Ажил хийвэл үр дүнг нь үзэх гэж зүтгэдэг дутагдалтай би

-Засгийн газар орон нутаг, аймгийн бүсчлэн хөгжүүлэх зарчмыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Ялангуяа өнгөрөгч дөрвөн жилд ажилласан Их Хурал энэ талын эрх зүйн гол үндсэн асуудлуудыг шийдсэн гэж болно. Одоо эрх зүйн баримт бичгийг бодитой ажил болгохоор Зүүн бүсийн хүрээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд хамтран ажиллахаар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг гаргах, эхний ээлжид шийдвэрлэх ажлынхаа эрэмбэ, дарааг тогтоох, хөрөнгө мөнгөө уялдуулах тал дээр ажил хэрэгч зөвлөлгөөн хийсэн нь энэ юм. Өргөн төлөөлөлтэй болж өнгөрсөн энэ зөвлөлгөөнд оролцсон хүмүүс санал бодол, байр суурь нэгдсэнээр дов довоо шарлуулж, хувиа хичээдэг арга барилыг өөрчилж тодорхой асуудлууд дээр дагнаж, хамтарч ажиллая гэж шийдвэрлэсэн. Ер нь бүсийн хүрээнд аймгуудын хамтын ажиллагааг цаашид тогтмолжуулж байнга уулзаж, зөвлөлдөж байх механизмыг бэхжүүлэхэд энэ зөвлөлгөөн маш их ач холбогдолтой болж өнгөрсөн. Тэр тусмаа шинээр томилсон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар хийгээд төр засгийн түшээд оролцсонд бүр их баяртай байгаа. 1992 оноос хойш л бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэх гэж ажиллаж, хэд хэдэн удаа ийм зөвлөлгөөн хийж, саналыг нь нэгтгэж ажиллах эхлэлийг тавиулах гэж оролдож байсан. Тиймээс энэ удаагийн зөвлөлгөөн өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ болсон гэж сэтгэл хангалуун байна.
-Нэг үе төр засгаасаа юм нэхсэн, болж бүтэхгүй зүйлсээ төр рүү түлхсэн хүмүүс байсан. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын засаг дарга нарын ажил байдалтай биечлэн танилцахад ийм байдал ажиглагдаж байв уу?
-Энэ нь орон нутгийн сонгуулиас хойш миний орон нутагт хийж буй анхны томилолт юм. Сум, орон нутаг, аймгийн удирдлагууд нэлээд залуужаад зогсохгүй Удирдлагын академи төгссөн, дээд боловсролтой хүмүүс ажиллаж байгаа нь чанарын ахиц гарч, үе солигдож байна гэж бодоход хүргэсэн.Нөгөө талаар ахмад туршлагатай хүмүүс залуустаа арга барилаасаа зөвлөж байгаа нь сайшаалтай. Аймаг, сумдын Засаг дарга нар зөвхөн залуужаад зогсохгүй урьд өмнө нь бизнес эрхэлж, компани толгойлж байсан хүмүүс гарч ирсэн нь олзуурхмаар байлаа. Урьд нь таны хэлдгээр дээрээс мөнгө өг, цалин тэтгэврээ цагтаа тавихгүй байна, юм хийх гэхээр болохгүй байна гэх сэтгэлгээ түгээмэл байсан боловч аж ахуй эрхэлж байсан эдгээр шижигнэсэн залуус гарч ирснээр дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллахад анхаарлаа хандуулж байгаа байдал давуу ажиглагдсан. Харин тэд эрх зүй хийгээд төрийн ажиллагаа, зохицуулах талаас анхаарна уу гэсэн хүсэлт тавьж байсан. Тиймээс бид орон нутагт өөрийг нь бие даалгаж ажиллуулах, өөрийнх нь санаачилгыг өрнүүлэх, хэн идэвхи, санаачилгатай ажиллаж байгааг нь дэмжих замаар төр захиргааны байгууллагуудыг үр ашигтай ажиллуулахад анхаарах болно. Ямартай ч Зүүн бүсийн бүсчилсэн зөвлөлгөөнийг Сүхбаатар аймагт зохиох талаар хоног хугацааг нь товлоод ирлээ.
-Зүүн бүсийг хөгжүүлэх стратеги зөвлөлгөөнд оролцохын далимд та Сүхбаатар аймгаас төрөн гарсан Сайн малчдад шагналыг нь гардуулсан байх аа?
-Тиймээ. Томилолтын хүрээнд Улсын сайн малчдад шагналыг нь өгсөн. Жилд 20 хүртэлх малчныг билгийн улирлын Цагаан сарын өмнө тодруулж, Улсын сайн малчин шагнал өгдөг байсныг энэ жил 24 болгож тоог нь өсгөсөн. Сүхбаатар аймгийн Асгат сумын малчин Дуламрагчаа, Эрдэнэцагаан сумын малчин Сүхтогоо хоёр маань 2004 оны Улсын сайн малчин гэдэг хүндтэй алдар, цол хүртсэнийг гардуулсандаа баяртай байна. Зөвхөн хувь хүн малаа сайн өсгөж, үржүүлснээр энэ шагналыг өгөх бус малын үр ашиг, таваарлаг байдлыг нэмэгдүүлж, орон нутагт төлөх татвараа нэмэгдүүлэн, ажлын байр шинээр бий болгосон зэрэг эдийн засгийн өсөлтүүдийг харж шалгаруулдаг журамд шилжсэн. Сайн малчин болно гэдэг орон нутгийн нэр хүнд, малчдад урам өгөөд зогсохгүй бусдад нь үлгэр дууриал болохуйц арга хэмжээ байдаг. Жишээ нь, Асгат сумаас сүүлийн 20 жил, Эрдэнэцагаан сумаас сүүлийн 24 жил сайн малчин төрөөгүй байсан. Хөдөөгийн малчид төр засагтаа баярлаж, урам зориг нь нэмэгдсэн байгаа нь шагнал өгөх явцад харагдаж байсан нь зүүн бүсэд ажилласан томилолтын маань бас нэг үр дүн юм даа.
-Та ОХУ, Ирланд улсад айлчлал хийгээд ирсэн өдрөө л Зүүн бүсийг хөгжүүлэх стратеги зөвлөлгөөнд оролцохоор явсан. Тэгэхээр Ирланд, ОХУ-д хийсэн айлчлалуудын талаар…?
-Энэ айлчлалын хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагуудтай уулзаж, парламентын байгууллага, түүний үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Ирланд улсын хувьд Монгол оронтой дипломат харилцаа тогтоогоод зургаа, долоон жил болж байгаа шинэ орон гэхэд болно. Сүүлийн үед монгол залуус Ирланд оронд сурах нь нэмэгдсэн учраас оюутан солилцох, тэдний нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчин бэлтгэх асуудал дээр нэлээд яриа өрнүүлсэн. ОХУ-д хийсэн айлчлалын хувьд парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг ярихын зэрэгцээ хоёр орны эдийн засаг, нийгмийн харилцааны тулгамдсан ойрын үед шийдэх гол асуудлуудыг ярилцсан. Ялангуяа хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг үр ашгийг дээшлүүлэх, цаашдаа Монголд хөрөнгө оруулалт хийх, уул уурхай зэрэг шинэ салбарыг эзэмших, төмөр замын салбарт хамтран ажиллах асуудлуудыг хөндөж ярьсан. Мөн Дэлхий банк-аас зохион байгуулсан Олон улсын хуралд оролцсон гээд яривал цөөн хоногт маш шахуу хөтөлбөртэй явсан гэж болно.
-Дэлхийн банк-ны захирлуудын жилийн уулзалтад та жил бүр оролцдог байх аа?
-Тийм. Монголыг хариуцсан захирлаар Сангийн сайд ажиллаж байгаа учраас энэ жил оролцоогүй. Харин Дэлхийн банк-наас Энхтайваныг хамгаалахын төлөө төр, шашин, хүмүүнлэг, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах хурал зохион байгууллахад нь оролцсон юм.
-Шинэ онд та их од хийморьтой орлоо. Таны морь олон ч наадмын айраг, түрүүг авч байна шүү?
-Морь эзэндээ хийморь дагуулдаг, эзнийхээ хиймориор урладдаг хийморьтой амьтан гэж буурлууд маань ярьдаг. Хээр халзан морь маань өвлийн гурван ч наадамд уралдаж, хоёр мөнгө, нэг нь алтан медаль авсан нь оны өнгө, эхлэл маань сайн байгаа явдал гэж бэлгэшээж байна даа. Өнгөрөгч жил миний хувьд бас их сайхан жил байлаа. Улсын наадам, төрийн анхны их тахилга Алтан овоо-ны наадамд морь маань түрүүлж, шилмэл хурдан хүлгүүдийн Их хурд наадамд айрагдсан гээд нэрлэвэл их амжилт үзүүлсэн. Морь маань хийморь дагуулах тусам ажил үйлс маань бүтэж, өөдрөг байдаг гэдэгт итгэдэг.
-Ингэхэд хэдийнээс хурдан хүлэгт нүд унагах болов оо?
-Морь сонирхсон үе гэвэл эртнийх. Идэвхтэй сонирхож, уралдуулж эхэлсэн үе гэвэл сүүлийн хоёр гурван жил юм уу даа. Хурдан хүлэгтэй Сүхбаатар аймгаас би сүүлийн 10 гаруй жил Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Манай нутгийнхны ярианы бүх сэдэв, бахархал, бэлгэдэл зэрэг морьтой холбоотой байдаг учраас моринд нүд унагах-аас өөр аргагүй байсан. Ганц миний ч хобби төдий зүйл биш нутаг орон, сонгогчдын маань хүсэл гэж болно. Тэд маань удам угшил сайтай адуугаа нутаг орныхоо нэрийг гаргаарай гэсэн үүднээс снэтгэл гаргаж бэлэглэдэг нь надад их урам өгдөг.
-Зарим хүн таныг нэг барьсан зүйлээ тавих дургүй гэж тодорхойлдог юм билээ?
-Тийм дутагдалтай тал надад байна. Ажил байвал эцсийн үр дүнг нь үзэх гэж л зүтгэнэ шүү дээ. Тэгээд зогсохгүй өөрөө гардаж хөөцөлддөг. Зарим хүмүүс Өөр хэн нэгнээр хийлгэж болох ажлыг өөрөө хийгээд байх юм гэж шүүмжилж л байдаг юм. Ингэснээр муу явдал надад тохиолдож байгаагүй болохоор энэ зангаа тавихгүй явдаг ч байж мэднэ.
-Таны хурдын морьд ямар үүлдэр, угсааных вэ?
-Миний морьд бүгд Сүхбаатараас гаралтай. Манай аймаг Дарьгангын жижиг зээрд, Ухаа хонгор, Ширээтийн цагаан адуу, Дарьгангын тожин ногоо гэх мэт хэд хэдэн алдартай угшилтай. Эдгээр адуунаас надад аль аль нь бий, өөрөөр хэлбэл, Дарьгангын зургаан сумаас цугласан адуу надад байдаг даа.
-Тод манлай уяач Г. Сандуйжав гуай таны морьдыг уядаг. Түүнтэй хэрхэн холбогдсон бэ?
-Биднийг морь л холбосон доо. Нэг үе бэлгийн морьдоо бөөгнүүлж, уралдуулаач гэсэн санал, зөвлөлгөөг нутгийнхан маань байнга тавьдаг байлаа. Нутгийн морин спорт уяачдын холбоо морьдыг маань цуглуулж, хотод авчирч өгсний дараа Сандуйжав гуайн уяан дээр тохиолдлоор тааралдаж, өөрийн морьдыг уяулах санал тавьсан. Сандуйжуав бол Сүхбаатар аймгийн хурдан хүлгүүдийг уяж нэлээн гаршиж байгаа, Сүхбаатар аймагтай өргөн хүрээтэй ажилладаг хүн.Морин уралдааныг хөгжүүлж, орчин үеийн жишигт хүргэе, энэ спортын нэр хүндийг өргөн, цэвэр ариун байлгах тал дээр хамтдаа зүтгэхээр явж байгаа минь энэ.
-Адуу тань хотын ойр оторлож багаа хэрэг байх нь ээ?
-Багахангайд оторлодог. Мянганы зам тавьчихсан болохоор 100 гаруй км газар, цаг гаран давхиад морьд дээрээ оччихдог юм. Харин суурин маллагааны цэг Налайхын ойролцоо Баянгийн Бүрд гэдэг газар бий. Тэнд би адуундаа зориулсан зүчээтэй. Энэ бол тод манлай уяачийн маань төрсөн нутаг шүү дээ.
-Бэлгэнд ирсэн морьдоо та яадаг вэ?
-Нэгэнт надад итгэж өгсөн хүмүүсийн морьдыг би зуны дэлгэр цагт бөөгнүүлж аваад, хурдыг нь үзэхийг хүсдэг. Морь уралдуулахын тулд асар их бэлтгэл ажил хийдэг. Тамирчин хүнээс дутахгүй хурдны морьд жилийн турш бэлтгэл шаардана шүү. Тэр бүхнийг тод манлай маань хариуцаад явдаг даа.
-Сүхбаатар нутгийн төлөө Та их зүйл хийсэн хүн. Олон ч сайхан дуу зохиолгож, клип хийлгүүлсэн байх аа?
-Сүхбаатар аймгийн ард олонтой ажил үйлс, амьдрал, хувь заяа нэгэнт нэгдчихсэн учир энэ сайхан нутгийнхаа төлөө их зүйл хийж, сайн сайхан бүхнийг нь олон түмэнд түгээж явах юмсан гэж их хичээдэг. Ерөнхийлөгчийн зарлиг гарч Алтан овоо-г төрийн тахилгатай болгож байна. Энэ нь тэр л нутгийг онголж , дээдэлж буй хэрэг юм. Нутаг орныхоо нэрийг зөвхөн ажил үйл дээр бус олон талаар гаргахыг хүсдэг. Сүхбаатар аймгийн адуу сүүлийн үед хошуураад байгаа эрлийз адуутай эн тэнцүү өрсөлдөж чадна гэдгийг тодорхой хэмжээгээр нотолж байна. Сайхан дуу хуур ч мөн адил нутгийн минь нэрийг гаргах нь зайлшгүй. Сүхбаатар аймгийн байгаль, хүн зон, хурдан удамт хүлгүүдийн тухай Адууны нутаг Дарьганга , Эрийн хийморь Дарьганга гэдэг хоёр ч CD гаргасан. Дуучин Амаржаргалаар Алтан овоо дууг дуулуулж, клипийг нь хийлгэсэн. Энэ бүхнийг надтай хамтарч ажилладаг төр захиргааны албан хаагчид, бизнесийн хүрээ, анд нөхөд, ах дүү нар маань хамтран бэлтгэж, санаа сэтгэл нийлж явдагт нь баярлаж явдаг даа.
-Танай нутагт хунгийн чуулган болж, олон мянган хун цугладаг гэдэг. Та үзсэн үү?
-Сүүлийн үед хүмүүс хунгийн чуулган үзье гэж их хошуурдаг болж. Дарьганга нутгийн хэдэн нууранд олон мянган хун цуглана даа. Тэднийг нэг нууранд цугласан байхыг харахад нүд, сэтгэл сэргэдэг. Гоё дуугарч, нисч буугаад л сайхан амьтад шүү. Хэдэн жилийн өмнө найз нөхөд,телевизийн сурвалжлагчдыг дагуулан хунгийн чуулганыг үзсэн. Манай нутгийн бас нэг гайхамшиг бол олон хүн үзээгүй ч үзүүштэй юм гэвэл Янзаган хүрээт гэдэг сайхан зүйл болдог. Намар болохоор тэр нутаг усны хэдэн мянган зээр нэг дор цугларч, томчууд нь гадуур нь хүрээлж, дотор нь хөөрхөн янзаганууд нь тоглож, бүжиглэн хөөцөлддөг гэдэг. Тэр болгон хүн үүнийг үзэж чаддаггүй. Энэ Янзаган хүрээт-ийн дараа сүрэг таран янзаганууд ижлээ олж авдаг гэдэг домог бий. Түүнээс гадна хүн хөшөө, хүрэл чулуу гээд үзүүштэй сайхан зүйл олон учраас аялал жуулчлалын чиглэл гаргах юмсан гэсэн бодол байдаг даа.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Газрыг тэтгэгч хэмээх модон тахиа жил гараад тун удаагүй байна. Шинийн найманд багтаж, бие биедээ мэндчилгээ дэвшүүлж, ерөөл хэлснээр тэр бүхэн нь олон зуу дахин арвиждаг гэдэг. Тиймээс Зууны мэдээ сонины хамт олон, нийт уншигчдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа.
/Монгол улсын Шадар сайд Ч. Улаантай ярилцлаа.//
2005.02.14, Зууны мэдээ