Хэндээ гомдох вэ?

Хотод ирээд хэдэн малаа зарж овоо хэдэн төгрөг болгоод хашаа байшин худалдан авч, төвхнөсөн байна. Давхар биетэй бэр нь удалгүй амаржиж хүүтэй болжээ. Хүү нь ажил хийж, хөгшний тэтгэврийн хэдийг нэмэрлээд гурвуулаа боломжийн амьдарч байсан аж. Удалгүй Тулгаа Ажил хийж амьдарна гэж байхгүй юм байна. Наймаа хийж хэл дүүжлэх ганц юмтай больё гэж ярих болжээ. Амьдралаа өөд нь татъя, хүний зэрэгтэй явъя гэж байгаа түүнийг аав, эхнэр хоёр нь дэмжиж, байдгаа шавхан, хүнээс мөнгө зээлж өгөөд Эрээн рүү наймаанд мордуулжээ. Эхэндээ ч ажил үйлс нь бүтэмжтэй байж өр ширээ ч дараад зогссонгүй, жилийн дараа гэхэд экселтэй боллоо. Сүүлийн үед хүү нь тиим ийм хүнтэй ажил яриад, ашиггай наймаа хийхээр боллоо гэсээр согтуу ирэх нь олширчээ. Эцгийн хувьд ганц хоёр үг хэлэх боловч Хүнтэй ганц юм хувааж уухгүйгээр ажил бүтдэггүй юм. Та ойлгохгүй байж дуугүй бай гэж уцаарладаг байна.
Доржготов гуч нэлээд гарсан хойноо гэрлэж ганц хүүтэй болжээ. Эхнэр нь хоёр дахь хүүхдээ гаргах үедээ төрөхийн хүндрэлээс болж нас барсан аж. Хорвоод хоёулхнаа үлдчихээд хүүгээ эрхлүүлсээр толгой дээрээ гаргачихлаа хэмээн өөрийгөө зүхэн өдий том болсон хойноо үг авахгүй нь ойлгомжтой тул сүүлдээ ч дуугарахаа болив. Тулгад эхнэр нь юм хэлэхэд бас л тоохгүй. Харин ч бүр үглэлээ хэмээн уурлаж гар хүрэх болжээ. Аавынхаа дэргэд эхнэрээ зодохгүй боловч түр гараад ирэхэд нь бэрийнх нь нуд хөхөрч хавдаад ач нь бүлтэлзэн сууж байдаг болж. Нэгэн удаа түүнийг эмнэлэгт хэвтэхэд хэн ч эргэн ирсэнгүй. Арав хоноод эмнэлгээс гарч ирэхэд бэр нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж, ачийг нь хамар хашааны айлд орхичоод хүү нь хаашаа ч юм алга болсныг мэдэв. Дөрвөн настай ач нь Аав ээжийг ална гээд зодсон хэмээн уйлан өвөөгийнхөө энгэрт наалджээ.
Тэнэж одсон хүү нь сарын дараа ирж нэг хэсэгтээ л гэмээ цагаатгаж эхнэрийнхээ өмнө шарваганав. Тулгаа ч удаан тэссэнгүй, энэ айлын тэнгэр дахиад бүрхэв. Шатчихлаа гэсээр орж ирээд эхнэртээ уураа гарган, хараал урсгаж байгаад машинаа унаад явжээ. Хэдэн өдөр гадуур архидаж байгаад гэртээ баахан согтуу хүмүүс дагуулан ирж шархаа нөхнө гэлцэ,н хэдэн лонх суллажээ. Тэр шөнө Доржготов унтаж чадсангүй. Шөнө дундын алдад бэр нь хэн нэгтэй муудалцах чимээ нөгөө өрөөнөөс сонсогдоход Тулгаатай л биз гэж бодтол арай л өөр хүний дуу шиг санагдсан гэнэ. Чагнаж байтал удалгүй хүмүүс ноцолдож бэр нь ааваа гэж хашгирахад нь Доржготов бушуухан босч очжээ. Хүүгийнх нь дагуулж ирсэн залуусын нэг нь бэрийг нь оролдон ноцолдож, түүний дэргэд Тулгаа ухаангүй унтах ажээ. Өвгөнийг гэрэл асаан орж очиход нөгөө залуу уучлаарай, гарч морь харахаар гэрэл асаах гээд хайж яваад мэдсэнгүй татчихлаа гэсээр ум хумгүй гарч явав.
Өглөө нь Тулгаад болсон явдлыг хэлж олиггүй хүн дагуулж ирлээ хэмээн Доржготов загнажээ. Тулга өдөржин ёолж хэвтээд орой гарч явав. Маргааш нь шөнө согтуу ирээд эхнэрээ Чи өөрөө аальгүйтэж маягласан биз хэмээн зоджээ. Доржготов хүүгээ болиулах гээд хүч хүрсэнгүй өөрөө ч гарт нь хэд хэд өртөв. Тулгыг цагдаа дуудаад өгчээ. Энэ явдлын дараа бэр нь хүүгээ аваад гэрээсээ явлаа.
Хүүгээ эрүүлжүүлэхээс гарч ирэхэд Доржготов хэсэг үглэн зандарсны эцэст нэг хэсэг чих амар суув. Гурван сар орчим хугацаанд архи ууж, гадуүр сэлгүүцсэнгүй, зах дээр наймаагаа хийгээд дориун байсан байна. Үүнд баярлан цагдаа нар
сайн сургажээ гэж бодож байсан гэнэ. Удалгүй Тулгаа эхнэрээ буцаан авчирах юм болсон ч бэр нь ирсэнгүй. Доржготов хүүтэйгээ хамт очиж засарсныг нотлон байж бэр ач хоёроо арайхийн буцааж авчрав.
Үүнээс хойш хоёр сарын дараа Тулгаа урьдын байдалдаа эргэн оржээ. Дахиад л гашуун усанд толгойгоо мэдүүлж байгаа бүхнээ зарж уугаад дуусгах нь тэр. Тэр айлын хувьд Тулга толгойн өвчин болов. Эхнэрээ сүрдүүлээд хаашаа ч гаргахгүй. Хүүгээ ч бас зовооно. Энэ байдал хоёр гурван жил үргэлжилж гэр бүлийнхнийхээ тэвчээрийг шавхаж, эд хөрөнгөө ч барж дуусгасан ажээ. Тэрбээр давхар биетэй эхнэрээ зодоод зулбуулчихсан байна. Эхнэр нь унадаг өвчтэй болжээ.
Нэг өдөр хүмүүс ирээд хашаа байшингаа суллаж өгөхийг шаардав. Тулгаа зээлийн барьцаанд тавьчихсан байсан аж. Ингээд орох оронгүй болсон тул амбаартаа хураасан гэрээ айлын хашаанд аваачиж барьжээ. Доржготовын тэтгэврийн хэдэн төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй тул юм юмаар гачигдах боллоо. Анхаа архичин ааваас болж хүүхэд доромжиллоо гээд уйлан орж ирнэ. Бүтэхгүй хүүхдүүдтэй нийлэн зодоон хийж хичээлээ тасалдаг болсон талаар багш нар нь дуулгалаа. Буруу замаар орж эхэлсэн ачийгаа засаж авах, айл өрхийг авч явах үүрэг Доржготовт оногдлоо. Түүнийг ачийнхаа араас хөөцөлдөж явах үед Тулгаа гэртээ согтуу ирж эхнэрээ зодчихоод тэтгэврийн хэдэн төгрөгийг нь хамж аваад арилжээ. Доржготовыг гэртээ ирэхэд бэр нь ухаангүй шахам хэвтэж байсан аж. Эмч дуудах гэтэл бэр нь зүгээрээ эм аваад ирээч гэжээ. Өвгөнийг эмийн сан яваад ирэхэд бэр нь орос цуу уугаад амиа хорлосон байжээ.
Хүнийг үрийг би л хорлочихлоо хэмээн энэ өвгөн өөрийгөө буруутгаж сууна. Анх салаад явахад нь л буцааж авчраагүй бол ийм юм болохгүй байсан гэж бодон өөрийгөө зүхдэг. Ийм хүү төрүүлж өсгөөд, хүмүүжүүлж чадаагүйдээ бас өөрийгөө зүхэж байна. Ханийг нь хэтэрхий эрт аваад явсан бурханд гомдоно. Одоо Тулга ирээд тэтгэврийн хэдэн төгрөгийг нь сүрдүүлж байгаад аваад явдаг. Нэг л өдөр хүүгийнхээ гарт амиа алдаж мэдэх ч үүнээс айдаггүй гэнэ. Харин ачийгаа аавынх нь араас алдчихгүйн тулд л амьд явж байгаа ажээ.
(өнөөдөр 2005-02-25 046)