тиймдээ ч тэнгэрлэг амьтан нэрийг чоно аваа биз.
-Эрчүүд хүүхнүүдээс арай богино насалдаг нь хийдэг нүгэлтэй нь холбоотой юу. Тухайлбал ан хийх, дайтах гэх мэт
-Энэ бол ертөнцийн ёс юм. Эр, эм гэлтгүй ямар үйл нүгэл үйлдэнэ, түүн шигээ үйлийг эдэлнэ. Бусдын аминд халдаж, цөв оруулах л юм бол өөрийнхөө амь насанд цөв оруулж байна гэсэн үг.
Хэрвээ насаа уртасгая гэвэл амьтны амийг аварч, өршөөж хайрла. Тэгвэл урт наслах боломжоо нээнэ. Бусдын амь насыг тоодоггүй, хайхардаггүй хүн өөрийнхөө амь насыг тоохгүй хайрлахгүй байгаагийн шинж. Хүний хийж байгаа үйлээр сайн мууг нь шинждэг. Хүүхдийг тоглож байгаа тоглоомоор ирээдүйд ямар хүн болохыг нь шинждэг. Yүнд мэргэ төлөг хэрэггүй. Цэцэн мэргэн ухаан хэрэгтэй.
-Олон эхнэр солих нь нүгэл үү?
-Эр эмийн ариун ёс журмыг үл сахих нь нүгэлд тооцогдоно гэж ойлгох хэрэгтэй.
-Нууц амраг гэж их нүгэлтэй амьтан байхаа. Нууц амрагийн талаар бурхны номонд өгүүлсэн байх уу. Амьдрал дээр бол байдаг л зүйл шүү дээ?
-Амьдралд байдаг зүйл гээд аливаа нэгэн зүйл өөрт нь гай гамшиг тарих түгшүүр төрүүлж, нууж хаах хэрэгтэй эвлэрч болохгүй шүү дээ. Тэр нь илэрвэл ямар нэг байдлаар өөрөө хүнд байдалд орно. Мэдсээр байж галаар тоглоно гэдэг огт юм боддоггүй хүний хийж байгаа зүйл. Орчлонд бүх зүйл хяналтгүй байсан бол өнөөдөр хүний амьдрал там л байх байсан.
Тийм учраас эртнээс их хаадууд угаас мууг нь цээрлүүж, сайныг нь тэтгэсэн засаглалыг явуулж байсан. Тэрний хүчинд бид өнөөдөр сайн мууг ялгаж суухтайгаа байна. Энэ бол сайн үйлийг дэмжихийн тухайтад зүтгэсэн эцэг өвгөдөөс дамжин уламжлагдсан бидний амар амгалан байх ёсыг тогтоон өгсөн их ёс.
Сайн мууг ялгахгүй амьдралд байдаг зүйл гэж мэдсээр байж өөрсдийгөө хорлох, хуурах хэрэггүй. Юм хэдий хэцүү ч бид багийг нь хуулж доторыг нь гаргаж нягтлан үзэж байж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр Долоо хэмжиж байж нэг огтол, мөн аливаа зүйлийг хэлэхдээ долоо бодож байж нэг удаа хэл гэж байдаг.
-Хадам, эцэг, эх, бэр, хүргэнтэйгээ таарамж муу байх нь олон. Энэ тухай кино, жүжиг, онигоо хүртэл бий. Ингэхэд тэд яагаад таарч тохирохгүй байнаа. Гэрлэх ёсгүй, худ ураг болох ёсгүй хүмүүс таарчихаад байна уу?
-Бэрийн зурхайгаас гадна хадмуудын таарамжийг үзэх хэрэгтэй. Удам залгах ёсонд чухал үүрэг гүйцэтгэдэг учир чухал юм шүү дээ.
-Хүүхэд үрчилж авахдаа юуг их анхаарвал зохистой вэ?
-Хүүхдийн удам угшил, өөрийнх нь төөрөг, хувь заяаг нарийн харах хэрэгтэй. Өөртэй нь ямар нэгэн үйлийн барилдлага боломжийн байдалд байгаа бол үрчлээд авчихад сайн шүү дээ. Тэгээд ч хүнийг яаж хүмүүжүүлснээс ямар хүн болох нь шийдэгдэнэ. Хүн бурхан хүртэл болж байгаа юм чинь, хүүхдийг багаас нь аваад сайхан хайр энэрлээр өсгөхөд тэр сайн үйлийн хариуд буян болно. Эцэг эхгүй үр хүүхэд авралгүй шүү дээ. Тийм учраас авралгүй зовсон хөөрхий амьтанд амьдрал бэлэглэнэ гэдэг агуу их сэтгэл юм. Өөрийн хүүхэд биш атал үр хүүхдээ болгоно гэдэг агуу их хайр юм. Хүүхэд үрчилж, халамжилж байгаа хүмүүст харин янз бүрийн үг хэлэлгүй харин талархах хэрэгтэй.
-Бэлэвсэн эмэгтэй хүнтэй гэр бүл болоход юуг их анхаарах вэ?
-Тухайн бэлэвсэн эмэгтэй хүн бэлэвсрэх хугацаагаа дууссаны дараа гэр бүл болж болно. Гэр бүл болох уламжлалт зан заншил, төөргөө үзүүлэх хэрэгтэй.
-Хүмүүс сайн сайхан юугаарч дутахгүй амьдрахыг аз жаргал гэж боддог. Энэ тухай
-Сайн сайхан юугаар ч дутахгүй, эд хөрөнгөтэй бол жаргалтай байдаг гэж бид ярьдаг. Эд хөрөнгөтэй байснаар хүн аз жаргалтай байдаггүйг хүн төрөлхтний амьдрал харуулсаар байдаг. Харин хураасны хэрээр хадгалах хамгаалах, арвижуулах гэх мэтчилэн өчнөөн олон зовлон нэмэгддэг. Тэгэхээр хүн гадны эд хөрөнгөнд дулдуйдаж жаргадаг гэдэг худлаа. Харин дотоод сэтгэлээсээ хамаарч, жаргах зовох нь шийдэгддэг гэдгийг ухаараарай. Хүн өөрийгөө оюун ухаанаа боловсруулан, хөгжүүлж, орчлон ертөнц болоод өөрийнхөө мөн чанарыг танин мэдэж зовлонгийн шалтгаанаа хаах аргад мэрийх хэрэгтэй. Тэгж байж бид зөв зүйтэй зам дээр зогсоно.
Эцсийн эцэст эд хөрөнгө хийгээд аливаа эрх тушаал, нэр алдар болгон чинь угаас энэ бүгд дотоод сэтгэлд байдаг юм. Бидний буян гэгддэг бүх үйл чинь бид эдийн тэнгэрийг сэрээн бадраахын тухайтад хийж байгаа зан үйл юм. Харам гэдэг зүйлийг өглөгөөр ялан дийлж чадвал бидэнд эд хөрөнгө хуран цуглах үүд хаалга нээгдэнэ. Бид сайн юмаа муу сэтгэлээр хаачихаад байдаг. Аливаа нэгэн орж ирэх зүйлийг хаана гэдэг өөрт байгаагийн муу шинж. Муу сэтгэлээ дарвал хариуд нь бүх юм нээгдэж сайн зүйл ирнэ гэж итгэж болно.
-Айл гэрийн эрхэмлэн дээдэлж явах чухал ёс гэвэл
-Чингис хаан Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад улсаа зас хэмээсэн байдаг. Би ч гэсэн үүнийг хэлье.
-Гэрээсээ эд өглөгийг буруу өдөр гаргавал ямар сөрөг үр дагавартай вэ. Эд өглөгийг гаргахдаа заавал өдөр, судар харах шаардлагатай юу?
-Аливаа үйл хийхэд буруу үртэй өдрөөс цээрлэж байх хэрэгтэй.
-Эд баялагтай болохын тулд буянаа яаж тогтоох вэ?
-Саалиа бэлдэхээр саваа зэх гэдэг. Сааль гэдэг гадна талын эд баялаг гадна талаас шалтгаалах бүх зүйл юм. Сав гэдэг нь өөрийн бие юм. Бид өөрсдөө аливаа нэгэн зүйлийг тогтоож авч чадах сав болох хэрэгтэй. Ийм сав болох сэтгэл болоод биеийг бэлдэж чадаагүй бол мянга юм хураасан ч Даахгүй нохой булуу хураана гэгчээр хураасан зүйл нь хэрэггүй ялзарч эвдрээд дуусна. Тийм учраас Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэсэн үг байдаг. Хүн эд баялаг, буяныг тогтооё гэвэл өөрийн сэтгэлээ ариун байлгаваас буян тогтоно.
/Yргэлжлэл/
/Хань-36/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button