Маргааш гэдэг …

Боломж бий, түүнийг гүйцэтгэ гэсэн сайхан үг бий. Тэнгэрлиг заяатай монголчууд газар ширтэн алхах үлгэр энэ цагийнх биш ээ. Хар дарсан зүүд шиг он жилүүд ир цагийн жигүүр ч байж мэдэх. Энэ нь бидний тунгалгаар амьдарч чадахын жинхэнэ үр юм. 2004 он. Бид бужигнав. Одоо бодоход ирээдүйн хаалгыг итгэлтэйгээр татаж чадсан үймээн байж шүү. Сонгууль гэдэг үг өмнөх нийгмийн он жилүүдээс харьцангуй өөрчлөгдсөн билээ. Хөх, хар улаанд дуртайгаа чөлөөтэй илэрхийлэх боллоо. Энэ сонголт биднийг XXI зууны давуулж дөнгөсөн төдийгүй ирээдүйн хаалгыг итгэлтэйгээр нээх урам зоригийг ч өгч эхэлсэн юм. Энэ жил таатай жил. Яагаад гэвэл нүүдэлчин бидний зүрхэнд шар ус хуруулсаар ирсэн домогт мичин жил аятайхан өнгөрч байна. Ийм тохиолдол огт байгаагүй гэж өвгөчүүл ярьж байна. Энэ нь бидний өөдлөн дэвших замын нэг ивүүр болж байна. Баярлалтай. Бидний, манай улсын эдийн засгийн нэг суурь болох мал аж ахуйн салбар өндийж эхэлсэн байна. Мал сүргийн тоо 2.5 саяар өсч 27 сая 666.8 мянгад хүрэв. Онцгойлж ярихад ямаан сүрэг өссөн гэдэгт захын малчин дургүйцдэг хэрнээ одоо таалалтай болжээ. Ноолуур бол улс орны эдийн засгийн эрх ашиг юм гэсэн үг. Ард түмний халаасанд шууд цуурайтаж чадаж байна.
Энэ нь ноолуурын гайхамшиг болоодхов. Гэвч бид зүтгэж байна. Чадаж байна. Энэ жилийн хувьд мал сүрэг маань 2.5 саяар өсөөд зогссонгүй, газар тариалангийн салбарт ч ахиц гарчээ. Манжин байхад махаар яахав гэдэгтэй бид ойртож байна. Овоо доо. Энэ бүхэн маань эх газрын монголчууд бидний хувьд нэгэн аз завшаан байсан юм. Домогт, аймшигт мичин жил монголчуудыг ивээлээ. Цаг агаар тун аятайхан. Ямартай ч ирэх хаврын өдрүүд найз нөхөр маань болж магадгүй ээ. Энэ бол дэвшил юм. Бид их эвслийн засгийн газар байгуулсан, одоо их эвслийн нийгэм байгуулна.
Энэ нь эрх баригчдийн төдийгүй энгийн ард түмний өдрийн бодол, шөнийн зүүдний халил байв. Энэ нь их аятайхан. Түүхэнд монголчууд эвлэлдэн нийлэхээрээ хүчирхэг, хөгжиж чаддаг. Энэ удаа чадлаа. Үүнийг орхиж болохгүй ээ. Ямартай ч улс орны маань энэ оны эдийн засгийн өсөлт дор хаяж найман хувиас доошгүй гарах төлөвтэй. Баярламаар. Энэ жилийг товчлон дүгнэвээс их өрөөс салсан, бурхан шашны олон үйл явдлууд тохиосон, эв эеэ хичээцгээсэн, олимпод Монголын нэрийг гаргасан гээд тоочвол их. Энэ бүхэн улс оронд маань их хувьсал авчирсан юм шүү. Таны нүүрнээс мэдрэгдэнэ. Та таатай байгаа. Яагаад гэвэл маргааш гэдэг бид л байдаг.

/Зууны мэдээ 2004-12-30/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button