Улс төрийн байдал

Анхлан дэл сул хов сонстож, улмаар нэлээд албаны хэмжээнд яригдаж эхэлснээсээ хойш багагүй хугацаанд хүлээгдсэн хоёр сайдыг огцруулах асуудал өнгөрсөн долоо хоногт шийдэгдэж, огцорсон сайд нар ч өөрсдийн байр сууриа хэвлэлийнхэнд мэдэгдээд авсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл нэгэнт үүссэн дарааллынхаа дагуу явж байна гэсэн үг. Харин дараагийн алхам бол нэгэнт эзэнгүй болсон сайдын сэнтийд хэнийг тавих вэ гэдэг асуудал. Энэ бол сайд юу хийж амжуулах, сайдын үүрэг ямар гэдгээс хамаагүй анхаарал татаж, сэтгэл гижигдсэн сэдэв гэдэг нь ойлгомжтой. Одоо саарал ордонд энэ сэдвээр жинхэнэ элдэв яриа тохироонууд яригдаж эхэлж байгаа бололтой. Гэхдээ албаны эх сурвалжуудын хэлснээр Энэ талаар ярьж эхэлсэн зүйл байхгүй. Хэдийгээр эрх мэдэл бүхий хүмүүс ажил үүргийнхээ хүрээнд хоосорсон орон зайг хэрхэн бөглөхийг ярилцах нь зүйн хэрэг ч Саудын Аравид амрахаар явсан Ерөнхийлөгч Н.Багабандийг ирэхээс нааш энэ асуудал шийдэгдэхгүй нь үнэн.
Гэхдээ ирэх үед нь асуудлаа нэг мөр болгосон байх нь зүйн хэрэг учраас яриа тохироонууд явагдсаар байх нь ойлгомжтой. Ер нь Батлан хамгаалахын болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын албан тушаалд хэн хэн очих бол оо? Энэ тухайд экс сайд Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нарыг албан ёсоор огцруулахаас өмнө нэр нь яригдаж эхэлсэн С.Оюун, М.Сономпил нарын нэр сонсогдсон хэвээр байгаа. Зүй нь огцорсон хоёр сайд Эвслийн төлөөлөл байсан учраас орны хүмүүс нь мөн л тэр чигээс сонгогдох ёстой гэж үзэгсэд олон. Харин Эрэл-ийн хоёр сайдыг огцруулах асуудал сөхөгдөх үед МАХН-ын зүгээс нэг, нэгээр нь хувааж авах талаар ярьж эхэлсэн гэдэг. Эвсэл нь үгүй болж, бас бүдүүн бүлэг гэгдэх 61 гишүүнтэй бүлэг үүссэн учраас энэ хувилбар нэлээд газар авчээ. Тиймээс ч Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг МАХН-ын удирдлагын зүгээс гишүүддээ санал болгож эхэлсэн юм байна. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр нарт Батлан хамгаалахын сайд болох санал ирснийг тэд тус тусдаа албан үүрэгтэй гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй бололтой. Уг нь энэ албан тушаал хуучирсан болон зэвсэглэлээс хасагдсан байлдааны технологийг гадагш борлуулахтай холбогдсон том бизнес-тэй сүлбээтэй байдаг. Тиймээс ч энэ албан тушаалд санаархагсад ширүүхэн өрсөлдөж байгаа мэдээлэл байгаа.
Мэдээж 6040 гэсэн бүлэг дэх харьцааг харгалзсан ч тэр, аль ч намын хувийн эрх ашгийн үүднээс ч тэр сайдын суудлын тоогоо нэгээр нэмэгдүүлэх гэсэн МАХН-ын санааг буруутгахад хэцүү л дээ. Гэхдээ хоосорсон суудлын нэг нь МАХН-д очих нь ард түмний сонголт хэмээн улстөрчдийн хүндэтгэн ярих дуртай тэрхүү сонголттой нь зөрчилдөж байгаа юм. Ард түмний сонголтоор эвслийн Засгийн газрыг байгуулж, бас нэг бүлэг нь задарсны дараа ард түмний сонголтыг хүндэтгэн нэг бүлэгтээ нөгөө хэсэг нь нэгдсэн. Энэ тохиолдолд Засгийн газар нь мөнөөх л 5050 хувиа хадгалсаар байх нь эмзэгхэн сонгогчдод таалагдах талтай. Юутай ч хоёр сайдын сууринд ирэх хүмүүс албан ёсоор тодорхой болоогүй байна. Гэхдээ хамгийн тодорхой нь нэг сайдын суудал ИЗН-д ирэх явдал. Энэ нь мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан сайдын сэнтий. Эртнээс энэ сайдын нэр дээр тус намын дарга С.Оюуны нэр яригдсан бөгөөд сүүлийн үед мөн тус намаас УИХ-д сонгогдсон М.Зоригтын нэр ч сонстох боллоо. Учир нь хатагтай С.Оюун Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаасаа илүү УИХ-д илүү анхаарлаа тавьж, хууль тогтоох, батлах асуудалд хичээнгүйлэн ажиллах хүсэлтэй байгаа гэнэ. Тиймээс ч түүнд дэд даргын тушаалыг нь өгч, Д.Лүндээжанцанг сайд болгох гэсэн хувилбар гарсныг дэд дарга зөвшөөрөөгүй байж болох талтай. Хэрэв С.Оюун сайд болохоос татгалзвал УИХ дахь намынх нь ганц өөр гишүүн болох М.Зоригт сайд болно. Учир нь И.Эрдэнэбаатар шиг гишүүн бус хүнийг сайд болгохгүй гэсэн ерөнхий чиг байгаа гэсэн. Харин МАХН-д алдаж ч магадгүй Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч М.Сономпилийн оронд экс эвслийнхний зүгээс өөр нэр санал оруулаагүй байгаа бололтой. Юутай ч чих дэлсч эхэлсэн энэ хувилбарууд хэдэнтээ өөрчлөгдөн, бас солигдсоор ямар ч байсан ирэх гуравдугаар сарын 18-нд болох Цэргийн баяраас өмнө БХЯ-ыг сайдтай болгох биз ээ.
Монгол дахь хуучин болоод шинээр үүсэх улс төрийн намуудын тухай
Сүүлийн үед Монголын Ардчилсан Хөгжлийн Намын талаар нэлээд ярих боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монголд байх хэд хэдэн намууд тус тусын шатандаа хуралдан энэ намд нэгдэх эсэх талаар ярилцах бололтой. Шинэ намын хөтөлбөрийг их сургуулийн багш нар боловсруулж байгаа гэнэ. Улс орноо тогтвортой байлган, хөгжил дэвшлийн нь төлөө нэгдэн ажилана гэсэн энэ намын санаа уг нь зөв юм. Гэхдээ үүнийг дагаад ард олны дунд зарим сэжиг, хар байгааг ч буруутгах аргагүй билээ. Зарим нь Н.Энхбаяр, Р.Гончигдорж нарын хийсэн энэ хурим эрх баригч хэдэн хүнийг ямар ч хяналтгүй дураар нь дургиулах гэж байна хэмээн хардана. Үнэндээ Монголын ард түмэн хэчнээн сайхан, хүчирхэг удирдагч намтай болохоосоо илүү чигч шударга сайн сөрөг хүчинтэй байхыг л эрхэмлэх хүмүүс. Эрх баригч хүчирхэг байхаасаа илүү сөрөг хүчин хүчирхэг байх хэрэгтэй гэж тэд үздэг. Олон түмэнд эрх баригчид эвсэх нь сонин биш. Харин сөрөг хүчингүй болж магадгүй байдал нь бухимдал төрүүлэх болно. Энэ уур амьсгал ч хэдийнэ тархаад эхэлсэн нь ажиглагдаж байгаа. Ардчилсан намаас ч, МАХН-аас ч энэхүү нэгдэх намыг дэмжихгүй гишүүд байгаа нь тодорхой. Хэрэв удирдлагын түвшиндээ нийлээд нэгдээд явбал тэдгээр үл дэмжигчид, уугуул намдаа үнэнч гишүүд хэрхэх вэ гэсэн асуудал зайлшгүй урган гарна. Ядахад саяхан яаран сандран, ирц нь хүрч ядан баталсан Улстөрийн намуудын тухай хууль-иар намын нэрийг 24 жилийн хугацаанд хэрэглэхийг хорьсон. Энэ хугацааг Н.Энхбаяр, Р.Гончигдорж нарын улс төрд оролцох хугацааг тооцоолон гаргасан гэх хүн ч байна. Үнэндээ тавь эргэм насны тэдний хувьд 74, 75 нас улс төрөөс хэдийнэ холдоод одох үе. Уучлаарай, тэднийг өдий насална гэж байгаа хэрэг биш юм шүү.
Гэхдээ монгол хүний хувьд ийм насандаа хятадууд шиг төр бариад байж чадамгүй өндөр нас билээ. Хүний амьдралын тавин жилийн хагас гэдэг бага хугацаа биш ээ. Уг санаа нь зөв эл намыг ядахад өнөөх л улиг болсон улстөрчид удирдах учраас хүмүүсийн итгэл тийм чиг бүрэн төгс байж чадахгүй байх тал ч бий. Түүнээс гадна коммунизм, социализмыг байгуулах гэсээр амьдралынхаа хорь, хорин жилийг үрсэн монголчууд гоё уриатай энэ намын хийж бүтээхийг харах гэсээр нэгэн жарныг үдэж ч магад хэмээн эмээж байгааг нь ч буруутгах аргагүй.
Ерөнхийгөө хүлээсэн жигүүрийнхний тухай
Өнөөх хэзээ ч эв нэгдэлтэй, зангидсан гар шиг байдаг хэмээн онцолдог МАХН-д ургасан жигүүр энгийн иргэдийн анхаарлын төвд байсаар л байгаа. Нэг хэсэг нам гүм болоход нь албан тушаал амлуулаад амаа таглууллаа хэмээн хардуулж байсан тэднийг Хяналтын хорооныхоо шийдвэрийг сонордоод хэсэгтээ алга болоод байгаа энэ үед нь өнөөх хов жив гараагүй нь тэднийг албан тушаалд хууртах бүлэг хүмүүс биш гэдэгт нь итгэснийх биз ээ. Харин өнөөх өдөлж, сөдөлсөн жигүүрийнхэн намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг ОХУ-аас ирэхийг хүлээж байсан бололтой. Хүлээж байсан дарга нь хэдхэн хоногийн өмнө нутагтаа хөл тавьсан болохоор тэд өнөө маргаашгүй С.Баяртай уулзах гэнэ. Тэд энэ удаагийн уулзалтаараа намаас нь гаргасан хамтарч судална гэсэн шийдвэрийн заалтыг тодруулан асуух төлөвлөгөөтэй байгаа бололтой. Чухам яаж судална гэдгийг хэрхэн ойлгоод байгааг тодруулах гэнэ. Мэдээж албан тушаалд хууртахгүй гэсэн баримтлал нь тодорхой байгаа учир энэ талаар яриа гарах үндэсгүй хэмээн тэд үзэж байгаа ажээ. Харин сүүлийн үед МАХН-ын жигүүр Эх орон намтай нийлж, гуравдагч хүчнийг байгуулна гэсэн яриа гарсныг жигүүрийнхэн ор үндэсгүй хэмээж байгаа юм. Тэд намаа л эрүүлжүүлж, шинэчлэх болохоос бус юун өөр нам хэмээж байгаа ажээ. Харин сүүлийн үед эрх баригчдад шар ус хуруулаад байгаа Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхнийг намын даргын нэрээр намын нэр хүндэд халдаж байгаа гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Гэхдээ МАХН-ын жигүүрийнхний хувьд 61-ийн бүлгийг таашаахгүй байгааг онцлох нь зүй.
Ерөнхийлөгч ба Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай
Ерөнхийлөгчийн сонгууль ёстой л хаяанд ирлээ дээ. Мэдээж сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд ямар нэгэн сан энэ тэр байгуулаад суучихна гэхэд ид насны эрийн хувьд тун харамсалтай. Тиймээс ч тэрээр улс төрийн амьдралд идэвхтэй оролцохыг хүсч байгаа. Хэдийгээр намынхаа удирдлагуудтайгаа хагаралтай харьцаатай байгаа ч энэ эрхэм байнга өөрийн хүрээлэл, байр суурийг идэвхжүүлж ирсэн нэгэн билээ. Тиймээс ч түүнийг өнөөгийн МАХН-ын удирдлагынхаа хүрээнд багтаагүй жигүүрийнхэн буух үед нь далиа дэлгэн тосон авах магадлалтай. Ер нь Ерөнхийлөгч Н.Багабандийн нэр хүнд нийгэмд, ард түмний дунд тун чиг өндөр байгаа гэдгийг нурших нь юун. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүдэг байсан сөрөг хүчнийг орлож ирсэн нэгэн. Ер нь ч хий гаргадаггүй хүн. Сүүлийн дөрвөн жилд бүр чамбайрч, хий гаргана гэж үгүй болсон. Аливаа цаг хугацаанд хамгийн голыг нь олсон, үнэнийг нь илчилсэн үг хэлдэг. Аль нэг талд хэтийлэн ордоггүй байсан нь юм болгоныг дүгнэж цэгнээд байдаггүй ч алсуураа үнэнээс барьж байдаг гэж ард түмэн хэмээх олонхид таалагдсан билээ. Өөрөөр хэлбэл, Улсын Ерөнхийлөгч ийм л байх ёстой гэсэн брэндийг тэр бий болгож чадсан гэж болно. Түүнийг амрахаар хилийн чанадыг зорьсны дараа сүү бус шороо цацсан хүмүүс олон. Олон л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр сайдын асуудлаар зөвшилцөлгүй зугтаасан талаар шуугилаа. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд нэг намын дангаар ноёлсон суртал нэвтрүүлэгт тархиа угаалгаагүй үлдсэнээ харуулан сонголтоо хийсэн ард түмний хувьд Ерөнхийлөгчөө хэн гэдгийг мэдэх болохоор тэрхүү мэдээлэлд төдийлөн итгэхгүй бололтой. Ерөнхийлөгчийн хувьд иймэрхүү. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд ярих зүйл цөөнгүй. Энэ сонгуульд БНН, Эх-Орон, ИЗ-БНН-аас хүнээ нэр дэвшүүлж болохоос гадна МАХН-ын хувьд дангаараа бас өнөөх нэгдсэн бүлгээсээ ч хамтран нэр дэвшүүлж магадгүй. Буян Жагаа хэдийнэ кампанит ажлаа эхлүүлсэн талаар хүмүүс жиг жуг хийж эхэллээ. Харин Ардчилсан намаас М.Энхсайханд нэр дэвших боломж бүрэн бий. Зарим сурвалжийн мэдэгдсэнээр Р.Гончигдорж нь М.Энхсайхандаа намын тамга тэмдэгээ өгчихвөл Ерөнхийлөгчид нэр дэвших чинь нээлттэй хэмээсэн гэнэ. Харин нөгөөдөх нь ямар хариу өгсөн нь тодорхойгүй. Үнэндээ М.Энхсайхан намаасаа нэр дэвшвэл гараад ирэх магадлал тун өндөр. Үүнд монголчуудын хүнийг хөөрхийлөн дэмждэг тэр сэтгэхүй нөлөөлж чадна. Ард олон М.Энхсайханы тухай Ерөнхий сайд байхдаа ажлаа тун чиг сайн хийж байсан шүү дээ. Харин ардчиллалын залуус нь болчимгүйтээд л түүнийг унагачихсан. Дараа нь яав. Сонгуульд намаа сайхан л зохион байгуулж бараг ялуулсан шүү дээ. Гэтэл түүнд юу ч өгөөгүйгээр үл барам намын даргаас нь авч хаях гээд бөөн юм боллоо хэмээн өршөөн бодогсод олон. Тиймээс намаасаа, (Ардчилсан намаасаа шүү дээ) нэр дэвшвэл тун шанс-тай. Харин Эх орон намаас дэвшвэл урьдчилан хэлэхэд хэцүү юм. МАХН-ын хувьд нэр дэвшигч нь тодорхойгүй л байгаа. Уг нь намын дарга, УИХ-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихэд ямар ч саадгүй. Харин тэрээр өөрөө хэрхэхээ шийдэж чадахгүй байгаа бололтой. Яагаад гэвэл түүнийг тойрон хүрээлэгчид тэс өөр зүйл ярьж, толгойг нь эргүүлээд байгаа. Нэг хэсэг нь түүн дээр ороод л Судалгаагаар та огт алга байна шүү, Та л эхэлсэн ажлаа дуусга. Танаас өөр хийж чадах хүн үгүй. Намаа ч цэгцэл гэдэг бол нөгөө хэсэг нь Нэр дэвшихэд та шууд л гарна, Энд зовж зовж ажил хийчихээд муулуулж байхын оронд тэнд Ерөнхийлөгч болоод хэвтчих гэнэ. Түүний хамгийн ойрын хүн болох УИХ-ын дэд дарга асан, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж Энэ нийгэм ерөөсөө баларсан нийгэм болжээ. Юм хийж байгаа таныг өчнөөн талаас чинь хэмлээд байгаа юм чинь юм хийж яах юм бэ. Зүгээр л Ерөнхийлөгч болоод биед амар байсан нь дээр гэж хэлсэн гэнэлээ. Энэ мэтээр тэс өөр зүйлийг итгэлтэйгээр яригсад байнга Н.Энхбаяр даргаа ээрүүлдэх тул хэрхэхээ одоог хүртэл шийдэж чадаагүй байгаа бололтой. Хэрэв тэр Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй бол шадар сайд Ч.Улааныг нэр дэвшүүлнэ гэсэн юм билээ. Харин нөгөөх нь үүнд нь итгэчихээд одоо нэрээ цэвэрлэж, ариутгах ажлыг идэвхийлэн хийж байгаа сурагтай.
15 жилийн өмнөхийг санагдуулсан Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ийхөн
Сүүлийн үед хэдэн залуу энэ нийгмийг эрүүлжүүлэх хэрэгтэй гэсээр ярьж эхэлсэн нь өдгөө саарал ордонд л яригддаг сэдэв болж байх шиг. Тэндхийн өрөөнүүдэд Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ийнхний тухай айдас шингэсэн яриа өрнөнө. Гэхдээ Тэднээс хэн айдаг юм гэсэн нэмэлт өгүүлбэр заавал дагалдаж, айдсаа цайруулна. Эрх баригчид хүчтэй ч, хүчгүй ч өөрсдийг нь эсэргүүцсэн хүчин бүрээс айдаг тэр л жамаар саарал ордонд энэ хөдөлгөөнийхний тухай яриа явж байгаа байх л даа. Түүнээс бус харьцангуй өндөр боловсролтой залуус ардчилсан нийгэмд байх тэр л зарчмаар тэмцэж байгаад эмээх зүйл үгүй мэт. Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн нь 15 жилийн өмнөх ардчилсан хөдөлгөөнийг санагдуулж байна гэж олон хүн ярьж байна. Харин тэр үед хувьсгал хийж явсан залуус өдгөө тухайн цагийнхаа улстөрийн товчооныхон мэт сууна. 1990-ээд онд ардчилсан жагсаал цуглаан хөдөлгөөн хийж байсан тэр үед сөрөг өлсгөлөн гэдгийг зохион байгуулж байсан шиг 2000-аад оны хөдөлгөөнийг зохион байгуулагчдын эсрэг мөн л сөрөг хөдөлгөөнийг байгуулсан бололтой. Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн нь Чойжин ламын сүм музейн баруун талд байрладаг бол нөгөөх нь зүүн талд байрлаж эхэлсэн гээч. Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн өнөөдөр Хариуцлага тооцох өдөр гэсэн жагсаалыг зохион байгуулах бол хэд хэдэн залуучуудын байгууллагын нэр бүхий өнөөх хөдөлгөөн нь мөн л өнөөдөр арга хэмжээтэй бололтой. Тэдний тавьж буй шаардлага ч ижил, голлон хандсан хүний нэр нь алга болжээ. Эрх баригчдын төсөөлж байгаагаар ард түмэн аль нь жинхэнэ жогорхой болохыг ялгаж чадахаа болиод улмаар түвэгшээж эхлэх юм байна.
Монголд 15 жилийн өмнөх түүх давтагдаж байна. Сөрөг хүчингүй болчихлоо хэмээн эмзэглэж байгаа сонгогчид эрх баригчдад анхааруулга өгсөөр залуус тэмцэн, дуугаа нэгтгэж байгаад дуртай байна. Гэхдээ мөнөөх Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ийн залуус ах нарынхаа адилаар албан тушаал эрх мэдлийн боол болчихгүй байгаасай, худалдагдчихгүй байгаасай, бас эрх баригчдын яаж ийгээд олох нээнтэгээс нь эмээн мохохгүй байгаасай хэмээн хүсч байгаа. Тэдэнтэй холбоотой нэгэн бичлэг байгаа талаар яригдах боллоо. Сундуй гэдэг хүнээр зуучлуулан Эрэл-ийн Б.Эрдэнэбатын эзэмшлийн нэгэн байранд очиж уулзсан бичлэгийг нь олон нийтэд дэлгэхэд л тэдгээр залуус тарж алга болно хэмээн горьдож байгаа юм билээ. Харин тэдгээр залуус бүх хүчнийхэнтэй уулзсан гэдгээ мэдэгдээд байгаа. Үнэндээ сөрөг хүчин болоод байгаа нэг намын даргатай уулзсанд нь хуулийн дагуу буруутгах зүйл байхгүй байх л даа. Бас тэднийг АНУ-аас дэмжлэгтэй, Америкаас хувьсгал импортлох гэж байгаа талаар ч ойлголт тарааж байгаа. Мөн Гүржийн Сарнайн, Украины Улбар шарын хувьсгалтай адилтган, харин тэр хувьсгалыг сөргөөр сурталчилж байна. Тэдгээр орон шиг муу муухай юм болох талаар ч сэрэмжлэн мэдээлэх боллоо. Гэтэл манайх шиг ардчилсан оронд нэгэнт жагсаал цуглаан хийхийг хуулиараа зөвшөөрсөн атлаа үүнд эмзэглэн эмээх хэрэг юу байна аа. Залуус өөрсдийнхөө амьдрах нийгмийн төлөө тэмцэж л байг. Харин жинхэнэ айдас төрүүлж байгаа нэгэн зүйл бол Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ийнхөн олон түмний итгэлийг хугалчих амьтад л битгий байгаасай. Хэрэв урьдын адил худалдагдчих амьтад байвал монголчууд дахин хувьсгал хийх, шинэчлэл хийх гэж тэмцэх залууст итгэх итгэлийн оч ч үгүй болно.
Нүүсээр суусаар, хэзээ төвхнөх, хаана өвөлжих, хаахна зусах нь мэдэгдэхгүй улстөрийн амьдралын талаар тоймлон өгүүлэхэд ийм байна.
Э.ЭНЭРЭЛ
//2005.02.24 Өдрийн сонин /