Тамхи баяртай гэвэл яана вэ

Тэгээд тамхины утааны хорыг уушгаараа дамжуулан биедээ, цусандаа шингээн өөрийгөө хуурч байгаа юм уу даа. Хүн тамхи татаж сурна гэдэг тун олиггүй зуршил юм.
Хэдхэн жилийн өмнө манай улс дэлхийн орнуудын дотор эдийн засгийн чадавхиараа 123-т, хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 113-т орж байв. Гэтэл дэлхийн тэр олон орнууд дотор тамхи татаж байгаагаараа манай эрчүүд 42, эмэгтэйчүүд 67 дугаар байранд орж байв.
Хүний хөгжлийн үзүүлэлт гэдэгт боловсрол, мэдлэг, хөдөлмөрийн бүтээмж, соёлжилт гээд олон үзүүлэлт ордог нь мэдээж. Гэтэл манай эрчүүд тамхи татдагаараа хүний хөгжлийн үзүүлэлтээсээ бараг гурав дахин илүү байгаа нь харамсалтай. Жаахан ёжлоод хэлчих юм бол манай эрчүүд тамхи татаад л суухаас биш сурч мэдэхийн төлөө чармайдаггүй, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэхийн төлөө санаа тавин ажилладгүй гэж хэлж болохоор байна.
Өөр нэгэн тоо баримт дурдъя. 2001 оны байдлаар манай эрчүүдийн 67,8 хувь, эмэгтэйчүүдийн 25.5 хувь нь тамхи татаж байжээ. Гэтэл 2004 оны эхний байдлаар энэ тоо 6.8 хувиар өсчээ. Тэгээд хүн амын уушигны өвчлөл, түүнээс шалтгаалж нас барагсдын тоо нэмэгджээ. Манай өсвөр насныхны 14.1 хувь нь тамхи татаж, 66.2 хувь тамхи татагчдын дунд аж төрж, 44.8 хувь нь тамхи худалдан авч буй тоо баримт байна.
Тамхи татна гэдэг нь үнэндээ хүн сайн дураараа өөрийгөө хордуулж буйн сонгодог жишээ юм. Дээр нь нэмээд сайн дураараа өрхийн орлогоо хямруулж муутгаж буйн нотолгоо мөн. Манайхан өдөрт нэг хайрцаг янжуур татдаг хэмээн гайхуулах өнгөөр ярьдаг. Дээдсүүдийн хэрэглээ хайрцаг Парламент янжуур 1600 төгрөгний үнэтэй. Тэгвэл сардаа 1600 х 30 = 48000 төгрөгийг зөвхөн тамхинд зарцуулдаг байна. За энэ яахав, баячууд, дээдсүүд сарынхаа тамхиндаа ийм мөнгө гаргахад хотойхгүй. Иймд үүнийг ярихаа болъё.
Дунд зэргийн үнэтэй хайрцаг янжуур 800 төгрөгний үнэтэй байв. Манайхан нэрлэх үү. Ихэнх албан хаагчид ийм үнэтэй тамхи татдаг. Тэгвэл сардаа 800 х 30 = 24000 төгрөгийг тамхинд зардаг байна. Нэг кг мах дунджаар 1400 төгрөгний үнэтэй. Гэтэл 24000 төгрөгөөр 17 кг сайн чанарын мах авч болно. Ийм мах 4-5 хүнтэй өрхийн бүтэн сарын хэрэглээ болж чадна.
Манай Алтан навч, Цагаан өргөө мэтийн янжуур хамгийн хямдхан бөгөөд хайрцаг нь 400 төгрөгийн үнэтэй байна. Ийм тамхийг хүн өдөртөө нэг хайрцагийг татна гэвэл сардаа 400 х 30 = 12000 төгрөг зарцуулдаг ажээ. 12000 төгрөгөөр 25 кг-ын гурил нэг уут, дээр нь дөрвөн кг элсэн чихэр авч болно шүү дээ.
Манайхан тамхи татаад ядуурдаггүй хэмээн өөрийгөө хөөрөгдөн ярьдаг. Энэ нь үнэндээ биеэ өмөөрсөн, тамхи татдагийгаа хаацайлсан үйлдэл юм. Тамхи хортой, өрхийн төсвийг ихээхэн муутгадаг гэдгийг судлаачид тогтоосон зүйл шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тамхины хор холбогдлыг сурталчлах талаар ихийг хийж буй. Өрхийн төсвөө тамхичид ихээхэн сулруулж буй тухай Дэлхийн банкны судалгаа байдаг аж. Тамхины татварыг арван хувиар нэмэхэд тамхины хэрэглээ хөгжингүй орнуудад дөрвөн хувь, хөгжиж буй орнуудад найман хувиар буурдаг байна.
Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн манай улс бүх төрлийн янжуур болон бусад тамхины зуун ширхэг тутамд 60 центийн татвар нэмж ногдуулахаар болов. 60 цент гэдэг нь одоогийн ханшаар 660 гаруй төгрөг юм. Мөн дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины кг тутамд 30 центийн татвар нэмж ногдуулжээ.
Энэ нь нэг хайрцаг янжуур 135 төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ чинь хамгийн багаар бодоход сардаа 4050 төгрөгөөр таны тамхины зардал өслөө гэсэн үг шүү дээ. Бидний сонгож аваад аж төрж буй нийгэм бол хүн бүр илүү, хэрэгцээгүй зардлаа аль болохоор багасгаж, мөнгө хөрөнгөний хуримтлал бий болгоод сэтгэл тайван чинээлэг аж төрөхөд чиглэж байгаа билээ. Иймд илүү зардал болсон тамхины хэрэглээ баяртай гэж хэлмээр байна.
Манай хоршоологчдын нэртэй удирдагч, хөдөлмөрийн баатар Н.Намжиг гуай 60 жил татсан тамхиа өнгөрсөн жил хаялаа гэж ярьсан. 60 жилд татсан тамхины үнэ маань шинэ машин хоёрыг авах мөнгө болжээ. Тийм их мөнгийг дэмий шатаасан байна. Тамхиа татахаа больсон эхний нэг сард ямар нэг юм үгүйлээд хэцүү байсан. Тэгсээр тамхийг тоохоо больсон хэмээн ярьсан юм. 60 жил тамхи татсан өвгөн муу зуршлаа орхисон байна. Тэгвэл 10, 20-хон жил татсан залуу, идэр насныхан тамхиа хаяхад юухан байх билээ. Тэд маань эрүүл мэнд, хөрөнгө мөнгийг хулгана мэт мэрэн хороогч Тамхи баяртай гээд орхих цаг болжээ. Тамхи баяртай. Улсын хэмжээгээр манай тамхичид хичнээн тэрбум төгрөгийн үнэтэй тамхи худалдан авч биеэ хордуулж буй тухай хэлэх аргагүй юм. Бүтээн босгоход зориулж болмоор асар их мөнгийг тамхи болгоод дэмий шатааж байна. Өдөрт хамгийн багаар бодоход 400 төгрөгийн янжуур татдаг хүн жилдээ 400 х 365 = 146000 мянган төгрөгөө үрдэг байна. Үүнийгээ та тооцдог уу. Баяр ёслолын үеэр үүнээс үнэтэй тамхи татна шүү дээ. Тамхинд зориулдаг 146 мянган төгрөгөөр нэг айл аятайхан юм авна даа. Тэгээд ч энэ чинь жирийн албан хаагчийн хоёр сарын цалин.

/Yнэн 2005-01-05/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button