Австрид монголын өвлийн спортын десант бууна

Энэ талаархи мэдээллийг толилуулъя.
Универсиад-2005 наадамд анх удаа 53 орны тамирчид оролцоно. Дэлхийн оюутны спортын өвлийн XXII их наадам Универсиад-2005 энэ сарын 12-ны өдөр Tiүali-Neu хэмээх хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд нээгдэх бөгөөд 10 хоног үргэлжилнэ. Тамирчид цана, уулын цана, шорт-трейк, тэшүүр, биатлон, хоккей, уран гулгалт, трамплинаас үсрэлт, снубордын үндсэн есөн төрлөөс гадна скелетоны үзүүлэх тоглолтоор өрсөлдөнө. Нийтдээ 69 цогц медалийн төлөө 53 орны 2500 орчим төлөөлөгчид хурд, хүчээ сорихоор болсон нь Универсиадын түүхэнд хамгийн олон орны тамирчид оролцож буй наадам юм. Наадмын бамбар өнгөрсөн аравдугаар сарын 25-наас эхлэн аяллаа эхлүүлсэн билээ.
Монголын баг тамирчид
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын цанын хоёр тамирчинг энэ наадмын бэлтгэлийн төвд буюу Австрийн оюутны шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэж, цана, тэшүүрийн холбоодтой идэвхтэй хамран ажилласан. Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд манай улсын өвлийн спортын хамгийн шилдэг тамирчид хамрагдан одоо бэлтгэлээ эрчимтэй хангаж байна.
Баг тамирчдын бүрэлдэхүүнд, цанын төрөлд тамирчин Х.Хаш-Эрдэнэ /эр/, Э.Очирсүрэн /эм/ нар дасгалжуулагч Л.Доржийн хамт, уулын цанын төрөлд тамирчин Г.Энхсүх /эм/, дасгалжуулагч Д.Чагнаа нар. Харин тэшүүрийн спортын тэмцээнд Р.Баасандорж, Ш.Энхбат, О.Энхболд, Б.Ариунболд /эрэгтэй/ нар, Н.Одцэцэг, Д.Нацагням /эм/ дасгалжуулагч Г.Болдын хамт. Шорт-трейкийн эрэгтэйчүүдийн төрөлд Д.Цоггэрэл, Г.Жаргаланчулуун нар оролцоно.
Наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн ахлагчаар БТСУХ-ны орлогч дарга, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан явах юм. Ийнхүү монголчууд өвлийн Универсиад наадамд долоо дахь удаагаа оролцох гэж байна. Түүнээ гадна манай тамирчид Европын орнуудад зохиогдох ирэх оны Турины өвлийн олимпийн эрх авах цуврал хэд хэдэн тэмцээнд үргэлжлүүлэн оролцож хоёрдугаар сарын сүүлээр эх орондоо ирэхээр төлөвлөж байна.
Турол муж ба Инсбург хот
Альпийн нурууны төв хэсэгт байрлах Австри Улсын өвлийн аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын нийслэл хэмээн нэрлэгддэг Турол мужид өвлийн улиралд олон сая жуулчин ирж амралтаа өнгөрөөдөг. Мужийн төв Инсбург хотод өвлийн олимп хоёр удаа /1964, 1976/, Уинверсиад наадам 1968 онд зохиогдож байжээ. Универсиад наадмаас гадна ирэх сард уулын цанын болон биатлоны дэлхийн аваргын тэмцээн, дөрөвдүгээр сард хоккейн дэлхийн аваргын тэмцээн зэрэг дөрвөн томоохон арга хэмжээ болох юм.
Энэ хотын их сургуульд 20 мянган оюутан суралцдаг учраас оюутны хот гэж нэрлэх явдал байдаг. Өвлийн аялал жуулчлалаар дэлхийд алдартай олон арван уулын ба цанын бааз, барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдтэй газрууд энэ мужид бий. Ялангуяа, Инсбург хотын төвд өвлийн олимпийн цогцолбор бааз байрладаг ба хоккей, уран гулгалт, шорт-трейк, тэшүүрийн спортын тэмцээнүүдийг нэгэн зэрэг хүлээн авч явуулах боломжоор бүрэн хангагджээ. Хоккейн ордон 8100, уран гулгалт, шорт-трейкийн ордон 3130 хүний багтаамжтай ажээ.