Алдарт зураач Гоя янаг дурлалынхаа төлөө буудалцаад ялж байжээ

Тэрбээр бараг сохорч, толгой нь эргэж, чих нь шуугидаг болсон төдийгүй тэмбүү яр өвчний оноштой болоод жилийн дараа гайгүй болсон ч таг дүлийрчээ. Сүүлдээ нэр төртэй хэвээр байсан боловч Майя хэмээх бүтээлдээ садар самууныг үзүүлсэн хэрэгт буруушаагдаж, нэг үе амь насанд нь халтай болсны уршгаар Францад дүрвэжээ. Тэрбээр Ромд байхдаа дотуур байрны нэгэн сурвалжит Итали бүсгүйг оргуулан босгож , түүнд хайртай хүнтэй нь буудалцаж ялаад бүсгүйн сэтгэлийг эзэмджээ. 1773-онд тэрбээр ордны зураач Франциско Баеугийнд айлчлахдаа түүний охин дүү Жозефатай танилцжээ. Цайлган хайлган сэтгэлтэй, наана цаанын бодолгүй Жозефа бүсгүйг Гоя янаглалын дөлөөр өдөж, тачаангуйн урхинд оруулж аваад 1775-онд түүнтэй нэг дор суух болов. Жозефа түүний таван хүүхдийг төрүүлж нэгээс нь бусад нь үрэгджээ. Тэднийхэн хааныхантай ураг төрлийн хол ойрын холбоо сүлбээтэй тул удалгүй Гоя ордны дээдсийн дунд эргэлдэх болж завсар чөлөөнд язгууртан хадагтай нарын дунд эргэлдсээр нэг мэдэхэд Жозефа хөөрхий хөсөр хаягджээ. Гоя түүнийг хөнжил дэвсгэртээ тооломгүй ихээр зарсан атлаа хөрөг зургийг нь ганц удаа л зуржээ. Гоя ордон хавиар эргэлддэг гүнж Альбаг харсан өдрөө янаглах сэтгэл нь ноцож, эвтэйхэн цагийг хүлээсэн гэдэг. Тэр нь үнэхээр эрийн сэтгэлийг татаж, санааны сармагчин асан дүүлмээр, сэтгэлийн морин янцгаан давхимаар сайхан төрсөн бүсгүй байж. Гудамж зээлийн газраар Альба бүсгүй хааяа өдрийн од шиг яваад өнгөрөхөд нь хүүхэд хөгшидгүй түүний үзэсгэлэн төгсийг гайхан биширч, орой үдшийн цагаар ярих хөөрөх юмтай болдог хосгүй ховор хүүхэн байжээ. Гоя тэрхүү гүнжтэй ихэс дээдсийн наргианд, олны цугласан газар нүүр тулж уулздаг, хоёулхнаа учрах мөч ховорхон байжээ. Тэгтэл юутай завшаан гэгчээр 1795 оны зуны сайхан өдөр гүнж өөрийн үзэсгэлэнт биеэр түүний уран зургийн өрөөнд заларчээ. Зураач түүний хүслэн болчихоод байсны адил гүнж ч бас мань эрийн цээжийг түшихсэн гэж мөрөөдсөн юмсанж. Ингэж тэр хоёр анхдугаар удаа зургийн өрөөнд бие махбодийн цэнгэлийг дахин дахин эдэлж үг болоод үйлээр хоёр биеийг эрхлүүлэн наадацгаасан аж. Чингээд их зураачийн шинэ янаглал гараагаа авч өдрийн цагт гүнжийг хувцастай хувцасгүй зурж, шөнийн цагт тэрнээсээ дутахгүй баясал цэнгэлийн орноо наадан зугаатай мөчийг өнгөрөөсөөр. Гоя хайртыгаа ёстой нэг түмэн янзаар үүрд үлдэхийн дурсгал болгожээ. Өдгөө Гоя зураачийн бүтээлийн нандин нууцад нэвтрэн гадарладаг болъё гэвэл эрх биш Альба тэр хоёрын захидал бичиг, Гоягийн олноор бүтээсэн хөрөг зургийг зайлшгүй үзэх хэрэг гардаг гэнэ. Гэвч юм бүхэн эхэлж дуусдаг жамтайгаас хойш мань хоёрын янаг сэтгэл шувтарч, 1802-онд Альба гэнэт ертөнцийн мөнх бусыг үзэхдээ Гоягийн сайн бие сэтгэлийг бодож түүний хөвүүнд сар болгон их хэмжээний хөрөнгө мөнгөөр тэтгэж байхаар гэрээслэжээ. Энэ завсар Гоя Жозефа хоёр салаагүй байсан хэрэг. Гоягийн хүү баян наймаачны охинтой гэрлэж, Жозефа нас барснаар Гоя ганцаараа үлджээ. Гоя Мадридаас явж Манзаннорес голын орчимд суухдаа худалдаачны авгай Леокадиятай танилцаж тэр хоёр нэг хэсэг нааш цааш явдалтай болжээ. Тэр үедээ Гоя 68-тай байв. Тэд нэг охинтой болов. Гоя тэр охиндоо их сайн, түүнд уран зургийн аргаа зааж, зураач болгохыг их хүссэн бөгөөд сүүлд Испанийн засгийн газрын хавчилт хяхалтаас дүрвэн Гоя авгай охинтойгоо цуг Францад эргэн очиж сууршсан аж. Охин нь эцгийгээ хааяа хараан зүхэж хааяа маргаж хэрэлддэг байсан ч Гоя эцгийн ёсоор түүнийг эвийлэн хамгаалж, асарч хандсаар байв. Гоя өвгөрсөн хойноо голдуу явган явж, бага зурж их унтсаар 82 насандаа өөд болсон түүхтэй. Гоягийн намтар түүхийн, янаг дурлалын нэгээхэн хуудсыг тэрлүүлж суухуйд Ренчин гуайн нэгэн шүлэг санаанд орж түүнийг энэ хэсэгтээ орууллаа.
Өвгөн Испани, билгүүн нүдэт Гоя
Сайхан зурсан сүртэй нэг зураг дороо
Саната, алдар чинь мөнхжинө гэж
Билгүүн нүдэт өвгөн испани Гоя
Бичиж үлдээснийг сэтгүүлд үзлээ би
Сайхан зурсан сүртэй тэр зураг нь
Санаанд өнгөрөгсөд өдрийн дуртгал
Өдий төдий ургуулан дотор үймцээд
Саяхны манай баатруудыг мөнхлөх
Өвгөн испани билгүүн нүдэт Гоя
Санаж мэддэг зураачийн үгүйд гунилаа
Үүнийг Ренчин бээр 1962-оны 2-сарын 25нд монгол бичгээр таталган бичсэн байдаг. Испанийн уран зураачийн нэгэн алдарт бүтээлийг сэтгүүлээс үзээд манайдаа одоохондоо тийм зураач алга гэж харуусан бичсэн ажээ.
/Хар сарнай-2004/19/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button