Зандан ээжийг минь асуувал… /өгүүллэг/

Yертэй голын хоёр талаас үнээ, тугал мөөрөлдөнө. Тэр хавийн айлууд саалийн үнээгээ үер гаталж ирэхийг түгшин хүлээсээр эрэг дээр цугларчээ. Өглөөхөн зүгээр байсан гол ингэтлээ үерлэх гэж. Мэдсэн бол малаа өөр тийш нь бэлчээдэг байж. Их Сэлэнгэ үерлэхээрээ долоо хоногоос нааш татрахгүй гэлцэнэ. Сүнжидийн ээж саалийн ягаан дээлээ өмсчихсөн голын эргээр өгсөж уруудан байснаа

-Ягаан аа, ягаан аа гэж хоолой мэдэн хашхирахад усны цаад талд байсан үхэр дотроос том биетэй мухар ягаан үнээ эзнийхээ дууг аван эрэмшиж толгойгоо сэжлээд ус зүсэн орлоо. Адгуус ч гэлээ эх амьтан болохоор хэдэн саалийн үнээ ягааны араас цувран орж, үрээ тэмцэн зүтгэв. Эвэр нь дархайсан эр үхрүүд тэдний араас гайхшран зогсож байснаа за бид юундаа ч яарах билээ гэсэн шиг ногоо хазлан хоцорлоо. Yнээнүүдийн зөвхөн эвэр нь шоволзож хамар нь сарталзахаас өөр юу ч эс харагдана.

-Ээж ээ яана аа, урсаад явчихлаа шүү дээ Сүнжидийг сандран орилоход ээж нь -Дуугай бай! гэж зандраад чанга гэгч нудраад авлаа. Сүнжид үүр цүүрээр хэсэгхэн зүүрмэглэхдээ ээжийгээ ийнхүү зүүдэллээ. Айлын эзэгтэй нар саалиндаа гарч байгаа бололтой хувин сав дуугарахад тэр сандран гутлаа холхиндог углаад дээлээ явуут ханцуйлан, гар нүүрээ угаагаад гарлаа. Бүдэг саарал тэнгэрийн дор их мөрөн хэмжээнээсээ хэд дахин томорч нэлийсэн их усан цайвартана. Ёстой ажлын садаа гэж энэ байх даа. Ус мөд татрахгүй дээ гэхээс зүрх нь шимширнэ. Түүнийг Алимаа зэлэн дээр тосон уулзаж

-Сүнжээ эгч ээ! энэ усыг хараач! Банзар ах боогдчихлоо. Хэл сураг байхгүй. Одоо яана аа! гэхэд үнээнийхээ цавинд толгойгоо наачихсан сааль хийж суугаа Надмид эмгэн өөртөө хэллээ гэж андуурсан бололтой.

-Буруу хойшоо гэж Банзарын хэл сураг авчрах ч өнгөрсөн хорвоо. Өчигдөр Дашийн бэр хүүхэн ус гарч ирэхдээ Банзарыг Должин хүүхнийд шал согтуу ногоороод хэвтэж байна гэхчивлээ. Тэднийд орогноод сумын төв орох завгүй байгаа юм биш үү! Энэ муу охиныг дэндүү элэг барих юм гэхэд Алимаагийн сэтгэл зовж Надмид ажаа гэхэд тэр үл анзааран

-Энэ нохой Банзар уг нь эхээс төрсөн л юм даа. Жил болгон ажаа та гэр мал харж байгаарай! Сүнжид бид хоёр хадамчилна гэж солиороод байдаг юм. Худал ярьж хуурсаар энэ хүүхнийг эхтэй нь амьд мэнд уулзуулахгүй нь л дээ! Цус харавчихлаа гэж хэл ээрээд байхад юугий нь лавлах гэж цаг алдаж явдаг бол оо. Хөгшин хонины насгүй бид өнөөдөр харавчихаад маргааш босоод ирэх биш! Өөдгүй муу хог гэж буруу зөвгүй бурав. Авгай хүүхнүүд Сүнжидээс зовж бүлх залгичихсан мэт гөлөлзөнө. Сүнжид юм ярьсангүй. Хэдэн үнээгээ шалавхан учиглаж орхиод гэртээ орлоо. Алимаа

-Надмид ажаа та наад амаа татаж байгаач! Хүн дуудаад дохиод байхад зөрж хадуураад байх юм. Нүүр хийх газаргүй болтол сайн түллээ дээ та гэхэд

-Хэн мэдэхэв золиг гэж За за үнэн юм чинь дээ! Хүний үрийг тэр хол газраас авчирчихаад ганц муу эхтэй нь золгуулаагүй юм шүү дээ гэж өөрийгөө өмөөрлөө.

-Нээрэн энэ Сүнжид их хачин хүн шүү. Банзарыг Должинтой нөхцчихөөд байхад мэдээгүй царайлчихаад Би байсан бол Самдагийг хэрэв ингэж явбал ёстой алаал өгнө. Салам ураад хаячихгүй юу! гэж өндөр бор хүүхэн уурсав. Чи байсан бол тэгнэ л дээ! Яаж галзуурч байж бол доо гэж нэг нь дэвэргэв. Хэн ингэж хөөтэй тогооны бариул болж дарлуулж суудаг юм. Эсвэл Банзарын хөрөнгөнд нь хорогдоод дуугүй явдаг биз гэж өндөр бор шилбэлзэв.

-За яршиг даа! Эдийн баянаас сэтгэлийн баян гэдэг юм. Харин Банзар ах үр хүүхэд гаргадаггүй гээд Сүнжид эгчийг зовоодог юм билээ! Тэрэндээ шаналж явдаг биз дээ хөөрхий! Тэгвэл тэр нөгцөөд байгаа Должин хүүхэн хүүхэд гаргаад өгөхгүй яагаав. Өөрөө чадахгүй байж гэхэд -Чи чадахгүй байгаагий нь яаж мэдсэн юм гээд бөөн инээдэм боллоо.

Хүүе таминь ээ! яадаг билээ! Гараарай хараарай! Нөгөөх чинь усанд үйж үхэх нь гэж хэн нэг нь сандран хөгшин залуугүй гол руу уралдлаа.

-Хөөе! Болиоч! Яаж болдог юм. Сүнжид ээ! хэмээн хашгиралдаж гүйнэ. Сүнжид Банзарын шувуун саарал хэмээх хурдан хүлгийг эмээллээд гөлөмийг нь шуугаад мордлоо. Морь ус руу орохоос зүрхшиж хамраа тачигнуулан хойш цахална. Сүнжид жолоогоо сул тавиад -Чүү гэж давирахад хөөрхий адгуус эзэндээ захирагдан усны зах руу оруут хөл алдан хөвлөө. Сүнжидийн ягаан торгон дээлийн хормой шүхэрлэн дэрвийснээ хүн морь хоёр улаан хоормог татах усан дотор хэд эргэлдээд толгой нь шоволзон орлоо. Эргээч ээ! Сүнжид ээ! Болиоч гэж хоолой нийлүүлэн орилолдов. -Ажаа та дэмий юм ярьж түүний сэтгэлийг үймүүлчихлээ. Хүний явдал танд ямар хамаатай юм гэж Алимаа Надмид чавганцыг загнав. –Би яасан юм. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг юм. Мориноосоо салчихгүй бол шувуун саарал устай газрын унага энэний цаад талд гарч л таараа гэснээ цухалдан хашгирахад их усны чимээнд түүний дуу өөрөөс нь үл хэтэрнэ. Байгалийн давуу хүчинд өртсөн хүн морь хоёр туйлдатлаа үзэлцэнэ. Их усны цалгиа түсэргээнд Сүнжид шалба норж, нойтон гар нь барьц алдан гулсав. Түүнийг эмээлтэй нь хов татах ёроолгүй хүйтэн харанхуй ус бүрхэн аваад дахин суга татан дээш гаргалаа. Тэр амь тэмцэн сарвалзаж хязгааргүй их хүчээр тэмүүлэн мориныхоо сүүлнээс тас зуурав. Ус залгиж хахаж цацан цээжийг нь хурц иртэй мэсээр нэвт сүлбэх мэт аймшигтай өвдөнө. Их устай голтой нутаг гэнэ лээ! Миний охин уснаас хол яваарай! Гэж хэлсэн ээжийн үг санаанд ороход чилж байсан гар ч хүч орох шиг барьцаа улам лавшруулан үхтэл зууралдав. Ээж минь намайг хүлээ! Муу охин чинь одоохон одоохон гэсэн бүүр түүр бодол орж гаран байв.

-Яана аа өнгөрлөө! Мориноосоо салчихлаа гэж эрэг дээр байгаа хүмүүс гаслалдав. Түүнээс хойш Дэлнээсээ зуур, сүүлнээсээ сайн барь гэж хашгирсаар хоолой нь сөөсөн Надмид эмгэн –Ээ халаг! Даан ч яав даа гээд сөхрөн суулаа. Эх мөрний урсгал хаанаас хөвж ирсэн нь үл мэдэгдэх мөсний хэлтэрхий, үртэс зомгол эрэг дээр гаргаж хаяна. Элсэн дээр хаягдсан тэр элдэв зайгуулыг дараачийн давалгаа дүүлэн ирж, буцахдаа хаман одно. Тэднийг аль ч учраа олохгүй орилолдон байхад шувуун саарал эмээл хазаар ч үгүй, сүр сүлд ч үгүй шолбойсон амьтан арай ядан сөхрөн бүдэрсээр голын цаад захад гарч ирлээ!

-Хүүе ээ хүүе, морь морь гараад ирлээ гэх дуунаар эрэг дээр байгсдын ухаан санаа нь эргэж исрэн –Нээрэн тийм байна. Сүүлнээс нь нэг юм зүүгдээстэй байна. Алив та минь нөгөө дуран хаачив. Дуран гэлцэж ганц дурангаа гар дамжуулан булаацалдав.
Сүнжид ус залгиж ухаан алдсан бололтой түрүүлгээ харан хөдөлгөөнгүй хэвтэнэ. Баярлаж догдолсон Алимаа нулимсаа арчаад

-Сүнжээ эгч маань дандаа Зандан ээжийг минь асуувал гээд дуулдаг юм гэхэд Надмид эмгэн –хөөрхий дээ хүний үр! Сүнжид ээ хүү минь босоорой! Босолгүй горьгүй ээ хүү минь! Зандан ээжид чинь бид юу гэж хэлэх юм бэ? Босоо бос хүү минь гэж унтаж байгаа хүнийг дуудах мэт аргадаж байлаа…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button