Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч хэн бэ

Монголын төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий парламентад суудалтай намууд гаднаасаа чимээгүй мэт харагдавч дотроо бэлтгэлээ базааж эхлээд буй нь маргаангүй. Аль нам хэний нэрийг сонгуульд дэвшүүлж болзошгүй талаар зарим нэгэн таамаг дэвшүүлж болохуйц болжээ. Өмнөх сонгуулийг бодвол Ерөнхийлөгчийн насанд хүрсэн хүн хавьгүй олон болоод байна.
МАХН
Монгол Улсын анхны Төрийн тэргүүн П.Очирбат, удаах Ерөнхийлөгч Н.Багабанди нарыг төрүүлсэн Монголын улс төрийн ууган энэ хүчин нэг биш хүнийг сойж магадгүй байна. Эхний хоёр Ерөнхийлөгч тус бүр хоёр бүрэн эрхийн хугацаанд улиран сонгогдсон билээ. Хуульд зааснаар нэг хүн хоёр бүрэн эрхийн буюу найман жилээс илүү хугацаагаар Ерөнхийлөгчийн алба хаших эрхгүй тул Н.Багабанди энэ удаа нэр дэвшихгүй. Хамгийн магадлалтай нэр дэвшигчийн тоонд УИХ-ын дарга Н.Энхбаяр, Засгийн газрын шадар сайд Ч.Улаан нарын нэр дуулдаж эхлэв. Нэг үе Н.Энхбаяр даргад дотроос нь өрсөлдөгч гарахгүй байж болохоор нөхцөл бүрдээд байсан ч сүүлийн үед өөрчлөлт ажиглагдах болсон юм. Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Үндэсний удирдагчийн хэмжээнд өргөмжлөгдөж МАХН дотроо толгой цохиж явсан, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр гоц мөргөн тодорч ч мэдэхээр байсан энэ эрхэмд одоо Ч.Улаан гэдэг өрсөлдөгч гарч ирсэн нь нууц биш болжээ. Тэрээр шинэ оны өмнөхөөс хэвлэлийнхний өмнө ил гарч мэдээлэл, тайлбар өгөх нь олширсон. Сүүлдээ телевизийн дэлгэцнээ сүмо бөх тайлбарлаж, хурдан хээр морьтойгоо бооцоот уралдаан бүхэн дээр харагдах болов. Эхний үед Н.Энхбаяр даргын сүүдэрт нуугдасхийсан байдалтай явсан авч сүүлдээ нэр дэвшихээс татгалзахгүй гэдгээ аль нэг хэлбэрээр илэрхийлэхээс буцахгүй янзтай. МАХН дотор Ардчилсан намынх шиг нэр дэвшигчийн сунгаа явдагсан бол Ч.Улаан сайд гарч ирэх боломжтой. Тэдний хажуугаар УИХ-ын гишүүн Д.Идэвхтэний нэр дуулдаж байгаа. Гэвч эрх сүр, нэр нөлөө ихтэй нөгөө хоёрынхоо хажууд арай л сул, бүрхэгдүү сонсогдох нь мэдээж. Олны анхаарлыг өөр тийш нь татах гэж л Д.Идэвхтэн гишүүнийг дурсаж байгаагаас биш хэрэг дээрээ нэр дэвшүүлнэ гэдэг хол хэмээн улс төрийн хүрээнийхэн үзэж буй. Түүнд УИХ-ын 74 гишүүний 13-аас бусдыг багтаасан МАХН-ын бүлгийг удирдах нь л боломжийн ажил гэж ангийн нөхөд нь хэлэх юм билээ. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан боломжийн хувилбар ч энэ удаа үгүй бололтой. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадоржийг дурсах хэсэг бий ч дээрээ хөх тэнгэрээс өөр захиргаагүй энэ албанд очоод удаагүй түүнд одоохондоо нүүдэл сэлгэх хэрэг байхгүй гэх юм билээ. МАХН дотор Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүр өдлөөд байгаа. Тэд Ө.Энхтүвшиний нэрийг дотроосоо дэвшүүлэх талаар бас ярьж байгаа дуулдсан.
Ардчилсан нам
Өнгөрсөн оны сүүлчээс дарга цэрэг, тамга тэмдэг, цоож цуурганы маргаан дэгдээсэн энэ намын хоёр тэргүүний заргыг Улсын дээд шүүх шийдвэрлэж чадсангүй. Аль ч тал өөрийнхөө тааллаар болгоож болох шийдвэрийг шүүх дунд нь шийдэж орхисон тул Ерөнхийлөгчийн сонгууль гадаа орсон энэ цагт АН хэцүүхэн байдалд ороод байна. Эрхэм гишүүн Р.Гончигдорж Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө орон даяар зарласан ч цаг үеийн нөхцөл байдлын улмаас гэсэн шалтгаанаар өөрчлөгдөж болзошгүй гэсэн таамаг гараад байгаа. Гишүүн М.Энхсайхан өөр нэг хувилбар байж болох талтай. Гэвч түүний нэрийг дэвшүүлэх хүрээ дэндүү явцуу. УИХ-ын ч, АН-ын ч дийлэнх гишүүн түүний нөгөө талд тоглож яваагаас тэр. Гэвч Ерөнхийлөгчийн 2001 оны сонгуульд Р.Гончигдоржтой хамт нэр дэвшин сунгаанд давхиад бүдэрсэн түүнд даагаа нэхэх сонирхол бий гэдэгт эргэлзэх юмгүй. УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт магадлалтай хүний нэгэнд товлогдож буй сурагтай. Гэвч түүнийг дэмжигчид М.Энхсайханыхтай ижил. Хурц асуудлаас тойрч гэм халгүйхэн шиг явдаг түүнийг МАХН-ын бүлэгт оролгүй үлдсэнд харин гайхах хүн олон байдаг юм.
Эх орон нам
Тэдний нэр дэвшигч бол маргаангүй Б.Эрдэнэбат. 2000-2004 оны парламентад сууж байхдаа үг дуугардаггүй, бүрэн эрхийнхээ дийлэнх хугацааг гадаадад явж өнгөрөөсөн тэрээр энэ УИХ-ын дуулиантай гишүүний нэг болсон. Эх орон-Ардчилал эвслийг УИХ дахь бүлэгтэй нь тараалцаж, намынхаа нэрийг сольж, МАХН-ын бүлэгт нэгдэлгүй хоцорч, Батлан хамгаалахын сайдаас огцорсон түүнийг одоо танихгүй хүнгүй болжээ.
ИЗ-БНН
Одоогоор тэднийх нэр дэвшигчийн тухай тоймтой зүйл дуугараагүй байна. Өмнөх сонгуульд Монгол мэдлэгийн их сургуулийн соён гийгүүлэгч тэргүүн Л.Дашнямыг нэр дэвшүүлсэн боловч гавьтай санал цуглуулж чадаагүй. Эмэгтэй хүний нэр дэвшүүлнэ гээд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан Д.Сүхжаргалмааг нэрлэж байсан удаатай.
БНН
Намын дарга Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани эхлэх хоногийг хуруу даран тоолж хүлээн суугаа. Нам дотроос нь түүнд өөр өрсөлдөгч гарахгүй. Парламентад ганцаараа намаа төлөөлөн Хүүхдийн мөнгө өгөхгүй бол огцруулна шүү, Та нар ил хэрэлд. Би халуун савтай цай, хэдэн хуушуур тавьчихаад тухтайхан харж сууя гэхчлэн нөхдөө гоочилж суугаа түүний нэр төрд сэв суулгах элдэв үйлдэл гарахгүй байгаа нь сайшаалтай. Гэвч Марубени корпорацийн өр шир, Засгийн газраа олон улсын шүүхийн хэрэгтний ширээнд суулгасан гэм гээд тоочвол багагүй нүгэл бас гарч ирнэ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай эрхмүүдийн жагсаалт өнөөдөртөө ингэсхийгээд дуусч байна. Сар хүрэхгүй шахам хугацааны дараа Монгол Улс ээлжит сонгуулийн агаараар амьсгалж эхэлнэ.
Д.Оюунцэцэг
2005.02.24 Ардын эрх