Хадгаламж зээлийн хоршоодод итгэх итгэл алдарч эхэллээ

Харин энэ хугацаанд иргэд маань мөнгө учиргүй өсгөж авсан нь юу л бол. Магадгүй зарим нэг нь мөнгөө сурталчилаад байгаачлан 4.3 хувийн хүүтэйгээр өсгөж байгааг үгүйсгэх аргагүй. Үүний хажуугаар итгэж хадгалуулсан иргэдийнхээ хөрөнгийг үгүй хийж, дампуурсан цөөнгүй хоршоод байгааг холбогдох байгууллагынхан дурдлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол банкинд бүртгэлтэй 570 гаруй хадгаламж зээлийн хоршоо байгаа нь жижиг зах зээлтэй Монголд хэтэрхий ахадсан гэмээр үзүүлэлт гэнэ.
Өрхийн амьжиргааг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бичил санхүүгийн байгууллага болох банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод өөрсдийн хувь нэмрээ оруулж байгааг энд онцлох нь зүйтэй болов уу. Тэдний үйл ажиллагааг Төв банкнаас дэмжиж шат дараалсан арга хэмжээ авч байсан. Үүний үр дүнд 1999 онд 28 байсан хадгаламж зээлийн хоршоо 2004 онд 570-д хүртлээ борооны дараахь мөөг шиг үржжээ.
Гэтэл Өрөвдвөл өр өшиглөнө гэгчээр Монгол банкнаас үйл ажиллагааг нь дэмжиж байсан хадгаламж зээлийн хоршоод маань өндөр хүү амлан бусдыг хууран мэхэлж, өөрсдөдөө санхүүгийн эх үүсвэрүүд татан төвлөрүүлж байгаа гаж үзэгдэл элбэгшлээ.
Анх байгуулагдахдаа хэрэгцээгээ хангах зорилгоор нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналттай сайн дураар нэгдсэн хоршоо маань бусдын хөрөнгийг дайчлан ашиг олох хэрэгсэл болсон төдийгүй Хоршооны болон Зар сурталчилгааны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Хоршооны тухай хуулийн Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1-т Эдийн засаг болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ гэж хуульчилсан байх юм. Энэ хуульд гишүүнийг өндөр хүү амлаж хүчээр шахуу элсүүлэх тухай заагаагүй юм шиг.
Хоршоонд элсэж буй иргэдийн эрх үүргийг танилцуулж байх ёстой талаар дээрх хуульд тусгаж. Харин эрх үүргийг нь танилцуулдаг нь хэд бол. Эл сэдэвийг хөндөхийн өмнө дээд, дунд, доод ангиллын гэх хадгаламж зээлийн хоршоодод очиж элсье гэсэн санал тавилаа.
Дунд, доод ангиллын хоршоодын менежерүүд Гишүүнчлэл нээлттэй. Та 2000 төгрөг төлөөд элсэж мөнгөө хадгалуулж болно гээд гишүүний дэвтэр өгч явуулах жишээтэй. Дээд гэгдэж буй ангиллынх арай өөр. Хүмүүсийг хүлээж авч эрх үүргийг нь танилцуулан цаашид яаж хамтарч ажиллах вэ гэдгээ тайлбарлаж байх юм.
Хоршоо зөвхөн гишүүдийнхээ төлөө гэсэн сонгодог зарчмыг баримтлан хуулийн хүрээнд ажиллаж байгаа нь цөөн байгаа нь эндээс харагдаж байна. Мөн түүнчлэн хэсэг цөөн хүмүүсийн гарт хоршооны ихэнх хөрөнгө төвлөрсөн байгаа нь Монгол банкнаас хийсэн судалгаанаас харагдаж байна. Ингэж өндөр хүү амлаж иргэдийн мөнгийг өөртөө татсан хадгаламж зээлийн хоршоод иргэдийг их хэмжээний мөнгөөр хохироож, усанд хаясан чулуу мэт алга болох, хөрөнгийн чадавхигүй болох гэх зэргээр хуулийг зөрчиж эхэллээ.
Нэгэн жишээ дурдахад, манай сонинд Б.Болормаа гэдэг нэгэн эмэгтэй хандсан юм. Тэрбээр 2002 оны долдугаар сард Ажилчны бөх хэмээх хадгаламж зээлийн хоршоонд элссэн гэнэ. Уг хоршоо нь тухайн үедээ Хэрэглэгчдийн найдвартай түнш гэх зэрэг олон шагнал авсан нь түүний итгэлийг татах болсон төдийгүй радио, телевизээр тухайн үедээ хадгалмжийн хамгийн өндөр хүүг амлаж сурталчилж байсан нь гишүүнээр элсэхэд нөлөөлжээ. Ингээд өнгөрсөн оны хавраас эхлэн хадгалуулсан мөнгөнийхөө хүүг бодуулж авах гэтэл Мөнгө алга. Жаахан хүлээ, энэ барилгад хөрөнгө оруулалт хийгээд мөнгөгүй боллоо гэж удирдлага нь ярьж эхэлжээ.
Удалгүй арваннэгдүгээр сард гишүүдийн онцгой хурал зарлаж хоршоо дампуурснаа мэдэгджээ. Ингэж дампуурлаа зарласнаас хойш 30 гаруй хүн доод тал нь гурван сая, дээд тал нь 40 сая төгрөгөөр шатаж хоцорчээ. Хохирогчид нь хэн байна вэ гэвэл хашаа байшингаа зарж, олсон хэдэн төгрөгөө хадгалуулсан, гадаадад амьдардаг хүүхдүүдийнхээ явуулсан мөнгийг хоршоонд оруулсан настай голдуу хүмүүс байгаа аж.
Уг хоршоо зээл олгохдоо 6-8, хадгаламж авахдаа 3-4 хувийн хүү тооцон ашгийг маш ихээр олж байна. Энэ их мөнгө хаана оров.
Хохирогч болох 30-аад хүний өгүүлж буйгаар Ажилчны бөх хоршооны эзэд өнгөрсөн оноос жип унан тансаглаж, Сингапураар зугаалж, хүүхдээ тус оронд сургаж их хэмжээний мөнгө үрсэн байх юм гэнэ. Ийм замаар 400 гаруй сая төгрөгийг цааш нь хийж өдгөө энэ байдалд хүрээд байна. Энэ хоршоо Монгол банкнаас хийсэн шалгалтаар хувь нийлүүлсэн хөрөнгөгүй болсон гэж тогтоогджээ. Тиймээс гишүүд нь шүүхэд өгсөн гэнэ.
Саяхан өөр нэгэн хадгаламж зээлийн хоршооны талаар ч гишүүд нь гомдол гаргаж байгаа сурагтай.
Мөн Бадрах гэрэл сан хадгаламж зээлийн хоршооны менежер Б.Жамъян нь хадгаламж нээх нэрээр иргэдийн 20-иод сая төгрөгийг залилан авсан нь хуулийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон байна.
Энэ мэтээр иргэдийн гэнэн итгэмтгий занг ашиглан гэр бүлийнхэн, үр хүүхдэдээ өгөөгүй мөнгөөр хоршоонд хөрөнгө оруулж мөнгийг нь өсгөх нэрээр авч байна. Иргэд ч хоршооны удирдлагыг хэн болохыг судлалгүй мөнгөө хадгалуулж эцэст нь алдахад хүрдэг аж. Хоршоо байгуулан ажиллаж буй хүмүүсийн олонх нь санхүүгийн талын боловсрол муутай хүмүүс байдаг гэнэ.
Хадгаламж зээлийн хоршоод олширч иргэд хохирлоо гэх гомдол олон гарч буйтай холбогдуулж Монгол банкнаас сэрэмжлүүлэг гаргаж, хэвлэлээр сурталчилж буй хууль бус зар сурталчилгааг зогсоох талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар хамтарсан мэдэгдэл хүргүүлэх талаар ярилцаж байгаа юм байна. Иргэд маань хадгаламж зээлийн хоршоонд хандахдаа болгоомжтой байх нь зүйтэй болов уу.
Г.Цолмон
2005.02.24 Өнөөдөр