Монголчууддаа хандах уриалга

Амь эрсэдсэн хүмүүсийн тоо цаг минутаар өсөж нөхцөл байдал улам хүндэрсээр байна.
Манай гаригт сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй хамгийн олон хүний амь хохироож, асар их хохирол учруулсан энэ гамшигт өртсөн улс орны ард иргэдэд туслах хөдөлгөөн дэлхий нийтээр өрнөж, сайн санаат хүмүүс болон олон улсын байгууллага, улс орны засгийн газрууд тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Гамшгийн нөхөн сэргээх ажиллагаанд цаашдаа 5.0 тэрбум гаруй америк доллар шаардагдаж байгаа бөгөөд одоогоор 2.0 тэрбум америк доллартай тэнцэх хүмүүнлэгийн тусламж цуглараад байна. Үүнд Японы Засгийн газар 500 сая ам.доллар, АНУ 350 мянган ам.доллар, Дэлхийн банк 250 сая доллар, Европын холбооны төв комисс 45 сая ам.доллар, Их Британи 95 сая ам.доллар, Швед 75.5 сая ам.доллар, Испани 68 сая ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо.
Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөн нь байгалийн аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлдэг хүмүүнлэгийн байгууллага бөгөөд Цунами хар салхины гамшигт өртсөн хоёр сая гаруй хүнд нийт 60 сая америк долларын хүмүүнлэгийн яаралтай тусламжийг амжилттай зохион байгуулж байна.
Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Холбоо өөрийн гишүүн 180 гаруй Үндэсний нийгэмлэгүүдэд хандан гаргасан уриалгыг МУЗН дэмжиж, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөдөлгөөнийг Үндэсний хэмжээнд зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигт нэрвэгдэгсдэд Улаан Загалмайн хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлэх талаар ихээхэн анхаарч, Олон Улсын Улаан Загалмайн Холбооны дэмжлэгтэйгээр 1999 оноос манай оронд жил дараалан тохиосон ган зудад өртсөн хүмүүст 10.0 гаруй тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан юм.
МУЗН дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож байгаа байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг Улаан Загалмайн Олон улсын сүлжээгээр дамжуулан олон нийтийн үүсэл санаачилгыг дэмжих замаар өөрийн хүч бололцоогоороо зохион байгуулж ирсэн билээ.
МУЗН өөрийн уламжлалт арга туршлага дээрээ тулгуурлан дэлхий нийтэд сүүлийн хэдэн арван жил тохиолдож байгаагүй Зүүн Өмнөд Азийн болон Африкийн орнуудыг хамарсан далай доорхи газар хөдлөлт Цунами үүнээс үүдсэн хар салхины гамшигт нэрвэгдэж амь насаа алдагсдын ар гэрт болон хүнс тэжээлийн дутагдалд орж халдварт өвчинд нэрвэгдэх аюулд тулгараад байгаа олон сая хүнд сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэх, хандив цуглуулах тусгай сан нээж, байгууллага иргэдийн санал хүсэлт, сэтгэл санааны болон эд зүйлийн тусламжийг хүлээн авах комисс байгуулан ажиллуулах болсноо мэдэгдэж байна.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн Монгол ардын сургаалаа эрхэмжлэж энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хөдөлгөөнд байгууллага, иргэд бүх нийтээрээ оролцож хэнд юу байна түүгээрээ туслахыг уриалж байна.
2005.01.03
/Монголын Улаан Загалмай Нийгэмлэг/