Мэндчилгээ

Өрх гэр, өргөө ордондоо овог удам, ураг садан, халуун бүлээрээ цуглан, хөөр баяр дүүрэн байгаа олон түмэн иргэд ээ,
Өвөр нөмөр өтөг бууцандаа өнтэй сайхан өвөлжиж буй өлчир, чийрэг малчид минь ээ,
Өргөн дэлхийн зүг бүрт аж төрж, элэг сэтгэлдээ эх орон юугаа тээж яваа Монголчууд аа,
Та бүхэндээ өвөг дээдсээс уламжлалтай ёс заншлын их баяр-Цагаан сарын мэндийг дэвшүүлж, хөхөгчин тахиа жилдээ нарт дэлхийн хишиг, төрт улсын түшгийг тэгш түгээмэл хүртэн, настны буян, үрийн заяа тэтгэж, юу санасан есөн цагаан хүсэл тань цогцлон биелэхийн өлзий билэгтэй ерөөлийг өргөн, эв эе, энх амрын бэлгэдэл мэндийн хөөргөө баръя.
Тал хээр, хангай говь хосолсон дэлгэр уужим Монгол нутагт байгаль эхийн ааш тогтуу, жилийн өнгө эерүү сар шинэтэйгээ золгож байна.
Баярын энэ өдрүүдэд Монголчууд бид амар мэндийн золголт хийж, айлчин гийчнээ хүндэтгэн зочилж, хөөрөг зөрүүлж, хууч өрнүүлэхдээ өөрийн бие, үр хүүхэд, өрх гэр, улс орныхоо өнөө, хойчийн явдлыг тунгаан хэлэлцэж, алив үйлээ авах гээхийн ухаанаар дүгнэн цэгнэдэг уламжлалтай.
Улирах цаг, буурал түүхийн хуудсыг зузаалан өндөрлөж буй бичин жилд манай орны эдийн засгийн өсөлт нэмэгдэж, эерэг нааштай үр дүнгүүд гарч, улсын сан хөмрөг арвижлаа.
Мал сүргийн тоо толгой өнгөрсөн оныхоос өслөө. Урлаг соёл, шинжлэх ухаан, боловсрол, спортын салбарт ч урьдах ололтоо бататгаж, улс орноо тив дэлхийд таниулан сурталчилсан сайхан амжилт, оюуны бүтээлүүд олон гарлаа.
Манай улсын гадаад харилцаа хуучны танил, шинэ андын нөхөрлөлөөр өргөжин тэлж, хөрш болон уламжлалт харилцаатай орнууд, олон улсын байгууллагын хамтын ажиллагаагаар бэхжсэний сацуу хүндэт зочид, ажил хэргийн шинэ түншүүд, амралт зугаалгын сониуч жуулчдын тоо өсөн нэмэгджээ.
Энэ бүхэн сайн сайхан, дэвжил, хөгжлийн төлөө гэсэн бат шамдалт, бадрангуй зүтгэлт олон та бүхний цөхрөлтгүй хичээл зүтгэлийн үр дүн, заяа буяны хишиг мөн.
Настанд ивээлтэй, нялхаст ээлтэй байж, улс монголд өлзий хишгээ хайрласан Наран гэтэлгэгч бичин жилээ буяны даллагатай буцаж учрахын ерөөлөөр үдэж, Газар тэтгэгч тахиа жилээ сайн үйлс бүхэн бүтэж дэлгэрэхийн бэлгэдлээр угтаж сар шинэдээ сайхан шинэлцгээе.
Цагаан сар бол лавтайяа хоёр мянга гаруй жилийн тэртээгээс хөрст газар ханаа шийрлэж гэр өргөө босгон, төрт ёсоо төлөвшүүлсэн эртний түүхт монгол түмний үеэс үед өвлүүлэн хадгалсаар ирсэн уламжлалт ёс заншил, зан үйл, эдийн хийгээд оюун соёлын нэн баялаг, сод цогцолбор сан хөмрөгийн охь дээж, бэлгэдэл, хүндэтгэлийн их баяр билээ.
Унасан газар, угаасан ус, эх орон, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо ухаарах ухаарал, хайрлах хайр, өвөг дээдсийн баатарлаг үйл, бахдам амжилт, өнөө цагийнхны өөдлөх амьдрал өрнөх хүслийн биелэлийг нөхцөлдүүлсэн нандин сэжмийн билэгдэл, ер хүмүүн хоорондын хүмүүнлиг, нигүүлсэнгүй сэтгэлийн дотоод нарийн харилцааг илтгэн зохицуулагч шид увидас бүхий монгол ариун ёс, хэв заншил, зан үйлийн бүхэл бүтэн тогтолцооны нэлээд хэсэг нь цагаан сарын золголт, ёсолгооны үеэр илүү тод, илүү эрхэмсэг харагддаг.
Цагаан сараар зүг чигээ гарган, зам мөрөө тэгшитгэж, бодол санаагаа ариусган, буяны сэтгэлийг үүсгэхдээ амны билгийг билэгшээж, ашдын билгийг эрхэмлэх үг яриа, үйл хөдлөлөө цэгнэн хямгадаж, настнаа хүндэлж, нялхсаа асран, сайныг ярьж, сайхныг ерөөх, Монгол үндэстний дээл хувцас, дуу хөгжим, идээ будаа, ер үндэсний гэгдэх юм бүхнээ эдэлж хэрэглэн түүгээрээ бахархах нь манай ард түмний дэвшилтэт уламжлал, эрхэм нандин ёс жудгаар далд зохицуулагдаж буй сайхан үйлдэл, маргаашийн чинадад ч гээж үл болох эрхэм соёл мөн.
Манай ард түмэн одот орчлон, наран саран, сав шим ертөнцийн зүй тогтол болон дэвсгэр нутаг, цаг агаар, эрхлэх аж ахуйн онцлог шинж, түүхэн хөгжлийн явцаар нөхцөлдөн бий болсон амьдралын хэв загвартаа нийцүүлэн олон зууны турш боловсруулж хөгжүүлсэн ариун ёс заншлаа элдэв гаж, сөрвүү үзэгдэл, сэвтэл, бохирдлогоос ямагт сэргийлж ирсэн билээ.
Цагаан сарын баяр ёслолын үеэр хүн бүрийн хийх үйлдэл, хэлэх үг, тоглоом наадам нь хүртэл монгол үндэстний уламжлалт зан заншил, дэвшилтэт соёлоо өвлөн эзэмшсэний илэрхийлэл, түүний сүр хүч, зохицуулах чадварын бат нотолгоо байвал зохино. Монгол ариун ёс заншлыг сэвтүүлэх нигууртай архидан согтуурах, баярхан бардамнах, хэт сунжирсан, үрэлгэн нүсэр байдлыг ахуй амьдрал, зан үйлдээ оруулахгүй байх ёс суртахууны бат хэрэм цайзаа бэхлэн, дэг ёсоо баримтлан төлөв түвшин шинэлэн цагаалах нь бахархал хийгээд баясгалан болой.
Аливаа улсын төрийн тэргүүн нь үндэстэнийхээ ёс суртахууны үлгэрлэн дагуулагч нь байх учиртай гэсэн үзлийг чанд баримталдгийн хувьд
Дээл ихэдвээс өмссөн хүний биед ачаа болмуй
Эмээл хүндэдвээс тохсон морины нуруунд дарш болмуй
Эрхэм хэтэрвээс хүний сэтгэлд осолдохуй болмуй
Янз хэтэрвээс эл улсын доордост зүдгүүр болмуй хэмээн Эзэн Богдын сэрэмжлүүлэн хэлснийг ишлэн авч 799 жилийн дараагаар улсын Ерөнхийлөгч миний бие ард түмэндээ дахин сануулан хэлэхэд илүүдэх юун.
Баярлаж цэнгэхдээ ч ажил төрөлдөө алгуурладаггүй сайхан заншлаа эрхэмлэж сар шинийн өдрүүдэд үзвэр, үйлчилгээний бүх хүмүүс эелдэг шуурхай, инээмсэглэл дүүрэн ажиллааарай.
Байгаль, цаг уурын нөхцөл хүндхэн байгаа зарим нутгуудад малчид болон мал сүрэгт тавих анхаарлаа огтхон ч бүү сулруулаарай. Мал сүрэг мэнд, төлөг сүүлтэй, даага далантай, бяруу булчинтай онд орж, малчид сэтгэл өег байгааг сар шиний өмнө би Хэнтий аймгийн зарим сумдын ажил амьдралтай танилцах явцдаа мэдэрч явлаа. Гэсэн ч хэн бүхэн цагийн аядууд тайвшралгүй, дэлхийн өнгө, тэнгэрийн ааш хэрхэхийг төсөөлөхөд бэрхтэйг санаж, угтан хүлээж байгаа урт шар дээлтэй хүн-ий учруулж болзошгүй хүндрэл бэрхшээлээс дархлаатай, бэлтгэлтэй байх нь нэн чухал аа.
Улс төр, нийгмийн амьдралын бүх хүрээнд шийдвэрлүүштэй, хойш тавишгүй олон асуудлуудад төр засаг анхаарлаа төвлөрүүлэн, улс орныхоо хөгжил, дэвшил, олон түмнийхээ тусын тулд дэс дараатай, дорвитой ажлуудыг цаг алдалгүй хийж, их амжилт гаргана гэдэгт найдаж байна.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Эе эвээ нэгтгэн түмэн олноороо хамжвал
Эгэл дор улс ч болов их үйлийг бүтээмүү хэмээсэн өвгөдийн гэрээсийг сануулж, Газар тэтгэгч тахиа жилдээ Монгол түмэн минь бууршгүй буянтай, сааршгүй сантай, төрийн хэрэг төв түвшин байж, төрсөн биесүүд энх жаргахын ерөөл дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Төрийн сүлд Та биднийг ивээг.