Шинэ жилийн сэдэвтэй бүтээлүүдийн сайн, муу талаас

Энэ бол манай рок попынхны шинэ ондоо барьж байгаа дуун бэлэг юм. Хэдэн жилийн өмнө манайхан хуруу дарам цөөхөн хэдэн шинэ жилийн дуутай байсан. Дуучин Оюунчимэг, УГЖ Эрдэнэбат, поп хатагтай Сараа болон эстрадын алтан үеийнхний хэдэн дууг бид бараг цээжилчихсэн байдагсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг гэдэг шиг цасан ширхгийн тоогоор сонсох ч биш заримдаа сонсохгүй байх ч хэцүү болсон болоогүй ногоон хитэнцэр их төрөх болсон. Гэхдээ тэдний дотор сайн нь ч бий. Зарим нь бүр ардын хит болох нь ч энүүхэнд. Ингэхдээ олон арга хэрэглэж болдог. Жишээ нь, FM-үүдээр бөмбөгдөх, аль болох олон байгууллагын захиалга авах, клип хийх, ярилцлага өгөх зэргээр хор найруулдаг. Энэ онд гэхэд л нийт арав гаруй шинэ жилийн дуу төрөөд байна. Он гартал дахиад нэмэгдэх бололтой.
Гарсан бүтээлийг нь хоёр ангилъя.
Bad
Дуучин Анхаагийн Хайрын шинэ жил нь ёстой л гунигийн шинэ жил гэмээр. Анх ая зохиогч Долгионд энэ дууг софт-поп стилиэр хийх санаа төрсөн ч дэндүү их хичээснийх ч юм уу, нэг л хүний ёолк болж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ тэр нэгэн үдшийг баярын тансаг орчинтой болгосон байна лээ. Муулахад бас хэцүү л юм.
Good
Guys-ынхны хувьд ОК! Тэд Цас-ын клипээ үнэхээр хөдөлмөр гарган хийжээ. Үүнд тэдний мэргэжил их нөлөөлсөн нь дамжиггүй. Клипны зохиолын хувьд Жорж Майклын Last Christmas-ыг хуулбарласан нь илт ажиглагдсан. Монгол Модель агентлагийн охид оролцсон нь бас нэгэн чимэг болжээ. Охидыг царай зүс, гадаад имижээр нь их сайн сонгосон байна лээ. Түүнчлэн хувцаслалтын тал дээр ч их анхаарсан байлаа. Видео монтаж ч зохиолдоо таарсан энгийн хирнээ Cross студийн уламжлалыг хадгалсан өрнөл сайтай болжээ.
Bad
Залуу бой-бэнд Take-off энэ баяраар зүгээр суусангүй. Ах, эгч нараасаа дутахгүй гэсэндээ бас л үзээд алдаж. Клипнийх нь нэр Цасан дээр. Дууныхаа нэрнээс авахуулаад зохиол, шийдэл, сонголт муутай бүтээл болсон мэт. Яахав, цаашид ихийг хийж, шинийг сэтгэх хэрэгтэй шүү дүү нар аа.
Good
Last Christmas дууг Жорж Майкл Wham! хамтлагаас гарсныхаа дараахан соло сингл хэлбэрээр 1986 онд бүтээсэн юм. Энэ бол яах аргагүй олон улсын шинэ жилийн хит болж байсан, босоогоор үлдсэн аварга бүтээл. Тэгвэл Нэгэн зүгт хамтлаг анхны дорвитой гэх дебют синглээрээ энэ дууг сонгон Болор студиэр клип хийлгэжээ. Англиар эхлээд дундуур нь монгол хэдэн үгс хавчуулаад авч. Поп хэлбэрээр хийгдсэн дуу болоод клип нь тэнгэрт тултал магтуулахгүй юмаа гэхэд газарт ортлоо муулуулахгүй биз. Гэхдээ нөгөө шинэ жилийн шоу болчихгүйхэн шиг уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхийг л хүсэх байна.
Bad
Шинэ жилийн вальс гэсэн нэртэй бүтээл их олон. Алдарт хөгжмийн зохиолч Чулуун гуайгаас эхлэн ийм нэртэй олон сайхан уран бүтээл төрөн гарсан. Гэхдээ энэ удаад Сарны чулуу чуулгын дуучин Баттогтох, Саран хоёрын клипэнд энэ нэр ахадсан мэт. Дуу нь бол яахав дээ, зүгээр. Харин клип нь бидний ярьдгаар хэдэн он бэ? Одоо чинь 21-р зуун шүү. Үүнийг хоёр дуучин маань болон Three-X студийнхэн мэдэж л баймаар даа. Техник, компьютер хөгжсөн үед ийм зүйл хийчихээд бидний клип гэж ярих хэцүү л юм. Дууныхаа нэрийг сольчихвол концертийн шууд бичлэг гэж болох юм.
Иймэрхүү маягаар, хэлбэртэй, хэлбэргүй дууны клип их төрж байна. Дээр хэлсэнчлэн дахиад олон төрнө. Бид хэн нэгнийг шүүмжилж гутаан, магтан онгироох гэсэнгүй. Зөвхөн сургамж аваасай л гэж зорилоо. Ер нь цаашид энэ чиглэлээр ихийг та нөхөдтэй санал солилцоно байх шүү!
Урлаг бол гэгээн зүйл. Гэхдээ үзэгчид сонсогчдыг нь басамжилж болохгүй нэхэл хатуутай шүүгч юм шүү. Манай сонины дугаар гарах мөчид хэд хэдэн клип хийж дууссан мэдээлэл ирж байлаа. Энэ талаарх эргэцүүллээ бид дараа дараагийн дугаараараа хүргэх болно. Урлагийн үнэнч цэрэг бас боол нь болох таньд шинэ оны мэнд хүргье.