Чи Аллаг чи гэдэг үү та гэдэг үү?

-Чи бол одоо бүхний танил од болсон хүн. Одыг олон хүн хүрээлж, шүтэн биширч байдаг. Yүнээс үүдээд одод маань биеэ тоох нь их байдаг. Өөрт чинь бас ийм өвчин бий юү?
-Намайг тийм ч олон хүн хүрээлдэггүй. Ойр дотны маань цөөхөн хүн л намайг үнэлдэг. Yүн шиг зөв үнэлгээ гэж хаа байхав. Гэхдээ надаас өө сэв эрээд байдаг нөхдийнхөө талаар би энд хэлсэнгүй.
-Хэн чамаас өө сэв эрээд байдаг хэрэг вэ?
-Тухайлбал Алла байна. Тэр ер нь хүнийг маш ховор магтдаг хүн. Магтах зуршилгүй хүн гэж хэлж болно. Тэгэхдээ Бүх юм чинь муу байна гээд байдаг гэсэн үг биш. Ямар ч байсан шүүмжлэх юм олчихдог л хүн.
-Чиний тухайлбал юуг чинь өөлж, шүүмжлээд байдаг юм бэ дээ?
-Ер юуг ч шүүмжилж мэднэ. Гадаад төрх байдлыг маань ч өөлнө. Нүдний шил зүүх нь дээр юм гэж тэр хэлдэг ч би нөгөөхийг нь байсгээд л авчихдаг юм. Рената Литвиноваг дууриадаг маань түүнд таалагддаг ч мажийх гэдэг үгийг хэрэглэх нь буруу гэж үздэг. Тайзан дээрээс ийм үг хэлж болохгүй гэдэг юм.
-Пугачёва чиний байнгын үзэгч үү?
-Таван удаа л тоглолтыг маань үзсэн байх. Ихэнхдээ дээд давхарт суугаад, хүмүүсээс нуугдаж үздэг юм. Тэгэхгүй бол үзэгчдийн тэн хагас нь над руу биш түүн рүү хараад байх болно. Одесст тоглож байхад Энэ бол хайр гэдэг дуугаа дуулахаар тайзан дээр гарж ирсэн. Тэгэхэд хүмүүс түүнийг ийн гэнэт гараад ирсэнд нь итгэж ядаж байсан. Хүмүүс алгаа ташиж уухайлан угтана даа гэж Пугачёва бодож гарч ирсэн чинь үзэгчид чимээ ч байдаггүй. Тэгэхээр нь би нүүрээ үзэгчдэд харуул гэж түүн рүү хашгирсан. Сая л нэг юм үзэгчид түүнийг таньж билээ.
-Чи Пугачёваг чи гэдэг үү, Та гэдэг үү?
-Чи гэдэг. Олны өмнө би түүнийг Та гэж хэлэх гэж оролдсон, тэгснээ больсон.
-Шар хэвлэлд чиний талаар бичсэнийг уншдаг уу?
-Тааралдвал уншдаг л юм. Тэгэхдээ түүнийг тоодоггүй
-Чамайг Пугачёвагийнд ирж суусан тухай яриа хаанаас гарсан юм бол?
-Би эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа. Аллагийнд хааяа очдог. Хэдэн өдрөөр ч тэднийд байх нь бий. Хүмүүс биенийдээ зочилдог шиг л…
-Чиний нэрийг ашиглах явдал байдаг. Yүнд хэрхэн ханддаг вэ?
-Yүнд харин шүүмжлэлтэй ханддаг шүү. Миний нэрийг ашигласныхаа төлөө надад мөнгө төлөх ёстой гэж үздэг. Нэр хүндийг чинь би хөлс гаргаж, хөдөлмөр зарж байж олж авсан юм.
-Тэгвэл нэр алдрыг нь ашигласныхаа төлөө чи Пугачёвад мөнгө төлөх ёстой юм байна шүү дээ
-Тэгж яривал хэн нь хэндээ нэр алдар авчирч байгаа бол доо. Худлаа худлаа, тоглосон юм.
-Чи улстөрчдийг нэлээд элэглэдэг. Олон түмэн түүнийг чинь сонирхохоо больсон биш үү?
-Харин ч одоо улам бүр сонирхох болж байна. Би Жириновскийг аль 1994 оноос л элэглэж байгаа.
-Улстөрчид, тэр дундаа Ерөнхийлөгчид болгоомжтой хандах болсон. Путинийг дууриаснаар чамд ийм юм анзаарагдав уу?
-Ер үгүй. Саяхан миний тоглолтыг Владимир Владимирович өөрөө үзсэн. Ерөнхийлөгч болон түүний хүрээллийн зүгээс ямар нэг гомдол ирээгүй шүү.
-Өрнөдийн хэв маяг өөрт чинь илүү ойр байдаг гэж чи хэлдэг. Гэтэл Өрнөдийн хошигнолыг их мөлгөр гэцгээдэг. Чи гурван хэл мэддэг хүний хувьд түүнийг нотолж чадах уу?
-Өрнөдийн хошигнол янз янз л даа. Английнх нь болохоор америкийнхаасаа илүү бүдүүлэг. Тухайлбал англичууд хараалын үгийг америкчуудаас хавьгүй их хэрэглэдэг. Түүнчлэн Өрнөдийн үзэгчдийн тавьдаг шаардлага бага. Би тэднийг мохоо гэж хэлэхгүй. Гагцхүү юу болох, юу болохгүй талаарх тэдний зааг хязгаар нь биднийхээс өөр.
-Тэгвэл тэд юуг болно гээд, бид юуг болохгүй гээд байдаг вэ?
-Тэд бол ор хөнжлийн ажил, чалх муудах, өтөлж өвгөрөх, өвчин эмгэгийн талаар нууж хаах юмгүй инээдэм наргиан болгодог. Ромын хамба ламыг элэглэлээ гэхэд түүний салгалдаг (паркинсоны өвчин) байдлыг нь дүрслэн харуулах жишээтэй. Yзэгчид нь үүнийг талархан хүлээж авдаг. Цусыг нь сорох гээд хүүхний араас хөөж явсан вампир түүнийг гүйцмэгцээ салтаандаа хийчихсэн байсан ариун цэврийн хэрэгслийг нь авчихжээ хэмээн нэг нөхөр германы телевизээр марзаганаж байхыг нь би үзсэн. Тэгэхдээ тэнд өөр төвшний хошигногч байхгүй гэсэн үг биш л дээ.
-Чамайг хэл шинжлэлийн ухаанаар эрдмийн зэрэг горилох бүтээл бичиж байснаа больсон гэж дууллаа. Яагаад больчихов? Залхуу чинь хүрэв үү, зав чинь болохгүй байна уу?
-Завгүй. Бас залхуурсан. Диссертаци бичиж байснаа жилийн өмнөөс хойш тавьсан. Одоо хийж буй ажлаа орхихоор эрдэмтэн болно доо.
/Weekend/