Хүүхнүүдээ хүзүү чиний насыг хэлээд өгнө шүү

Хүзүү нүүрнээс илүү эрт хөгширдөг. Учир нь цаг агаар, нар салхинаас илүүтэйгээр бидний ахуйн эрүүл бус хэв маяг түүнд хортой. Одоо тэгвэл бүгдээрээ хоолойтой цамц, өндөр зах, ороолтонд хорогдсон зангаасаа салж яг л хунгийнх шиг сайхан хүзүүтэй болох аргад суралцацгаая.
Зальт үнсгэлжин
Хүзүүний арьс нь хөх, цээжний бүсэд ордог. Иймээс маш мэдрэмтгий бас зөөлөн байдаг. Учир нь өөхний булчирхай маш бага агуулагддаг. Мөн хүзүүний булчин нь нүүрний булчинтай холбогдсон байдаг. Бид толгойгоо баруун, зүүн тийш эргүүлэх хөдөлгөөнөөр л хүзүүний хөдөлгөөн хязгаарлагддаг гэж боддог. Ямар ч насанд ялангуяа 16-аас дээш насанд хүзүүний булчин нь хангалттай ачаалал авч чаддаггүй учраас суларч эхэлдэг. Иймээс хүзүүний хөгшрөлт аажим ч эрчимтэй явагддаг. Энэ бүхний үр дүнд үлбэгэр бас хорчгор болж анхны үрчлээ үүсч давхар эрүү сууж эхэлдэг. Харин энэ бүхэнтэй тэмцэх хэцүү ч бидний хувьд боломжгүй зүйл гэж үгүйг сана. Иймээс ч биднээс урт хугацааны нягт нямбай арчилгаа, тэвчээр шаардагдах болно. Нэг ч өдөр алгасалгүй насан туршдаа мөрдлөгө болгож чадсанаар чи мөнхийн залуу хүзүүтэй байж чадах болно. Нэг ч өдөр алдаж болохгүйг хатуу анхаар.
1. Хүзүүний арьсыг чангалахад өдөр тутам чимхлүүр арчилгаа их шаардагддаг.
– Толгой дээрээ ном эсвэл дэр тавьж хүзүүнийхээ булчинг чангалж суллан зогсох буюу өрөөн дотуур явах.
– Бөгтийж болохгүй.
– Хэвтэж байхдаа ном сонин уншихаас татгалз.
– Өндөр дэр дэрлэж үл болно. Дэргүйгээр унтаж сур.
– Тогтмол хөхний даруулга зүүж занш. Учир нь хөх нь доош өөрийн тодорхой жингээр унждаг. Ингэснээр цээжний арьс тэлж сулардаг.
– Yнэртэй ус, сүрчиг хүзүүрүүгээ цацахаас зайлсхий. Учир нь тэдний найрлаганд орсон бодис нь хүзүү болон цээжний нимгэн арьсанд хортой нөлөө үзүүлэх болно.
– Нар бол хүзүүний жинхэнэ дайсан. Нарны хэт ягаан туяа нь хүзүү болон цээжний нимгэн арьсанд маш богино хугацаанд үйлчилж гэмтээдэг. Иймээс зуны улиралд байнга нарнаас хамгаалж бай.
2. Өдөр бүр угааж бай.
Ингэхдээ зөөлөн чанарын Doүe гэх мэт чийгшүүлэгч чанар өндөртэй саван хэрэглэ. Мөн нүүр угаагч шингэн саван болон өөр угаагч хэрэглэж болно. Гол нь эдгээр нь хэвийн болон хуурай арьсанд зориулагдсан байх ёстой. Тослог арьсны угаагч гель, шингэн саванг хэрэглэж үл болно. Савандан угааж байхдаа доороос дээш гэсэн шугамын дагуу тойрог хөдөлгөөнөөр массаж хийж өгч бай. Хүзүүний чинь арьс хэт хуурай бол косметикийн цэвэрлэгч сүүн шингэн хэрэглэж болно. Шүршүүрт орж байхдаа ч хүзүүгээ мартаж болохгүй. Хүйтэн бүлээн усаар хүзүүгээ бүх талаас нь шүршиж өг. Ингэснээр хүзүүний чинь цусны эргэлт сайжрах болно.
3. Цэвэрлэгээ хийсний дараа хүзүү болон цээжний зориулалтын тос түрх.
Энэхүү тос нь тэжээл өгөхөөр тослог бас чийрэгжүүлж чангаруулах ургамлын ханд агуулсан байх ёстой. Эдгээр нь алдагдсан тэжээл, чийгийг нь сэргээж арьсны эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Зөвхөн хүзүүнд тусгайлан хэрэглэх тос ховор байдаг тул хэвийн болон хуурай арьсны тэжээлийн тосыг ч хэрэглэх болох юм.
4. Тосоо алгандаа жигд багагүй түрхээд зүүн гараараа хүзүүнийхээ баруун, баруун гараараа хүзүүнийхээ зүүн хэсэгт доороос дээш гэсэн чиглэлд тойрог хөдөлгөөнөөр массаж хийж өгнө. Мөн цээжиндээ баруунаас зүүн, зүүнээс баруун гэсэн шугамаар тойрог болон алгаараа бүтэн илж массаж хийнэ. Энэхүү массажыг нэг удаад 10-15 минут хийхэд хангалттай.
5. Компресс буюу бигнүүр маш сайн үр дүн өгдөг. Yүнийг долоо хоногт 3-4 удаа хийнэ. Халуун усанд алчуураа базан хүзүүндээ 2-4 минут тавиад дараа нь 3-5 минут хүйтэн бүлээн усанд базсан алчуур тавина.
6. Хэрвээ чи давхар эрүүтэй бол давстай усанд базсан алчуураа хоёр үзүүрээс нь бариад эрүүндээ даралт өгөхөөр дээш нь татаж цохиж өгөөрэй. Энэхүү цохилтоо нэг хэмээр хийгээрэй.
7. Хүзүүний иж бүрдэл дасгал чамд багагүй тус хүргэнэ.
– Толгойгоо тонгойлгоод амаа том ангайж 15секунд болсны дараа амаа хамхиад толгойгоо дээш өргөх.
– Толгойгоо урагш хойщ, баруун зүүн тийш хөдөлгөх.
– Толгойгоо баруун зүүн тийш зөөлөн эргүүлэх. Энэхүү дасгалыг хааш хааш нь арван удаа хийнэ.
– Тохойгоороо ширээнд тулж эгц суугаад хүзүүнийхээ булчинг чангалж суллах.
– Шүдэндээ зөөлөн нялх хүүхдийн тоглоом зууж 1-10,10-1 хүртэл тоолох.
– Шүдээ зуусан байдлаар Ы, И, А, О, У үсэг дуудах.
Эдгээр дасгалуудыг өдөр бүр хийж заншаарай.
Хайр дурлал, фитнесс хоёр юугаараа адилхан бэ?
1. Хайрттайгаа уулзсан үеийн болон дасгал хийсэн үеийн зүрхний цохилт ижилхэн хурдассан байдаг.
2. Хайр дурлал ба фитнес хоёр нь эндорфин хэмээх баяр хөөр төрүүлэгч гормоныг ижил хэмжээгээр ялгаруулдаг.
3. Хоёулаа хөгшрөлтийг удаашруулдаг.
4. Болзоонд явах дасгал хийх хоёр нь хоёулаа зүрхний цусан хангамжийг сайжруулдаг.
Эцэст нь хэлэхэд эдгээрийн аль аль нь чиний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй чамайг улам үзэсгэлэнтэй дур булаам харагдуулах болно.
/Афродита/2004 он/