Нүдний даралтын улмаас л хараагүй болоогүй бол бусад тохиолдолд эргэж хараа орох боломжтой

-Нүд өвчлөх маш олон шалтгаанууд байдаг бөгөөд үүнд янз бүрийн нянгаар эсвэл гэмтэл бэртлийн улмаас мөн нас ахиад ирэхийн үед болиогийн хүчин зүйл нөлөөлөөд өвчилдөг. Үүнээс гадна удамшлын өвчин ч байдаг. Ер нь нүд бол бүх л өвчнөөр өвддөг. Нүдний сүрьеэ, нүдний тэмбүү, нүдний хүйтэн мөн нүдний хортой хоргүй хавдрууд, даралт ихсэх гэх мэт бий. Насанд хүрсэн хүний нүд 7 гр жинтэй хааш хаашаа 2.4 см жижиг эрхтэн шүү дээ. Нүд нь мэдрэхүйн эрхтнийхээ хувьд хүрээлэн байгаа орчноос авч байгаа бүх мэдээллийн 85-90 хувийг авдаг болохоор тэр хүн сохорчих юм бол амьдралынхаа 90 хувийг алдаж байна гэсэн үг. Хүмүүс нүдээр ямар үхэх биш гээд өвчлөхөөр нь тэр бүр тоодоггүй. Бас хүнээс сонссон дуулснаараа өөрөө эмчилж өвчнөө хүндрүүлсэн хойноо бидэнд ханддаг ч эмчилгээ нь төдийлөн үр дүнд санасан хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол бий.
-Нүдний өвчин удамшдаг уу?
-Эдгээр өвчнүүдийх дотор нэг хэсэг нь удамшдаг. Энэ нь хүний генийн зохион байгуулалттай холбоотой байдаг бөгөөд эцэг эхээсээ биш юмаа гэхэд дараагийн үед нь гарч ирдэг. Мөн удамших магадлалтай өвчний тоонд нүдний даралт ихдэх, болорын төрөлхийн мултрал хараа муугаас шил зүүх гэх мэт өвчнүүд эцэг эхээс шууд болоод дараачийн үед ач зээдээ илэрдэг.
-Хүний толгойнд авсан гэмтэл хүний нүдэнд хэр нөлөөтэй вэ?
-Тархинд хавдар, цус харвах гээд маш олон төрлийн өвчин байдаг. Ер нь бол тархи, нүд гэдэг хоёр эрхтнийг хооронд нь ялгаж салгаж үзэж болохгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн хүн тархиндаа гэмтэлтэй байх л юм бол нүд эрүүл байна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс тархины өвчтэй хүн бүхэн нүдний эмчид зайлшгүй үзүүлж байх шаардлагатай байдаг.
-Нүдний даралт харвах нь тухайн хүндээ хэр их хор нөлөөтэй өвчин бэ?
-Энэ өвчин бол хүнийг хараагүй болгодог архаг өвчин өнөөдөр дэлхийн ямар ч орны анагаах ухаан төгс эмчилж чадахгүй хүч нь мөхөсдөж байгаа. Нүдний даралт ихсэн гэдэг нь өөрөөр хэлбэл нүдний дотоод шингэний урсгал нь өөрчлөгдөж хаагдсанаас болоод даралт нь ихэссэний улмаас харааны мэдрэлийн хөхлөг буюу хүмүүсийн ярьдгаар нүдний гал нь буурдаг. Энэ нь юу гэхээр харааны мэдрэлийн хөхлөг хатингаршаад хараагүй болгодог. Дэлхийн эрүүл мэндийн статистик судалгаагаар 44.000.000 хүн хараагүй байгаагийн ихэнх хувь нь энэ өвчний улмаас өвчилсөн байдаг. Нэгэнт ийм өвчнөөр өвдсөн хүмүүс бол бүрэн эдгэрнэ гэж байхгүй бөгөөд архаг өвчин учраас байнгын эмчийн хяналтад байж үзүүлж харуулж байж л насан туршдаа сохрохгүй байх боломжтой.
-Тэгвэл нүдний даралтын улмаас нэг нүд нь хараагүй боллоо гэхэд нөгөө эрүүл нүдэндээ нөлөөлөх үү?
-Хүний нүд гэдэг хос эрхтэн учраас нэг нүд нь өвчилсөн тохиолдолд нөгөө нүд нь эрүүл байна гэж байхгүй. Заавал тодорхой хугацааны дараа буюу 3-4 жилийн дараа өвчилдөг.
-Өвчилсөн хоёр нүдний харааг салгачихсан тохиолдолд нөлөөлөхгүй гэдэг буруу ойлголт байх нээ?
-Манайхан бол ихэнхдээ хараа салгана гэж ярьдаг. Энэ үг анагаах ухааны нэр томъёонд байхгүй. Үнэн хэрэгтээ энэ бол нүд өвчлөөд алимыг нь бүтнээр нь авахыг хэлж байгаа юм. Харин алим нь байгаа тохиолдолд салгаж өвчтэй нүдийг чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Нүдний даралт ихтэй байлаа гээд нэг нь өвдсөн тохиолдолд нөгөөг нь салгана гэдэг зорилгоор өрөөсөн нүдэнд мэс засал хийж алимыг нь авч болохгүй. Нүдний даралтыг эмчлэх олон төрлийн эмчилгээ байдаг бөгөөд хэрэв даралт л гэж ажиглагдсан бол юуны түрүүнд хагалгаа хийлгэх нь оносон эмчилгээ байдаг. Ер нь бол нүдний даралттай хүнийг архи, пиво спиртийн төрлийн ундаа хэрэглэхгүй байх, шингэн юм бага уух, халуун ногоотой хоол идэхгүй байх, харанхуй өрөө тасалгаанд удаан хугацаагаар тонгойж суухгүй байх, сэтгэл санаагаа аль болох тайван байлгах гэх мэт зөвлөмжүүдийг эмч нар өгдөг. Өвчтэй хүмүүс маань энэ бүхнийг бүгдийг нь зөрчдөг.
-Нүдний шилийг бага наснаас нь эхлэж зүүлгэх зөв үү?
-Энэ тал дээр бол дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэд ерөөсөө өлгийтэй байхаас нь эхлээд эмчийн үзлэгт оруулж тэр үзлэгээрээ янз бүрийн харааны гажиг, харааны хугарал бол эмгэг илэрвэл эрт эмчлүүлэх ёстой гэж үздэг. Зарим хүмүүс шил зүүвэл хараа улам мууддаг гэж ярьдаг. Тэр ч бүү хэл жилийн өмнө бичүүлээд зүүсэн шил нь таарахаа больчихлоо гэж ирдэг. Энэ бол буруу ойлголт. Нэг л хийчихсэн бол тэр чигээрээ насан туршид нь таарна гэсэн үг биш шүү дээ. Шил зүүснээр харааныхаа хэвийн үйл ажиллагааг хэвийн хадгалах сайн талтай.
-Сүүлийн үед хүмүүс линз зүүх нь их боллоо. Тэгвэл шил, линз хоёрын ялгаа юу вэ?
-Тиймээ, энийг хүмүүс нэлээд их зүүдэг болоод байгаа. Контакт шил буюу линз хэмээх гадны биетийг зовхины цаана нүдний алимны өмнө хэсэгт наалдуулж хэрэглэдэг. Гэхдээ линзийг хэрэглэх нь амар байдаг ч зааврын дагуу хэрэглээгүйгээс хүндрэл гарч болох муу талтай. Манай орон эрс тэс уур амьсгалтай зун халуун, өвөл нь хүйтэн, хавар нь шороон шуурга ихтэй болохоор линзинд гадны биет их ордог. Тавьсан линз нүд очирын хооронд өчүүхэн төдий элс ороход эвэрлэг бүрхүүл үүсч болдог. Мөн хар нүдэн дээр цагаан үүссэнээс харахгүй болно гэх мэт хүндрэлүүд гардаг. Тиймээс зөвэрэглэж чадахгүй бол өөртөө өвчин олсноос шилээ зүүж байсан нь хамаагүй дээр.
-Зарим хүний нүднээс нулимс их гардаг. Энэ нь ямар өвчин бэ?
-Энэ нь маш олон шалтгаантай. Ихэнхдээ бол нулимсны зам суваг хүүдий зэрэгт бүтцийн өөрчлөлт гарахад нулимс гоождог. Харин ямар ч хүн гадна салхинд гараад явахад нулимс гоожих нь хэвийн үзэгдэл. Харин тасалгаанд ч гадаа ч гоожоод нуухдаад байвал заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Энэ нь хүндэрч нулимсны сувгийн идээт үрэвсэл болох юм бол маш хүнд эмгэг. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд хүмүүс нулимс гоождоо малын үс ноос, хялгасаар сэтгэвэл сайн гэж нэгэндээ зөвлөснөөс болж халдвар авснаар нүдэнд нь хүнд эмгэг үүсч операци хагалгаанд орох хүнд тохиолдол градаг. Иймээс өөрөө ямар ч анагаах ухааны талын мэдлэггүй байж бусдад буруу зөвлөгөө өгсөн хүнд эрүү үүсгэгдэж шийтгэгдэх ч тал бий.
-Сүүлийн үед хүмүүс нүдэнд шар өөх ургалаа. Авахуулна гэж ярих болж. Энэ зөв үү?
-Наад асуудал чинь сүүлийн үед их яригдах боллоо. Ялангуяа манай залуу эмэгтэйчүүд их ярьдаг. Хүний нүдний дотно талд байгаа шар өөх нь байх ёстой зүйл. Угаасаа ч монголчууд мах өөх, тос их хэрэглэдэг болоод ч тэр үү ерөнхийдөө нүдний цагаан нь шарлангуй харагддаг. Энийг хүмүүс хайлуулна, авахуулна гэдэг. Харин нүдний хоёр талын буланд байгаа жижиг өөхөнцөрийн өвчин болоод томроод байвал авахуулах ёстой болохоос жирийн байгаа үед янз бүрийн эм дусаах, операци хийх зэргээр оролдох нь буруу. Учир нь энэ шар өөх нь нүдний тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг.
-Нүдний янз бүрийн дусаагуурууд гаднаас их орж ирдэг болж. Энэ үйлчилгээний хувьд хэр үр дүнтэй вэ?
-Бидний хэрэглэх эмийг эрүүл мэндийн яамнаас тогтоогоод өгчихсөн эмнэлэг үйлчилгээний ажилд хэрэглэх ёстой эмийн заавар байдаг. Гадуур дэлгүүр хоршоогоор зарагдаж байгаа бол ихэнхдээ гоо сайхны талын нөлөөтэй байдаг байх. Энэ эмүүдийг дусаагаад нүд нь хүндэрсэн хүмүүс зөндөө бий.
-Мэдээллийн технолги их хөгжиж буйтай холбоотой хүмүүс компьютер дээр их ажиллах болж. Тэгвэл энэ нүдэнд хэр их хор нөлөө үзүүлдэг вэ?
-Компьютер эвсэл телевизэр удаан харснаар нүдэнд маш их хор нөлөө өгдөг. Эдгээр нь бүгд хортой туяа гаргадаг. Тиймээс ялангуяа компьютер дээр хурдан удаан хугацаагаар ажилладаг хүмүүс эхний ээлжинд туяаны хамгаалалттай шилийг тогтмол зүүхээс гадна насанд хүрсэн хүн 40-45 минут ажиллаад 15-20 минут холдож өөр ажил хийж байгаад дахиж суух хэрэгтэй. Компьютерээс болж нүдний зовиур шаналгаатай болчихсон хүмүүс зөндөө бий.
-Болор суулгах мэс засал хэр үр дүнтэй вэ?
-Энэ мас заслыг голдуу 60-аас дээш насныхан хийлгэдэг. Нүдний болор гэдэг маш тунгалаг байдаг бөгөөд нас ахиад ирэхийн үед болор нь хатуурч хараагүй болдог. Хэрэв ийм тохиолдлоор хараагүй болсон бол даралт харвасантай адил биш эргэж хараа орох боломжтой. Монголд болор солих эмчилгээг бараг л дэлхийн түвшинд хүрэхүйц хэмжээнд 1-р эмнэлэгт л сайн хийж байгаа. Ер нь тэгээд зайлшгүй болор солиулах шаардлагатай бол үр дүн нь сайн байгаа гэдгийг хэлмээр байна.
/Монгол Улсын гавьяат эмч, тэргүүлэх зэргийн эмч Ч.Оросоо/
2005.02.3 Дээдсийн хүрээлэн