Амьдрал

Оршил
Зуны эхэн сар болчихсон байхад гадаа тэнгэр бүрсийж бороо шороон шуурга хоёр тэмцэлдэж хаяа тоос манарган хуй салхи дэгдэж байлаа. Эл он цагт хүмүүс мөн иймэрхүү л дүр төрхтэй сэтгэлийн зовлон зонхилсон жаргал зовлон сүлэлдсэн амьдралаар амьдарч байлаа. Би бээр цонхоо битүүлсэн бүгчим өрөөнд албан ажилаа амжуулахын хажуугаар сэтгэлийн зовлондоо цөхөрчихгүй гэсэндээ амьдрах арга ухааны тухай бичсэн номын мэргэн санаануудын тухай бодож, бидний энэ цаг үед үе үеийн олон суут ухаантанууд байсан бол юу айлдах байсан бол гэж эргэцүүлж суулаа.
Амьдралын тухайн суут ухаантнууд ийнхүү айлджээ.
Амьдрал бол уул . Бид удаан авирч, түргэн урууддаг
Ги дө Мопассан
Ингэхэд бид амьдралд юунд нь дурладаг байна аа? Амьдрал гэдэг чинь хүн хэзээ ч хожиж чадддаггүй тоглоом шүү дээ.
Жек Лондон
Амьдрал бол хүмүүсийн бүхнээс илүү хадгалж үлдэхийг чармайдаг ч, бүхнээс бага хайрлан гамнадаг зүйл нь. Амьдрал бол үзвэр биш, баяр биш. Амьдрал бол маш хүнд хүчир ажил.
Жорж Сантаяна
Амьдрал бол ариун нандин ч биш, бузар муухайч биш, сайн муугийн хольц. Та алин руу нь хэлбийлгэн хувиргахаас л бүх зүйл шалтгаална
Монтень
Амьдрал гэдэг бидний туулж өнгөрөөсөн өдрүүд биш, ой тойнд үлдэж хоцорсон тэр л өдөрүүд юм
Петр Павленко
Амьдралыг үе үеийн алдарт сод ухаантанууд өөр өөрийн ухаарлаар цэгнэж дэнслэн янз бүрээр дүгнэжээ. Энэхүү дүгнэлтээ урлагийн янз бүрийн төрөлийн бүтээлүүд тодруулбал ном зохиол, уран зураг болон сүг зураг, хөгжим, уран баримал гэх мэтээр дамжуулан үзүүлж бидэнд өвлүүлэн үлдээсэн байдаг. Эдгээр оюун дүгнэлтийн үнэт өв нь орчин үеийн хүн төрлөхтөн амьдралыг богино хугацаанд ойлгож ухаарах түлхүүр нь болж өгдөг хэдий ч амьдрал өөрийн тогтсон загваргүй тэмцэгчийн хөгжилийг даган хувисан өөрчлөгдөж байдаг учир хүнд хэцүү асуудал хэвээр байдаг. Амьдралын тухай цэцэн мэргэн санаанууд хэзээ ч бүрэн төгс байдаггүй. Хаяа ямар нэг зүйлийн аль нэг хэсэг нь орхигдсон байдаг. Энэ дутууг тэрхүү сургаалийн мэргэн үгийг судлах явцдаа дараа үеийн хүмүүс олж харан өөрийн ухаарлаар тайлбарлах буюу нэмж баяжуулдаг. Хаяа зарим үзэл санаа ул үндсээрээ үгүйсгэгдэх ч тохиолдол гардаг. Энэхүү хувьсалын явцад амьдралын тухай ойлголт нь улам бүр төгөлдөржин баяжиж шинэ үеийнхэний хэрэгцээ шаардлага хангах хэмжээнд хүрч очдог. Хүн амьдралын явцад нилээд сайн мэдэх болсон зүйлээрээ дамжуулан мэдэхийг хүсч байгаа мэддэггүй зүйлээ ухаарч ойлгодог. Энэ нь ч хамгийн амар хялбар арга байдаг.
Миний зүгээс амьдралыг дараах ойлголтуудтай холбон ухаарч ойлгодог. Таньд таалагдах эсэх нь таны сонирхол, үзэл бодлоос тань шалтгаална. Аливаа бүтээл туурвил нь тухайн хүний мэдлэг, үзэл санаа, ухааралаас бий болдог нь мэдээжийн хэрэг тул хэр зэрэг тэмцэлийг даван туулах чадвартай байх нь бүтээг ч хүнээс шууд хамаардаг.
Амьдрал бол тэмцэл
Амьдрал гэдэг үг асар өргөн цар хүрээтэй үг бөгөөд миний бие мунхаглан бодохдоо оршино тогтнохын төлөөх тэмцэл гэж ухаардаг. Тэмцэл хийж байгаа тэмцэгч гэдэг ухагдахуунд амьтай бүхнээс гадна амьгүй, бодит бус бүх зүйлийг хамруулж үздэг. Яагаад амьгүй бодит бус зүйл хамруулж байна вэ? гэвэл амьгүй зүйл нь амьд зүйлийн адил тодорхой хугацаанд оршиж байгаад устаж үгүй болох буюу хувьсан шинчлэгддэг. Харин бодит бус зүйл маань тайлагдашгүй нууц, хий үзэгдэл, харь гаригийнхан мэтээр балар эртнээс одоог хүртэл янз бүрийн хэлбэрээр харагдан яригдаж ирсэн бөгөөд ийм их хугацааны турш анхаарал татан судлагдаж байгаа нь түүний тэмцэх чадвар сайтайгийнх юм. Хий үзэгдэл, харь гаригийнханыг хийн махбодиос бүрдсэн биетүүд гэж нэрлэх нь зүйтэй болов уу? Учир нь тэдгээрийн орших орон зай нь ихэвчлэн агаарын орон зай байдаг тул бүрдүүлэгч мах бодиуд нь хийн төлөв байдалд оршдог. Иймд амьгүй ба хийн мах бодиос бүрдсэн биетүүдийг тэмцэгч гэсэн ухагдахуунд хамруулан үзэж болох талтай юм.
Хүн төрлөхтөний түүхэнд амьдрал гэдэг ухагдахууныг хамгийн ойр бодит жишээ болгон тэмцэх чадвар сайтай амьд организмд тулгуурлан тодруулвал хүн өөрөө өөрийгөө жишээ болгон авч янз бүрээр тайлбарлаж ирсэн. Энэ тал дээр үе үеийн мэргэдийг буруутгаж болохгүй. Тэд бидэнд ойлгомжтой хялбар байдлыг харгалзан энэ замыг сонгосон бөгөөд үүний тусламжтайгаар бид их сэтгэж их нээлтүүдийг хийх болсон.
Тэмцэгч гэсэн ухагдахуунд хамруулан үзсэн амьгүй зүйлсийн хувьд өнгөцхөн бодход тэдэнд тэмцэх чадвар үгүй тэдний хэр зэрэг удаан оршино байх нь янз бүрийн зорилгоор ашиглаж байгаа бидний ухамсарт үйлээс шууд хамааралтай мэт санагдаж болох юм. Гэхдээ нарийн тунгааж бодход тийм биш гэлтэй. Учир нь тэдэнд оюун ухаан байхгүй ч гэсэн тэднийг бүрдүүлэгч мах бодиуд нь тодорхой энерги агуулж, бага ч гэсэн жинтэй байдаг учир бие биенийхээ болон гадаад орчины нөлөөгөөр мөнхийн хөдөлгөөнд оршиж байнга хувьсан өөрчлөгдөж байдаг нь шинжлэх ухааны судалгааны явцад аль хэдийн нотлогдсон билээ. Тэдгээрийг бүрдүүлэгч мах бодиуд нь эвлэлдэн нэгдэж бодис, биеийг бүтээдэг. Мах бодиуд нь маш олон бөгөөд тэдгээрийн эвцэлдэл нь бидний мэдэх манай нийгэмд орших олон янзын хүмүүсээс бүрдэх том жижиг бүтцийн нэгжийн нэгэн адил маш олон төрөл хэлбэртэйгээр байгальд оршино байдаг. Тэдгээрээр хийсэн эд эдлэгдэхүүний оршино байх нь бидний ухамсараас хамаардаг боловч байгальд бий болох, оршин байх, бидний хэрэглэх явцад болон хэрэгцээнээс гарсаны дараа ч гадаад болон дотоод орчины нөлөөлөл доор тогтвортой оршихын төлөө тэмцэлдэж ялагдал хүлээвэл өөр төрөл хэлбэрт хувиран шинэчлэгдэж байдаг.
Амьгүй эд зүйлсийн тэмцэлд нөлөөлөгч гол хүчин зүйл нь цэнэг бөгөөд саармаг цэнэгтэй бүтцийн нэгжийг бүрдүүлж бөх бат холбогдож чадсан тохиолдолд л тогтвортой орших нөхцөл бүрддэг. Гэхдээ үргэлж нэг хэлбэрээр оршин байхгүйгээр өсч томрох эрмэлзэлтэй байдаг тул тодорхой хэмжээгээр илүүдэл цэнэг агуулж бага цэнэгтэй бүтцийн нэгжийг өөртөө нэгдүүлж, ижил цэнэгтэй бүтцийн нэгжтэй тэмцэдэж, их цэнэгтэй бүтцийн нэгжийн нөлөөнд автаж оршдог.
Тэмцэх чадвар сайтай биетүүд нь өөрийн өвөрмөц дүр төрхөө улам боловсронгуй болгон хөгжүүлж асар урт хугацааны турш оршино тогтнодог. Үүнд хүн, тусгай орчинд өсгөн үржүүлсэн гаршмал амьтад ба тусгай аргаар боловсруулсан биет буюу бодис зэрэг олон зүйлийг хамруулж болох юм. Харин тэмцэх чадвар султай биетүүд нь өөрийн өвөрмөц дүр төрхөө удаан хугацааны турш хадгалж чадалгүйгээр өөрийн чадвараас шууд хамааралтайгаар өөр хэлбэрт шилжих буюу хөгжлийн явцад олж авсан шинэ дүр төрхийнхөө зарим хэсгийг гээдэг. Жишээ нь Зэрлэг араатан амьтад, гаршмал орчиноос зэрлэг орчинд шилжсэн амьтад ба байгалийн эд эс баялаг.
Амьдрал бол тоглоом
Амьдралыг мөн тоглоомтой зүйрлэж үзэж болох бөгөөд хөлөгт тоглоом болох шатар бол аливаа юмсын оршино байхын төлөөх тэмцэлийг тод томруун дүрсэлсэн тоглоом бөгөөд маш их ухаан шаарддаг. Би хувьдаа Амьдрал гэдэг чинь хүн хэзээ ч хожиж гарахгүй тоглоом шүү дээ. гэсэн Жек Лондоны тодорхойлолтыг хэнд ч хүлээн зөвшөөрөгдөх байх гэж үздэг. Энэ тоглоомонд тэмцэгч хожихын төлөөл тэмцэж амьдардаг. Шатар тоглоод хожиж болдог гэхдээ өрсөлдөгчөөс голчлон хамаардаг. Амьдрал ба шатар тоглосон хүн уйддаггүй бөгөөд учир нь өрсөлдөгч талууд аль аль нь хожих зорилготой байдаг болохоор өрөг болгонд шинэ шинэ арга ухаан, хувилбарыг бий болгодог. Бидний эргэн тойронд орших хүмүүс бие биенээсээ шатрын мод адил эрс ялгаатай байдаг. Шатарын нэг тал нь нэг хүнийг төлөөлж чадна. Хүний толгойг ноён гэж үзвэл бусад мэдрэхүйн эрхтэнүүд нь моднуудыг төлөөлөх бөгөөд ноён тэдгээрийг оюун ухаанаараа удирдан чиглүүлж өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгож байдаг. Толгойгүй хүн ноёнгүй тоглогч яг адилхан тул хожигдсон буюу амьдрал нь дууссан гэсэн үг. Харин аль нэг эрхтэн дутуу хүн аль нэг мод дутуу өрөгтэй адилхан бөгөөд үгүй болсон буюу мөхөх аюулд орсон эрхтэний үүргийг бусад эрхтэнүүд ноёны зааварчилгаагаар төгс биш ч тодорхой хэмжээгээр гүйцэтгэж чаддаг. Амьдрал буюу шатард толгойтой буюу ноёнтой хэрнээ хожигдох буюу мөхөх тохиолдол элбэг байдаг. Үүнийг өрөөтэйгээ мад тавиулах буюу амьдралд мэдлэг чадвар муутайгаас зовлон бэрхшээлд шантарч мөхөх гэж нэрлэвэл болох буйзаа. Орчин үед мэдлэггүйгээр хүн оршино тогтнох нь хэцүү болсон бөгөөд нийгмээс тавигдах шаардлагыг хангах мэдлэггүй хүн ямарч бодгүй олон хүүтэй ноёнтой адилхан болдог. Иймд мэдлэгтэй болохын тулд сурч хөдөлмөрлөх нь тухайн цаг үедээ зохицон урт удаан хугацааны турш аз жаргалтай амьдрах чадалтай тоглогч байх гол түлхүүр нь болж чаддаг. Мал амьтан адгуус ч мөн ялгаагүй хэр зэрэг урт удаан амьдрах эсэх нь адгуулагч хүн гэгч амьтанаас шалтгаалах боловч биеэ даан амьдрах чадвар, дадал хэр зэрэг эзэмшсэнээс нь ихээхэн хамаардаг. Мөн олон нийтийн, хэсэг бүлгийн болон хувь хүний ашиг сонирхолоос үүдэн бий болсон олон хүний бөөгнөрөл буюу том жижиг бүтцийн нэгжүүд болох гүрэн, улс, засгийн газар, эвсэл, нам, холбоо, нийгэмлэг, сан, хороо, корпорац, компан, хоршоо, удам угсаа, гэр бүлийн оршино тогтнох хугацаа нь удирдагч буюу тэргүүлэгчийн эрдэм мэдлэгэ, бодлого туршлагаас шууд хамаардаг.
Амьдралын тоглоомд амжилттай сайн тоглосон тоглогч алдар нэрээ түүхийн шаргал хуудсанд дуурсгаж, амжилтгүй тоглосон тоглогч энэ ертөнцөд амьдарч байсан эсэх нь үл мэдэгдэн мартагдан замхардаг.
Амьдрал ба бурхан
Бурхан бол хүний бүтээл. Будда, Есүс, Аллах гэх мэт эрт цагийн сод ухаантанууд бидний нэгэн адил хүн байсан бөгөөд тухайн цаг үедээ хүмүүсийн амьдралд учирсан зовлонг гэтлэж аз жаргалд хүрэх арга замыг өвөрмөц сэтгэлгээ бүхий сургаалиар номлон айлдсан байдаг. Энэ нь амьдралдаа гутарсан хүмүүст амьдралд итгэх итгэлийг бий болгосоны учир хүмүүсийн итгэлийг олж аван тойрон хүрээлэгч буюу сүсэгтэнийг бий болгосон. Энэхүү сод ухаантаны үзэл бодол, үйл ажиллагаа нь эрх мэдэлтэнүүдийн хувийн ашиг сонирхол, эсрэг үзэлтэний үзэл бодолыг тодорхой хэмжээгээр хөндсөнөөс тэдний зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч тэдний гарт хороогддог байлаа. Иймэрхүү харуусмаар гунигтай түүх ихэнх шашны урсгалыг үндэслэгчийн түүхэн замнал бүхий номлолд байдгийг бид мэдэх билээ. Шүтэн бишрэгч ардууд энэ хэрэг явдлыг өөрсдийн үл мэдэх агуу ертөнц болох тэнгэртэй холбон бодож сод ухаантаныг тэнгэрээс зараалаар ирсэн элч, өөрсдийн зовлонг буруу үйлийн хариуд тэнгэрээс оноосон шийтгэл хэмээн нэрийдэж дараагийн сод ухаантан болох хурц билэг ухаантаныг өөрсдийн үр хүүхдүүд дундаас шинжин олсоноор түүний хорогдсон сэтгэл буюу хойд дүр болгон тодруулж хар багаас нь тэрхүү үзэл санааг ухамсарлуулан ойлгуулж хүмүүжүүлдэг. Үе үеийн эдгээр хойд дүрүүд нь өмнөхөөс суралцан шинэ гарцаагүй үнэнийг нээн илрүүлж өвөрмөц сэтгэлгээ бүхий үзэл баримтлалаар тайлбарлан сургааль болгон айлддаг байжээ. Ийнхүү загамж үеийн амьдралын тухай бүтээн туурвисан бүтээлүүд нь ард олоны бурханд итгэх итгэлийг улам ихээр төрүүлж амьдрал ба түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн тухай үзэл баримтлалын сан хөмрөгийг баяжуулан эдүгээгийн цаг үеийн тулгамдаж төөрөгдүүлсэн асуудлуудыг бодит байдлаар бус ухамсарт сэтгэлгээнд нөлөөлөх замаар шийдвэрлэж чаддагаараа тухайн шашны урсгалын баттай орших үндэс нь болж өгдөг байна.
Хүн хэдийд бурханд итгэдэг вэ? гэвэл амьдралд тохиолдсон зовлон бэрхшээлээс шантарч няцсан үедээ хэн нэгнээс тусламж хүсдэг. Ихэнх хүмүүс өөрсдийн аз жаргалыг олж авхын тулд тэмцэж, төөрөгдөлд орж тэмцэлд зориг шантрахад арга буюу заавал баримтлах тогтсон дэг жаягтай бурханы сургаалийг сүжиглэн бурханд итгэж эхэлдэг. Мөн үр хүүхдүүддээ ч бурханд итгэж амьдрах амьдралыг багаас нь ёс заншил маягаар ухамсарлуулан ойлгуулж хүмүүжүүлдэг. Гэхдээ бурханд итгэхийн өмнө зовлонгоос түр зуур ангижрахын тулд мансууруулах бодис болох архи, тамхи, хар тамхи хэрэглэдэг. Эдгээрийг хэрэглэх явцад хоромхон хугацаанд зовлонгоо мартаж сэтгэл тайвширч гадаад орчиноос түр зуур тасардаг хэдий ч эцсийн үр дүндээ зовлон нь улам нэмэгдэх шалтгаан болдогийг ухаардаггүй. Харин эсрэгээр зовлонгоос ангижрах хугацааг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд тэдгээрийг амьсгалах агаар мэт хязгааргүй хэрэглэж ихэнх нь цэл залуугаараа ертөнцийг орхин тэмцэгч амьд бие нь амьгүй ба хийн мах бодиос тогтсон биед шилждэг. Зарим нэг хэсэг нь үүнийг ямар нэг хэмжээгээр ухаарч бурханы сургаальд биширч сүжиглэн амьдралд хандах хандлагаа өөрчлөн өөрөөр амьдарч эхэлдэг.
Аливаа юм сайн муу хоёр талтай бөгөөд тодорхой хязгааргүй мухар сүсэг бишрэл нь амьдралын зорилго, тэмүүлэлийг үгүй болгож амьдрахын утаг учирын тухай өрөөсгөл ойлголтоор бодол санааг нь хязгаарлаж цаашид хөгжих нөхцөл боложийг үгүй болгодог. Энэ чанарыг нь овжиноор ашиглан зарим улс орон ядуу буурай ороныг хүлцэнгүй сул дорой байлгах зорилгоор бурхан шүтээнээр нь дамжуулан ноёрхолоо тогтоох бодлого баримталсан түүхч байдаг.
Бурханд итгэх сүшиг бишрэлд тодорхой хязгаар байх ёстой. сайн сүжиглэж залбирвал бурхан чамд авралын гараа сунгаж аз жаргал аяндаа ирнэ гэж ихэнх урсгалууд нь номлодог. Модноос алим унахыг хараад суухын адил юу ч хийхгүй бурханаас тусламж гуйгаад суувал хэн ч гэсэн сайхан амьдрахгүйл байх. Тэгхээр хүмүүст Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг гэсэн мэргэн үгийг оюун мэлмийд тонилуулж байна.