Хэрэв би улсын начин байсан бол аль хэдийн байртай болох байсан

Тэр цагаас хойш 3 олимпийн нүүр үзээд байгаа энэ бүсгүй Монголд байтугай дэлхийд ховорхон тохиох давтагдашгүй амжилтыг үзүүлсэн нэгэн. Дэлхийн самбо бөхийн 5 удаагийн аварга, жудо бөхийн Ази тивийн аварга цорын ганц эмэгтэй тамирчин маань эдүгээ хань нөхөртэй болсон хэдий ч туурга тусгаарлаж амжаагүй явна. Одоогоос 4 жилийн өмнө Улаанбаатар хотын засаг дарга М.Энхболд нийслэл хотноо Азийн АШТ-ийг зохион байгуулах үедээ Монголоос төрсөн Азийн аваргад орон сууц бэлэглэнэ хэмээн ам алдсан. Түүний энэ болзлыг МУГТ Эрдэнэ-Од биелүүлж хөлс хүчээ урсган байж биелүүлж аварга цолыг хүртээд байрны түлхүүрээ гардан авч, олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр шимийг одоо л хүртэх нь дээ хэмээн баярлан хүлээсээр 4 жилийн нүүр үзэж байна. Ингээд МУГТ Х.Эрдэнэт-Одтой аж амьдрал, амжилт ололтын амин халуун яриа өрнүүлснээ танд хүргэе.
-Таныг 17-хон насандаа олимпийн наадамд оролцсон, дэлхийн 5 удаагийн аварга тамирчин гэдэг. Анх спортод хөл тавьж байснаа эргэн дурсвал сонин байх?
-Самбо жудогоор 13 наснаасаа сонирхож хичээллэсэн. Самбо бөхийн төрлөөр ДАШТ-д 5 удаа түрүүлсэн. Азийн аваргын 1 алт, 3 мөнгө, Дэлхийн цомын тэмцээнд 2 түрүүлсэн. Жудо бөхийн төрлөөр Азийн АШТ 3 мөнгө 1 хүрэл, Азийн тоглолтоос 1 хүрэл, Универиад тэмцээнээс 1 хүрэл медаль авч байсан.
-Зарим тамирчид Азийн аварга болонгуутаа байр машинаар шагнуулах болж. Гэтэл та 20 гаруй жилийн хугацаанд тасралтгүй 3 олимпид оролцож 5 удаа Дэлхийн аварга цол хүртсэн мөртлөө байр ч үгүй байдаг. Энэ талаар хааяа харамсах бухимдах үе байдаг уу?
-Мэдээж Монгол улсын гавъяат тамирчин цол миний хамгийн том шагнал. Материаллаг талаасаа гэвэл нэг байр өгчихвөл л хамгийн том шагнал тэр болох байх. 2001 онд Азийн АШТ Улаанбаатарт зохиогдоход түрүүлсэн. Уг тэмцээнийг зохион байгуулах хорооноос намайг орон сууцаар шагнах шийдвэр гаргасан. Одоо 4 жилийн нүүр үзэж байна. Болоогүй л юм байлгүй дээ. Саяхан нэг хурлын үеэр М.Энхболд даргатай уулзаад асуухад Болчих байлгүй дээ. Бид ярилцаж байгаа гэсэн. УИХ-ын гишүүн, манай жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ аварга маань ч энэ талаар их дэмждэг. Тэгээд болилоо гэж хэлээгүй болчих байх гэсэн болохоор нь найдаад горьдоод байгаа шүү дээ. Дээхнэ үед орон сууц хувьчлагдаагүй улсын мэдэлд байхад тамирчдыг зохих хэмжээгээр шагнан урамшуулж, амьдралын баталгаагаар хангаж болоод байсан. Одоо тийм юм байхаа больсон юм биш үү. Яахав зарим нь тодорхой компанийн нэрийн өмнөөс барилдаж ивээн тэтгүүлэх болсон. Сайн тамирчид маань ялангуяа үндэсний бөхийнхөн, эрчүүд үүн дээр нэлээд давуу талтай шүү дээ. Монголчууд үндэсний бөхдөө хичнээн хайртай билээ. Зүгээр нэг улсын начин дэлхийд данстай жудочноос хавьгүй илүү нэр хүндтэй байдаг шүү дээ. Энэ бол яах ч аргагүй үндэсний уламжлал онцлог учраас буруутгах аргагүй. Хэрэв би улсын начин айсан бол хэдийнэ байртай болчих байсан. Харин сая олимпоос Цагаанбаатар маань хүрэл медаль хүртэхэд жудо бөхийн холбоо хуралдаад жип машинаар, дасгалжуулагч Ч.Насантогтох багшид маань Японы суудлын автомашинаар шагнах болсонд нь маш их баяртай байгаа. Энэ нь тухайн тамирчин дасгалжуулагчийн сэтгэлзүйд нөлөөлөх нүдээ олсон зөв шагнал байлаа. Би өөрөө авчихсан юм шиг баярлаад баяр хүргэсэн. Гэхдээ бас мартагдаж, орхигдчих вий гэж санаа зовж байгаа.
-Тэгэхээр мэдээж өдий 30 хүртлээ ээж аавтайгаа хамтдаа амьдрах нь жаргалтай сайхан байдаг байх. Гэхдээ заримдаа нөхөртэйгээ хоёулханаа баймаар санагддаг биз дээ?
-Би ээж аав, ахынхаа гэр бүлийнхэнтэй амьдардаг. Мэдээж өөрийн гэсэн гэр оронтой байх нь залуу хүн бүрийн амьдралын чухал мөрөөдлүүдийн нэг байлгүй яахав. Шинэ байртай болчихвол хэдэн цомоо аятайхан байрлуулчих гээд л ер нь их юм бодогдох юм.
-Эмэгтэй хүн оройтож төрөх осолтой ч гэж ярьдаг. Энэ тал дээр таныг дэмждэг олон хүн санаа зовж явдаг бололтой?
-Миний төлөө яг энэ тал дээр олон хүн санаа зовж явдаг байх(инээв). Спортын найз нөхөд маань хүртэл одоо яах гэж байна. Эртхэн хүүхэд төрүүл, амьдралаа бод ч гэх шиг зөвлөдөг. Тэр хүмүүст баярладаг, буруу нь юу байхав. Гэхдээ би одоо ч гэсэн амьдралаа бодоод, амьдраад л байгаа шүү дээ. Зорилгодоо хүрэхийн төлөө л явж байгаа. Миний цаашдын зорилгод тэр хүмүүсийн яриад байгаа үр хүүхэд гаргах асуудал байж л байгаа. Яарах юм алга. Залуус гэрлэх, хүүхэд гаргахыг урьтал болгохоо больсон 33 наснаас өмнө гаргахад юу нь буруудах вэ. Хаашдаа хүүхэд гаргах нь тодорхой. Үүнд нэг их санаа зовдоггүй.
-Олон тэмцээнд оролцоод бэртэл гэмтэл хэр авч байв. Одоо танд өвдөж зовиурладаг бэртэл байдаг уу?
-Бэртэл их авдаг. Манай бөхийн төрөл ер нь эвгүй шүү дээ. Монголын тамирчид зарцуулсан энергиэ бүрэн нөхөж авч чаддаггүйгээс бие нь сульдах, өвчлөх тохиолдол элбэг байдаг. Би бүр багадаа нэг бэртэл авсан. Сүүлийн үед биеийн эсэргүүцэл сулраад ч тэр үү бэртэл их авах нь болоод байгаа.
/Монголын нэг өдөр/