Монголын үрс есөн удаа уйлахаас чөлөөлөгдлөө

Тэр тоолондоо л муухай улаан амаа байдгаар нь ангайлгаад уйлдаг. Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд 15 нас хүртлээ зургаан төрлийн вакцины 17 удаагийн тунг хийлгэж, долоон өвчнөөс сэргийлэгдэх учиртай байдаг байна. Тэгвэл хэд хатгуулж, хэд уйлдаг байх нь вэ?
Тэдгээр олон хатгалт, тухай бүрийн уйлалтаас есийг нь хороосон шинэ вакцин Монголд нэвтэрлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр Тавт вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх нээлтийн ёслол өчигдөр болсон юм. Монгол Улсын Засгийн газрын 2005-2008 оны мөрийн хөтөлбөрт Хавсарсан болон шинэ вакциныг дархлаажуулалтад
нэвтрүүлэх замаар хатгалтын тоог багасагаж, дархлаажуулалт бүхий халдварт өвчнийг эрс бууруулан, улмаар устгах зорилтыг дэвшүүлсэн нь ийн хэрэгжиж эхэллээ. Түүгээр ч үл барам манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудаас уг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлж байгаа анхны орон болж байгаа ажээ. Энэ ондоо багтаж Нийслэл хот болон Дорноговь, Говьсүмбэр аймагт бүрэн нэвтрүүлж, 2008 он гэхэд бүх орон даяар нэвтрүүлсэн байх тооцоог тус ажлыг хариуцаж буй мэргэжилтнүүд гаргажээ. . Yүнээс урьд хавсарсан шинжтэй гуравт вакцин буюу сахуу, хөхүүл ханиад, татран зэрэг өвчнөөс сэргийлэх тарилгыг нэгэн зэрэг хийж байсан. Харин дээрх тавт вакцин нь нь сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфлюенза В зэрэг таван халдварт өвчнөөс нэгэн зэрэг урьдчилан сэргийлэх шинжээрээ эрүүл мэндийн болоод эдийн засгийн өндөр үр ашигтай гэгдэж буй юм. Тухайлбал Хемофилюс инфлюенза В нян нь тав хүртэлх насны хүүхдийн тархи нугасны менингит, үжил, нүдний үрэвсэл, уушигны хатгаа өвчний гол үүсгэгч бөгөөд өвчилсөн хүүхдийн 20-40 хувь нь эндэж, 15-35 хувь нь тахир дутуу болдог байна. Тиймээс тавт вакциныг хийлгэснээр энэ өвчнөөс сэргийлээд зогсохгүй дахиад дөрвөн өвчний эсрэг дархлаатай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Нэг сумаар хоёр туулай гэдэг бол Нэг хатгалтаар таван өвчин гэх нь байна шүү дээ. Энэхүү вакцин нь хүүхдэд хийх хатгалтын тоог жилдээ 450 мянгаар багасгах гэнэ.
Тавт вакцины эхний тунг хүүхдийг хоёр сартайд, хоёр дахь тунг гурван сартайд, гурав дахь тунг дөрвөн сартайд тус тус хийнэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг тавт вакциныг нэвтрүүлэх нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ Хүүхдэд олон удаа тарьж хийдэг вакциныг ганцхан тарилтаар хийх боломжийг олгож байгаа тавт вакциныг Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэх эхлэл нэгэнт тавигдлаа. Энэ нь Монголын үрс эрүүл саруул бойжиж, эцэг эхчүүд бид сэтгэл тэнүүн байхтай холбоотой үйл явдал болж байна гэж онцолж байлаа.
/Өдрийн сонин2004-12-04/