М.Энхсайхан Р.Гончигдорж нар тохиролцсон гэнэ.

Гэхдээ л үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр ҮЗХ-ныхоо хурлыг та нар энэ суудлаа авбал авна л биз. Би үүгээр чинь дутах ч үгүй, зууралдах ч үгүй хэмээн хэмх пээдийгээд хаян гарч одсон сурагтай. Харин түүний араас нь Р.Гончигдорж утас цохиж Би намаа авъя, харин чи ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвш хэмээн аргадах, тулгах, гуйх, тохирохыг хослуулсан гэнэ. М.Энхсайхан ч хүлээн зөвшөөрч Тэгвэл би очоод хэл ам хийхгүй. Шууд л тамга тэмдгээ өгнө хэмээн ам гарсан аж. Саарал ордны эвслийн бүлэг фракцуудын дунд ийм бор шувуухай нисээд хоёр, гурав хонож байгаа бөгөөд хэр үнэмшилтэй болохыг М.Энхсайхан эх орондоо хөл тавьсан тэр үед тодорхой болох аж. Хэрэв энэ тохироо үнэн байгаад М.Энхсайхан ерөнхийлөгчийн сонгуульд байндаа онохгүй бол байдал эвгүйтэх байх даа.

Шаварт унасан шарын эзэн шар махтайгаа хатаж байна
Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байхад МУ-ын ерөнхийлөгч Н.Багабанди архи тамхины онцгой албан татварыг нэмэх тухай хуулинд хориг тавьснаар Сангийн сайд Н.Алтанхуягийг боож үхэх гэж байхад нь бор шидмэсийг нь дөхүүлж өгсөнтэй утга нэгтэй үйл явдал болов. Бухимдсан сангийн сайд хэвлэл мэдээллээр ерөнхийлөгчийг ятгахын дээр намынхаа бүлгийнхнийг сэнхрүүлэх гэж цагаа барах болсон. Дотоод асуудлаа шийдэж чадахгүй байгаа эвслийн бүлгийнхэн юун хориг хэлэлцэхтэй манатай байгаа нь улам гацаанд оруулж байна. Тиймээс Н.Алтанхуяг сайд лам олдохгүй болохоор буцахдаа МАХН-ын бүлгийнхнийг турхирч, УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн рүү байдлыг шиншлэн өдөртөө хэд утас цохьдог ч өнөөх нь Танайхан цуглараад хэлэлцье гэвэл бид бэлэн байна. Манайхан шийд гаргаагүй хэмээн гэдийгээд байгаа аж. Зүрхээ гартаа барьсан сангийн сайд хэрэг хаашаа эргэхийг хүлээн суухаас өөр аргагүйд хүрэн шаварт унасан шарын эзнийхээ хүчийг бараа, зүрхний эм уун шар махтайгаа хатаж суугаа аж.

МАХН-ын бүлгийнхэн анх удаа алалцав
Ардчиллынхан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдлаа дотоод ардчилал хэмээн тайлбарладаг бол хагас цэрэгжилтийн байдалтай МАХН-ынхан дээд зэргийн зохион байгуулалттай, сахилга баттай, санаа нэгтэй нам хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг. Тэгвэл сахилга баттай, санаа нэгтэй намын бүлгийнхэн ерөнхийлөгчийн архи тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тухай хуулинд тавьсан хоригоос болж анх удаагаа түнжин хагарч эн тэнцүүхэн хоёр хуваагдан гацаанд ороод байна. Нэг хэсэг нь хоригийг хүлээж авна, нөгөө хэсэг нь үгүй хэмээн тас гүрийн буруу хараад суучихсан гэнэ. Яахаа мэдэхээ байсан намын удирдлагууд дэмий л байнгын хороодын хуралдаануудаар ямар шийд гарах бол, эвслийн бүлэг хэрхэн шийдэх бол хэмээн битүүхэндээ тандалт хийх болж. Нэг хүн шиг МАХН эвээ олохгүй бол олон толгойтой могой шиг эвслийнхэн учраа олон зөвшилцөнө гэдэг юу л бол хэмээн дүгнэх хүн ч олшроод байгаа гэнэ шүү.
/Зиндаа 2004/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button