30 найрагч мөнгөн цомын төлөө өрсөлдөнө

Энэ талаар Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга С.Даваахүүгээс тодрууллаа.
-Яруу найрагчид хэдий хүртэл шүлгээ өгч болох вэ?
-Шүлгээ хүлээж аваад нэлээд хэд хонож байна. Өнөөдөр шүлэг хүлээж авах эцсийн хугацаа. Орой 19 цаг хүртэл өөрийн холбооны байранд хүлээж авна.
-Одоогийн байдлаар хичнээн найрагчийн бүтээл ирээд байна вэ?
-70-аад уран бүтээлчийн 80 гаруй шүлэг ирээд байна.
-Хэдэн найрагч шалгарч тайзнаа шүлгээ унших бол?
-30 яруу найрагч тунаж цомын төлөө өрсөлдөнө.
-Олны танил ямар найрагчид оролцох бол?
-Өнгөрсөн оны Мөнгөн цом-д Буйд газрын шүлгүүд-ээрээ түрүүлсэн Х.Сүглэгмаа болон яруу найрагч П.Нямлхагва, Н.Баянмөнх, Д.Болдхуяг нарын залуус оролцоно.
-Болор цом-ын эзэд оролцох уу?
-Оролцоно. Гэхдээ одоохондоо нэрийг нь хэлмээргүй байна.
-Тасалбарын борлуулалт хэр байгаа вэ?
-Дажгүй байгаа. Харин тасалбар худалдан авсан хүмүүст Англи хэлийг алхам алхмаар хэмээх Бонкийн сурах бичгийг хөнгөлөлттэй үнээр өгнө. Энэ ном нь үндсэн суурь хоёр боть, дасгалуудын түлхүүр хариулт бас хоёр ном, зургаан ширхэг аудио кассет бүхий иж бүрдлээс бүрдэж байгаа. Тиймээс хүмүүсийг тасалбараа битгий хаяарай гэж хэлмээр байна.
/Yнэн 2005-01-05/