Ерөнхийлөгч Өгөөж-ийн хэвийн боовоор сар шинийн идээгээ засна

Хэрэглэж дассан хэвийн боовоо авахаар хүмүүс ч сураглаж байгаа бололтой. Дашрамд дурдахад, Өгөөж-ийнхөн өнгөрсөн жилээ тун ч үр бүтээлтэй үдсэн гэнэ. Энэ бүхнийг тодруулж Өгөөж-Чихэр боов ХХК-ийн маркетингийн албаны дарга Н.Энхчимэгтэй ярилцлаа.
-Танай компани 2004 оныг амжилт бүтээлийн арвин ургацтай үджээ. Бүр олон улсын эрх бүхий байгууллагаас шилдэг гэсэн өргөмжлөл авсан тухай сонслоо?
-Тийм ээ. Өнгөрч буй он манай хамт олны хувьд маш сайхан жил байлаа. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт оновчтой маркетинг, менежмент хэрэглэн, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, шинэ нэр төрлийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн амжилттай ажилласныг үнэлж Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхим Алтан цомоор шагнасан. Энэ хүндтэй шагналыг Монголоос анх удаа манай компани авсан нь манай бүтээгдэхүүн дотооддоо төдийгүй гадаадад нэр хүндтэй байгаагийн тод жишээ юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, МYХАYТ-аас хамтран зохион байгуулдаг үндэсний топ 100 аж ахуйн нэгжийн хүндэт өргөмжлөл, МYХАYТ-аас зохиодог оны шилдэг арван аж ахуйн нэгжийн Болор цомын шагналыг хүртсэн. Түүнчлэн Бизнес фестивальд шалгаран гурав дахь удаагаа Алтан өргөмжлөл хүртэж, олон бүтээгдэхүүнээрээ шилдэг бүтээгдэхүүний шагнал авсан нь манай байгууллагын ажил хэр өөдрөг урагштай байгааг илтгэх бизээ.
-Шинэ оны эхний өдрөөс л танайх Цагаан сарын хэвийн боов үйлдвэрлэж эхэлсэн тухайгаа мэдээлж байсан. Анхны хэрэглэгчид хэдийнэ хэвийн боовоо худалдаж авсан уу?
-МYХАYТ-аас оны шилдэг арван аж ахуйн нэгж, шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулдаг ENTREPRENEUR-2004-ийн Болор цомын шагналыг манайх авсан тухай түрүүн дурдсан. Энэ үеэр шилдэг болсон компаниуд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээрээ сугалаа явуулдаг уламжлалтай юм билээ. Манай компанийн шилдэг бүтээгдэхүүнүүд болон Цагаан сарын тавгийн идээний иж бүрдэл Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид таарсан. Өгөөж-ийн хэвийн боовны шинэ оны анхны хэрэглэгч Ерөнхийлөгч болсонд бид их бэлгэшээж байгаа.
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сараар зассан тавгийн идээний өнгө зүс, амт сайхан байвал тэр жилдээ тухайн айлын ажил үйлс, хийморь лундаа өөдрөг, идээ будаа элбэг дэлбэг байна гэж монголчууд бэлгэшээдэг. Ийм учраас Өгөөж-Чихэр боов компани сар шинийн баярын үйлдвэрлэлдээ бүтэн жилийн турш бэлтгэн хэрэглэгчдийн дунд судалгаа явуулан, үүнийхээ үндсэн дээр хэвийн боовныхоо жор, амт чанар, өнгө үзэмжийг хэрэглэгчдийн сэтгэлд нийцүүлсэн.
-Тэгвэл танай Угалз хэвийн боов өнгөрсөн жилийнхээс арай өөр болсон гэсэн үг үү?
-Ер нь манай бүтээгдэхүүний амт чанар сайн л даа. Гэхдээ цаг хугацааны аясаар бид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийнхээ хүсэлт таашаалд нийцүүлэн өөрчлөх ёстой гэж үздэг. Судалгаанаас үзэхэд хэвийн боовны чихэрлэгийг жаахан нэмбэл илүү сайхан амттай болно гэсэн байсан. Тиймээс бид хэвийн боовны амт чанарыг илүү сайн болгох үүднээс жорондоо багахан өөрчлөлт оруулж чихэрлэгийг нь нэмсэн. Илүү сайхан амттай болсон гэсэн үг л дээ.
-Айл бүр л Цагаан сарын тавгийн идээндээ хэрэглэх хэвийн боовоо авах нь ойлгомжтой. Харин Өгөөж тэр их эрэлт хэрэгцээг хангаж чадах уу?
-Манайх оны эхний өдрөөс л сар шинийн тавгийн идээний хэвийн боов, суурь еэвэнгийн эрчимжүүлсэн үйлдвэрлэлээ эхэлсэн. Хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангах зорилгоор жирийн үеийнхээс хэд дахин илүү хүчин чадлаар ажиллаж хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахыг хичээнэ. Хэвийн боовоо 15 болон 21 ширхэгээр савлан худалдаанд гаргасан. Сав бүрт амталгааны боов үнэгүй дагалдаж байгаа төдийгүй яаж хадгалах, хэрэглэх зааврыг бичсэн байгаа.
Дашрамд дурдахад, энэ сарын 10-наас эхлэн захиалгаар шар тостой хэвийн боов хийж эхэлнэ.
-Худалдан авагчдад зориулсан ямар нэгэн урамшуулал бий юу?
-Манай нэрийн дэлгүүрүүдээс энэ сарын 15-ны дотор хэвийн боов худалдаж авсан хүн бүр сугалаанд оролцоно. Сугалааны хонжвор нь тавгийн идээний иж бүрдэл болон бусад бүтээгдэхүүнүүд байна.
Энэ хугацаанд бид бүтээгдэхүүндээ тодорхой хувиар хямдрал зарлаж байгаа.
-Уучлаарай. Цагаан сар болоход сар гаруйн хугацаа байна. Одоо хэвийн боов авахад эртдэхгүй юу?
-Эртдэхгүй ээ. Манайхан цагаа тулгаж юмаа бэлддэг. Битүүнд хүртэл хэвийн боовоо аваагүй явж байдаг. Тийм болохоор эртхэн авч хадгалах нь зүйтэй юм.
-Одоо худалдаж авсан боовоо яаж хадгалах вэ?
-Хэвийн боов худалдаж авсан хүмүүс гялгар уутанд хийж хөлдөөж хадгална. Битүүний өглөө оруулж ирээд гэсгээн таваг засахынхаа өмнө шар тосоор бага зэрэг тослоод тавьбал их сайхан өнгөтэй болно. Олон жилийн хугацаанд шалгарсан жороор хийж байгаа болохоор хатдаггүй.
-Өгөөж шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн гэсэн. Энэ тухай манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Өнгөрсөн онд манай компани өөрийн хөрөнгөөр 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дэлхийн стандартад нийцсэн Герман, Итали, Щвейцарийн нарийн боовны автомат тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Италийн Мимак фирмийн нарийн боовны шугам дээр шинэ оны эхний өдрөөс шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Өгөөж-ийн хэрэглэгчид маргаашаас эхлэн Mini баялаг, Mini зочин, Долгионт зэрэг амт чанараараа гайхагдам хэлбэр хэмжээгээрээ ч таашаагдам шинэ бүтээгдэхүүнийг амтархан идэх боломжтой болж байна. Мөн нэгдүгээр сарын 10-наас Щвейцарийн Рондодож, Германы Миве фирмийн мэргэжилтнүүд ирж бусад шугамыг суурилуулна. Энэ бүх шинэчлэл нь нарийн боов, жигнэмгийн төрлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэлхийн стандарт, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, цаашлаад хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой.
120 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Өгөөж-Чихэр боов компанийнхан Цагаан сарын хэвийн боовны үйлдвэрлэлээ хэдийнэ эхэлжээ. Амт чанар, өнгө үзэмж нь урьд урьдынхаас сайжирсан Угалз хэвийн боовыг худалдан авахыг хүссэн хэн боловч Өгөөж-ийн нэрийн дэлгүүрийг зориорой. Таны хэрэгтэй бараанаас гадна тэнд азын сугалаа, үнийн хямдрал бас амтат шинэ жигнэмгүүд хүлээж байна.
/Өдрийн сонин 2004-12-04/