Арслан хотыг үзсэн минь

Аэрпортын дотор ороход бүх танхим нь битүү дэвсгэрлэгдсэн, гойд цэвэрхэн анир чимээгүй байгаа нь ихэд таалагдав. Зорчигчдыг гааль шалгалтынхан асууж шалгааж зүдрээхгүй, харин ч аль болохоор дэмжиж туслахыг хичээх нь бүр ч таатай. Ямар ч төвөг чирэгдэлгүй 3-5 минутанд гааль нэвтрүүлэх ажлыг дуусгах юм. Онгоц газардаад гадаа гарахад манай говь нутгийг санагдуулам дулаахан байвч үл мэдэгдэм чийглэг уур амьсгалтай. Аэропортоос гараад ирвэл нэгэн ахмад насны хүн зорчигчдын унааг зохицуулж байлаа. Таксины жолооч түүний үгнээс үл гарна. Хэрэв тэд зохицуулалтанд
ороогүй бол зорчигчийг дураараа авах эрхгүй гэнэ. Орон сууцны гадаа ирэхэд, харуул нь бас нэг ахимаг насны хүн харагдав. Тэндэхийн хүмүүсийн ярьснаар Сингапурт залуучууд нь оюуны хөдөлмөр голдуу хийдэг болохоор, таксины жолооч, харуул хамгаалалт мэтийн үйлчилгээний ажилд ахмадууд нь ажилладаг гэнэ. Сингапур нь самгардаар Арслан хот гэсэн үг ажээ. Хэвлэлд бичсэнээр 641 ам дөрвөлжин километр нутагтай гэсэн нь тун бага мэт санагдавч, асар их хөгжсөн газар орон юм. Төрийн бодлогын гол нь оюуны үнэт зүйл бүтээх, олон улсын банк санхүүгийн үйл ажиллагаа, далайн усан тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн нь өнөөгийн өндөр хөгжилд хүрэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Юуны өмнө хүн бүр аж амьдралаа дээшлүүлэхийн тулд бүтээлчээр хөдөлмөрлөж, дэг журам, зохион байгуулалтаа сайжруулахыг ихээхэн чухалчилсан байх юм. Тэнд шүлсээ хаях, тамхины иш, хог хаявал 1000 доллар, бохь зажилбал 500 доллараар торгоно. Автомашины хурд хэтрүүлбэл кабин доторхи автоматаар нь сануулга өгч анхааруулж байгаад, мөн л торгууль ногдуулна. Хурдны зам нь нэг чиглэлийн урсгалтай болохоор хурдаа жаахан хэтрүүлэх тохиолдол гардаг бололтой.
Мөн хар тамхи мансууруулах бодисыг хатуу хориглодог ажээ. Эндэхийн хууль нь чанд учраас мансууруулах бодис худалдсан бол бүр цаазаар аваачдаг гэсэн. Энэ оронд бид арваад хоноход, гудамжинд ганц ч согтуу хүн явж байхыг харсангүй. Хүн бүр өөрийн хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг нь шууд мэдрэгдэж байлаа.
Бусдын хүсэлт гуйлтад чин сэтгэлээсээ эелдгээр хандана. Их бага, хөгшин залуугүй англи хэл дээр чөлөөтэй харилцана. Мөн ядуу зүдүү, гуйлга гуйсан хүмүүс ер харагдахгүй. Ахмад үеийнхэндээ нийгмийн халамжаас боломжийн тэтгэмж өгдөг, хүн бүр өөрийн гэсэн орон сууцтай гэнэ. Үндсэндээ хүн амын амьжиргааны нөхцөлийн хувьд онцын их бэрхшээл байдаггүй бололтой. Харин элдэв кино зураг, сэтгүүл дуу хөгжмийн бичлэгт маш болгоомжтой хандаж ялангуяа садар самуун, бие үнэлэх явдлыг хатуу цээрлэдэг. Тиймэрхүү сурталчилгааны материалыг авчирсан нь мэдэгдвэл шууд 5000 доллараар торгож, хураан авдаг гэж ярих юм.
ХоЁр. ХӨгжингҮй орны гайхамшиг
Сингапурт орон сууц барихын өмнө гадна талын экстерьер зургаа гаргаж түүнийгээ урьдаас нийтэд сурталчилж захиалга авдаг юм байна. Орон сууц 12-15 давхар, түүнээс доошгүй өндөртэй байх юм. Сууц барихдаа мод, цэцэрлэг, зүлэг усан бассейн, харуулын байр, гаднах хашаа, гэрэлтүүлгийг хүртэл оруулан урьдаас төлөвлөсөн байдаг. Манайд сүүлийн үед аливаа барьж байгуулах объектод байгаль, гадна орчны үнэлгээ хийлгэхийг шаарддаг нь улс орноо, хотоо хөгжүүлэхэд чиглэсэн маш чухал санаа, зөв бодлого болох нь бас эндээс харагдаж байлаа. Сингапурт хулгай бараг гардаггүй бололтой. Орон сууцанд гал зуухны өрөө нь цонхгүй байдаг. Тэр нь айл бүхэн хийн зуух ажиллуулдаг учраас аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм шиг байна лээ. Ер нь тэнд гадаа гудамжинд 26-30 градус хүртэл халдаг учраас хүмүүс дэлгүүр үйлчилгээний газарт юм уу, орон гэртээ орж сэрүүцдэг. Тийм учраас сэрүүцүүлэх төхөөрөмж нэн их хэрэглэгдэнэ. Энэ төхөөрөмжгүй бол ер амарч чадахгүйд хүрч мэднэ. Хаа газарт өөр өөрийн гэсэн асуудал байх юм. Манайд сэрүүний улиралд дулаацуулах гэж цахилгаан, түлш зарцуулдаг бол тэнд сэрүүцүүлэх гэж цахилгааныг мөн чамгүй зарцуулчихдаг болов уу. Орон сууцны өрөө бүрт нэг аэркондейшн ажиллаж байгаагаас үзэхэд тиймэрхүү сэтгэгдэл төрөв. Гудамж талбайд нь ганц ч хог хаягдалгүй, утаа униар тоос шороогүй цэвэр цэмцгэр. Хогийн савыг маш гоёмсогоор хийгээд ойр ойрхон зайтай байрлуулсан байдаг. Хогийг тун ч удаалгүй тусгай машинаар авдаг юм билээ. Гудамж талбайн ногоон байгууламж, зүлэг, мод цэцэрлэг нь өнгө ялгаран үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Дулаан оронд яваа болохоор шумуулнаас баахан болгоомжилж байв. Бүр тэртээх 1980-аад оны дундуур Вьетнам, Лаос Улсад очиж явахдаа шумуул гэж тун төвөгтэй амьтан байсныг мэдсэн юм. Гэтэл энэ оронд шумуул бүү хэл ялаа ч үзэгдсэнгүй. Үүний учрыг мөхөс миний хувьд болгоовоос, авгалдай боловсрохоос нь өмнөхөн тусгай бодис цацаж устгал ариутгал хийдэг бололтой.
Бид шөнийн цагаар ажилладаг night safary хэмээх амьтны хүрээлэнд очиж сонирхов. Өөрөөр хэлбэл энэ хүрээлэн өдөр ч шөнө ч ажилладаг бололтой. Мөнгөө төлсөн хүмүүс өөрийн тааваараа явганаар эсвэл вагонд суугаад явсан ч болно. Нэг буудлаас нөгөө буудал хүртэл вагончикууд нь аажимхан хөдөлж, явах замдаа зарим амьтдыг зогсож танилцуулна. Тэнд арслан, бар, заан, чоно, үнэг, хамар дээрээ эвэртэй хярс, анааш, хяруул, гөрөөс, төрөл бүрийн усны болон том жижиг жигүүртэн шувуу, загаснууд матар зэрэг олон төрөл дүрсийн амьтдыг байршуулан үржүүлж байх юм. Олон амьтад өөрсдийнхөө зан төрхийг илтгэн, шөнийн гэрэлд ч идэж уух юмандаа татагдаад, тун ч ажиггүй зогсож харагдана.
Монголчууд бид ч гэсэн дархан цаазат Богд хан уулынхаа аль нэгэн аманд иймэрхүү амьтны үзэсгэлэн зохион байгуулахад болохгүй гэх газаргүй. Ялангуяа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй үндэсний шинжтэй ийм газрыг зохион байгуулах талаар холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагууд анхааралдаа авч ажиллавал зохистой мэт санагдаж байлаа. Газар орныг үнэхээр амьтны ертөнцөөс салангид авч үзэх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой билээ. Гадны хүмүүс тухайн орны байгаль, ан амьтадтай богино хугацаанд нүдээр үзэж танилцах боломжийг чухам энэ Safari л олгож байх шиг санагдаж байв. Ингэж чадсан нөхцөлд тэр улс орны байгаль орчин, хүмүүсийн ахуй амьдралыг бүрэн цогцоор нь ойлгох боломжийг олж авах биз ээ.
Жижгэвтэр хөвөгч онгоцонд суугаад хот дундуур аялав. Бараг 40-өөд минут хүртэл хугацаанд 4-5 гүүрний доогуур шурган гарч явцгаасан юм. 1669, 1827, 1910, 1990 он гэх зэргээр тэдгээр бат бэх сайхан гүүрнүүдийг анх барьж байгуулсан цаг хугацааг нь бичиж хадсан байлаа. Хоёр дахь гүүрийг 1669 онд Энэтхэгээс гаралтай нэгэн том язгууртан /Синьор/ барьж байгуулсныг нь дурсаж хичээнгүйлэн бичсэн байв. Эргэн тойрон 30-40 эсвэл 60-70 давхар /зарим нь бүр 80 гаруй давхар/ өндөр барилгын дундуур урсан өнгөрөх голын эрэг дагасан хуучин цагийн намхавтар боловч гоёмсог хийц загвартай, анхны барилгуудаа хэвээр нь үлдээн хадгалж, тэнд олон баар цэнгээний газар ажиллуулдаг болжээ. Ер нь сүүлийн 30-аад жилд Сингапур орон анхны ерөнхийлөгч буюу ганц хүний удирдлагаар ийнхүү хөгжин цэцэглэж өнөөгийнхөө төвшинд хүрсэн гэж үздэг юм билээ. Азийн бар орны нэг болох Сингапурын хөгжлийн төвшинг харахад үнэхээр бахархан хүндэтгэхээс аргагүй. Арслан хотоос цааш алхтал Манж, Европ хүмүүсийн нэн сонирхолтой баримлууд тааралдав. Нэгэн рестораны үүдэнд, нүүрэн талд нь байрлах, хуучин цагийн тухай дүүжлэн жигнэдэг, нуруу модондоо хүндийн хуваарьтай жингээр, гурван ширхэг шуудайтай юмнаас жинлэн хэмжиж байгаа, сампин барьсан, тоорцог малгайтай, хантааз бүхий манж хүн, мөн европ худалдаачны зэс хөшөө дурсгал нүдэнд тусч, анхаарал татав. Үүнээс үзэхэд Сингапурт далайн худалдаагаар манж хятад хүмүүс ирж очиж байсан гэдэг нь тодорхой юм.
Сингапур хотыг үндэслэсэн Раффелийн дурсгалын хөшөөг үзэв. Хөшөөний дээр RAFFEL Stan Conrad /1878-1-28/ гэж бичжээ. Тэр эрхэмсэг англи эрийн бодлогоширсон харц, дэгжин төрх байдлыг нь хараад тэр цагт өнөөгийн ийм хөгжлийг эрхбиш төсөөлөн байсан болов уу хэмээн бодож зогсов. Хуучин парламентын байр байсан, урлагийн музейн яг архан талд нэгэн том зааны баримал байх юм. Түүнийг Сиам орноос /Тайландын/ ирсэн гэх нэгэн баян хүн зоогийн газар нээхдээ бүтээсэн гэнэ. Ер нь Сингапурт ийм бүтээлийг олонтой үзэх боломжтойг хэлэх нь зүйтэй.
Ингэхээр Сингапурт хаа холын олон хүн суурьшаад хөрөнгө хүч оюун санаа ур чадвараа нэгтгэн байж өнөөгийн энэ сайхныг бүтээн босгосон ажгуу. Одоогийн парламентын байрны нүүрэн талд, арслангийн дүр товойлгон шигтгэсэн чулуун хөшөө байх юм. Сингапурт арсланг ихээхэн хүндэтгэдэг, арслангаар нэршсэн газар олон бий. Монголчууд Сингапурыг аль эртнээс мэддэг байсан байж магадгүй гэсэн нэгэн эргэцүүлэл хийв.
Алтанхан хоёр бугуйвчийг нь хө
Арслан хотын урчуудаар сийлүүлсэн юмаа хө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад ч яахав дээ
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ гэсэн дууны үг анх хэдийд гарч, өнөө бидний үеийг хүртэл хэрхэн уламжлан хүрч ирсэн юм бол оо. Энэ дуунд орсон Арслан хотын урчуудаар сийлүүлсэн алтан, мөнгөн бугуйвчийг монголчууд хэрхэн мэддэг эдэлдэг болсон юм бол оо гэж бодогдов. Бугуйвчийг нь манжаар дамжуулан авсан байж болох авч ер нь монголчууд Арслан хотод аль эрт хүрч очсон байхыг үгүйсгэх аргагүй. Тэндэхийн улс оронд монголчууд очиж байсныг бидний түүхэнд дурьдсан бий. Нөгөөтэйгүүр дээрх дууны сүүлчийн учирлахуй үгээс үүдэн, монгол бүсгүйчүүд холын энэ оронд очиж байсан юм биш байгаа гэх нэгэн бодол төрж билээ. Бид Сингапурын бас нэг гайхамшигт Сентоза /Sentose/ арал дээр очиж шөнө орой болтол тэр хавиар аялав. Эхлээд бид Фейбрийн өндөрлөг гэх тэр орчиндоо үнэхээр өндөр гэж хэлж болохоор байгалийн үзэсгэлэнт газарт агаарын дүүжин хөлгөөр өгсөн уруудсан юм. Бидний дээр өгүүлсэн Арслан хот дөрвөн өндөр хэмээх Suntec нисэх онгоцноос харж байгаа юм шиг илхэн харагдаж байв. Аз таарч нарлаг сайхан өдөр байсан болохоор энэ дүүжин хөлгөөс хотын барааг, мөн ирж очих далайн хөлөг онгоцнууд, хураалттай чингэлгүүд, өнөөх Night Safari, Малайзын нутаг дахь хот суурин газрыг хүртэл чөлөөтэй ажин харав. Хөлгөөсөө доош харвал өндөр урсгасан их ойн чөлөөнд хувийн болов уу гэмээр гоёмсог, өнгө алагласан харьцангуй намхавтар байшин гольфийн талбай байв. Ой мод, цэнгэг агаар, амралт зугаалгын газар энэ хавьд юутай сайхнаар цогцлон ёстой диваажингийн орон мэт санагдуулсныг хэлэх юун. Тэндээс буугаад Under Water World хэмээх усанд амьдарч байгаа олон төрлийн амьтад загасны бүхэл бүтэн ертөнцтэй учрав. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн далайн энэ орны усан доорхи түмэн баялаг ялангуяа тэндэх амьтны ертөнцийг зочин гийчдэд түүнээс өөрөөр яаж ч үзүүлэх билээ дээ. Өчүүхэн жижгээс авахуулаад аварга том загас усны од, медузи, жижиг амьтад, хамгийн гол нь тэдгээрийн амьдрах орчны хамтаар бүрдүүлж харуулсан нь бүр ч онцгой юм.
Merylion гэх тэр газарт бас нэг аварга том Арслангийн /15-16 м өндөр/ хөшөөтэй юм. Түүнээс өмнөхөн задгай стадион байрлана. Өнгийн гэрэл чимэглэл, усан оргилуур, бүхий замаар урсах усны чимээг сонсон, шатаар өгсөж стадион руу хүрч очив. Оройн найман цаг болж, үдэш задгай стадионд /барагцаалахад тэнд лавтай 5-6 мянган хүн багтах/ хүмүүс суудлаа эзэлсэн байв. Бид ч гэсэн чөлөөтэй сууцгааж үзвэрээ сонирхов. Тэндэх шөнийн шоу гэхээр нь өнөө бидний мэдэх шоугаа л бодож байтал огт өөр байлаа. Задгай стадионы тайзны зах, голоос ус оргилж, түүний сацрал өөд өнөөх арслангийн хоёр нүднээс ув улаан туяа тусч тайзан дээр маш сонирхолтой 3-4 метрийн өндөртэй дүрс бичлэгийг гэрлийн эффектээр тодруулан харуулж тайлбар дуу чимээг чанга яригчаар дамжуулж байв. Нэн сонирхолтой, хөгжилтэй тоглолт 30-аад минут үргэлжиллээ. Түүнийг харахаар таяг тулсан настан буурал ч ирсэн харагдана. Тэндээс бид метронд орж, галт тэрэг, автобус дамжсаар хотын төв орлоо. Сингапурын аль ч дэлгүүр рестораны бие засах газарт үнэ төлбөргүйгээр орж Морь харах боломжтой. Тэнд үйлчлэгч харагдахгүй шахам мөртлөө маш цэвэрхэн, тосгуурт зүгээр гараа тосох төдий л гоожуурын ус гарна. Ганц товч дараад гараа угаах шингэн саван, гараа арчих цаас зэргийг авах боломжтой. Хатаагчийн доор гараа барьж эврээсэн ч болно. Энэ улс оронд, энэ мэт хамгийн энгийн жижиг зүйлээс эхлээд асар том зорилтуудыг нэг мөр шийдсэн нь үнэхээр гайхамшигтай.
Гурав. СоЁлын Өв уламжлал
Хотын fanglin shopping center буюу Tanglin замын 19 дүгээр байранд очиж эртний соёлын дурсгалт зүйлтэй танилцав. Азийн бүх оронд буддын шашин анх дэлгэрч, будда бурхныг өөр өөрийн үндэсний дүр төрх, нутаг орныхоо онцлогийг тусган бүтээсэн нь тодорхой. Тийм онцлогийг тусгасан хүрэл, хаш модон эдлэл, гойд урнаар бүтээсэн олон газрын бүтээл, урлаг соёлын өв уламжлалтай танилцах завшаан тохиосон юм. Шриланкийн будда, хятадынхаас төрх байдал царай нь их онцлогтой байдаг. Шриланкад бас эм нухаж хольдог уур нүдүүр сав байдаг бол Индонезид модон хувингууд байх жишээтэй. Газар газрын өвөрмөц онцлог заавал байх юм. Камбоджийн эмнэлгийн бурхан гэж судар барьсан урт сахалтай дүр бүтээсэн байх юм. Вьетнамын хүрэл цутгамал, луун шүтээн, мөн Балбын суварга маягаар дээшээ цуварсан таван толгойтой найман гартай будда бурхны хүрэл урлалыг ихэд сонирхов. Түүний найман гарт эрих, суварга, хонх дамар бариулсан цээжин тус газраа хоёр гараараа залбирсан харагдана. Мөн төвдийн эрдэнийн чулуу шигтгээтэй бунд хорол /zoo bac platic/ маш сайхан дурсгал юм.
Арсланг номхотгосон бурхан /Jambhfata/-г Кувейтээс авчирсан гэх бөгөөд нэг гартаа таяг шүхэр, нөгөө гартаа арслангийн зулзага барьсан үзэгдэнэ. Түүнтэй хамт Бутанаас гаралтай хүрэл шүтээн бас их сайхан ур хийцтэй байв. Заан нь гурван толгойтой, түүний доод талаар ороосон могойн толгой урагш цогнойн харагдана. Толгойн орой дээр голдоо том, захдаа гурван жижиг суваргатай, зургаан гартай энэ бурханыг хэн гэгч урласан нь тодорхойгүй юм. Ер нь энэтхэг гаралтай шашны урлалд зааныг заавал оролцуулсан байдаг нь тогтсон ёс билээ. XҮIII-XIX зууны үед Камбоджид бүтээгдсэн будда хоёр хос хүрэл баримал нь баруун гараа унжуулж, зүүн гараа өвөр дээрээ алгыг нь дээш харуулж дэлгэсэн нэгэн сайхан бүтээл байв. Камбоджийн бас нэг том урлал бол хоёр метр гаруй өндөртэй, далавчаа дэлгэсэн гарьд хүчтэний модон сийлбэр билээ. Иймэрхүү модоор хийсэн урлал цөөнгүй харагдав. Одос үхэр, бар, арслан, хамар дээрээ эвэртэй хярс, гөрөөс мэтийн амьтдыг ихэд гайхамшигтай урлан бүтээснээс гадна Эх хүүхдийн тухай модон сийлбэр тусгай нэгэн бүтээл байлаа. Үүн дор эхлээд төрүүлэн гаргаж, амлуулан хөхүүлж, улмаар өсгөн бойжуулж буй хүний амьдралын жам ёсыг нэг дор илтгэн үзүүлсэн урлал байх юм. Дашрамд тэмдэглэхэд tanglin shopping center-т төвдөөс авчирсан утаа шингэсэн хуучин авдар савыг үзэж байхдаа, /тэр нь бас өндөр үнэтэй/ одоогоос олон жилийн өмнөх манай хөдөөгийн малчин айлуудын арслантай авдар бас удахгүй хамгийн үнэтэй эд өлгийн зүйл болж үнэлэгдэх юм байна гэсэн сэтгэгдэл төрж билээ.
ДӨрӨв. Бодол, эргэцҮҮлэл
Холын оронд очоод улс орон хөгжиж, дэвших ямар хүчин зүйл байдгийг хирэндээ ажиж харж явлаа. Сингапур орон хөгжсөн онцлогийг хэд хэдэн зүйлээр төсөөлж ойлгосноо хэлэх минь. Юуны өмнө улс орныхоо ирээдүйг угтан харах, шинэлэг сэтгэлгээтэй оюуны өндөр чадвахитай залгамж үеэ бэлтгэх асуудлыг төрийн бодлогын чиг шугам, хөгжлийн тулгуур хүчин зүйл гэж үзсэн байна. Тэдгээр залуус улс орондоо зайлшгүй шаардлагатай шинэ технологийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн байх юм.
Хүн ардаа элдэв муу хорт зуршлаас /архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, тамхи зэрэг/ аль болохоор сэргийлэн хамгаалж, чанд шаардлага тавьж түүнийгээ хүн бүрт ойлгуулсан явдал юм. Хорт зуршил бол аль ч улс орны хүн ардын оюун ухаан, амьдралын чадавхийг сүйрүүлж байдаг аюултай болохыг хөгжингүй орнуудад аль эрт мэдэрсэн, түүнээс ямагт болгоомжилж ирсэн байна.
Харь яваад ирэхэд эх орон маань сэтгэлд хичнээн дотно сайхан байдгийг хэн хүнгүй мэдэх билээ.
Сиймхий ч гэсэн гэр минь
Сэгсгэр ч гэсэн ээж минь
гэсэн үгийн учир утга үүнд орших биз ээ. Гэвч харийн орны сайн сайхан бүхнийг харьцуулж үзээд монголчууд бид өөртөө байгаа юм бүхнээ өөд татаж амьдармаар санагдах юм. Буянт-Ухаагийн дээгүүр онгоц доошилж байх хоромд нисэх буудлын орон сууцны барилгуудын шаваас нь унаад халтар хултар болсон, гэр хорооллын хашааны өнгө царай нь сааралтаад тааруухан байгааг харахад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй юм. Иймэрхүү төрх байдал ганцхан энд биш л дээ. Энэ талаар хороодын дарга нараас эхлээд нийслэлийн хот байгуулалт, стратегийн бодлого төлөвлөлтийн газар, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс гээд санаж бодох, шахаж шаардах албан тушаалтан бишгүй л байх юм. Гэтэл ахиц нэг их мэдэгдэхгүй хэвээр байна. Иргэд маань ч гэсэн хог шороогоо тогтмол арилгахгүй өнгө царайгаа өөд татах ажилд алийн болгон ядуу зүдүүгийн зовлон тоочиж, аргацааж өнгөрөөх вэ дээ. Хаана хаанаа энэ бүхнийг бодож болгоомоор.
/Yнэн 2005-01-04/