Барса-гийн Хар алт

Орон орны үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын санал асуулгаар Роналдо де Ассис Морейра буюу Роналдиньо 620 оноо (түүнийг 89 дасгалжуулагч нэгдүгээрт, 47 нь хоёрдугаарт, 34 нь гуравдугаарт нэрлэсэн) авч тэргүүлсэн бол Францын Т.Анри 552 (79, 42, 31), Украины А.Шевченко 253 (34, 19, 26) оноогоор удаалжээ. Ийнхүү тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгч алдрыг хүртсэн дөрөв дэх бразил хүн (өмнөх нь Ромарио, Роналдо, Ривалдо) боллоо. Энэхүү босго өндөртэй шагналд 26 европ, 7 өмнөд америк тоглогч нэр дэвшсэнээс эцсийн FIFA WORLD PLAYER Барса-гийн хар алт 2004 оны шилдэг шалгаруулалтад Т.Анри, А.Шевченко, Роналдиньо нар тунаж үлдсэн. Тэрбээр 1980 оны гуравдугаар сарын 21-нд Порту-Алегрид төржээ. 1998 онд Гремио багтай анх гэрээ байгуулж, мэргэжлийн хөлбөмбөгчийн гараагаа эхэлсэн. Хоч нь Гау-чо. Шүдэрхэг Роналдогоос ялгахын тулд түүнд ийм нэр хайрлажээ.
2001 онд Пари Сен Жермен багт 4.5 сая ам.доллараар худалдагдаж хоёр жил орчим тоглосон бөгөөд 2003 онд Барселона-тай таван жилийн гэрээ байгуулжээ. 2002 оны дэлхийн, 1999 оны Америкийн цом тэмцээний аварга. 1997 онд Египетэд болсон идэрчүүдийн ДАШТ-ий, 2000 оны Condereations Cup тэмцээний шилдэг довтлогч. 2003-2004 оны улирлын гараагаа маш муу эхэлсэн Барса Роналдиньогийн ачаар АШТ өндөрлөхөд дэд аварга болсон. Барселона Аваргуудын лигт Милан-ыг 21, Испанийн лигт Реал (Мадрид)-ыг 30-ээр хожиход тэрбээр гол үүргийг үйцэтгэсэн юм. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд өнгөрөгч ням гаригт Валенсия-тай тоглоход тэрбээр хүн дутуу үлдсэн багаа 01-ээр ялагдаж явахад хожигдох аюулаас аварсан юм. Түүний үнэ албан бусаар 100 сая евро хүрээд байна. Челси Каталоны багийн удирдлагад дээрх үнийг санал болгосон ч Лапорта шууд л татгалзсан хариу өгсөн байна. Түүнтэй өрсөлдсөн Т.Анри Мэдээж, ялагдсан болохоор сэтгэл дундуур л байна. Гэхдээ Роналдиньо хэрхэн тоглож, Шевченко ямар амжилтад хүрснийг хар л даа хэмээн ярьжээ. Харин Европын шилдэг хөлбөмбөгч А.Шевченко Роналдиньо үнэхээр авьяастай юм. Тун удалгүй түүний нутаг нэгт, манай багийн тоглогч Кака энэ алдрыг хүртэнэ гэжээ. Харин Германы довтлогч Биргит Принц 2001, 2002 оны шилдэг, олимп, дэлхийн аварга АНУ-ын Миа Хэммийг ялж, оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр тодорчээ. Гуравдугаар байрт Бразилийн хагас хамгаалагч, 18 настай Марта шалгарсан юм.
Эцэст нь Роналдиньотой Испанийн Маrca u Sport сонины сурвалжлагчийн ярилцсаныг толилуулъя.
-Энэ жил та ямар ч тэмцээнд түрүүлээгүй. Дасгалжуулагчид таны уран гоё тоглолтод татагджээ дээ?
-Би ямар ч тоглолтод сэтгэл зүрхээ зориулдаг. Түүнээс бусдын анхаарлыг татах гэж техник үзүүлдэггүй. Цол, гуншин бага гэдэгтэй санал нийлнэ. Шигшээд хамт тоглодог найз нөхөд маань бүгд өөр өөрийн клубтээ тус болж байгааг хараад атаархдаг. Хэзээ нэгэн цагт би Барса-д амжилт бэлэглэнэ гэдэгтэй итгэлтэй байна.
-Таныхаар бүх үеийн шилдэг хөлбөмбөгчин хэн бэ? Та нэгэн ярилцлагадаа Марадонаг онцолсонд бразилчууд дурамжхан хүлээж авсан?
-Миний үгийг гуйвуулсан байна. Хөлбөмбөгийн түүхэнд олон агуу тоглогч төрөн гарсан. Тоглолтыг нь нүдээрээ үзсэн хөлбөмбөгчдөөс хамгийн шилдэг нь яах аргагүй Марадона. Харин бүх үеийн шилдэг нь Пеле гэж боддог.
-Олонх таныг бүх шагналыг хамах байх гэж бодож байсан. Гэтэл France Football-ын шагналыг А.Шевченко авчихсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Шевченко Европын шилдэг хөлбөмбөгч болох гавьяатай хүн, гомдох зүйл огтхон ч алга. Тэр Алтан бөмбөг-ийг авахын тулд олон жил хөдөлмөрлөсөн. Эхний гуравт багийн маань Деку орсонд маш их баярласан. Энэ бол Барселона дэлхийн шилдэг баг гэдгийн нотолгоо.
-Та Каталонд их алдартай. Залхдаг уу?
-Би ч гэсэн хүүхэд байхдаа хайртай хөлбөмбөгчдийнхөө гарын үсэг, футболкийг чадан ядан цуглуулдаг байсан. Тийм болохоор хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэлтийг аль болох биелүүлэхийг хичээдэг.
-Та хамгаалагчдаас биш, тэд танаас айдаг байх аа?
-Хэрэв хамгаалагчдаас халшраад байвал хэзээ ч амжилтад хүрэхгүй. Бөмбөгөө аваад шууд өөдөөс нь яваад очиход барьц алддаг юм.
-Бразилийн шигшээд байнга дуудагдаж тоглохоос ядрахгүй байна уу?
-Шигшээ багтаа тоглохыг тэсч ядан хүлээдэг. Далимд нь ээжтэйгээ, найз нөхөдтэйгээ уулзаад ирдэг. Онгоцонд ороод л унтчихдаг болохоор аялан тоглолтод ядрах нь гайгүй байдаг.
-Барса Аваргуудын лигийн бага шөвөгт Челси-тэй таарсан. Өрсөлдөгчөө хэр зэрэг үнэлдэг вэ?
-Челси-тэй хийх хоёр тоглолт жинхэнэ тулаан болно доо. Нэгэнт бид Европт шилдэг нь болох зорилго тавьж байгаа болохоор даваад л гарахаас өөр аргагүй. Лондончууд ч гэсэн ийм бодолтой байгаа.
-Мөрөөдөл тань?
-Нэгэнт тив, дэлхийн аварга болсон болохоор Барселона-тай хамт олон олон ялалт байгуулахыг хүсч байна.