Хүн төрөлхтөний наадмаас хүрэл ногтолж, хүний нутгийн дохё дээр тавантаа магнайллаа

Гэхдээ хорин тамирчин цөөдсөнгүй, их наадмын медальт багийн тоонд багтаж чадсан нь бахархал бөлгөө.
Жүдо бөхийн 60 кг-ын жинд хүч бяраа сорьсон Хашбаатарын Цагаанбаатар хэмээх 20-хон настай залуу дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн барилдаж, найман жил бараагаа харуулалгүй завсарлаад байсан олимпийн наадмын медалийн буухиаг эргүүлэн залж, олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын 15 дахь тамирчин болов.
Дэлхийн цомын тэмцээнд гурвантаа аваргалж, Азид магнайлж, дэлхийн цомын супер шигшээ тэмцээнээс хүрэл медаль хүртсэн О.Гүндэгмаа олимпоос гарцаагүй медаль авах мэргэн буудагчдын тоонд багтаж, спортын гар бууны дасгалд дэлхийг чансаагаараа тэргүүлж байсан ч жаахан аз дутсан гээд хэлчихэд болно биз ээ. Гэхдээ тэр шагналт Ү1 байрт шалгарсан нь маргааш биднийгээ баярлуулна гэсэн ихээхэн найдлагыг төрүүлж байна. Гурван олимп дараалан шагналт байрт буюу эхний зургаад багтана гэдэг баргийн тамирчны үзүүлэх амжилт биш ээ.
Арлын Японд монгол хөвгүүд бараг л ид шидийг үзүүлж, зөвхөн дэнжийн Японыг биш, дэлхийн нүд, чихийг бүлтийлгэн дэлдийлгэсэн хэвээр байна. Асашёорюү маань энэ жил болсон зургаан тэмцээний тавд нь түрүүлэв. Хакухо хэмээх удамт хүү Асашёорюүгийн арыг залгамжлах боломжтой гэдгээ бардаагаар нотоллоо. Дээд зиндаанд Кёкүшюүзан Батбаяр хэмээх ганцхан бөхтэй байсан үе улирч, одоо долоон монгол дохё дээр бужигнуулж байна. Энэ маягаараа бол таван жилийн дараа макүүчи зиндааны тал хувь нь монголчууд болохыг ч үгүйсгэх арга алга.
Монгол түмний бүтэн жил хүлээдэг наадам ч дуулиан шуугиантай, бас сонирхолтой болсон. Улсын их баяр наадамд хоёронтаа түрүүлээд байгаа аварга Өсөхбаяр дөрвийн даваанд аймгийн начин хүүд өвдөг шороодож, хазахаас бусад мэхийг хийдэг уран хурц барилдаантай Агваансамдангийн Сүхбат аварга гурав дахиа төрийн наадамд магнайлж, Далай аварга хэмээх цоо шинэ цолны эзэн боллоо.
Хүний хөлс хөдөлмөрийг сорж мөлждөг, зөвхөн ногоон мөнгөний хэмээн сурталддаг байсан мэргэжлийн боксын дэлхийн аварга хэмээх цолыг Д.Лхагва хоёр дахь удаагаа алсын Америкт хүртэж, биднийгээ баярлуулсан. Хэдийгээр аварга цолоо алдсан ч дэлхийд хоёр удаа аваргалсан Дугарбаатарын хүүд дахиад энэ цолыг булааж авах өдөр ирэх биз ээ.
Монголын авьяас билигтэй, ухаан билиг төгс хөвгүүд, охидын шандсыг сорьсон олон тэмцээн хүлээж байна. Тэндээс Монголыг минь, монгол түмнийг мялаан баярлуулсан олон сайхан мэдээ дуулдана гэдэгт эргэлзэх юм алга.
(өнөөдөр 2004-12-30 305)