Бодровын кино зохиолд АПУ-г буруутгах нь Хар PR байв уу?

Сергей Бодровын кино зохиолын төлөө АПУ компани яагаад зэм хүртэв?
Туе компанийн дэд захирал Б.Батжав сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ үүнийг Шударга бус өрсөлдөөний арга хэрэгсэл буюу хар РR байж болохыг үгүйсгэхгүй байна. Хүний эрхийн Зул холбооны тэргүүн Д.Жамъян хэвлэлийн бага хурал хийлгэхдээ дээрх кино зохиолд Тэмүжинг Хятадын төв нийслэл Жүндү хотын нэгэн амьтны хүрээлэнд духан дээрээ Монгол хүн гэж ханзаар бичүүлэн, бар гүрвэлийн хамт 10 жил хоригдож, Бөртэ хатанг бисэ үнэлж, худалдаачин хятадын эхнэр болж хүүхэд төрүүлсэн гэх мэтээр дүрсэлсэн нь Монголын нууц товчоог үндсээр нь гуйвуулсан хэмээн шүүмжилсэн аж. Хачирхалтай нь уг кинотой холбоотой асуудал бүрт АПУ компанийг буруутгасан өнгө аястай өгүүлбэрүүдийг ёс мэт шигтгэх болжээ.
-АПУ кино хийдэг компани биш ээ. Энэ киноны зохиолыг АПУ захиалж бичүүлээгүй. Кино хийх ажлыг АПУ санхүүжүүлээгүй. Тэгээд яагаад бидэн рүү дайраад байгаа юм бэ гэж дэд захирал хэллээ. Гэвч тэр Сергей Бодровтой ямар холбоотойг сонирхсон сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулав. Энэ киноны зохиол бичигдээд Казахстаны Засгийн газар санхүүжүүлэхээр болсон юм билээ. Сергей Бодров кинонд тоглох монгол төрхтэй хүүхэд хайж манай эх оронд ирсэн. Монгол дахь түүний ажилд зуучилж байсан Айст телевизийнхэн биднийг танилцуулсан юм. Бид хүүхэд хайх ажилд нь тусалж, түүхэн үйл явдал болсон энэ газар нутагт нь кино зураг аваач гэсэн санал тавьсан юм. Бодров Тиим хувилбар байж болох юм гэж хэлсэн. Дараа нь тэр Ли продюссортой хамт Монголд кино хийх боломжийг судлахаар ирлээ. Бид зарим түүхчид, хөгжмийн зохиолчид жүжигчидтэй уулзуулах ажил зохион байгуулсан. Энэ үсэс бид ямархуу кино зохиол болохыг нь сонирхсон л доо. Мэргэжлийн хүмүүст үзүүлэх нь зүйтэй гээд кино зохиолыг монголоор орчуулуулж, интернэтэд байрлууллаа. Зарим хүн өөрсдийгөө эх оронч бусад нь эх оронч биш мэтээр тайлбарлаж байгаа ч ямар ч байсан бид тэр зохиолыг уншиж, шүүмжлэх боломжтой боллоо шүү дээ. Хэн нэгнийг шүүмжлээд хамрынх нь өмнүүр хаалга хаах амархан. Тэгвэл энэ кино бидний ямар ч оролцоогүйгээр бүтэх л байсан. Харин бид одоо энэ киноныхныг Монголд, монгол дүр төрхөд илүү ойртуулж, зохиолд нь шүүмжлэлтай хандах, монгол ёс заншил уламжлалыг бодитой тусгах боломж бүрдсэн гэж тайлбарлав. Ямар нэг асуудлаар дамжуулан бидний нэр төрд халдахыг зөвшөөрөхгүй гэж тэр мэдэгдлээ. Тус компанийн хуулийн зөвлөх энэ асуудлыг судалж байгаа гэнэ лээ.
Б.АНУЖИН
(өдрийн сонин 2005-02-25 051)