Нэг айлын гурван охин шинэ оны эхний өдөр амиа алдлаа

-Шинэ оны мэнд хүргэе. Хоёр он солигдох үеэр баярын олон арга хэмжээ болсон. Хэчнээн цагдаагийн алба хаагчид тэнд ажиллав?
-Нийслэлчүүдийгээ шинэ оноо амгалан тайван угтаасай гэдэг үүднээс 31-ний үдшийн 20 цагаас нэгдүгээр сарын 1-ний 04 цаг хүртэл Нийслэлийн цагдаагийн хүрээний хэв журмын, эргүүл хамгаалалтын, замын цагдаагийн 500 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Манай албан хаагчид 30 градусын хүйтэнд олон цагаар гадаа ажиллаж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.
-Бүх нийтийн цэнгүүний үеэр ямар нэг хэрэг зөрчил гарав уу?
-Энэ үеэр ноцтой гэмт хэрэг гарсангүй. Харин иргэд маань динамит, салютийг замбараагүй хэрэглэж байсан. Дөрвөн уулын дунд, чөтгөр, шулам гэж байдаг бол үргэхээр дуу чимээтэй байлаа. Үүнд цаашдаа анхаармаар юм билээ.
-Ямар нэгэн ноцтой хэрэг гараагүй гэж ойлгож болох нь ээ?
-Зам тээврийн ослоор нэг хүн амиа алдсан. Сэлэнгэ аймгийн иргэн П зам хөндлөн гарч явахдаа тээврийн хэрэгсэл өнгөрүүлээгүйгээс болж Р.Бадамдоржийн жолоодож явсан Нью-Ази компанийн 00-84 УББ дугаартай Ланд Круйзер маркийн машинд мөргүүлж амиа алдсан. Жолооч энэ үед хурд тохируулж яваагүй юм билээ. Нийгмийг цочирдуулсан аймшигтай хэрэг гараагүй.
-Тэгвэл шинэ оны анхны өдөр?
-Шинэ оны анхны гэмт хэрэг Сүхбаатар аймгийн Халзан суманд гарлаа. Тус сумын иргэн Ц.Мөнхөө найз Б-гийн хамт нэгэн танилындаа архи ууж байгаад маргалдан Б-гийнхээ цээжин туе газарт хутгалж хөнөөсөн байна.
-Улаанбаатар хотод оны эхний өдөр ямар байв?
-Шинэ оны анхны өдөр нэгнийгээ хутгалсан, зодсон гэх зэрэг ноцтой гэмт хэрэг гаралгүй тайван байлаа. Аливаа зүйл эхлэлээсээ, үүднээсээ гэдэг дээ. Энэ жилийн эхний өдөр харьцангуй тайван байсанд бэлгэшээж байгаа. Хойшдоо ч хэрэг зөрчил бага байгаасай. Хулгайн ганц гэмт хэрэг гарсан нь харилцаа холбооны урьдчилсан төлбөрт 100 гаруй карт алдагдсан явдал байлаа. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн дэргэд байрлах Цагаан уул гэдэг худалдааны жижиг төвөөс Монголын цахилгаан холбоо ХК-ийн 1500 төгрөгийн 66, Глобус карт 24, Миком карт 62 ширхэг, Мобикартын цэнэглэгч карт 30 гаруйг хулгайлсан байсан. Энэ хэргийг Баянгол дүүр-гийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалгаж байгаа.
-Нэг айлын гурван хүүхэд амиа алдсан дуулдсан?
-Нийслэлд энэ сарын 1-ний өдөр долоон хүн золгүйгээр амь насаа алдсан байна. Тууний дотор дээрх гурван хүүхэд багтаж байгаа юм. УБТЗ-ын Туул зөрлөгийн задгайд амьдардаг Ц-гийн 14, 18, 24 насны охид угаартаж амиа алдсан Тэд ногооныхоо зоорийг халаах зорилгоор Хонда мотор асааж унтсанаас ийнхүү осолдсон байна лээ.
-Улсын хэмжээнд гарсан гэмт хэргийг өнгерсөн онтой харьцуулахад ямар байна вэ?
-Гэмт хэрэг гараагүй гэж хэлэхэд болно. Улсын хэмжээнд дээр өгүүлсэн долоон хэрэг дээр нэмэгдээд орон нутагт хоёр хүн, нийтдээ есөн хүн амиа алдсан. Нэг нь Сүхбаатар аймагт. Нөгөө нь Дундговийн Мандалговьд М. гэдэг залуу гэрээсээ гарч яваад хогийн цэгийн орчимд осгож нас барсан байсан. Шинэ онтой иймэрхүү л аястай золголоо.
2005 онд гэмт хэрэг бага гарч иргэд маань амар амгалан, бие биедээ хүлээцтэй тэвчээртэй хандаж, нэгнээ уучилж байхыг танай сониноор дамжуулан хүсье.
(өнөөдөр 2005-01-04 001)