Эвсэл задарч,УИХ 37 бие даагчтай болов

УИХ нэг дэд даргатай Yлдэв

Ингэснээр УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлэг татан буугдаж, УИХ нэг дэд даргатай үлдэв.
Үйл явдал хэрхэн өрнөснийг товчхон өгүүлье. Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллагаас тус эвслийг татан буулгах шийдвэр гаргасан. Удирдах дээд байгууллага гэдэг нь АН-ын ҮЗХ, Эх орон-МАШСН-ын Бага чуулганы гишүүдийн хамтарсан хуралдаан. Уг хуралдаан өнгөрсөн сарын 26-нд болж Эх орон-Ардчилал эвслийг татан буулгах шийдвэр гаргажээ. Энэ хуралд АН-аас 40-өөд хүн, Эх орон-МАШСН-аас 140-өөд хүн оролцож эвслийг татан буулгах шийдвэрт АН-ыг төлөөлөн М.Энхсайхан, Л.Гүндалай, Тунгалаг нар гарын үсэг зурсан байна.
УИХ-ын тухай хуулиар бол парламент дахь эвсэл тарж байгаа тохиолдолд уг шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлж, түүнээс хойш хамгийн эхний чуулганы хуралдаанд мэдээлэх ёстой.

б.эрдэнэбатын мэдээлэл ӨӨрӨӨ УИХ-ын шийдвэр юм

Хуулийн дээрх заалтын дагуу өнгөрсөн сарын 30-ны УИХ-ын нэгдсэн хуралдаанд Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрээр УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийг удирдах дээд байгууллагын шийдвэрээр татан буулгасныг эрхэм гишүүдэд уншиж сонсголоо. Энэ нь Монголын парламентийн түүхэнд УИХ дахь эвсэл албан ёсоор татан буугдаж буй анхны тохиолдол байв. Тийм учраас хуралдааныг ямар процедураар явуулах шийдвэр гаргах эсэх нь эрхэм гишүүдэд бүрхэг байлаа. Үүнд хариулт болгож УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Ж.Нарантуяа хууль зүйн лавлагаа, тайлбар хийв. Түүний хэлснээр бол Эх орон-Ардчилал эвсэл татан буугдсан тухай УИХ-ын хуралдаанд зөвхөн мэдээлэх үүрэгтэй. Энэхүү мэдээлэл нь өөрөө эвсэл татан буугдсаныг нотлох шийдвэр болох юм байна. Хуулийн энэ заалтыг УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн гишүүдын олонхи нь хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ тэд Эх орон-Ардчилал эвслийг татан буулгаж байгаа удирдах дээд байгууллагын шийдвэр гэгч нь хууль бус, эвслийг татан буулгах эрх бүхий субектээс гаргасан шийдвэр биш гэж үзэж байлаа. Энэ байр суурийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Ламбаа, Ч.Содномцэрэн, С.Баярцогт нар хатуу илэрхийлж байсан ч амжилт олсонгүй. Эрхэм гишүүд гурван цаг хуралдсаны эцэст УИХ-ын дарга Н.Энхбаяр алхаа тогшиж энэ асуудлыг эцэслэв. Ингэснээр хуульд заасан ёсоор Эх орон-Ардчилал эвслийг татан буулгасан тухай мэдээллийг УИХ сонсч, мэдээллийг сонсоноор УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн үйл ажиллагааг татан буулгав. Гэхдээ УИХ-ын дарга Н.Энхбаяр Бид хуулиа зөрчиж болохгүй. Өнөөдрийн хурал хуулийн хүрээнд болж, Б.Эрдэнэбат даргын УИХ-д сонсгосон мэдээлэл өөрөө Эх орон-Ардчилал эвслийг татан буулгалаа. Өөрөөр хэлбэл, энэ мэдээлэл нь УИХ-ын шийдвэр болж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс хууль журмын дагуу хянуулж шүүхэд хандах эрх нээлттэй. Хэрэв зохих байгууллагаас нь УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгобол Эх орон-Ардчилал эвслийн үйл ажиллагаа сэргэх болно. гэж байв.

эвсэл СЕХ-г Ч хуурЧээ

Хуралдааны үеэр олон гишүүн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр нэгэн ноцтой мэдээлэл дэлгэсэн юм. Энэ нь Эх орон-Ардчилал эвсэл анх сонгуульд оролцохдоо Сонгуулийн ерөнхий хороонд хуурамч материал бүрдүүлж өгсөн тухай байв.
Эх орон-Ардчилал эвслийн дүрмээр бол тус эвслийн удирдах дээд байгууллага эвслийг тараах эрхтэй. Уг заалтыг Эх орон-Ардчилал эвслийн хавсралт гэрээгээр зааж сонгуулийн ерөнхий хороо түүнийг нь үндэслэн сонгуульд оролцох эрх олгосон юм байна. Харамсалтай нь Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллага болох АН-ын ҮЗХ, Эх орон-МАШСН-ын Бага чуулганы гишүүдийн хамтарсан чуулганаар уг хавсралт гэрээг баталсангүй. Зөвхөн М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар сонгуульд оролцох эрх олж авахын тулд дээрх гэрээг хоорондоо ярьж байгаад хоёулахнаа баталж гарын үсэг зурсан юм байна. Энэ талаар Б.Эрдэнэбат зарим гишүүдийн асуултад хариулахдаа ам алдсан юм.
Эх орон-Ардчилал эвслийн олонхи гишүүн энэ хууль бус ажиллагааг мэддэг ч амаа барьж явсан бололтой. Харин эвсэл задарч өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөд эхэлмэгц Б.Эрдэнэбат, М.Энхсайхан нар анхнаасаа хуурамч гэрээ байгуулсан, түүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хоёр дарга руугаа ноцож байгаа. Үүнээс ч хатуу үгийг гишүүн С.Баярцогт, О.Энхсайхан нар хэллээ. Гишүүн С.Баярцогт Тодорхой атгаг санаатай хүмүүс өөрт таалагдахгүй болохоор Монголын төрөөр тоглодогийг больё. Тодруулбал, Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбат, манай намын дарга байсан М.Энхсайхан тэдний цаана байгаа Ерөнхийлөгч Н.Багабанди нарт ёс суртахуун алга. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд өөртөө таалагдахгүй шийдвэрийн төлөө Монголын төрийг золиосолж байна. Ийм хүмүүсээс хамгаалахын тулд, Монголын төрд дархлаа тогтоохын тулд хууль дүрмээ боловсронгуй болгох ажлын хэсгийг даруйхан байгуулья.
Гишүүн О.Энхсайхан Манай намын хэсэг хүмүүс дүрмийн бус үйл ажиллагаа явуулж намын даргын албан тушаалыг хууль бус замаар авсан. Энэ нь аажимдаа эвслийг тараахад хүргэлээ. Бид хэдхэн сарын өмнө ард түмэндээ юу амлаад, юу яриад явж байлаа. Гэтэл өнөөдөр эвсэл нь задарч УИХ-д албан ёсны бүлэггүй болчихоод сууж байна. Энэ бүхэнд манай намын дарга нар буруутай. Би залуу хүний хувьд та нарын өмнөөс ичиж ард түмнээсээ айж байна. Манай намын дарга нар гэж яасан хуйвалдаж дуусдаггүй улс вэ. Гудамжинд явсан ч, төр барьсан ч бие биетэйгээ сөргөлдөж албан тушаал булаацалдаж байдаг. Зүй нь бид өнөөдөр үүнээсээ ичиж энэ чуулганы танхимаас гарч явах ёстой гэж байлаа. Мөн зарим гишүүн анх сонгуульд орохдоо Эх орон-МАШСН гэж мөргөх шахан байснаа одоо болохоор Эрэл компанийн, ганц хүний нам гэж хамтрагчаа улалзууллаа хэмээн АН-ын гишүүдийг шүүмжиллээ.

Эвслийг хэн тараах эрхтэй вэ

Үнэндээ бол сонгуулиас хойш тогтворжиж байсан төрийг Эх орон-МАШСН-ынхан нэг л өдөр самарч орхилоо. Юу шалтгаалсан нь тодорхой бус ч сүүлийн өдрүүдэд АН дотор үүсээд байгаа задрал, тамгаа булаацалдсан хоёр даргын зөрчил Эх орон МАШСН-ыг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн нь гарцаагүй юм. Тус эвслийг задалсныг эсэргүүцэж Эх орон-Ардчилал эвслээс УИХ-д сонгогдсон 34 гишүүний 31 нь гарын үсгээ зурж эвслийн үйл ажиллагааг хэвээр байгааг УИХ-ын даргад мэдээлсэн. Гэвч энэ нь эвслийг татан буулгасан шийдвэрийг хүчингүй болох үндэслэл болж чадсангүй. Гишүүдийн дунд маргаан тарьсан өөр нэг сэдэв бол УИХ-ын тухай хуулийн заалт байлаа. УИХ-ын тухай хуулийн 21.8-д УИХ-д суудал бүхий аль нэг нам тарах буюу намууд эвслээ цуцалбал тухайн нам эвслийн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болно гэж заажээ. Энэ заалтыг гишүүд хоёр өөрөөр ойлгож байв. Эхний хэсэг нь буюу Р.Гончигдорж нар эвслийг задлах шийдвэрийг тухайн эвсэлд нэгдсэн намууд гаргана. Түүнээс биш, эвсэл өөрөө шийдвэр гаргаж эвслээ задлахгүй гэж байв. Харин МАХН-ыхан болон бие дааж УИХ-д сонгогдсон гишүүд тэр ч бүү хэл, эвслийн зарим гишүүн Эвслийг эвслийн удирдах дээд байгууллагын шийдвэрээр тараана гэж үзэж байгаа. Тийм учраас дээрх хуулийн заалтыг юу гэж ойлгох талаар Дээд шүүхээр тайлбар гаргуулах хүсэлтэйгээ илэрхийлж Б.Эрдэнэбат даргын мэдээллийг хойшлуулж өгөхийг хүсч байсан юм. Хариуд нь УИХ-ын дарга Бид нэгэнт мэдээллийг сонсчихлоо. Сонсчихоод сонсоогүй гэх нь утгагүй. Тийм учраас хуулиа баръя. Хэрэв шүүхийн тайлбар өөрөөр гарч эвсэл тараасан тухай шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл Эх орон-Ардчилал эвслийн үйл ажиллагааг дахин сэргээж болно гэж байсан.

эвсэл тарснаар цаашид юу болох вэ

Шинэ оноос нэг өдрийн өмнө болсон энэхүү үйл явдал эрх зүйн хувьд хоорондоо уялдаатайгаар хэд хэдэн үйл явдлыг тодорхой болгож байгаа юм.
Нэгдүгээрт. Эх орон-Ардчилал эвсэл дүрэм, гэрээндээ заасан эрх хэмжээнийхээ хүрээнд татан буугдсан. Үүнийг эвслийн удирдах дээд байгууллагын шийдвэр, түүнийг баталгаажуулсан хурлын тэргүүлэгчдийн гарын үсэг нотолж байгаа.
Хоёрдугаарт. Б.Эрдэнэбат УИХ-ын тухай хуульд заасны дагуу Эх орон-Ардчилал эвслийг татан буулгасан шийдвэрийг парламентад мэдээлсэн. Уг мэдээлэл нь өөрөө Эх орон-Ардчилал эвслийг татан буулгах шийдвэр болж байгааг УИХ-ын тухай хуулийн 21.8-д заажээ.
Гуравдугаарт. Эх орон-Ардчилал эвсэл татан буугдсанаар УИХ 37 бие даагчтай, нэг намын бүлэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл УИХ-д МАХН-аас өөр бүлгийн статустай улс төрийн хүчин байхгүй болов. Хуулиар бол наймаас дээш суудалтай нам парламентад бүлэг байгуулах эрхтэй. Эвсэл задарч АН 15 суудалтай болж байгаа ч тэр нь эрх зүйн хувьд бүлэг байгуулах боломжгүй. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 21.1-д тухайн нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон наймаас доошгүй суудалтай улс төрийн хүчин, парламентад намын бүлэг байгуулж болохоор заажээ. Өөрөөр хэлбэл АН-ын 15 гишүүн анх УИХ-ын сонгуульд АН-аас биш, Эх орон-Ардчилал эсвлээс нэр дэвшин сонгогдсон тул дээрх хуулийн заалттай харшилж байна. Түүнчилэн УИХ-ын тухай хуулийн 21.2-т наймаас доош суудал авсан хэд хэдэн намыг төлөөлж байгаа гишүүд нийлж намын бүлэг байгуулж болохгүй тухай заасан. Энэ нь хоёр суудалтай ИЗ-БНН, долоон суудалтай Эх орон-МАШСН цаашид аль нэгэн улс төрийн хүчинтэй хамтарч намын бүлэг байгуулж болохгүй гэсэн үг юм. Тэд найман суудалтай болсон ч АН-ын адил бүлэг байгуулах эрх нь хаалттай юм.
Дөрөвдүгээрт. Эвсэл задарснаар УИХ нэг дэд даргатай үлдэв. УИХ-ын тухай хуульд зааснаар бол парламентад суудалтай нам эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгодог. Энэ заалтын дагуу Эх орон-Ардчилал эвслийн бүлгээс С.Оюуныг, МАХН-ын бүлгээс Д.Лүндээжанцан нарыг УИХ-ын дэд даргаар сонгоод байсан юм. Одоо эвсэл задарч Эх орон-Ардчилал гэсэн УИХ-ын бүлэг байхгүй болсон тул С.Оюун дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх учиртай.
Тавдугаарт. УИХ-ын сонгуулиас хойш Эх орон-Ардчилал эвсэл МАХН-ын бүлэгтэй хамтарч боловсруулсан зөвшилцлийн баримт бичгүүд хүчингүй болох магадлалтай. Тэдгээрийн дотроос зөвшилцлөөр байгуулсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болох магадлал илүүтэй юм. Учир нь Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын есөн сайдыг зөвшилцлийн хүрээнд Эх орон-Ардчилал эвслээс тодруулсан. Тийм ч учраас 2004 оны сонгуулийн нэгэн бүрэн эрх дуусахын цагт МАХН, Эх орон-Ардчилал эвсэл хоёр хариуцлагаа хамтарч үүрэхээр зөвшилцсөн. Одоо нэгэнт эвсэл задарч, МАХН-тай хамтарч хариуцлага хүлээх улс төрийн хүчин байхгүй болсон тул Засгийн газрыг огцруулах эсэх тухай яриа ойрын хэдэн өдрүүдэд нэлээд хүчтэй яригдах болов уу.

/Зууны мэдээ 2005-01-04/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button