Монгол-Ньюс-ийн Балдорж

Хэрвээ Ц.Балдоржийн имижийг илэрхийлэх ганц үг олж хэл гэвэл Далайц гэлтэй. Даац ч гэсэн болно доо. Харин хоёрхон үгээр үнэл гэвэл Даамай чанар буюу Далд цэнэг гэе. Залгуулаад нэг тодотгол нэмэхээр байвал Зангараг гэж байж болох. Эдгээрийг энгийн тоон хэлбэрт шилжүүлж томъёолбоос Далайц+Даац+Даамай чанар+Далд цэнэг+Зангараг=Ц.Балдорж.
Ингэж илэрхийлэхийн учир гэвэл
Ц.Балдоржийн бичсэн зүйл, бүтээсэн үйлс, хийсэн алхам, хэрэгжүүлсэн зорилт, шийдэл, сэтгэлгээ. . .тэр бүхнээс нь далайц харагдаж, даац ханхалж, даамайн шинж танигдаж, далд цэнэг илэрч байхаар барахгүй, заавал ч үгүй цаанаа нэг зангараг зааж байдаг.
Бялдтай сэтгэж, бялттай бичдэг нэгэн
1980-аад оны дунд үе юмдаг. Тухайн цагтаа туг болон мандаж байсан Yнэн сонин Лодонгийн Түдэв гэдэг лут нөхрөөр удирдуулж бут авдаг байлаа шүү дээ. Л.Түдэв хамт ажиллагсдадаа өндөр шаардлага тавьж шахаж, шавхуурдахын сацуу өөрөө үгийн уургаар санааны эмнэг морийг уургалж эдлэж номхруулах увидас, ур чадварын үлгэр дууриалал үзүүлж байсан. Түүний энд хүрч, эрвээнд дүйж ажиллахад амаргүй байсан ч бид хэрдээ хичээж, хэн нь юу чаддагаа харуулсан. Тэгэхэд Ц.Балдорж бялдтай сэтгэдэг, бялттай бичдэг, шандас сайтай шаггүй сэтгүүлч болохоо таниулж хэд хэдэн дорвитой өгүүлэл, нийтлэл бичиж нийгмийг доргиосон.
Хүр хорхой үржүүлж, хөвөн тарих хүмүүсээ яах вэ, Европт хүрсэн мөртөө малчныд хүртсэнгүй, Хомсдол, Ганц жил наслуулах гэж арван сар тээдэггүй. . . гэхчлэнгийн аль адармаатай атар сэдэв хөндөж асуудал дэвшүүлсэн хурц хурц өгүүлэл, нийтлэл гаргаж нэн хүчтэй резонанс үүсгэсэн.
Даан ялангуяа Далай ээж маань цаазын тавцанд (1987 он) гэсэн нийтлэл байгаль, экологийн чиглэлээр барагтай хүн хүчирч бичихээргүй тийм чамбай бүтээл болсноор барахгүй тэр үеийн нойрмог ноозгой байсан сэтгүүл зүйд нэг ёсны томоохон тэсрэлт болсон. Сэтгүүл зүй дэх сонин сюрприз, содон феномен гэхэд болно. Ер нь Балдорж тун чиг том гарын сэтгүүлч дээ. Оросоор бол Журналист высшего калибра гэмээр. Англиар The journalist of the highest calibre гэхэд болох байх. Далай ээж цаазын тавцанд нийтлэл нь аль тэртээ 18 жилийн өмнө гарсан хэдий ч өдгөө хүмүүс өөр хоорондоо дурсан ярьсаар л байх юм. Арга ч үгүй биз.
Чөлөөт хэвлэл гэдэг чинь хоточ нохой болохоос биш галзуу нохой биш шүү дээ. Шүүмжилсэн ч учиртай, ухаантай улс төрийн өндөр соёлтой хандаж хувь хүний нэр төрийг хамгаас илүүд үзэж үүгээрээ хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл гэж ямар байдгийг харуулж өрнөдийн сэтгүүл зүйн өнгө төрх, үнэт чанар, үнэр танарыг уншигч олон ухаарахад Өнөөдөр сонин өөрийгөө бүрнээ зориулж байна. Энэ бүхэн нь Монголд чөлөөт ардчилсан, хараат бус, бие даасан хэвлэл хөгжих үйл хэрэгт Балдорж, түүний нөхдийн байгуулсан гавьяа, барьсан хандив, үнэт хувь нэмэр.
Химийн хэлээр яривал айхтар хүчтэй катализатор адилаар өмнөх ингибатор шинжийг өөрчлөхүйц өвөрмөц нийтлэл байсан даа. Балдоржийн сэтгүүл зүйн үйл ажиллагаанд давуу тал, давтагдашгүй онцлог гэж бий. Тэр нь чухам юу юу байж таарах вэ? Сэдвийн сонголт сайтай, хэллэг нь энгийн атлаа их амттай, оновчтой олон баримт нотолгоотой, содон санаа, сонин шийдэл, авах сургамж арвинтай байх зэрэг үнэт зүйлүүд үргэлж мэдрэгддэг. Тайз дэлгэцийн бүтээлүүд нь ч гэсэн хэн бүхний хэлээгүйг хэлж, бодогдоогүйг нь бодогдуулж, ухааны сүвийг нь нээж, урам зориг нэмнэ. Хүч тэнхээ сэлбэх сэргээш мэт үйлчилж үзэгчдийн сэтгэлийг ариусган санааг нь уужруулж сайхан жүжиг үзсэний баяр жаргалыг эдлүүлнэ.
Ц.Балдорж бичвэл ч биччихнэ, бизнес хийвэл ч хийчихнэ, бусдыг удирдвал ч удирдчихна. Тал, талын авхаалж, авъяас, чадвар агуулсан аккумлятор шиг хүн. Балдорж хатуу шаардлагатай ч хаяа өлзийтэй хүн юм. Түүний гараар дамжсан Өдрийн сонин-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, Зууны мэдээ сонины ерөнхий эрхлэгч Ц.Цэцэгчулуун, Монголын Радиогийн ерөнхий захирал Б.Пүрэвдаш нар томоохон редакцууд толгойлохдоо зах зээлийн ширүүн салхинд шидүүлчихгүй, давалгаанд нь даруулчихгүйгээр тун дажгүй явж байна. Энэчлэн эдүгээ Ц.Балдоржтой үй зайгүй ойр ажиллаж байгаа үзэг нэгт нөхөд нь болох С.Батбаатар, Л.Болормаа, А.Баасандорж. . . нарын зэрэг залуус цахилж яваа гөрөөс лугаа адил цаанаа нэг гялалзуур. Цахиур хагалж байгааг нь өнөөдөр харахад маргааш тэд сэтгүүл зүйн ертөнцөд тод магнай болж торгон жолоог нь барилцах нь баараггүй дагаа. Ц.Балдорж эрх чөлөө, ардчилал гэж эрүүгээ чилтэл үглэдэггүй ч, хэвлэлийн магнат зэрэг хийсвэр зүйл ярьдаггүй ч хэлэхээсээ илүү хэрэгжүүлж, ярихаасаа илүү яс биелүүлэх л гэдэг. Ингэж хэлэхээр аль нэг атаархагчдын аллерги нь хөдөлж юуны магад. Хөдөлж л байг. Хичнээн хүн байна, төчнөөн хандлага байдаг хойно. Янз бүрээр л ойлгох биз. Би нэг бодгаль хүн болохынхоо хувьд Балдоржийн тухай бодлоо хэлж болно шүү дээ. Тэр нь хүн болгоны санаанд тохирч байх ч албагүй. Тохируулах ч гэж үүнийг бичээгүй. Тийм бололцоо ч байхгүй. Сайн юманд саад мундахгүй гэгчээр Балдоржийн амжилтад атаархах хүн ч байдаг л биз. Зохиoлч Д.Урианхай Сайн юм болгон өөрийн эсэргүүцэлтэй байдаг. Хичнээн сайн байх тусам төчнөөн их эсэргүүцэлтэй байдаг. Амьдрал гэдэг сонин. Сонин нь юундаа байдаг вэ гэхээр хамгийн чухал юм нь хамгийн хэцүү байдаг гэж хэлсэн. Yнэн л үг. Тамын тогооны үлгэрийг үргэлж хэлдэг нь монголчууд. Хаа очиж гадаадынхан ч бол гайгүй шүү дээ. Бид л бие биенээ идэмтгий. Энэ нь сайны шинж биш. Муугийн ёр. Yүгээр чөдрийн үгээ дуусгаж үндсэн сэдэвтээ эргэж оръё. Балдоржийн үйл ажиллагааны спектор үнэхээр өргөн агаад олон талтай даа. 1990-ээд оны эхээр тэрбээр төрийн Төв хэвлэл Ардын эрх сонины шавыг тавьж анхны галыг нь асаалцаж хөл дээр нь босгосон. Төдөлгүй Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл Өнөөдөр сонины өргөө гэрийг барьж өрхнийх нь оосрыг татаж үүдийг нь нээж үйлсийг нь дэлгэрүүлсэн. Өнөөдөр сонин нийгмийн нөлөө бүхий том хэвлэл болохын хувьд түмний анхаарлын төвд ямагт оршиж байдаг юм. Авлига, хүнд суртал, албан тушаалтны хариуцлага, байгаль хамгаалал, эдийн засаг-нийгмийн эгзэгтэй тулгар асуудал. . .гэхчлэн энэ сониноор хэлээгүй үг, хөндөөгүй сэдэв гэж бараг үгүй. Ингэхдээ Өнөөдөр сонин мэргэжил, ёс зүйн зарчмаасаа хэзээ ч хазайж байсангүй. Гажуудал, доголдлыг шүүмжлэхдээ ч гэсэн галзуу нохой шиг бусад руу дайрч, учир зүггүй урж тасдчих гээд байсангүй. Эндхийн сэтгүүлчид хэлэхдээ хэм сахиж байсан болохоос биш сониноор дамжуулан агсам тавьж согтуу арслан шиг авирладаггүй. Ийм л байх ёстой. Чөлөөт хэвлэл гэдэг чинь хоточ нохой болохоос биш галзуу нохой биш шүү дээ. Шүүмжилсэн ч учиртай, ухаантай улс төрийн өндөр соёлтой хандаж хувь хүний нэр төрийг хамгаас илүүд үзэж үүгээрээ хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл гэж ямар байдгийг харуулж өрнөдийн сэтгүүл зүйн өнгө төрх, үнэт чанар, үнэр танарыг уншигч олон ухаарахад Өнөөдөр сонин өөрийгөө бүрнээ зориулж байна. Энэ бүхэн нь Монголд чөлөөт ардчилсан, хараат бус, бие даасан хэвлэл хөгжих үйл хэрэгт Балдорж, түүний нөхдийн байгуулсан гавьяа, барьсан хандив, үнэт хувь нэмэр.
Давхар нүүдэлтэй далд цэнэгтэй нэгэн
Хэвлэлийн бизнес эрхлэх нь Ц.Балдоржийн
мятрашгүй үйл ажиллагааны маш чухал тал нь юм. Бизнес бол тэмцэл гэж Солонгосын алдартай киноны нэг баатар хэлсэн байдаг. Нээрэн л тийм байх. Хэвлэлийн бизнес гэж ярихад хөнгөн ч явахад бэрх тэр замд хөдөлгөгч локомотив, хөхүүлэн дэмжигч лейтмотив нь Монголдоо Балдорж л байна. Хэвлэл мэдээллийн менежмент нь хэрэг дээрээ юу байдаг, яахыг хэлдгийг манайхны ихэнх нь ойлгодоггүй. Ойлгосон нь ч чаддаггүй дээрээс аргаа барахдаа эд мөнгөөр даллаж, элдэв зүйл амлан байж арайхийн хэдэн сонин захиалуулахаас хэтрэхгүй байгаа нь нууц биш. Аз сорих аргыг хааяадаа хэрэглэж болох ч түүнийг хэт хөөрөгдөх хэрэггүйсэн. Учир нь сонин гэдэг сугалаа биш. Сугалаа гэдэг ч сонин биш. Огт ондоо ойлголт. Ажил хэрэгч чанар, авьяас ур чадвар, мэргэжил ёс зүйн өндөр төвшинд ажиллаж чадах эсэхээрээ шударга өрсөлдөхийн оронд шууд л эд мөнгө амлаж шуналын хорхойг нь гозгонуулах нь аль ч талаас авч үзсэн зөвтгөөд байх зүйл биш. Yүнийг өгүүлэхийн учир гэвэл хэвлэлийн бизнес хийхийг бага мэддэг нэг нь Балдоржоосоо суралцана уу л гэх гэсэн юм. Дэлхийн хэвлэлийн мундаг магнатууд бүр тодруулбаас Австралийн Руперт Мердок, Энэтхэгийн Азим Премжи, Италийн Сильвио Берлускони, Америкийн Тед Тернер, Ройтерсийн Питер Жоб, Австралийн Керри Паркер нарын ажилладаг арга барилтай Балдоржийнхыг харьцуулж жишиж үзэхэд тун ханатай, нэн төстэй. Тэд хэвлэлийг зөвхөн дан хэвлэлээр нь хөгжүүлэх гэсэн ганц чиглэл барьдаггүй, гарц болгоныг хайдаг. Р.Мердок гэхэд л хэвлэлээс гадна телевиз, киноны салбарт хүч сорьж, интернэт рүү нэвтэрсэн. Yйл ажиллагааныхаа хүрээг үргэлж тэлсээр Австралиар зогсохгүй Америк, Англид асар том байр суурьтай болж бууриа баттай зассан. С.Берлускони гэхэд л телевизийн сувгуудыг эзэмшихийн хажуугаар барилгын салбар, нарны хаалтны үйлдвэр, А.Премжи гэхэд л мэдээлэл технологи, үнэт цаасны үйлдвэрт хөл тавьж хүчээ сорьдог. К.Паркер хэвлэл мэдээллээс хэдийнэ хальж эмийн үйлдвэрийг ихэд сонирхох болсон. Т.Тернер бизоны аж ахуйгаас багагүй ашиг унагасан. Тэр ч бүү хэл далбаат завь, бейсбол, гольф гэх зэрэг спортын элдэв уралдаан тэмцээн ч эдний харааны хажуугаар өнгөрсөнгүй. Ингэж их овсгоо, сүйхээтэй олон талтай байж гэмээнэ хэвлэл мэдээллийг хөгжүүлэх бэл бэнчинтэй болдог байх нь ээ. Тэрний учрыг Балдорж ухаарахаараа нэг ухаарчээ. Хэвлэлийг гэхэд хэд хэдээр нь, дээр нь нэмж телевиз, радио, кино, гэрэл зураг, видео бичлэг өөр юу юу байж болохыг багтаан сэтгэж улмаар зочид буудал, аялал жуулчлал, ажилчин гадагш гаргах. . . гэх зэрэг хүрээ томтой хүртээмж сайтай хөдлөх гэдэг. Хэрвээ хэвлэлийн бизнес эрхлэх гэж байгаа бол ингэж л ажиллах ёстой байх. Бэрхийг давж бэлэнд хүрнэ, хүндийг гаталж хүссэнээ биелүүлнэ, уйгагүй хүн уул нүхэлнэ, тэвчээртэй хүн тэвнээр газар ухна гэсэн цэцэн үг, цэлмэг сургаал Цэрэндоржийн Балдоржид цохиж байна гэж яана. Балдоржийн барьдаг тактик ажилладаг арга нь гэвэл дайралт ирвэл хориглох бус давших, хойргоших бус хурдлах, ард хоцорч сүүл барих гэхээсээ амжиж өмнө нь өрсөн орж түрүүлэхийг чухалчлах, хатуугаас халгахгүй, эрсдэлээс эмээхгүй, зорьсондоо хүрэхийн тулд зоримог шийдэмгий байх зэрэг нь дэлхийн хэвлэлийн тэргүүлэх магнат Т.Тернерийг санагдуулдаг. Тернер хоногийн 24 цагийн дөрөвний гурвыг ажил дээрээ өнгөрөөдөг бол тэрнээс Балдорж тэгтлээ нэг их дутахааргүй олон цагаар ажилладаг. Балдоржийг давхар нүүдэлтэй, далд цэнэгтэй гэж хэлэхэд яагаад хүрэв гэхээр тэр эхлээд сонин гаргаж байсан анхны алхмаа ахиулж хэвлэлийн бизнест хөл тавьснаас хойш дан нүүдэл хийдгээ өөрчилж дандаа давхар нүүдэл хийх болсон. Тэгэхдээ ухааныхаа илдний ирийг улам улам хурцалж, далд орших цэнэгээ ил гаргахдаа баригдаж гүйцэгдэхгүй хурдтай, барагтайд шавхагдахгүй потенциалтайгаа харуулсан. Хэвлэлийн бизнест хүч сорьж ухаан задарсан хүн улс төрд ч шалгарах шаанстайг Италийн Берлусконий амьдрал илхнээ баталж байна. Английн Daily Telegraph сонинд бичсэнээр бол тэрбээр Засгийн газрыг одоогоор 1300 өдөр толгойлж байгаагаараа дэлхийн II дайнаас хойших 58 жилд 59 Засгийн газартай байсан Итали орны түүхэнд рекорд амжилт тогтоочихлоо. С.Берлусконид байдаг сиймхий сэргэлэн, гүйлгээтэй нарийн ухаан, гүйцэтгэх өндөр чадвар Монголын Балдоржид бага заяасан гэж би л хувьдаа бодохгүй. Балдоржийн үйлс нь бүтэж, ажил нь амжиж өөдрөг өнгөлөг явахад нь түүний түшигт сайн хань, нарны туяа, сарны гэрэл шиг сайхан бүсгүй Шүр сүр сүлд нэмж сүлж байдаг. Шүр гэнгүүт Н.Сувд санаанд орж байна. Н.Сувд хаана явна, тэнд гэгээ татаж гэрэл цацарч байх мэт байдаг. Саруул талын цэцэг шиг сайхан төрсөн энгүй үзэсгэлэнт эмэгтэй, хэвлийдээ тээж, өлгийдөж өсгөсөн юм болохоор охид нь ийм од мэт онцгой, сар мэт саруул байдаг юм байлгүй дээ. Н.Ганхуяг ч нь гэсэн гадаад хэлд сүрхий, гаргуун боловсролтой хүү юм гэсэн. Балдоржийнхныг хэл соёл хурсан, хэмгүй эрдэм цогцолсон гэр бүл гэхэд хэтрүүлэг болохгүй. Англи, орос, испани, солонгос. . .зэрэг өрнө дорнын хэлээр өөр хоорондоо хийгээд гадаадынхантай харилцахад нь гайхаад байх явдалгүй. Шүрийнхээ ээжийг манай Балдорж дандаа маам гэж дууддаг нь машид эерэг сонсогддог. Энэ оны нэгдүгээр сарын 2-нд 25 дугаар суваг ТВ-ээр Л.Цогзолмаа гуайн тухай тусгай нэвтрүүлэг гарахыг хараад тэрхүү тэнгэрлэг хүнээр бахархах сэтгэгдэл дахин төрөв. Эднийхэнд цөмд нь өндөр хүндэтгэлтэй хандах өөр шалтгаан надад бий. Өрхийн тэргүүн агсан Ц.Намсрай гэж алт шиг нандин хүн анх намайг бүүр 1971 онд Yнэн сониндоо авч сэтгүүлчийн дөр суулгасан ачийг нь яахан мартах билээ. Тэгвэл одоо энэ сайн айлын эрхэм сайхан хүргэн Ц.Балдорж улс орондоо ул мөртэй, ард зонд ач тустай, үлэмжийн чухал үйл хэрэг бүтээж хэвлэл мэдээллийг чөлөөт ертөнцийн жишиг дагуу жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гэж цөхрөлтгүй зүтгэснийх нь үр дүн үзтэл ил байгаа. Өнөөдөр сонин, түүний дагуул Таван цагариг, Ням гариг. . . гэх мэт хэвлэлүүдийг хүн ард хүсэн хүлээж, хүндэтгэн таалж хужирсан уншдаг болой. Тэдгээрээс гадна англи хэлээр гардаг UB Post гэдэг сонин харийнхнаас Монголыг тольдон таних том цонх болж байна. Одоо бас энд онцолж нэмж дурдмаар нэг зүйл байх юм. Тэр нь юу вэ гэвэл, нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт жаахан тодруулбаас Жуулчны гудамжнаа өвөрмөц өнгө зүс, ухаан зарсан ур хийц, шилдэгт багтах шинэ шийдэл шингэсэн нарийн хэв загвартай найман давхар барилга сүндэрлэн боссоны ханан дахь хаягийг нь харваас Монгол Ньюс гэж тодоос тод, томоос том дурайж байна. Гаднаас харахад хачин чамин тэр барилгын дотор ороход юу, юу байна гэхээр Монгол Ньюс групп, Өнөөдөр сонин, түүний дагуул хэд хэдэн хэвлэл, 25 дугаар суваг чөлөөт телевиз, мэдээллийн тов хийтэл тохижуулсан тохилог төв, тэрчлэн тэнд ажиллагсдын ая тухыг хангахад авсаар шаардагдах бүх зүйл бүрдмэл. Орчин цагийн техник, төхөөрөмжөөр өвч тоноглогдсон төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн очиж оролцон тууз хайчилж, тухлан саатаж, утга гүн үг хэлж, урам сэргэм үнэлэлт хайрлажээ. Аль нэг барилга ашиглалтад орох тоолонд төрийн тэргүүн ирж тууз хайчлаад байхгүйг бодсон ч, энэ үйл явдлыг энгийнд тооцож боломгүй.
Монгол Ньюс мэдээллийн төв үүдээ нээснээс хойших хоногуудад уулзалт, ярилцлага, хэвлэлийн бага хурал. . . зэрэг өч төчнөөн үйл явдал өдөр өнжилгүй өрнөх янзтай. Орох, гарах газраа олж ядаж явдаг сэтгүүлч нөхөд нь Балдоржийнхоо бариад өгсөн өргөөнд шавж шавай нь ханаж байх шиг байна. Хувийн хэвшлийн мэдээллийн өдий зэргийн өргөн сүлжээ бүхий өвч тоноглогдсон төвийг анхлан санаж байгуулсан нь аргагүй л бүтээлч үйлс. Гавьяа гэсэн ч болно. Yүнийг үнэлэхгүй бол юуг үнэлэх билээ. Цөхрөлтгүй хөдөлмөрлөж, мятрашгүй мэрийснийхээ үр дүнг нь үзэж байгаа ч энийгээ Ц.Балдорж эцсийн буудал, сүүлчийн зогсоол гэж үзэхгүй байна. Ололтод онгирохгүй, амжилтад алмайрахгүйгээр хийсэн дээрээ хийж, бүтээсэн дээрээ бүтээх гэж цай хоолоо умартаж, цаг наргүй шамдаж улам, улмаар урагшлах гэх нь Балдоржийн барьдаг зарчим, баримталдаг кредо. Ингэсхийгээд түүний туурвисан шинэ жүжиг тайзнаа тавигдах гэж байна. Уран зохиолд төдийгүй шинжлэх ухаанд ч шинэ үг хэлж, шинэ шан татах юм шиг байна. Өмнө нь хамгаалсан эрдмийн зэргээ дахин нэг том шатлалаар ахиулахаар шаргуу ажиллаж байна. Харь оронд хамгаалах эрдмийн зэргийнх нь сэдэв эл дол болоогүй эмнэг атар, үнгэгдэж нухлагдаагүй үнэ цэнт шинэ сэргэг сэдэв. Тэрийг нь адгаж би зарлаад яах вэ дээ. Аяндаа тодорхой болох юм чинь.
Аливаа хүн өндөр зорилт өмнөө дэвшүүлж, түүндээ хүрэх сайхан. Амжуулж хийснийг нь хараад ард түмэн нь бахархах бүүр ч сайхан. Ц.Балдоржийн маань хүсэн мөрөөдөж, зорин тэмүүлж буй үйлс бүтэмжтэй байхын өлзийт ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье юү, дээш дээш нь дэлгэн дэвшүүлье юү.
/Өдрийн сонин 2004-12-04/