Шиний наймны дотор хийсэн буян арвиждаг

Ах нь таван төрийн нүүр узлээ гэж ярих энэ буурал багадаа хийдэд ном үзэж, дараа нь хар болж цэргийн алба хаасан. Хаах хаахдаа бур хил манаж байсан нэгэн.
-Газар тэтгэгч хэмээх модон тахиа жил гарахад цөөхөн хоног үлдлээ. Та гарах жилийн өнгийг тодорхойлж үзэв үү?
-Сайхан жил болно оо. Жил сайн сайхан байх, амар амгалан амьдрахын ихэнх хувь хүмүүн биднээс шалтгаалдаг юм. Бусдад буян санаж, хар муу үйл хийхгүй л байвал юм бүхэн бүтнэ шүү дээ. Гарах жил хур ихтэй, ногоо тариа элбэгтэй, хүн амьтан амгалан байна гэж зурхайн зурлагад буусан гэнэ лээ.
-Ирж байгаа жилийг сайн сайхан болгох олон зан үйл, ёс заншил байдаг. Түүний нэг гал тахих ёсыг монголчууд эртнээс эрхэмлэж ирсэн гэдэг юм билээ. Галыг яаж тахидаг юм бэ?
-Бүх юм өөдрөг сайхан байхыг бэлгэдэж гал тахиж галын бурхныг баярлуулдаг юм. Дээр үед задгай тулгатай байхдаа монголчууд энэ зан үйлийг нэлээд нарийн дэг жаягтай хийдэг байж. Галдаа хонины үе сүүл, эсвэл цоройгүй өвчүү, шар тос, идээний дээж архи өргөж, арц хүжээр голомтоо ариулна. Уншдаг ном ч бий.
-Орон-сууцанд амьдардаг бол галаа тахиж чадахгүй юм байна даа?
-Бүх зүйл хүний сэтгэлтэй холбоотой. Цахилгаан тулгаа гал гэж бодоод тахиж болно шүү дээ. Жаахан шар тос, архиар сэржим өргөөд унших номыг нь уншчихвал галаа тахичихлаа гэж бодож болно. Гэхдээ гэртээ лам залж галаа тахиулдаг айл олон болсон.
-Таныг багад энэ мэтийн ёсыг заавал хийдэг байсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Манай аав Хөлөнбуйр нэртэй лам хүн байсан болохоор манайх бурхны ёс заншлыг чанд сахидаг байлаа. Цагаан сар ч нүсэр болдог байж
-Одоотой адил бэлэг сэлт гэж бөөн хэл болдоггүй байсан гэдэг?
-Бэлэг өгнө. Орсон гарсан бүхний гарыг цайлгана гэж том ёс. Гэхдээ одоотой адил энд тэндээс ирсэн бараа таваар, мөнгө төгрөг биш. Боов, ааруул хурууд, тэр ч байтугай мах хүртэл өгнө. Том мөсөн чихэр бэлгэнд авсан хүүхэд хэчнээн баярладаг байсан гээч. Архи дарс ч их уухгүй. Ахмад настнаа хүндэтгэнэ гэж хачин.
-Сүм хийдэд цагаан сарыг тусгай жаягтай тэмдэглэдэг үү?
-Адилхан л монголчууд ялгаасаад байх юмгүй. Гэхдээ сүм хийдэд битүүний гэж том хурал шөнөжин хурдаг. Өглөө нь золгоод гэртээ ирдэг. Шинийн 15 хуртэл өдөр алгасахгүй хуралтай. Сүсэгтэн олон ч жилийнхээ заслыг хийлгэх гээд их ирдэг болохоор энэ үед бид шинэлнэ гээд алга болчихож болохгүй шүү дээ.
-Жилийнхээ заслыг шинийн найманд багтаж хийлгэх учиртай гээд том багагүй хэл болдог. Яагаад заавал ингэж хугацаа заадаг юм бол?
-Шинийн наймны дотор хийсэн буянч хэд дахин арвиждаг болохоор л хүмүүс ингэж зүтгэдэг хэрэг шүү дээ. Түүнээс заавал ингэ гэсэн хатуу хууль хаана ч байхгүй. Жилээ угтаад ч хийлгэж болно.
-Та их багадаа хийдэд шавилсан гэл үү?
-Би хуучнаар Гонгор зайсан бээсийн хошуу одоогийн Хэнтийн Батноров сумын Хөлийн гол гэдэг газарт эхээс унасан. Би ухаан орсон цагаасаа л бурхан номтой ойр өссөн. Багадаа Балданбэрээвэн гэж Монголын түүхэнд үлдсэн том хийдэд шавилж, Хүүхэн хутагтаас лүн бангаа хүртэж явлаа. Балданбэрээвэнгийн цамд гарч Эрлэг номун хааны элч хон хэрээний багтай хүмүүсийг айлгаж дүрсгуйтэж байснаа одоо санахад сонин байдаг юм.
-Хэзээ хар болсон юм бэ?
-Төр, засаг төвхнөж лам нарыг хар болгож байх тэр л үед дээ. Хар болоод цэрэгт явна гэж зүтгээд хотод ирж Ёнзон хамбад бараалхаж цэрэгт саадгүй явуулж өгөөч гэж ном айлтгаж байсан гээд бод л доо.
-Багш тань дургүйцээгүй юу?
-Хаанаас. 15 мөнгөний жавтий гэж ном уншуулаад адис авчихаад мордсон. СССР-ийг Гитлертэй дайтаж байхад би Дарьгангын 17 дугаар отрядад алба хааж хил манаж явлаа шүү дээ.
-Таны одоо шавилж байгаа хийдийг хүмүүс нэрээр нь биш голдуу Баянхошууных гэх юм билээ.
-Одоогоос 15 жилийн өмнө хийд байгуулах зөвшөөрлөө аваад шинэ Гэмтлийн эмнэлгийн урд дуган босгох гэж байлаа. Гэтэл сүулдээ газрын зөвшөөрөл энээ тэрээ гээд Баянхошуунд хийдийнхээ суурийг тавьсан. Багш минь Банзар гэж сайхан буурал бий. Манай хийдийн хамба. Нас нь 95 гарч байгаа.
Балжинням гуай 90 хүрч буй гэхэд хөнгөн шингэн. Хүмүус ч түунийг их урьж зална. Гурав хоногийн өмнө тяв айм ийн Эрдэнэ сум ороод ирсэн гэнэ. Өнгөрсөн намар Эрдэнэ зуу, Төвхөний хийдэд очиж хуралд хурсан. Утай, Гүмбэнд мөргөж буян хийсэн гээд явсан газрыг нь тоочиж барахгүй юм билээ. Зоч лам гэдэг тэр бүрий ном мэддэг болгоны хийгээд байдаггүй буяны номыг хурж, лүйжин тавьдаг учраас ийн эрэлт ихтэй байдаг аж.
Н.САРАНГЭРЭЛ
(өнөөдөр 2005-02-07 032)