Пакистан голдуу бизнесмэнүүд хуучин автомашиныг будгаар

Мөн үүний үр дүнд өдгөө гудамжиндаа багтахгүй төмрийн хогний цуглуулгатай болчихоод байна. Энэ өгүүлбэрийг уншсан хувьдаа машинтай хэн ч гэсэн миний машиныг төмрийн хог гэж байгаа юм биз дээ хэмээн бухимдах байх л даа. Тэгвэл энэ нь их учиртай. Хонгконгийн хуучин машины зах дээр нэлээд эртнээс сурьшсан пакистанчууд эдэлгээнд байх хугацаа нь хэтэрсэн тэрэгнүүдийг шилж байгаад хаа нэг тийш ачуулдаг байна. Заримдаа бүр дундуур нь тас хөрөөдүүлж байгаад ачуулдаг гэж байгаа. Харин ийм машинуудыг нь манай ченжүүд аваад нааш нь чирээд ирдэг юмсанж. Мөн наймаачид маань Эксель голтой хуучин машиныг задалж хөрөөдүүлэн сэлбэг нэрээр Солонгосоос ачиж ирээд Монголдоо угсарч, додомдон шинэ болгож борлуулдаг байлаа. Сүүлийн үед дээрх арга барил нэлээд хумигдаад байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ нь манайхны ухаантай сайных нь ч биш. Өнөө пакистанууд нь бага зэрэг соёлжсон-той холбоотой юм байна. Тэд Японы зах зээлд нэвтрэх болж, хуучирсан автомашиныг нь бөөнөөр худалдан аваад тордож экспортлох ажлыг эрхэлдэг болсон аж. Тиймээс Да хүрээ зах мэтийн газар борлуулж буй автомашинуудын чанар нэг шат дээшилсэн нь тэр. Гэтэл сүүлийн үед нөгөө пакистанууд нь хуучин машиныг нь хамгийн ихээр авч далд оруулж өгдөг монголчуудынхаа машины зах зээлийг сонирхон хөөрхий муу ченжүүдийн маань орлогыг цөлмөх аюул нүүрлээд эхэлжээ. Өдгөө пакистан голдуу арав гаруй гадаадын бизнесмэн Монголд суурьшин хуучин автомашиныг будгаар арьслан зарах бизнес эрхлэн ихээхэн ашиг олж байгаа юм байна. Тэгэхдээ тэд хэд хэд хөрвөөгөөд базсан цаас шиг болчихсон мөн шон тэвэрчихсэн машинуудыг маш хямдаар цуглуулаад авах юмгүй болсон хэсгийг нь тасалж хаянгуут ижил маркийн машины эрүүл хэсгийг залгаад гадуур зарагдаж байгаа тэрэгнүүдээс хямдаар өгдөг болоод байгаа гэнэ. Онхолдсон машин, машины бичиг баримт худалдаж авах зарлал их явдаг болсон нь ийм учиртай гэсэн үг. Тэдний энэ мэт үйл ажиллагаа нэг талаас засварчны ур чадварыг харуулсан ажил мэт боловч тухайн машиныг барих хүнийг шууд хадан хавцлын ирмэг рүү түлхээд хаяхтай тун ижил тун аймшигтай үйлдэл гэнэ. Учир нь ийм машин ямар нэг осол аваарийн үед эргээд тас үсрэх аюултай байдаг аж. Тэдний энэ мэт увайгүй үйлдэл жийп голдуу машин оруулж ирдэг цөөхөн хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх болсон тул холбогдох хүмүүс нь гомдол гаргаад байгаа юм байна. Тэр ч бүү хэл ийм худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тэдгээр ноёдыг өөрсдийн зах зээлээс шахан гаргах талаар их бага арга хэмжээ аваад ч дийлэхгүй байгаагаа ярьцгааж байгаа аж. Тэд харьцангуй чанартай автомашиныг арай илүү үнээр аваад ирчихсэн байдаг учир машиныхаа үнийг хямдруулж, гадаадынхныг цохих боломжгүй гэнэ. Монголчууд л болсон хойно хоногийн хоолгүйгээ мэдэхгүй хамаг мөнгөөрөө машин аваад уначихдаг учир пакистанууд энэ зан дээр нь дөрөөлөн янз бүрийн маркийн онхолдсон жийп машинуудыг тэр дор нь засч тордоод хямд үнээр борлуулах нь их юм байх. Бид тэдгээр хүмүүсийн тухай бага сага ч болох нээ мэдээлэл авахаар нэлээд явсаны эцэст доорхи зүйлийг мэдэж авсан билээ. Пакистанууд аль ч улс оронд автомашины засвар, худалдаа эрхэлдэг аж. Турк, Хятад цагаачид нийтийн хоолны газар ажиллуулдаг шиг тэд хаа ч очсон техникийн үйлчилгээ эрхлээд явчихдаг гэнэ. Энэ ажилдаа ч гаргуун бололтой. Тэд өдгөө мафийнхнаас нь айгаад ганцхан Оросын зах зээлд л нэвтэрч чадаагүй байгаа юм байна. Монголд ч гэсэн тэд их болгоомжилдог бөгөөд хулгайгаар бизнес эрхэлж байгаа учир тогтсон байргүй, энд тэндхийн хашаа байшинг түрээслэн байнга байршлаа өөрчилж байдаг аж. Шаардлага гарвал ганц цагийн дотор хаашаа ч хамаагүй шилжин байрлах уян хатан чадвартай юм байна. Гэхдээ л энд бараг ноёрхлоо тогтоогоод байгаа тухай дээр өгүүлсэн. Хамгийн сонирхолтой нь тэрхүү арав гаруй бизнесмен хэзээ ч нийлж бизнес хийдэггүй гэнэ. Эцэст нь хэлэхэд машин авах гэж байгаа хүн хаанаас ямар унаа сонгохоо сайн бодсон нь дээр биз ээ. Нэгэнт л хөрөнгө болгож авах гэж байгаа юм чинь үнэ хямдыг нь бодож гудамжны автомашин эргүүлэхгүй аль болох чанарыг эрхэмлэсэн нь таны цаашдын зам мөрд өлзийтэй мэт.
/2005. Ноцтой мэдээ /