Б.Эрдэнэбат Ийм сонголтыг би хэзээ ч хийхгүй

-Тэгье. Өнөө МАХН 61 гишүүнтэй бүлэгтэй болж, Засгийн газар нэг намын тогтолцоотой боллоо. МАХН-ын дүрэм, үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг нь хүлээн зөвшөөрч дагаар орж байгаа 25 гишүүний адил би үзэл бодлоо худалдаад сайдаараа үлдэж болно. Бусад сайдууд ийм л байдлаар үлдсэн шүү дээ. Харин ийм сонголтыг би хэзээ ч хийхгүй.Энэ маань нэг дэх шалтгаан болсон байх. Хоёр дахь нь Эх орон-Ардчилал эвслийн сонгуулиар ард түмэндээ амласан амлалт юм. Монгол Улсын ирээдүй хүүхэд бүрт бид сар бүр арван мянган төгрөг өгөх ёстой. Бидэнд өнөөдөр Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон Ерөнхий сайд, Сангийн сайд нь байна. Гэтэл тэд Ерөнхий сайд, сайд болохдоо эвслийн амлалт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэчихээд гарч ирчихээд үүнээсээ татгалзаж буй нь ёс зүйгүй асуудал. Гурав дахь нь Засгийн газрын гишүүнийг огцруулахад хууль зүйн тодорхой заалт бий. Өөрсдөө өргөдлөө гаргаж байж огцрох ёстой. Түүнээс биш Ерөнхий сайд өөртөө таалагдсангүй гэж огцруулж болохгүй.
-Та хоёр эрх мэдэл албан тушаалтайгаа зууралдаад өгөхгүй байсан юм биш үү?
-Тийм юм байхгүй. Гол нь ард түмэндээ эрх баригчид яаж хууль шүүхийг уландаа гишгэж байгааг харуулах л гэж бид өөрсдөө огцрох санаачилга гаргаагүй юм.
-Эвслийг задалсан гол буруутан нь та мөн үү?
-Эх орон-Ардчилал эвслийг задалсан гол бурууг над руу чихэж байгаа нь эрх баригчдын өөрсдийнх нь арга барил. Тэд ямагт хүний хийсэн зөв зүйтэй юмыг өөрсдөө хийсэн болж алдаа дутагдлыг бусад руу чихэж түүгээрээ улс төр хийцгээдэг. Дээр нь хэвлэл мэдээллийг түүндээ ашигладаг муу зуршилтайг хэн бүхэн мэднэ дээ. Эвслийг би задлаагүй, Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллагын хурал олонхиороо шийдсэн. Олонхиороо шийдсэн шийдвэр ямагт үнэн байдаг нь ардчиллын алтан зарчим. Тийм учраас цөөнх нь олонхийнхоо шийдвэрийг дагаж явах ёстой.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад сонгуулиар амласан амлалтууд, түүний хамгийн гол амлалт болох Хүүхэд болгонд олгох 10000 төгрөг бүрэн тусгагдаагүй. Ийм байхад бид энэ Эх орон-Ардчилал эвслийг яах гэж байгуулсан байж таарах бэ? Түүнээс хэдхэн хүний хуйвалдаан, эрх мэдлийн төлөө ийм эвслийг байгуулаагүй гэдэг шүүмжлэл хурал дээр маш ширүүн өрнөсөн. Дээр нь нэмэгдсэн олон асуудал бий л дээ. Жишээ нь арванхоёрдугаар сарын 19-нд Ардчилсан намын даргыг гадаадад томилолтоор явж байхад нь Р.Гончигдорж хууль бусаар ажлыг авсан асуудал нь Ардчилсан намын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Эх орон-Ардчилал эвслийн гол субъект болсон Ардчилсан нам маань дотроо задраад Социал демократ нам нь бий болоод Ардчилсан намын даргыг өөр хүн хууль бусаар аваад гэх мэтээр энэ бүх үйл явц өөрөө эвслийг задалсан.
Уг нь ийм асуудлыг хэлэлцэх гэж хурал хуралдаагүй. УИХ-ын сонгууль болсноос хойш Эх орон-Ардчилал эвслийн Удирдах дээд байгууллагын хурал ерөөсөө болоогүй байсан. Уг ёсоороо бол өчнөөн удаа хийгдсэн байх ёстой хурал шүү дээ. Гэхдээ үүнийг санаатайгаар, зохиомлоор, зохион байгуулалттайгаар хуралдуулахгүй, хийхгүй гацаагаад байсныг тэнд оролцсон гишүүд маш шүүмжлэлтэй, үндэслэлтэйгээр ярьсан. Уг нь бид Эх орон-Ардчилал эвслийн Удирдах дээд байгууллагын хурлыг хийж эрхээ 34 гишүүндээ шилжүүлэх ёстой байсан. Дээр нь Эх орон-Ардчилал эвслийн гэрээ дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Гэрээ дүрмийн дагуу ямар ч үйл ажиллагаа яваагүй дандаа зөрчиж байсан. Үүнийг хурал дээр баримттай, цаг хугацаатай, эзэнтэй ярилцсан. Эх орон-Ардчилал эвсэл эцэст нь хуйвалдааны байгууллага биш. Энэ бол ард түмэнд амласан амлалтаа хэрэгжүүлэх ёстой байгууллага. Эх орон-Ардчилал эвслийн дуу хоолой болж өдөр шөнөгүй гудамжинд явсан гишүүд дэмжигч маань бүх амлалтаа хэрэгжүүлээгүй учраас итгэл алдарсан. Түүнээс Энхсайхан бид хоёр хуралд оролцоод, санаачлаад, тараасан юм огт байхгүй.
-Танай намд хоёр сайд өгчихөөд байхад түүнээ голж эвслийг тараасан ч гэх яриа байх юм?
-Энэ бол эрх баригчдын зохиомол яриа. Тийм зүйл огт үгүй. Харин ч бид хоёр өнөөдөр МАХН-ын 61-ийн бүлэгт ороогүйн төлөө, үзэл бодлоо худалдаагүйн төлөө, ардчилалдаа тууштай үнэнч байсныхаа төлөө огцорсондоо баяртай байна.
-Эх орон нам эвслээ тараагаад Хувьсгалт намтай нийлж Засгийн газраа байгуулах гэж байсан гэж ярьцгаадаг. Тийм тохироо байсан юм биш үү?
-Энэ бол сонгуулийн дараа өдрөөс л ярьсан сэдэв. МАХН-тай бид хэзээ ч тийм асуудал ярьж байгаагүй. Харин Ардчилсан нам доторхи Алтан гадас фракцынхан Бид өрсөхгүй бол Эх орон намынхан Хувьсгалт намынхантай нийлээд Засгийн газраа байгуулаад явчихна гэх яриаг эвслийн Удирдах дээд байгууллагын хурал хүртэл явуулсан. Ингэж л тэд эрх мэдэл, албан тушаалынхаа хуйвалдааныг хийж ирсэн байхгүй юу. Эвслийн Удирдах дээд байгууллагын хурал уг асуудалд эцсийн цэг тавьж Эх орон-Ардчилал эвсэл хуйвалдааны байгууллага биш, энэ бол амласнаа хэрэгжүүлдэг байгууллага байх ёстой гэж хуралд оролцсон нийт гишүүдийн олонхиор асуудал шийдэгдэнгүүт ардчиллын алтан хараацай гэгдэн ард түмнээс УИХ-д сонгогдсон хүмүүс маань бүр МАХН-д үзэл бодлоо худалдаад, бараг гишүүн нь болоод орж байна. Энэ бол харин Эх орон-Ардчилал эвслийн Удирдах дээд байгууллагын шийдвэр ардчилал доторхи хуурамч алтан хараацай-нуудын жинхэнэ дүр зургийг нь ард түмэнд ил тод болгож өгсний нотолгоо.
-Тэгэхээр Н.Энхбаяр дарга та хоёрын хооронд тийм тохиролцоо хийгдээгүй гэсэн үг үү?
-Тийм тохиролцоо огт байхгүй. Ардчилсан нам доторхи зарим хуйвалдагчдын зохиомол ярианы сэдэв.
-Танд Энхбаяр дарга Эвслээ тараачихаад ирвэл хамтарч Засгийн газраа байгуулья гэж хэлээд хуурчихсан юм биш үү?
-Энэ яриа бас эрх мэдэл албан тушаалын төлөө МАХН-тай хуйвалдагчдын зохиомол улс төр.
-Сая Эрдэнэбаатар сайд, та хоёрыг Засгийн газрын хуралдаа ирдэггүй, хууль ёсоо сахьдаггүй тухай яриа гарсан. Та хоёр үнэхээр тийм байдалтай байсан юм уу?
-Энэ бол огт ор үндэсгүй зүйл. Биднийг хууль зүйн дагуу огцруулах ямар ч үндэслэл олдохгүй болохоор янз янзын шалтгууд гаргаж өөрсдөө хэвлэл мэдээллээр тараасан л даа. Засгийн газар, УИХ-ын хуралдаандаа ирдэггүй гэж нэг үзээд бүр болохгүй болохоор нь Танай намын явуулж байгаа үйл ажиллагаа бидэнд таалагдахгүй байна гэж ярьцгаасан. Ийм үндэслэлээр Засгийн газрын гишүүнээ огцруулдаг хууль огт байхгүй. Хамгийн гол нь хууль зүйн гарцаа олж чадахгүй мухар нүхэнд орчихсон тарвага шиг ийм л юм хийгээд яваа улсууд байхгүй юу.
-Эх орон гэж намаа товчоор нэрлэсний дараа танай нам Энэ Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг байр сууринаас хандана гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгэлгүйгээр Засгийн газартаа хамтарч ажиллах боломж байгаагүй юм уу?
-Би тэдний хүсэлтээр МАХН-ын 61-ийн бүлэгт нь өргөдөл бичээд орчихсон байхад л өнөөдөр сайд хэвээрээ үлдэх байсан. Би тэгж өөрийнхөө үзэл бодлыг худалдаж,
амлалтаа худалдаж тэрнээсээ татгалзаж сайдаар үлдэх ёс суртахууны эрхгүй гэдгээ ойлгож байгаа. Тийм учраас сонгогчидтойгоо, ардчилалтайгаа, ард түмэнтэйгээ хамт явах нь зүйтэй гэж үзсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди та хоёрыг их дотно найз нөхөд. Тиймээс Ерөнхийлөгч найзаа сайдын сэнтийд нь үлдээх гэж үхэн хатан зүтгэлээ гэх ч яриа байх юм?
-Тийм зүйл огт байхгүй. Би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй парламентад суудалтай намын даргын хувиар улс орныхоо хөгжлийн талаар санал бодол солилцох асуудал байсныг үгүйсгэхгүй. Түүнээс биш хувийн харилцаа үүсгэчихээд хэн нэгнээ хаацайлж хамгаалаад байсан юм огт үгүй. Тийм ёс зүй, зарчим ч байхгүй. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаас зөвшилцөхөөр оруулж ирсэн асуудалд нь өөрийнхөө байр суурийг албан ёсоор илэрхийлээд байхад нь тагнуулын байгууллагатайгаа хамтран өргөө, ордноор нь тагнаад явна гэдэг бол ёс зүйгүй асуудал.
-Нямдорж сайд Ерөнхийлөгчийг таныг хамгаалахын тулд Хэнтий рүү зугтаагаад бүр болохгүй болохоор олдохоо байлаа гэх утгатай үг хэлсэн дээ?
-Нямдорж төрийн харилцаанд хувийн харилцаагаа хутгадаг бол их буруу гэж би бодож байна. Яагаад ч юм Нямдорж Ерөнхийлөгчийг ямар нэгэн байдлаар надтай холбох гэж оролддог. Тагнуулын ч юм уу, сонин арга барилаар харж байгаа нь Нямдоржийн өөрийнх нь хувийн дүгнэлт байх. Түүнээс биш төрийн алба гадаад, дотоод томилолт Тамгын газар, хэвлэл мэдээллийнхээ албаар дамжин жинхэнэ албан ёсоор явж байгаа. Үүн дээр ямар нэгэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зөрчсөн гадаад, дотоодын томилолтын ажил байхгүй байх гэж би хувьдаа бодож байна.
-Таныг Ерөнхийлөгчийн хүүд байр өгсөн ч гэдэг юм уу, Эрдэнэбатын ар талд Багабанди байдаг гэсэн яриа явдаг даа?
-Надад Ерөнхийлөгчийн хүүд байр өгсөн ч юм уу, түүнтэй хамтарч ямар нэгэн хувийн бизнес эрхэлсэн зүйл огт байхгүй. Үүн дотор нь үнэн юм гэж байхгүй, баталж нотлогддог юм гэж ганц үгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагаас шалгасан ч бүх юм нь нээлттэй ил шүү дээ.
-Эх орон-Ардчилал эвслийн ар талд Багабанди байгаа. Шинэ сонголт гэдэг үгийг та нарт зориулж хэлсэн ч гэж ярьдаг. Үнэхээр та бүгдийн ард Ерөнхийлөгч байсан юм биш үү?
-Ерөнхийлөгч Үндсэн хуулиар аль нэгэн улс төрийн хүчинд харьяалалгүй, түдгэлзээтэй байдаг. Тийм учраас ийм инээдэмтэй зүйлийг өнөөдөр Хууль зүйн сайд юм уу, улстөрчид маань ярьж байгаа нь буруу. Ийм зүйл огт байхгүй.
-Сүүлийн үед Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий ард таныг, танай намыг байна гэж ярих боллоо?
-Бас л зохиомол үндэсгүй яриа. Гэхдээ Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн гээд нэрнээсээ эхлээд эрүүл саруул, шударга зөв юмны төлөө явж байгаа бол хэн ч дэмжинэ. Зөв юмыг дэмжиж байна гэвэл сайн л байна. Ингэж ярьж байгаа нь эрүүл саруулаар гарч ирж байгаа залуучуудыг Эрдэнэбат гэдэг хүнд нялзаагаад нийгэмд үйлчлэх хүчийг нь сулруулах гэсэн оролдлого ч байж магадгүй.
Хамгийн гол нь төр, засгийн хүрээнд олон жил үргэлжилж бугшчихсан энэ буруу зөрүү үйл ажиллагааг нийгэм өөрөө хүлээж авахгүй байна. Тийм ч учраас нийгмийн захиалгаар бий болж байгаа ийм эрүүл саруул төрийн бус байгууллагыг аль нэг улс төрийн хүчинтэй холбож, хүчийг нь сулруулах, зөв үзэл бодолтой хүмүүсийг зохион байгуулалттайгаар хүч хэрэглэж дарах гэсэн ийм арга хэрэгсэл байхыг үгүйсгэхгүй. Нэгэнт нийгэмд үүсээд байгаа ийм шаардлагыг эрүүл саруулаар хүлээж авч, засч залруулж цаашдаа санал бодлоо солилцож төрийн шийдвэр болгож явахын оронд үүнийг хүч хэрэглэж дарах юмуу, үгүй бол өөр нэг зохиомол байгууллага гаргаж ирж хооронд нь нийгмийн хэв журам алдагдуулсан ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйлийг үүсгэж түүгээрээ эрүүл саруул төрийн бус байгууллагыг нухчин дарах вий гэж сэтгэл зовниж байна. Үүн дээр ард түмэн маань сонор сэрэмжтэй байгаасай.
-Энэ хөдөлгөөнийхөнтэй Эрдэнэбатын уулзаж байгааг Тагнуулын төв газрынхан нууцаар бичиж авсан бичлэг ч бий гэх юм?
– УИХ-ын гишүүнийг тэгтлээ тагнаж чагнаж байгаа бол түүнээ хурдан гаргаад тавих хэрэгтэй. Түүнээс бидний хооронд нууцаар уулзсан ямар нэгэн зохион байгуулалттай үйл ажиллагаа огт байхгүй.
-Өнгөрсөн сонгуулийн дараа Энхсайхан, Эрдэнэбат хоёрт Засгийн эрхийг барьчих боломж байсаар атал хоорондоо үл ойлголцсоноос эвслийнхээ хувь заяаг бусдад алдсан гэдэг. Үнэхээр та хоёрын хооронд тийм зүйл болсон юм уу?
-Бидний дунд тийм үл ойлголцол огт байгаагүй. Өнөөдөр ч гэсэн Энхсайхан бид хоёр улс орныхоо төлөө, Эх орон-Ардчилал эвслийнхээ төлөө тууштай байгаа.Бидний ард түмэндээ амлаж байсан зүйлүүд хэзээ нэгэн цагт хэрэгжинэ гэдэгт бид хоёр итгэлтэй байгаа.
-Эх орон-Ардчилал эвслийн удирдлагад байсан М.Энхсайхан дарга та хоёр 2004 оны сонгуулийн үр дүнгээ зөвшилцөл нэрээр бусдад яагаад алдчихсан юм бэ. Алдахгүй байх боломж байгаагүй юм уу?
-Үүн дээр би нэг л тайлбар өгмөөр байна. Үнэндээ нийгмийн боловсролтой, улс төрийн соёлтой оронд хэзээ ч ийм юм гарах ёсгүй. Ард түмнээ хэтэрхий басамжилж, Үндсэн хуулиа уландаа гишгээд төрийн байгуулалтыг дур зоргоороо бий болгосон энэ үйлдэл нь Монгол Улсын Төрийн түүхэнд том хар толбо болж үлдэнэ. Аливаа зөвшилцөл хамтарсан гэрээг Үндсэн хуулийнхаа дагуу хийх нь Монгол төрийн хөдөлшгүй зарчим байх ёстой. Энийг л улс төрийн намууд, иргэд сонгогчид бүгд шаардаж байгаа. Түүнээс биш өөрсдийнхөө хүсэлтээр, бодлоор эрх мэдлээ лавшруулаад хууль зөрчөөд хэсэг бүлэг хүмүүс Монгол Улсын төрөөр тоглож болохгүй.
-Өнөөгийн төр, засгийн үйл ажиллагаанд 61-ийн гадна үлдэгсэд хяналт тавих боломж бий юу?
-Хяналт тавих боломжгүй. Гэхдээ ард түмнийхээ дуу хоолой болоод УИХ, Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг ард түмэндээ бодит үнэнээр нь хүргэхийн төлөө энэ арван хэдэн гишүүн ажиллах болно. Харин нэгэнт үүссэн энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ганц зам нь Монголын ард түмэн. Бидний өвөг дээдэс үеийн үед улс орноо аварч тусгаар тогтнолоо баталгаажуулж ирсэн түүхтэй.
Манай улсын эдийн засгийн уналт, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хутганы ирэн дээр шахуу ирчихсэн байхад өнөөдөр эх орныхоо, улс үндэстнийхээ төлөө гэсэн үзэл бодолтой ард түмэн, сонгогчид нийлж нэгдэж улс орноо богино хугацаанд хөгжлийн зөв замд нь оруулна. Өнөөдөр жинхэнэ Монгол Улсын хувь заяа ордон дотор биш ард түмний гарт байна. Тийм учраас шударга үнэний төлөө эвлэлдэн нэгдэх түүхэн цаг үе иржээ гэж хэлмээр байна.
-Улс орныхоо хөгжлийн төлөө намын эрх ашгийг арагш тавьж байгаа нь сайн зүйл биш гэж үү?
-Төр, засгийг тогтвортой байлгахын төлөө хийж буй мэтээр сурталчилж буй нь ард түмнээ хуурч байгаа нэг арга нь. Харин ч төр, засгийг улам бүр тогтворгүй болгож байна. Ер нь хууль бусаар хийж байгаа зүйл урт настай байдаггүй. Уг нь намууд нь улс орныхоо хөгжлийн төлөө үзэл бодлоо уралдуулж ажиллах ёстой атал нэг намынхаа бүлгийг өргөсгөж нөгөө намаа татан буулгаж үзэл бодлоосоо татгалзаад, хоорондоо хяналт тавихгүй, бүгдээрээ бие биедээ найр тавьж ард түмнийхээ өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй тийм тогтолцоо руу орж байна.
-МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд дотор ард түмэнд танигдсан шударга улс цөөнгүй бий. Тэд яагаад дуугарахгүй байна?
-МАХН дотор улс орныхоо төлөө гэсэн зөв үзэл баримтлалтай хүмүүс бий. Харамсалтай нь, өнөөдөр МАХН тодорхой цөөхөн хүмүүсийн хатуу хяналтад орчихож. Үүнийг ард түмэн ч ойлгож байгаа, өөрсдийн гишүүд дэмжигчид нь ч хүлээн зөвшөөрч байгаа. Ерөөсөө өнөөдөр тодорхой хэмжээгээр дарангуйллын айхтар бүтэц зохион байгуулалт руу МАХН орсон. Тиймээс тэр хүлээснээсээ гарч үгээ ил хэлж чаддаггүй голдуу хүлээх байр сууринаас ханддаг. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлэх юм бол шууд өдөртөө ажилгүй болдог, хэлмэгддэг. Тодорхой хэмжээгээр хувийн амьдрал нь хохирдог. Тиймээс ч тэрнийгээ ил гаргахгүй тодорхой хугацаанд зах зээлийн шилжилтийн үед ажил амьдралаа бодоод, үр ач гучаа бодоод сууж байгаа. Түүнээс биш монголын ирээдүйг бодоод улс орныхоо төлөө хөгжлийн төлөө тодорхой үзэл баримтлал дээр тууштай улстөрчийнхөө хувьд зоригтой дуугарч, харин ч богино хугацаанд улс орныхоо хөгжил, төрийн тогтолцоог зөв замд нь оруулах ёстой.
Энэ бол МАХН-ын нэг том алдаа. Олон жил ганц дуугаар намын шийдвэр гэдэг хатуу лантуугаар үргэлж барьж явсны үр дагавар.
-МАХН дотор жигүүр ургалаа.Үүнийг та улс төрчийнхөө хувьд юу гэж дүгнэж байна?
-Ийм намаас жигүүр гарч ирээд тодорхой хэмжээнд байр суурь, дуу хоолойгоо гаргана гэдэг бол том алхам. МАХН өөрсдийгөө ардчилал шинэчлэлийн төлөө явж, шинэ социалист үзлийг дэмжиж байгаа гэдэг боловч яг дотоод амьдрал нь хуучин ерээд оноос өмнөх шигээ байгаа нь удирдлагынх нь арга барилаас харагдаж байна. Жигүүрийнхэнээс тавьж байгаа санал санаачлагыг намын удирдлагууд нь зөв хүлээж авч чадах юм бол энэ нам төдий чинээ богино хугацаанд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг.
-Монголын ардчилсан хөгжлийн нам гэж шинэ намын тухай ярих боллоо?
-Миний бодлоор МАХН түүхэндээ хамгийн сүүлчийн удаа Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хэдэн хөгшчүүл, МАХН-ыг дэмждэг ихэнх гол масстайгаа орох юм шиг байна. Энэ сонгуулийн дараагаас эхлээд түүхэн үүргээ МАХН гүйцэтгэж тэр хэдэн хөгшчүүлтэйгээ өнгөрсөн зууны архивт хадгалагдаж байхгүй болох ийм л дүр төрх харагдаж байна. Тэгэхээр энэ 61 нийлээд Ардчилсан нам, МАХН хоёр дахин 24 жил нэрээ авч чадахгүй ямар нэгэн шинэ нам бий болох юм бол өнөө л нэг намын тогтолцоотой, дарангуйлалтай, хэлмэгдлийн сүүдэртэй үе л бий болж байна гэсэн үг. Үүнийг яавч хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Тэгэхдээ энэ бол маш харгис, өнгөрсөн зуунаа, өнгөрсөн үеэ санагалзсан зүйл л үнэртээд байна. Үүнийг ард түмэн ч гэсэн ойлгож байгаа МАХН-ын үзэл бодол тууштай, Ардчилсан намын олон мянгын гишүүд үүнийг маш их эмзэглэн хүлээн авч байгаа. Гэхдээ арай ч ингэхгүй байх гэж бодож байна. Явуулж байгаа үйл ажиллагаа, УИХ-аар баталж байгаа улс төрийн намуудын тухай хуулинд оруулж байгаа өөрчлөлт нь яг л ийм зүйл рүү явж байгаа юм шиг. Хэрэв ингэж явбал монголын хөгжил, тусгаар тогтнолд маш хортой зүйл болно.
-Улс төрийн хүчнүүдийн дахин хуваарилалт ч гэж ярьж байна. Эх орон нам нэрээ шинэчиллээ?
-Бид нэрээ шинэчлээгүй. Нэлээн урт нэртэй байсан. Эх орон МАШСН гээд. Тиймээс товчхон байх ёстой гэж гишүүд дэмжигчидийнхээ саналаар Эх орон гэж нэрлэх болсон. Ер нь Монгол Улсын энэ түүхэн цагийн үед улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө Эх орон нам өөрөөсөө хамаарах, чадах бүх л зүйлийг хийж ажиллах болно. Өнөөдөр УИХ, парламентад Эх орон нам цөөнхийн түүхэн үүргээ гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Хамгийн гол нь Эх орон нам аль ч намтай улс эх орны төлөө ард түмний төлөө улс үндэснийхээ язгуур эрх ашгийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Эх орон нам маань товчилсон нэрээрээ намынхаа хаяг, тэмдгээ өөрчлөн сольж байгаа. Удахгүй намын их, бага чуулганаа хийнэ. Үүгээрээ намынхаа дүрэм программдаа өөрчлөлт шинэчлэлтийг хийхээр манай ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Эх орон намыг оршин тогтнох орон зайгүй болгох санаархал ч байх шиг?
-Манай нам 1999 онд нийгмийн захиалгаар улс төрийн гуравдагч хүчин болж гарч ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй аль болохоор Монгол улс хоёрхон нам байх ёстой. Хоёрхон нам байх юм бол ард түмэн хоёрхон хананы хооронд саналаа өгдөг. Эцсийн эцэст ерөөсөө хоёр нам байх юм бол аль алиныхаа алдааг харахгүй. Аль аль нь хамтарч алдаагаа хүлээн зөвшөөрч аль болох эрх мэдэл дээрээ байнга байх гэсэн ийм л явцуу эрх ашиг. Нийгмийн захиалгаар бий болсон улс төрийн гуравдагч хүчний орон зайг нь алга болгож байж хоёулахнаа хүсэл, өөрийнхөө явцуу зорилгыг хэрэгжүүлэх гэсэн ийм л атгаг санаа. Үнэндээ Эх орон намыг улс төрийн тавцангаас байхгүй болгох, парламентын намаас байхгүй болгоно гэдэг бол энэ хоёр нам л байнга төрийн эрх мэдэлд байж хоорондоо тохиролцож, хуйвалдаж, ил болохоор шударга дүр эсгэж байна гэсэн үг.
-Таныг шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулдаг, ах дүүгээ ажиллуулдаг гэх юм?
-Сүүлийн хэдэн жил миний явуулж байгаа үйл ажиллагааны эсрэг эрх баригчид байнга зохиомол хэрэг үүсгэж, гүтгэж, улс төрийн нэр хүндийг бууруулах гэж бохир зохиомол зүйлээр оролдож ирсэн. Энэ бүх зүйл дээр би хууль хяналтын байгууллагаар албан ёсоор хянуулж шалгуулж ирсэн. Шүүх засаглал хуулийн дагуу ажиллаж эрх мэдлээ хэтрүүлж ашигласан зохион байгуулалттайгаар хүний нэр хүндэд халдсан зүйл дээр шударга зарчмыг барьж ажиллаж байна гэж би хувьдаа бодож байна. Мэдээж ямар нэгэн байдлаар эрх мэдэл дээр байж байгаа хүмүүс аль болохоор өөрсдийнх нь хувийн бодол, атгаг санааг гүйцэлдүүлэхгүй болохоор тэр болгоныг буруутгадаг. Энэ үүднээс л намайг шүүхтэй холбон тийн ярьдаг байх. Түүнээс биш би байнга шүүхдээд байгаа юм огт байхгүй. Өнөөдөр зарчимгүй хууль зөрчсөн асуудал гарч байгаа тохиолдол Монгол улсын аж ахуйн нэгж, иргэний хувиар холбогдох байгууллагад хандаж хуулийн дагуу асуудлаа зөв зүйтэй шийдүүлэх гэж харьцаж байгаа. Түүний нэгэн адил зарим нэгэн асуудал дээр би асуудлаа холбогдох байгууллагад нь тавьж шийдвэрлүүлсэн зүйл бий. Тэр нь эрх баригчдын санаанд нийцээгүй бол хуйвалдаж байна гэж хуулийн байгууллагын нэр хүндийг унагахын төлөө зарим нь ёс зүйгүй авир гаргаж байна.
-Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Таны байр суурийг сонсъё?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламент суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг. Хуулиар бол гурван сарын 22-ны дотор намууд хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчид намаасаа нэрээ дэвшүүлэх байхаа. Тэгэхдээ сонгууль шударга хуулийн дагуу зөв яваасай гэж бодож байна. Сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаа хуулийн хүрээнд хяналттай сайн байгаасай гэж бодож байна.
-Та сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
-Манай нам хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцаагүй байгаа.
-Ардчилсан нам хэл үгээ олохгүй тохиолдолд М.Энхсайхан дарга танай намаас нэр дэвших юм гэсэн яриа байна?
-Ардчилсан нам асуудлаа хуулийн дагуу шийдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх байх гэж итгэж байгаа.
-Та сайдаас огцорсон асуудлаараа дахиад гомдол санал гаргах уу?
-Үүн дээр дахиж гомдол санал гарах асуудал байхгүй. Ер нь ард түмэнд хууль бусаар яаж үйл ажиллагаа явуулдагийг харуулах гэсэн. Түүнийг л сонгогчид харлаа гэж бодож байна. Ийм ёс зүйгүй, хуйвалдааны Засгийн газарт цаашдаа ажилла гэсэн ч ажиллахгүй.
Ярилцсан Г.Эрдэнэбат
2005.02.23 Өдрийн сонин