Ингэн нулимс оны шилдэг киногоор шалгарлаа

Энэ төрөлд Фараенгейт 9/11 хэмээх бүтээлээрээ шилдгийг авна гэсэн Майкл Мурын найдвар ийнхүү талаар болов. Оны шилдгийг 56 дахь удаагаа шалгаруулж буй тус холбоо шагнал гардуулах отгон ёслолоо хоёр хоногийн өмнө АНУ-ын Лос-Анжелос хотноо зохион байгууллаа. Ихэнхдээ ковбойн дүрд тоглодог алдарт жүжигчин Клинт Иствудын Сая долларын үнэтэй бүсгүй оны шилдэг киногоор мөн шалгарсан байна. Тэрээр 1992 онд Өршөөгдөөгүй киногоороо уг шагналыг авч байжээ. Өнгөрсөн онд Нууцлаг гол кино нь шилдэгт нэр дэвшин өрсөлдсөн юм.
Телевизийн бүтээлийн төрөлд найруулагч Брюс Чарьлзын суутРэй Чарьлзын шөнө хөтөлбөр шилдэг болж, Дэдвуд цуврал жүжиг, Их хотын секс кино тус тус удаалав. Америкийн кино найруулагчдын холбооны дээрх шалгаруулалтад зургаан удаа нэр дэвшсэн Мартин Скорсезийг шүүгчдийн шийдвэр бас л гонсойлголоо. Энэ удаад түүний Нисгэгч кино нэр дэвшсэн юм. Уг бүтээл нь Оскорын төлөөх гол өрсөлдөгч хэмээн мэргэжлийн хүрээнийхэн дүгнээд байгаа. Хамгийн гол нь Америкийн кино найруулагчдын холбооны энэхүү шалгаруулал энэ жил Оскар хэнд очих, кино академийнхны хандлага аль зүгт байгааг илэрхийлдэг ажээ. Учир нь тус холбооны гишүүдийн олонхиос Америкийн кино академи бүрддэг төдийгүй тэдний 56 удаагийн шалгаруулалтын ердөө зургаа нь Оскарынхаас зөрж байсан юм.
Тэгэхээр Ингэн нулимс Оскар-т ойрхон байна гэж хэлэхэд л буруудахгүй. Тус бүтээл дэлхийн кино ертөнцөд шуугиан тарьсан явдлыг Ардын эрх сонины шилдэг үйл явдлаар нэрлэсэн нь санамсаргүй хэрэг байсангүй.



З.Оргил
2005.02.2 Ардын эрх