Улс төрөөр шартуулсан 2004 он баяртай

2004 оны хонх цохисон тэр мөчөөс л ОХУ-д Их өр төлчихлөө.
Хэвлийд байгаа урагт хүртэл хувилж үлдээсэн их өрийг дарахын хэрэггүй байсан юм гэж улстөрийн сөрөг хүчин уухайлсан. Их өрөөс салсан нь Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэхээр ач холбогдолтой үйл байхад яахлаараа сөрөг хүчин сөрж буруутгав. Буруутгах буруутгахдаа их өр төлөх нэрээр идэж завшсан гэсэн гүтгэлэг тарааж олны сэтгэлийг сэвтүүлэхийг хичээв. Их өр дарсны нэг жилийн ой хоёр хоногийн дараа болно. Өр дарсныг буруутгах гүтгэлэг өнөө ч өндрөө авсаар байна. Зөвийг буруутгаж, зөөлнийг хатуулсан улстөрийн өширхөлөө гэж. Ардчилсан нам /АН/ хэмээх улстөрийн хүчин Монголд байгаа улстөрийн бусад хүчнийг нэгтгэн өөртөө уусгаад нэгдсэн томоохон хүчээр МАХН-тай тэмцэлдэх стратеги, тактикаа боловсруулав. АН өөрөөсөө хүчин мөхөс, нэр сүр доор улстөрийн бусад хүчнийг уусган авах гэж 2004 оны эхний таван сарыг үдсэн. Энэ хугацаанд эвлэнэ, эвсэхгүй гэсэн улстөрийн хэрүүл өдөр тутам цацагдаж байв. 2000 оны парламентын сонгуульд харамсалтай ялагдсан улстөрийн хүчнүүд өш хонзонгоо авахын тулд улстөрийн амьдралд тохиолддог хамгийн бузар, хамгийн харгис технологи судалж, боловсруулсан. 2004 оны эхний хагаст өш хонзонгоор давалгаалсан АН түүнийг тойрон эргэлдэгчид учраа олохгүй бужигнаж байв. МАШСН-ын Эрдэнэбат, АН-ын Энхсайхантай хавсарч ИЗН-ын Оюуныг тоглоомын гадна үлдээх гэж хуйвалдацгаан баахан сандаргасан. Нэгэнт орох оронгүй үлдэх шахсан Оюун АН, МАШСН хоёрын удирдлагуудад нэлээд буулт хийж байж тэдний барьсан гэрт хоргодохоор болсон. Ингээд УИХ-ын сонгуулийн босгон дээр Эх орон-Ардчилал эвсэл гэсэн сайхан нэртэй ч үйл ажиллагаа, үг хэлнээс нь үнэний дүр төрх төдий л харагдахгүй улстөрийн хүчин буй болов. УИХ-ын сонгуульд үндсэндээ МАХН-Эх орон-ардчилал эвсэл гэсэн хоёр хүчин өрсөлдөж, сөргөлцөж оролцохоор болсон.
Сонгуулийн өмнөх өдрүүдэд МАХН-ын рейтинг өндөр байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд ихийг хийсэн энэ л намын төлөө саналаа өгнө гэсэн сэтгэлзүй олонхийг ноёрхож байв. Сөрөг хүчин МАХН-ыг улстөрийн тавцангаас зайлуулах ээлжит гүтгэлгээ хийсээр байв. МАХН ялалтдаа бардамнаж тактикийн гэмээр бага сага алдаа гаргасан ч нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөөгүй. Монгол Улсыг авч явах улстөрийн цорын ганц хүчин нь МАХН гэдэгт сонгогчдын олонхи итгэлтэй байсан. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд ч ялалт МАХН-д гэдгийг нотолсоор байв. Гэтэл сонгуулийн дүн санаснаас 180 хэмээр эргэв. Арав хүрэхгүй суудал олж аваад УИХ-д бүлэг байгуулах нууц бодлоготой байсан эвсэл 34 суудал авлаа. Бодит байдлаас зөрүү ийм дүн яагаад гарав. Сонгогчид МАХН-ыг хуурч байв уу? Үгүй. Сонгогчид МАХН-ыг гэсэн сонголтдоо үнэнч байв. Сөрөг хүчин хэмээх эвслийнхэн сонгуулийн ганцхан өдрийн хагаст сонгогчдын саналыг худалдан авах луйвар хийв. Судлаачдын үзэж байгаагаар бол эвслийнхэн 16 тойрог дээр шууд луйвар хийсэн. Одоо ч хоёр тойрогт хийсэн булхайг шийдвэрлэж чадаагүй байна. Гэвч МАХН УИХ-ын сонгуульд ялагдаагүй. Эх орон-Ардчилал эвслээс илүү суудал авав. Барагдавч байж л байна гэдэг шиг өчнөөн суудал луйвардуулчихаад л олонхи /36/ болчихоод байдаг нь сонгогчид МАХН-ыг сонгосон сонголтдоо үнэнч байсных. Нэгэнт гарсан сонгуулийн үр дүнг буруу байсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон.
Улстөрийн байдал нэн ноцтой хүндрэв. УИХ-ын сонгуулийг дахин хийх үү, Засгийн газраа яаж байгуулахав гээд тулгамдсан асуудлууд хариу нэхэв. Өнгөрсөн 7,8 дугаар сарын бороотой, нартай өдрүүд улстөрийн бүрхэг сэтгэлгээтэй хутгалдан урссаар байв. Улстөр төвхнөж чадахгүй нь гэсэн айдас сонгогчдыг нөмрөв. Хэрвээ улстөр төвхнөж чадахгүй бол ард түмэн хохирох байв. Хохирч байсан. Нийгмийн сэтгэлгээ яг л аадрын өмнөх зангирсан хар үүл шиг бүрхэг байв. Яах вэ гэсэн асуултын хариу өгөх гэж шинэ, хуучин парламентын гишүүд өглөөнөөс, үдшийн бүрий хүртэл хуралдан хэлэлцэвч амжилт олохгүй байв. Хүмүүс өглөөнөөс орой хүртэл улстөрийн байдал асууж, төр төвхнөхийг тэсч ядан хүлээж байв. Эх орон-ардчилал эвслээс парламентад сонгогдсон гишүүд бялуу хуваах гэж яаран Засгийн газраа дангаараа байгуулна гэж хэд хоног сайхан зүүд зүүдлээд сэрэв. Олон түмэн үймж эхлэх байдал ажиглагдсан. Үнэ өсч, хэв журам алдагдан, гэмт хэрэг гарч эхлэв. Төр, засаг эмхэрч байгуулагдахгүй байсан чөлөөг ашиглагчид олшров. Байдал хүндэрсэн ийм эгзэгтэй үед МАХН зөвшилцөе гэдэг санааг анх дэвшүүлэв. Үнэндээ энэ зөвшилгүйгээр бид төр, засгаа эмхэлж чадахгүй байлаа. Зөвшлийн хүчээр ямар ч гэсэн төр, засаг байгуулагдаж, ард түмний сэтгэлд бага ч гэсэн гэгээ нэмсэн.
Гэтэл МАХН-ын сөрөг хүчин байсан зөвшлийн нэг субъект Эх орон-ардчилал эвсэл дотроо хагаралдаж эхлэв. Бялуу хуваахаас үүдэлтэй энэ хагарал хоног хоногоор хүчээ авч одоо Эх орон-ардчилал эвсэл байх уу, үгүй юу гэдэг дээр тулж ирлээ. Дотроо хагаралдана гэдэг доройтохын долоон муу шинжийн хамгийн муу нь юм гэсэн. Өнөөдөртөө Монгол Улсын төр, засаг ажиллаж байна. Ер нь бол Хятадын бараа шиг хэврэг байна шүү наад Засгийн газар чинь гэдгийг Ерөнхий сайдад бараг өглөө бүр мэдээлсээр байна. Эвслийн хагарал эцсийн эцэст Монгол Улсын Засгийн газрыг унагах хэмжээнд хүрэх нь гэдэг ил боллоо. Засгийн газар өнөөдөр МАХН дээр тогтож байна. МАХН эвслийн Засгийн газрыг юуны учир тогтоож барина вэ? Эвслийнхэн өөрсдөө ангал руу нисгэчих гээд байсан Засгийн газрыг тулж түшиж байж барьж тогтоохын учир юу вэ? Хэдийгээр их эвслийн гэх боловч өнөөх сөрөг хүчин МАХН-ыг гүтгэдэгээрээ л гүтгэж байгаа. Энд нэг л нууц байгаа. Тийм байхад МАХН их эвслийг байлгах гэж зүтгэнэ.
Тэр нууц нь юунд байв МАХН хэзээ ч Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө байдаг. Одоо төр, засаг үймүүлж олны сэтгэлээр тогломгүй байна. Гэвч Засгийн газар байх, эсэхийг МАХН биш Эх орон-ардчилал эвсэл шийдэх учиртайг бас л хэлэхгүй байж болохгүй. Ард түмэн өнгөрч буй нэгэн бүтэн жилийн хугацаанд өвдөх завгүй улстөрөөр хөөцөлдлөө. Хором бүрт улстөрийн хэрүүл сонсож байна. Нийгмийн маань сэтгэлзүй бүрхэг тэнгэр шиг байна. Улстөрд шартсан дотор нь бүрзийж, өнөө яах бол, маргааш яадаг бол гэсэн айдас, горьдлого нийгмийн сэтгэлзүйг эзэмдэж байна. Эх орон-ардчилал эвслийнхэн үнэндээ гэхэд Монголын ард түмнийг улстөрөөр шартууллаа. Тэд өөрсдийнхөө шарыг тайлж чадахгүй байж өрөөлийн шарыг яахан тайлна.
Монгол түмнийг улстөрөөр шартуулсан 2004 он баяртай.
/Yнэн 2004-12-30/