Хатуу нь зөөлнөө иддэг хорвоо болж дээ…

Энэ талаар Сангийн сайд Н.Алтанхуягийн санаачлага зүтгэлд хүмүүс баярлаж байсан юм. Яагаад гэвэл тэтгэвэр, цалин нэмэх орлогын эх үүсвэр олсонд нь биш, энэ хар тахлыг хумих боломж нээлээ гэж баярлаж байсан юм шүү. Гэтэл баярлахаар юм болсонгүй, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар нөгөө хууль маань хүчингүй болов. Ерөнхийлөгчийн хоригийг тайлбарлаж буй хүний ярианаас цухас сонсоход архи, тамхины онцгой татварыг нэмснээр ихээхэн сөрөг үр дагавар гарч болзошгүй гэсэн юм сонсогдож байлаа. Гэвч тэр сөрөг үр дагавар чинь архи нь элбэг, архичид нь газар аваад байгаа одоогийн архидалтын үр дагавраас илүү ноцтой юм гэж үү? Одоогийн согтуучуудад нөхөр, ханиа, үр хүүхдээ, найз дотно нөхдөө алуулаад нулимсандаа хахаж яваа хүмүүсийн тоо хоног хугацаа улирах тусам нэмэгдэж байгаа нь илүү эмгэнэл биш үү? Архинд шунах хүүхэд залуучуудын эгнээ эрчимтэй тэлж байгааг эмгэнэл биш гэх үү? Охид бүсгүйчүүд олноороо архинд донтож архичдын эгнээ эмэгтэйчүүдээр өргөжиж байгаа нь эмгэнэл биш үү? Мөрөөрөө явж байгаа хүмүүс согтуучуудын барьсан машинд дайруулж, шүргүүлж гэмтэж зарим нь үхэж байгаа нь ноцтой үр дагавар биш үү. Өвлийн сар гараагүй байхаас эхлээд согтуучууд хөл, гараа хөлдөөхөөр барахгүй зөвхөн энэ өвлийн дунд хүртэл цөөн биш хүн осгож үхээд байгааг юу гэж цайруулах вэ? Ер нь зөвхөн сүүлийн арван жилд дайн дажинд өртөөгүй хэрнээ манай оронд хичнээн хүн архи-архичдын нөлөөгөөр тахир дутуу болж, амь насаа алдаж, ард нь хичнээн хүн өнчрөл хагацалд учирч цус, нулимсанд хутгалдан сэтгэлийн гүн зовлон эдэлж явааг яагаад эргэцүүлж бодож болохгүй байна вэ? гэж Ерөнхийлөгчийн хоригийг үг дуугүй хүлээж авсан УИХ-ын гишүүдээс зориуд асуумаар байна. Энэ гишүүдийг сонгохдоо Архи дарсыг нуур, далай шиг байлгаарай, архидах боломжийг дүүрэн хангаж хадгалаарай гэж захиа даалгавар өгсөн сонгогчид УИХ-ыг сонгох 76 тойргийн алинд нь ч байхгүй болов уу. Монголд саяхан болтол /1970-аад он хүртэл/ архи ховор, архичин цолтой хүн нэн цөөхөн байсныг Ерөнхийлөгчийн аппаратынхан эргээд нэг саначихад илүүдэхгүй. Архины онцгой татварыг нэмж архины үнэ хичнээн өслөө ч гэсэн төр засгийн удирдах байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн авч буй цалинд нэг их дарамт болохгүй, ууя гэсэн архиа уугаад байж болох байх аа. Харин хямд архи элбэг байх тусмаа хүүхдүүдийг архичин болгон бойжуулах замыг нээсээр байна шүү дээ. ЕБС-ийн сурагчид архи уух явдал хот, хөдөөд ялгалгүй дэлгэрлээ. Архидалттай тэмцэх талаар урьд гаргасан хуулиуд хаана ч бодитой хэрэгжихгүй байгааг төр, засгийн удирдах ажилтнууд, эрхэм гишүүд эрхбиш ойлгож баймаар сан.
2003 оны намар Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувиллын хэдэн байшингийн үүдэнд тавьсан зарлалд гурван төрлийн шоу зохион байгуулах тухай дурдаад Түрүүлсэн хүнийг Болор архи хүлээж байна. Амрагч сувилуулагчид өргөнөөр оролцоно уу. Хөдөөгийн залуучуудыг дэмжих Бат санаа төв гэж бичсэн байлаа. Тэр үед тэнд амарч байсан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Б.Батхишиг түүнийг харсан уу, үгүй юу.Зиндаархаад жирийн амрагч сувилуулагчдын дунд оролгүй тусгайлж бэлтгэсэн байрандаа шигдэж суусан бол үзээгүй ч байж магадгүй. 2004 онд Төв аймгийн Зуун мод суманд болсон нэг багийн хуралд тайлангаа тавих багийн Засаг дарга согтоод ирж чадаагүй, мөн хурал дээр архинд халамцсан зарим хүмүүс эвтэй эвгүй чангахан дуугарч байсан юм. Энэ хоёрхон баримт гэхэд л архидалттай хийх тэмцэл орон нутагт ямар байгаагийн хамгийн наад захын тодорхой нотолгоо билээ. Нэг үе архи худалдах зөвшөөрөл авна гэдэг тун амаргүй, эрх мэдэл бүхий хүмүүсийн ая эвийг олохгүй л бол бүтдэггүй ажил байв. Гэвч сүүлийн үед зуун мянган төгрөгтэй л бол хаана ч архи худалдах болж архигүй дэлгүүр мухлаг байхгүй болжээ. Гурил, будаа захын дэлгүүрт байхгүй байхад архи янз бүрээрээ байж л байдаг, талх тасраад байхад архи байж л байдаг. Одоо архи худалдахгүй бол дэлгүүр нээгээд яахав гэсэн яриатай, архи худалдаж байгаа хүн ч бардам сэхүүн зантай байх болжээ. Хувийн жижиг үйлдвэрийн архи доод тал нь 1000-1500 төгрөгийн үнэтэй, түүнийг бага сургуулийн хүүхэд ч аваад уучих боломжтой, архины донтонгуудад бол бүр ч хужир юм. Аймаг, сумын төв хаана ч архи ууя гэсэн хүнд архи эрж явах зовлон огт байхгүй. Бас шөнийн дэлгүүр гэж архи борлуулах өгөөжтэй цэг бий. Манайд гарч байгаа гэмт хэргийн тавны нэг хувь нь архидан согтуурснаас үүдэлтэй гэж саяхан яригдаж байсан юм. Үүнийг өнгөц харахад 20 хувь нь л юм шиг харагдавч нийгэмд учруулсан хохирол үр дагавраараа цаад наян хувийнхаа хохирлоос давна уу гэхээс биш дутахгүйг үгүйсгэх арга үгүй. Архи ч юм уу, хор ч юм уу найруулдаг цехүүдийг цөөлөх, гаргаж буй архины чанарт байнга хяналт тавьж, илүү хортой архи үйлдвэрлэдэг, худалддаг хүмүүст цээрлэл үзүүлэх, архи худалдах цэгийг үйлчилгээний нь хүрээний хүн амын тоонд жишин цөөрүүлэх, архи худалдах цагийг хатуу хязгаарлахыг олон түмний төдийгүй эх орны эрх ашиг шаардаж байна.
Өнөөдөр манай оронд архидалт-архи хоёр аюулт хар тахлын хэмжээнд хүрээд байгаа учир тэр зах зээлийн чөлөөт үйлдвэрлэл, худалдаа, хүний архи ууж согтуурах эрх чөлөө гэдэг үлгэрийг ярих хэрэггүй болжээ. Архи, архичин хоёрт түшиж эх орноо хөгжүүлэх, аж амьдралыг сайжруулах тухай ярих эрүүл ухаантай хүн байх учиргүй. Иймээс архинд элгэмсүү ханддаг, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт, татварт нэмэрлэх сэтгэлгээ орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудад байгаа бол одоо түүнээ толгойноосоо зоригтойхон арчиж хаях цаг болсон. Эх орныг согтуу хүмүүс өөд татахгүй ээ. Зарим эрхмүүд архитай биш архидалттай тэмцэх ёстой гэж цэцэрхдэг. Овоо босгоогүй бол шувуу юунд суух вэ гэгчээр энэ нуур далай шиг архи байхад зөвхөн архидалттай тэмцэнэ гэдэг бараг согтуу хүний ажил бус уу, тунгаагтун. Хэрэв архины онцгой татварыг нэмж аваад түүнийг архинд донтсон хүмүүсийг архинаас гаргах үйлст зарцуулбал баярлах хүн захаас аван тааралдах биз ээ.
/Yнэн 2005-01-04/